Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/302

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0286/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Б.Доржханд,

Хохирогч П.О,

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө  овогт Т-ийн Б-т холбогдох 2218000000312 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ө  овогт Т-ийн Б /РД: ..... /, ........  оны .  ....дугаар сарын .... -ны өдөр ...... аймгийн ......  суманд төрсөн, ......  настай, эрэгтэй, бүрэн дун боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......, эхнэр хүүхдийн хамт .......  аймгийн ....... сумын.......  дугаар багийн .........  дугаар гудамжны ....... тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн .........  дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ....... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 00 цаг 45 минутын үед .............  аймгийн ..... сумын ......  дугаар багийн .....  дугаар гудамжны ....  тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.О-ийг зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн шуу, гуянд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2022 оны 07 дугаар сарын 08, 19, 23, 24, 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.О-ийг байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охиныхоо ажилладаг газар очиж хоол идчихээд явж байтал, намайг хардаж хэрүүл маргаан болсон. 07 дугаар сарын 19-ний өдрийн хувьд эхнэр намайг дуудсан. Тэгээд очсон чинь хамт архи ууж байгаад маргалдсан. 2022 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдөр эхнэр уурлаад байхаар нь охинтойгоо юм яриад байж байтал намайг хөөсөн. Тэгэхээр нь гараад явсан.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.О-ийн мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 12 цаг өнгөрч байхад Б гаднаас орж ирээд надаас хоол нэхэхээр нь өгсөн. Тэгтэл надад тааруулж хийж байгаа юм уу гээд аягатай хоол шидээд зодож эхэлсэн. Намайг жижиг сандлаар зодсон. Би тухайн үед цагдаа дуудаагүй. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөн согтуу ирсэн. Заримдаа ирдэггүй гадуур хоноод явчихдаг. 2022 оны 07 дугаар саны 06-ны өдөр Т гэх хүүхэнтэй намайг караоке оръё гэж дуудсан. Тэгэхээр нь завгүй байна гэж хэлсэн боловч дахин дуудахаар нь “Сутай”-д очсон. Намаг очиход байхгүй болохоор утас руу нь залгасан чинь устаа авахгүй байсан. Тэгэхээр нь гадуур буудал, ресторануудаар орж хайж байгаад “Эрдэнэс”-д орсон чинь караокед нь Т гэх авгайтай гурвуулаа сууж байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Миний биеийн хөхөрсөн байдлын сая үүссэн эсэхийг цагдаа асуухаар нь өмнө зодож байсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000312 дугаартай хэргээс:

 

Хохирогч П.О-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5, 7, 73-84, 87-88, 139-140 дэх тал/, гэрч Б.Х-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 90-91 дэх тал/, гэрч П.Э-ын мэдүүлэг / хавтаст хэргийн 11-12 дахь тал/, гэрч Д.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, гэрч Ө.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 703 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 76-77 дахь тал/, Т.Б-ийн холбогдогч болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг / хавтас хэргийн 64-65, 54, 97, 141-142 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Т.Б-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 00 цаг 45 минутын үед ......  аймгийн ..... сум ...  дугаар баг ........... дугаар гудамж ....... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 07 дугаар сарын 08, 19, 23, 24, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.О-т бие махбодын хүчирхийлэл үйлдэж байнга зодсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 00 цаг 45 минутын үед ......  аймгийн ....... сумын ...... дугаар багийн .......  дугаар гудамжны ...... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.О-ийг зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн шуу, гуянд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2022 оны 07 дугаар сарын 08, 19, 23, 24, 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.О-ийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч П.Оийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 26, 27-ны өдөр, 08 дугаар сарын 04, 11-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн дүү Эын хамт гэртээ байж байтал оройхон харанхуй болохоос өмнөхөн Б гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд юун өмхий үнэртээд байгаа юм бэ энэ гэр орноос чинь шээс үнэртээд байх юм гэхээр нь би түүнд хандаж Э ирчихсэн байгаа. Хүний гарт орчихсон хүнийг би ямар гадаа гарч бие зас гэлтэй нь биш. Тэгээд ер нь чиний гэр оронд баалгаж шээлгээ юу гэж хэлсэн. Манай дүү Э хэвтэрт байдаг юм. Энэнээс болоод бид хоёр маргаж эхэлтэл Б уурлаад хуц муу янхан минь, чамайг би мэднэ шүү гэж хэлэхээр нь би түүнд хандаж чи угаасаа намайг байнга ингэж дууддаг биз дээ. Хүссэнээрээ дууд гэж хэлээд явахгүй бол цагдаа дуудлаа шүү гэсэн чинь цагдаа чинь ирэх л юм бол дууд гэж хэлээд гараад явсан. Б явснаасаа хойш 3 цаг орчмын дараа хаалганы цоож сэт татаад ороод ирсэн. Тэгээд намайг хэнтэйгээ хамт байгаад хаалга тайлдаггүй муу янхан бэ гээд хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаа дуудлаа гэсэн чинь дууд гэж хэлсэн. Тэгээд намайг янхан банзал гэж хэрүүл хийгээд байж байгаад 10 орчим минутын дараа гарч явсан. Би түүнийг гэрт хэрүүл хийгээд байхаар нь цагдаа дуудчихсан байсан юм. Ингээд Б-ийг гарч яваад удалгүй цагдаа нар гэрт ирээд хаалганы цоож эвдэрсэн байхыг хараад та дахиад ирвэл дахиад дуудлага өгөөрэй гэж хэлээд явсан. Тэгээд цагдаа дөнгөж явангуут Б эргэж орж ирээд чи ямар овоо гар вэ гэж хэлээд миний толгой руу гараараа нэг удаа цохиод буцаж гарч яваад өглөө үүрээр орж ирээд хувцсаа сольчхоод гараад явсан. 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Б бид хоёр гэртээ байж байтал түүний найз хүүхэн болох С  манай гэрт ирсэн. С манай гэрт хувцас зарж байгаа гээд надад үзүүлсэн ба би түүнээс  хэдэн хувцас зээлээр аваад орой уулзахаар болоод явсан. Тэгээд тэр өдрийнхөө орой С намайг хамт бааранд сууя гэхээр нь би Бт хэлтэл чи өөрөө мэд, та хоёр явбал би араас чинь очъё, та хоёр нэг газар очоод байж бай гэж хэлэхээр нь С бид хоёр хуучин Дарханд байдаг Ихэр могой бааранд орсон. Бааранд орохоос өмнө Сгийн  найз гээд эхнэр нөхөр хоёртой уулзсан ба  бид дөрөв цуг тэр бааранд орсон. Бид нар бааранд ороод 1 шил архи аваад сууж байтал Б ирээд дахин 1 шил аваад дөрвүүлээ хувааж уусан. Би пиво уугаад сууж байгаад баар хаах гэж байх үед нь нэг залуутай бүжиглэсэн чинь хардаад хэрүүл хийсэн. Тэр үед С хоёр найзтайгаа хамт явчихсан байсан. Ингээд Б надтай маргалдаж хэрүүл хийж байгаад баарны гадна миний өгзөг рүү нэг удаа өшиглөөд гараараа толгой, хүзүү рүү олон удаа цохисон.         ...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин бид хоёр гэртээ байж байхад шөнө 00 цаг өнгөрөөд Б гаднаас нэлээн согтуу орж ирээд охиныхоо өрөө рүү яваад орчихсон. Тэгээд удалгүй манай охин чанга чанга дуугараад байхаар нь яваад ортол Б охиноосоо тамхи гуйгаад дэлгүүр яваад тамхи аваад ир гэж хэлсэн юм билээ. Тэгэхээр нь би чи одоо юу вэ охиндоо гарц турсик аваад өгдөггүй байж охин хүүхэд тамхинд явуулах гэлээ гэсэн чинь охин наадхаа цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудах гэтэл миний гар утсыг булаагаад гараад явсан. Тэгээд гарч явснаасаа хойш 30, 40 минутын дараа буцаж орж ирээд миний өрөөнд орж ирээд надаас тамхины мөнгө гуйгаад байхаар нь би чи энэ гэрт 1кг мах ч авдаггүй, олсон мөнгөө бааранд тушаагаад хүүхнүүдэд пиво авч өгдөг юм байж яахаараа надаас тамхины мөнгө гуйдаг юм бэ, надад мөнгө байхгүй гэж хэлсэн чинь уурлаад май энэ утсаа ав гээд миний гар утсыг над руу шидчихээд миний зүүн хөлийн гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би айгаад хүүхдийнхээ өрөө рүү ороод байж байтал охин Х-ийн өрөөнд орж ирээд миний цээж рүү түлхэх үед би хойшоо модон шүүгээ мөргөөд нуруугаа урчихсан. Ингээд Б гарч яваад маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 24-ний өглөө орж ирээд танай өмхий байшинг шатаана гэж хэлэхээр нь би чи энэ байшинд хэдэн жил амьдарчхаад ингэж хэлж байгаа юм бэ гэж хэлсэн чинь энийгээ шатаана гээд өөрийнхөө хөнжил гудсыг аваад гарсан. Би хэсэг байж байгаад араас нь гартал өөрийнхөө гудсыг шатаачихсан. Танай өмхий байшинг шатаана гээд байхаар нь хашаан дотор хэрэлдсэн. Тэгээд гадаа хэрэлдэхээр хүн хараад байна гэж Б хэлээд намайг үүдний амбаар руу түлхэж оруулаад амбаар дотор хэрэлдэж байгаад тэнд байсан жижиг палкны тасархайг над руу шидэж миний зүүн гарыг оночхоод өөрөө гараад зугтаасан. ...07 дугаар сарын 08-ны өдөр зодуулснаас болж миний толгойн хойд хэсэг бондойж хавдсан. ...07 дугаар сарын 19-ний өдөр миний өгзөг, нуруу руу цохиод байсан. Тэр үед бол гэмтэл аваагүй. ...07 дугаар сарын 23-ны өдөр зодуулснаас болж зүүн хөлийн гуя хэсэг хөхөрсөн. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр миний баруун гар руу аягатай хоолоо шидсэн. Нүүр, толгой руу гараараа хоёр удаа, зүүн хөлийн шилбэ, гуя хэсэг рүү галын дэгээ төмрөөр 2 удаа цохисон. Зарим үйлдлийг нь санахгүй байна. Архи уусан үедээ гартаа таарсан болгоноороо намайг цохидог. Зодуулснаас болоод миний зүүн нүдний доод талын яс хавдаж, бугалга, зүүн гарын шуу, гуянд цус хуралт үүссэн. Зүүн шилбэ хөхөрч урагдсан. Мөн миний тархи хөдөлсөн. ...2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 20 цаг 20 минутад манай нөхөр Б гаднаас орж ирээд намайг 5 дугаар багийн цагдаатай хардаад элдвээр хэлээд хэрүүл хийгээд намайг доромжлоод байхаар нь би цагдаа дуудлаа гэсэн чинь миний гараас атгаад миний утсыг шүүрч аваад баруун гарыг маань мушгиад түлхсэн. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж  өгнө үү. Энэ хүн намайг байнга элдвээр хэлж юм л бол барьж авч цохичих гээд дээрэлхээд хүүхдийнхээ хажууд санаа зовохгүй намайг хардаж сэрдэж хэрүүл хийж дарамталдаг. Намайг байнга өшиглөж хэл амаар доромжилдог байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5, 7, 73-84, 87-88, 193-140 дэх тал/,

Гэрч Ө.Э-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би энэ айлыг мэднэ, мүүлийн 20 гаруй жил хөрш айл болж амьдарч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд О хэд хэдэн удаа манай гэрт орж ирээд нөхөр зодоод байна гэж хэлж байсан. Заримдаа О энд тэнд нь хөхөрч, няцарчихсан манай гэрт уйлж орж ирээд П зодоод байна гэж хэлдэг. Би яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна. 2022 оны 07 дугаар сард О манай гэрт хоёр удаа бие нь хөхөрч няцарсан байдалтай орж ирсэн. Тэгээд нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан. Би Бийг эхнэрээ зодож байх үед нь хамт байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 27, 30-ны өдөр мэдүүлсэн: “...Б нь миний төрсөн аав, О нь миний төрсөн ээж. Аав ээж хоёр гэр бүл болоод 20 жил болж байгаа. Гэхдээ 2019 онд аав ээж хоёр маргалдаад гэр бүлээ цуцлуулсан ч одоо цуг амьдарч байгаа. Манай аав 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ээжийг зодоод ээж цагдаад өргөдөл гаргасан. Тухайн өдрийн шөнө 00 цаг өнгөрч байхад аав ээж хоёр гаднаас хамт орж ирсэн. Аав нэлээн согтчихсон ээж бага зэрэг халамцуу байсан. Тэгээд хоорондоо маргалдаад зодолдсон. Сүүлд миний харснаар аав ээжийн бие рүү цохиод ээж ёо ёо гэхээр нь би босоод дундуур нь ороод салгасан. Миний санаж байгаагаар 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед аав ээж хоёр хоёулаа согтуу гаднаас хамт орж ирээд маргалдаж байсан. Тэгээд аав ээж хоёр миний өрөөнд орж ирээд ээж аавын өмссөн байсан хувцасных нь халааснаас нэг юм авах гэж дайрсан чинь аав түүнийг түлхсэн. Тэгээд ээж хойшоо унахдаа гал тогооны шүүгээг нуруугаараа мөргөж унасан. Ер нь ээж байнга үглээд хэрүүл өдөөд аавыг элдвээр хараагаад уурыг нь хүргээд байхаар аав заримдаа тэсэхгүй цохичихдог юм. Гэхдээ байнга бол гар хүрээд байдаггүй. Ер нь дан ганц аав зодоод байдаггүй. Ээжид тэгж их гар хүрээд байдаггүй юм. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 90-91 дэх тал/,

 

Гэрч П.Э-ын мөрдөн байцаалтад 2022  оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...О нь миний төрсөн эгч. Би эмчилгээ хийлгэхээр эгч О-ийн гэрт 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Намайг унтаж байхад Б ирсэн. Тэгээд эгчтэй муудалцаад үүдний өрөөнд орилж хашхираад байсан. Би босоч явж чаддаггүй болохоор яг юу болоод байгааг сайн харж чадаагүй. Б, О эгчийн хөл рүү өшиглөөд байх шиг байсан. ...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш олон удаа муудалцсан. Муудалцах бүртээ зодоод байдаг юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Гэрч Д.Тын мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би О гэх хүнийг танихгүй. Бийг олон жилийн өмнөөс таньдаг болсон. Сүүлд О гэдэг эмэгтэй намайг нөхөртэйгөө хардаад зодсоноос болж таньдаг болсон. ...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Титаник бааранд явж байгаад Бтэй тааралдсан. Тухайн үед Б нэг найзтайгаа явж байсан. Тэгэхэд Б тэр найзтайгаа цуг намайг хамт караоке оръё гээд байхаар нь бид гурав цуг шинэ Дарханд байдаг нэг караокед сууж байтал түүний эхнэр О нөгөө залуугийнх нь эхнэр гэсэн хоёр эмэгтэй орж ирээд нөхрүүдээ надтай хардаад нөхрүүдээ цохиод О нөхөр рүүгээ ширээн дээр байсан шилийг шидээд зодоод байхаар нь би гараад явчихсан. Намайг гарч явсны дараа нөхөр нь зөрүүлээд О-ийг зодсон байх. Түүнээс биш би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр О-ийг зодож цохисон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Гэр бүл нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32, 33-34 дэх тал/,

 

Аюулын зэргийн /...8-11 буюу өндөр/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 66 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 703 дугаартай “...П.О-ийн биед баруун бугалга, зүүн шуу гуянд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. П.О-ийн биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. П.О-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

 

Т.Бийн 2022 оны 07 дугаар сарын 07, 08 дугаар сарын 08-ны өдөр холбогдогчоор, 07 дугаар сарын 26, 08 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өглөө босоод зах руу ажилдаа явсан. Тэгээд орой 19 цаг гээд ажлаа тараад захын урд байдаг Ихэрмогой төвийн доод давхрын баар луу орсон. Тэгсэн манай эхнэр П.О хэдэн найз нартайгаа сууж байсан бөгөөд над руу уурлаад энд юу хийж яваа юм бэ гээд миний малгайг шидсэн. Тэгээд би тэр баарнаас гараад Б  гэдэг найзындаа очоод бид хоёр нийлээд хоёр том Сэнгүр хувааж уугаад гэртээ 00 цаг өнгөрч байхад очсон. Тэгсэн манай эхнэр над руу дайрсан. Тэгэхээр нь би түлхээд унагаасан. Тэгээд манай эхнэрийн хөл гар хөхөрсөн. Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Оийг зодож цохиогүй.  ...Би О-ийг зодоогүй. 07 дугаар сарын 08-нд би гэрт очоогүй. 19, 23, 24-ний өдөр Оийг зодоогүй. О намайг зодсон. Миний өмсөж явсан фудволкыг урж архины шил  над руу шидсэн. О 2022 оны 07 дугаар сарын 03, 19-ний өдрүүдэд бааранд хүнтэй зодолдсон. Тэрнээс болж энэ гэмтлүүд нь үүссэн байх. Тэр бааранд хүнтэй зодолдсон хэргээрээ одоо шалгагдаж байгаа. ...Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед эхнэр Оийн хамт гэртээ ороод цайгаа уугаад сууж байсан чинь манай эхнэр гэнэт уурлаад байхаар нь би гарч яваа гээд утасныхаа цэнэглэгчийг авах гэсэн чинь миний утас гээд цэнэглэгч булаагаад авахаар нь би уурлаад утсыг нь булааж авсан чинь өөдөөс дайраад байхаар нь гарыг нь мушгиад түлхсэн.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 64-65, 54, 97, 141-142 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч П.Оийн эрүүл мэндэд учирсан баруун бугалга, зүүн шуу гуянд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ тус тус тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч Т.Бийн хохирогчийг гурваас дээш удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд шүүгдэгч Т.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны хамааралтай байдал, гэр бүлийн ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч П.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж шүүгдэгч Т.Бийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг журамлан 30 хоногийн хугацаагаар хорих ялаар солих, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийт эдлэх ялыг нэмж 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч нь хохирогчийг түлхсэн, хохирогч хойшоо унасан. Энэ нь хардалт сэрдэлтээс болж маргаан үүссэн байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэлэхэд ажил, амьдралын хувьд сайн, ямар сайндаа Дархан зах дээр хамт ажилладаг хүмүүс нь мөнгө цуглуулж өмгөөлөгч авч өгсөн байдаг. Энэ нь хамт олондоо нэр хүндтэй байдлыг харуулж байна. Хохирогчийн хувийн байдлыг мөн авч үзэх нь зүйтэй. Охиныг гэрчээр асуусан бол ээж аавынх нь хувийн байдлын талаар асуух байсан. О зүгээр хүнд зодуулахгүй өөдөөс зодолддог байдал нөлөөлдөг гэж үзэж байна. Шүүгдэгчийн ял эдлэхдээ ажил төрлөө хийх байдлыг харгалзан үзнэ үү, шүүгдэгч дахин хохирогчтой уулзахгүй гэдэг байдлаа хэлсэн, цаашдаа охинтойгоо хамт амьдарах байх. Иймд нийгмээс тусгаарлах шаардлагагүй. Харин хохирогчтой уулзахгүй байх талаар арга хэмжээ авч болно. Шүүгдэгч нь хэрвээ хохирол төлбөр гарвал төлнө гэдгээ илэрхийлсэн байдаг. Иймд хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасны дагуу 6 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял нийт 10 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлаж ял оногдуулж, үүрэг хүлээлгэх хүлээлгэж өгнө үү. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь маш чухал. Шүүгдэгч нь одоо охинтойгоо амьдарч Отэй дахин уулзахгүй гэдэг, иймд хүүхдийн эрх ашгийг бодож үзнэ үү. Шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо дандаа архи уусан үедээ маргалдаж маргаан үүссэн байдаг. Хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Т.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Т.Б нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлагаа хүлээсэн байх тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Т.Бт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан 2 сарын хугацаагаар зорих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 40 хоногийн 1 хоногийг зорчих эрх  хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 6 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоон биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Б энэ хэрэгт 40 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө овогт Т-ийн Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Т.Б-т оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 40 хоногийн хасаж, биечлэн эдлэх ялыг 6 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

5.Шүүгдэгч Т.Б-т шүүхээс оногдуулсан 06 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                          

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Б нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР