Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/700

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         05          31                                 2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

Улсын яллагч Р.Очирсүрэн,    

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Мт холбогдох **** эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, б** мэргэжилтэй, *** ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ** дугаар хорооны байрны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Х овгийн Ж-ны М регистрийн дугаар: ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой

21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны *** тоотод өөрийн төрсөн дүү Ж.Мийг амтгүй хоол хийлээ гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ж.М нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой

21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны ** тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөрийн төрсөн дүү Ж.Мийг “амтгүй хоол хийлээ” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- шуурхай дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

- хохирогч Ж.Мийн...2022  оны 04 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед манай төрсөн ах М архи уусан байдалтай гэрт орж ирсэн. Би М ахад хоол аягалж өгөхөд М хоолоо идэж байгаад “чи яагаад хоолоо их хийгээд байдаг юм бэ” гэж хэлсэн...Намайг орон дээр сууж байхад  М ах босож ирээд миний толгойн хэсэг рүү өөрийнхөө толгойгоор мөргөөд байсан. Би сууж байсан газраасаа босох үед миний баруун чих рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед би ёо ёо гээд чихээ дараад уйлаад зогсож байхад М ах намайг түлхэж унагаасан...толгой руу нүцгэн хөлөөрөө дэвсэхэд миний толгой шалтай хавсарч цохигдсон...Би тухайн үед жоохон манараад босож ирэхэд “чи үхлээ шүү дээ” гээд миний дээрээс хараад байсан...Зодсон тухайн үед бид хоёр л байсан манай хүүхэд нөгөө өрөөнд байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- гэрч Г.О-гийн...2022 оны 4 дүгээр сарын 13-ны 21 цагийн үед Сонгинохайрхан 16 дугаар хороо 26 дугаар байрны 136 тоотод хүмүүс зодолдоод байна гэсэн утгатай дуудлагаар очсон...Ж.М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж өгсөн. Ж.М өөрөө зодуулсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,  

- шинжээчийн дүгнэлт : Ж.М-н биед тархи доргилт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүү хүзүүнд цус хуралт, зүүн чихний гэдэсний өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 33 дахь тал/,

- аюулгүйн зэргийн үнэлгээний баримт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

- шүүгдэгч Ж.Мын...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр би найз Жаагий гэх залуутай уулзаад нэг шил архи хувааж уугаад найзаасаа салаад гэртээ ирсэн...Манай дүү Ж.М надад хоол аягалж өгсөн бөгөөд би хоол идэх үед ямар ч амтгүй хоол хийсэн байхлаар нь “амттай хоол хийхэд яадаг юм бэ” гэж хэлэхэд хэрэлдээд намайг элдэв янзаар хэлээд байсан...Би сандлаас босоод Ж.Мийг түлхээд газар унагаахад толгойгоороо шал мөргөж унасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-59/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Шүүгдэгч Ж.М, хохирогч Ж.М нар нь нэг гэрт хамт амьдардаг төрсөн ах дүүс байхаас шүүгдэгч нь ”амтгүй хоол хийлээ ” гэх үйл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т тус тус зааснаар шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзнэ.      

Иймд шүүгдэгч Ж.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг: 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх /хх-19-20, 66 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-36-41, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

  1. Бусад асуудал    

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ж.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Ж.М-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.М-т оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.             

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР