Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/671

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2022         05          24                                    2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,      

Хохирогч Ч.Ч, түүний өмгөөлөгч Н.Жамъян,

Шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг

Гэрч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Э.Ут холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дү***** оршин суудаг, урьд 2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 426 дугаартай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ****дугаартай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125.1, 126.2.1, 126.2.5-д зааснаар 6 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байсан, С овогт Эгийн У, /регистрийн дугаар: *****/

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Э.У нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 21 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “***н” цайны газрын урд замд Б.Эгийн эзэмшлийн Toyota маркийн Prius  загварын ****УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд байрлуулсан Bieben North benz ND4250 маркийн ****УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ хажууд явж байсан Ч.Чийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Э.У нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 21 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гурван бүдүүн цайны газрын урд замд Б.Эгийн эзэмшлийн Toyota маркийн Prius загварын ****УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/-д заасан заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд байрлуулсан Bieben North benz ND4250 маркийн ****УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ хажууд явж байсан Ч.Чийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь :    

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...Явган зорчигч  автомашинд мөргүүлсэн...гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

- зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 6-12 дахь тал/,  

- хохирогч Ч.Чийн...Би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Зүүн хараа”-д ачаа буулгаад буцаад Улаанбаатар хот руу ирж байсан, тухайн осол болсон газрын замын урд талд байрлах дугуй засварт 3 ширхэг дугуй үлдээчихсэн байсан учир тэнд зогсоолд нь зогсоох гэтэл машин зогсчихсон байсан тул зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд машинаа зогсоож, дугуйгаа машин дээрээ аччихаад хөдлөх гэтэл машины хойд дугуйны шаврын хаалт нь дугуйнд хавирсан байхлаар нь засаж дуусаад багажаа хаачихаад явж байсан, тэгээд юу болсон талаар санахгүй, нэг мэдсэн чинь гэртээ сэргэсэн, эхнэрээс юу болсон талаар асуухад намайг машинд мөргүүлсэн, гэмтлийн эмнэлэгт очиж 2 хоног эмчилгээ хийлгээд гарч ирсэн талаар хэлсэн. Миний бие одоо их зовуурьтай, толгой байнга эргэж байгаа, баруун гар, баруун хөл, нуруу хэсгээр байнгын өвдөж байгаа, 2 мөр хөдлөхгүй үе гацаад байгаа, хүнээр хүчээр хөдөлгүүлж байж хөдөлж байгаа, баруун хөлний холбоосууд бүгд тасарсан, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн...Нөхөр Чийг эмчид үзүүлээд нарийн шинжилгээ өгсөн, тухайн үед манай нөхрийн баруун хөл нь хугарсан, нурууны 3 сэртэн яснууд нь хугарсан гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийг Гэмтлийн эмнэлэгт шууд хэвтүүлсэн. Миний нөхрийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 1.300.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн, өөр ямар нэгэн хохирол өгөөгүй. Би одоо гомдолтой байна...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хөлийн хагалгаанд орох гэж байгаа уг хагалгааны төлбөр нь нийт 10.000.000 төгрөгийн хохирол гарч байгаа...нөхөр Ч.Чийн эмчилгээний зардалд нийт 16.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,

- гэрч О.Ггийн...Би 2021 оны 10 дугаар сарын 01 -ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумаас Улаанбаатар хот руу нөхөр, 3 хүүхдийн хамт явсан, 2021 оны 10 дугаар сарын 02-ны 14 цагийн үед Улаанбаатар руу орж ирээд хуучин 22-н товчооны замд явж байсан, нөхөр У машин жолоодоод, би жолоочийн эсрэг талд буюу урд тал суудалд дээр суугаад манай 3 хүүхэд хойд талын суудал дээр суугаад явж байсан. Миний гар утас дуугарч утсаа авах гээд доош харах үед юм мөргөх шиг болсон, тэг хартал зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд том машин зогсож байхаар нь би эхлээд том машин мөргөчихлөө гэж бодсон, тэгтэл манай нөхөр хүн мөргөчих шиг боллоо хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал/,   

- гэрч Э.Б-ий...Би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед хуучин 22 товчооны замын урд байрлах техникийн шинэ захаас гараад хотын төв рүү зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр автомашин жолоодоод явж байтал урд талд нэг хүн машинд мөргүүлээд дээгүүр нь даваад газарт унаж байхыг харсан, тэгээд би араас нь осол болсон газарт ирж зогсоод 102 болон 103 луу дуудлага өгсөн, машинд мөргүүлсэн хүн дээр очтол бие хөшсөн байдалтай зорчих хэсэг дээр хэвтэж байсан, 103-н эмч битгий хөдөлгөөрэй гэж хэлсэн...Би тухайн үед явган зорчигч автомашинд мөргүүлж байхыг хараагүй, автомашины дээгүүр явган зорчигч даваад гараад ирэхээр нь хүн машинд мөргүүлчихлээ гэж мэдсэн. Би зорчих хэсгээр явж байхад тухайн автомашин миний баруун гар талаар гүйцэж түрүүлээд явж байсан гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,       

- шинжээчийн дүгнэлт :...Ч.Чийн биед баруун шаант ясны гадна булууны далд хугарал, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын зөрүүтэй далд хугарал, баруун гарын богтны мэдрэлийн дарагдал, дунд чөмгийн доод булууны ясны хэмийн няцрал, баруун өвдөгний гадна жийргэвчний арын эвэр, урд, арын чагтан холбоосын урагдал, баруун чамархайн хуйх өвдөгний үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /1 дэх хавтаст хэргийн 76 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт :... Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 10116 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн 2021.10.07-ны бүтэн нурууны соронзон үелзүүрт томографикийн шинжилгээгээр...баруун гарын богтны мэдрэлийн дарагдлын улмаас 4, 5-р хурууны өнгөц болон гүний мэдрэхүйн алдагдал өөрчлөлт тогтоогдлоо.../2 дахь хавтаст хэргийн 46 дахь тал/,

- үзлэг хийсэн  тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,

- мөрдөгчийн магадлагаа :....Toyota Prius маркийн ****УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э овогтой У /РД: ****/ нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно : а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Чойжамц овогтой Ч нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн гэж үндэслэл тогтоогдож байна.../1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,

- техникийн шинжээчийн дүгнэлт :....Toyota prius 20 маркийн ****УБА улсын дугаартай жолооч Эгийн У нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-р заалт, явган зорчигч Ч-ын Ч нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 б-р заалт, Хово маркийн ****УБЦ улсын дугаартай автомашины жолооч Ч.Ч Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэл нөлөөлөхгүй байна. Жолооч Ч.Ч нь “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж....зогсооно... гэснийг зөрчсөн гэж үзэж байна.../2 дахь хавтаст хэргийн 60-61 дэх тал/,     

- шүүгдэгч Э.Уын...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 13 цагийн үед Увс аймгийн Өндөрхангай сумаас Улаанбаатар хот руу эхнэр, 3 хүүхдийн хамт хөдөлсөн, 10 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед Улаанбаатар хотын 22 товчоогоос ирээд явж байсан, хот руу ирэхдээ замдаа Архангай аймгийн Ихтамир суманд шөнө 02 цагийн үед 1 цаг гаран машиндаа суугаагаар унтаад дахиж унтаагүй байсан...Хуучин 22-н замд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр машин жолоодоод байтал үүрэглээд унтчихсан байсан, нэг мэдэхэд эхнэр татаж сэрээгээд, мөргөчихлөө гэж хэлсэн, тухайн үед сэрж байхдаа зүүдэлж байгаа юм шиг, мөргөчихсөн мэт санагдсан, машинаа зогсоогоод машинаас буугаад иртэл зорчих зам дээр хүн хэвтэж байсан, гүйгээд очтол ухаан алдсан байдалтай юм ярихгүй шүдээ зуучихсан байсан...Хажуу тал руу нь харуулж хэвтүүлээд амьсгалуулах гээд амыг нь нээж хэвтүүлсэн, ойр хавьд явж байсан хүнийг гуйгаад эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн, тэгтэл нэг эрэгтэй хүн 102 болон 103 луу дуудлага өгчихлөө гэж хэлсэн...Тухайн осол болох үед миний жолоодож явсан Toyota Prius-20 маркийн ****УБА улсын дугаартай автомашин миний аав Б.Эгийн эзэмшлийнх. Би тухайн үед ойролцоогоор 80 орчим км/ цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед эрүүл явж байсан.../1 дэх хавтаст хэргийн 106-107 дахь тал/...Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:        

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1хх-106-107, 2хх-50-61/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн хувьд “болгоомжгүй” хэлбэртэй байх ба шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон. 

Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тус хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус шүүгдэгчийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг зөрчсөн нь хохирогчийнхтой харьцуулашгүй ноцтой байх ба тус хэргийн зүйлчлэлийн талаар маргаантай асуудал байхгүй болно.  

Иймд шүүгдэгч Э.Уыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

3. Хохирол, хор уршиг :    

 

Хохирогч талаас тус гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны орлогод 1 сард хамгийн бага 2.200.000 төгрөгөөр тооцож, нийт 6 сарын 13.200.000 төгрөг /1хх-184/, мөн эмчилгээ, оношилгоо, эм тарианы болон бусад зардалд зарцуулсан 11.472.080 төгрөг, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан баримтын дагуу цаашид мэдрэлийн мэс засал хийлгэхэд 2.000.000 төгрөг+580.000 төгрөг нийт 2.580.000 төгрөг, шинжилгээний 310.000 төгрөг, эм тарианы зардал 192000 төгрөг /1хх-30-44, 185-190, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус нэхэмжилсэн байх ба нийт хохирлоос хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримт, хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндийн эмчилгээтэй холбоотой хохирлыг төлөхөө зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлгийн хүрээнд хохирогчоос тус гэмт хэргийн улмаас эмчилгээ, оношилгоо, эм тарианы болон хамаарах бусад хохиролд зарцуулсан 11.472.080 төгрөг, дахин мэс засалд орж, эмчлүүлэхийн тулд урьдчилан зарцуулсан 580.000 төгрөг нийт 12.052.080 төгрөгийн хохирлыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.      

Мөн хохирогчийн хувьд мэдрэл чөлөөлөх мэс засалд зайлшгүй орох шаардлага  үүссэнд хамаарах өвчтөний дэвтэр, эмчийн бичиг, хохирогчид учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, хохирогчийн...би гэр бүлийн байж болох бүх үнэт зүйлсээ ломбардад тавьсан, ар гэрийн амьжиргаа хүнд байдалд орсон, надаас өөр ажил хийх хүн байхгүй...тухай мэдүүлэг зэрэг нотлох баримтын хүрээнд тус мэс засалд ороход шаардагдах 2000.000 төгрөг, шинжилгээний 310.000 төгрөг, эм тарианы 192.000 төгрөг болон бусад зардлуудыг багтаан /1хх-143-146, 190, шүүх хуралдааны тэмдэглэл/ нийт 3.000.000 төгрөгийг хохирогчийн мэдрэл чөлөөлөх эмчилгээний зайлшгүй зардалд тооцон Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт зааснаар хохирогчид урьдчилан төлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэв.  

Нэгтгэн тооцоход, нийт төлөгдөх хохирол, зардал 15.052.080 төгрөг, үүнээс 1.800.000 төгрөг төлөгдөж /1хх-112-116/, үлдэх 13.252.080 төгрөгөөс 8000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Уаас, 5.252.080 төгрөгийг иргэний хариуцагч Б.Эгээс тус тус гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэв. Учир нь, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг эзэмшигч буюу замын хөдөлгөөнд оролцож явсан жолоочийн хувьд тус тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй буюу үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй, нөгөө талаас мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу Б.Э /1хх-47, 50, 136/ нь өөрөө тус шүүгдэгчид тухайн тээврийн хэрэгслийг ашиглуулахаар  шилжүүлэн өгсөн байх тул мөн бусдад учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээхээр байх тул тийнхүү гэм хорын хохирлыг ялгамжтайгаар гаргуулах нь зөв гэж үзнэ.               

Харин хохирогч Ч.Ч гэмт хэргийн улмаас учирсан гэх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн боловч тухайн хохиролд холбогдох хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтгүй байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх  боломжгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.       

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт :  

 

Шүүгдэгч урьд 2000, 2005 онд гэмт хэрэг үйлдсэн байх ба тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /1хх-118, 121-124/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа ажил эрхэлдэг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-112-116, 118, 125-136, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.   

Улсын яллагч, хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд тус хэргийн улмаас учирсан хохирогчид учирсан гом хорыг арилгуулах үүднээс шүүгдэгчийн хувиараа барилгын ажил хийх боломж, нөхцлийг бүрдүүлэхийн тулд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар санал нэгдсэн байх боловч шүүхээс тус шүүгдэгчид оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор гэж хязгаарлан тогтоосон болно.     

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тус хэргийн нийгмийн аюулын буюу хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.     

 

2. Бусад асуудал    

  

Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь :        

 

1. Шүүгдэгч Э.У-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.             

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Э.Ут оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар тоолохыг дурдсугай.   

5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уаас 8.000.000 төгрөг, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Эгээс 5.252.080 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ч.Ч-т олгосугай.

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Тус хэрэгт хураагдсан нэг ширхэг компакт дискийг тус хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.    

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР