Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0987/З/Т |
Дугаар | 221/МА2024/0228 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0228
“А***” УТҮГ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б****,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “А*******” УТҮГ
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Гуравдагч этгээд: “А*******” ХХК
Гуравдагч этгээд: “Х*******” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймаг дахь аймаг дундын Хөх дэл отрын бүс нутагт “Х*******” ХХК-д MV-018354 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын геологи уул уурхайн хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 199 дүгээр, “А*******” ХХК-д олгосон Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 33 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О*******
Гуравдагч этгээд “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******
Гуравдагч этгээд “А*******” ХХК-ийн өмгөөлөгч Ч.У*******, Д.Б*******
Гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 128/2022/0987/З/Т
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А*******” УТҮГ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Өвөрхангай аймаг дахь аймаг дундын Хөх дэл отрын бүс нутагт “Х*******” ХХК-д MV-018354 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 199 дүгээр, “А*******” ХХК-д олгосон Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр:
“ Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийг 24.4.2, 26 дугаар зүйлийн 26.3.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 199, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар шийдвэрийн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан Төвийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн хилийн заагтай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй "А***" ХХК-ийн MV-018354 дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан Төвийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн Хөх дэл хэсэгт хамаарах талбайтай хэсэгчлэн буюу 1245,76 га талбайгаар давхцалтай болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 8/1752 дугаар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/1061 дүгээр албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа, мөн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор тус тус тогтоогдов" гэжээ.
Нэхэмжлэгч талаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "А*******" УТҮГ-аас Өвөрхангай аймаг дахь аймаг дундын "Хөх дэл" отрын бүс нутагт "Х*******" ХХК-д MV-018354 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 199 дүгээр, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Гэтэл шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж, хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээрийн захиргаанаас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т ... нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А-275 дугаар тушаалын хавсралтаар баталсан "А*******ны дүрэм"-ийг шинэчлэн баталсан. Тус дүрмийн 2.1-т А*******ны өмчлөгч нь төр байх бөгөөд төлөөлөл хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна гэж заасан байна. Гэтэл тус шүүх хуралдааны нэхэмжлэгчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны А******* /дарга Д.Т****/ гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шууд шүүхэд төлөөлөн оролцож нэхэмжлэл гаргаж байгаа нь дээрх дүрмийн зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч "А*******" УТҮГ-ын нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 128/ШШ2024/0033 дугаар шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх", 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэх шаардлагыг тус тус хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 128ШШ/2024/0033 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.3-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “...Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал:
1.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлсэн тухай:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “... захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол" нэхэмжлэлийг шүүхэд гаргахаар заасан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах”-аар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2007 оноос хойш отрын бэлчээрийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай гэдгийг мэдсээр байж 2022 онд анх удаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан байдаг.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т заасан "Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах" урьдчилсан нөхцөлийг зөрчсөн нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болсон байхад шүүгч хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх нь энэ талаар огт дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчид давуу байдал олгон хэргийг хянан шийдвэрлэсэн.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан тухай:
2.1.Хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжоор хангаагүй.
"А*******" ХХК нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цорын ганц итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* нь тус компанид хуульчаар ажилладаг бөгөөд энэхүү хэрэг маргааны үйл баримтыг он цагийн дарааллаар мэдэхээс гадна компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж буйг тодорхой тайлбарлах этгээд юм. Манай компани зөвхөн маргаан бүхий тусгай зөвшөөрлийг эзэмшдэггүй бөгөөд Баянхонгор аймгийн Заг сумд орших тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож байгаа болно. Улмаар хуульд заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааны сүүлийн өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хурал зарлаж, эвлэрэн хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн тул компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зайлшгүй оролцох шаардлагатай байсан болно.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дахин хуралдуулах нь олон хүний цаг зав орохын дээр, хугацаа тулсан ажил байсан болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* нь энэ талаараа тодорхой тайлбарлан шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан байхад шүүхээс түүний мэтгэлцэх эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэхээр байна.
Ингэхдээ “шүүх хурлыг өмнө нь мэдэгдсэн" гэсэн нь үндэслэлгүй. Учир нь түрүүлж мэдэгдсэн шүүх хуралдаанд оролцоно гэж аль ч хуулиар тодорхой заагаагүй бөгөөд хэрэв шүүх хуралдаан эсхүл бусад хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон бол хэргийн оролцогч нөхцөл байдлыг харгалзан үзэж аль нэгэнд оролцох нь тухайн этгээдийн эрх гэж үзэхээр байна.
2.2.Шүүх шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн тухай:
Анхан шатны шүүх нь захиргааны процессын эрх зүйн шүүх нотлох зарчмыг ноцтой зөрчжээ. Тодруулбал, шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/4176 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулахаар хандсан байдаг. Гэтэл тус газраас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр хариу мэдэгдэхдээ хэрэгт ач холбогдол бүхий баримт болох “өмнө олгогдсон байсан тусгай зөвшөөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэр, тэмдэглэл” зэргийг огт ирүүлээгүй. Энэ нь манай компанийн хувьд өөрсдийн тайлбар, байр суурийг нотлох чухал баримт болно.
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор баталсан Засгийн газрын хуралдааны журамд Засгийн Газрын бүхий л хуралдаанд тэмдэглэл хөтлөхөөр заасан байхад энэхүү тэмдэглэлийг авч хэрэгт хавсаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн.
Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс "Ашигт малтмал газрын тосны газар нь маргаан бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноо нуун дарагдуулдаг байснаас 2022 онд анх удаа олж мэдсэн" гэсэн утгатай тайлбар өгдөг. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх удаа ийм тайлбар өгч байгаа бөгөөд энэ нь түүнийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхэд ач холбогдол бүхий баримт юм.
Иймд захиргааны хэргийн шүүхээс үүнийг нотлох шаардлагатай бөгөөд хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж нотлох баримт бүрдүүлэх үүрэгтэй юм. Анхан шатны шүүх нь дээрх байдлаар нотлох баримт цуглуулах үүргүүдээ биелүүлээгүйн улмаас хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.2 дахь хэсэгт “... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн а-275 дугаар тушаалаар батлагдсан “А*******ны дүрэм”-ийн 1.1-т тус захиргааны чиг үүргийг “...Тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээр, малын хашаа хороо, худаг, уст цэгийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах болон шинээр барьж байгуулах, өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, малчдыг отроор өвөлжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцан ажиллах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан газар мөн” гэж, ашиглуулах, хамгаалах, үндсэн үйл ажиллагааг 5 дугаар зүйлийн 5.2-т “бэлчээрийг зохистой ашиглуулах, хамгаалах, сайжруулах, ...отор нүүдэл, өвөлжих мал сүргийн тоог аймаг, сумдаар тогтоож, зөвшөөрөл олгох, ...зэргээр нэрлэн зааснаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрлийн улмаас нэхэмжлэгч нь хууль тогтоомжоор шилжүүлэн авсан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэж үзэх үндэслэлтэй (https://otor.gov.mn/posts/292)" гэж дүгнэжээ.
Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар энэхүү чухал дүгнэлтийг хийхдээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, хэрэгт огт авагдаагүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн а-275 дугаар тушаалаар батлагдсан "А*******ны дүрэм" гэсэн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.
Нөгөө талаар тухайн баримтыг нийтэд үйлчлэх хууль тогтоомж, хэм хэмжээ, эсхүл нийтэд илэрхий "үйл баримт" гэж дүгнэх боломжгүй, тухайн байгууллагад чиглэсэн бичмэл баримтын шинжтэй эрх зүйн баримт бичиг байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан хэлбэрээр гаргуулан хавтаст хэрэгт авснаар хэргийн нотлох баримт болох учиртай. Түүнчлэн шүүх шийдвэртээ ишилсэн тухайн баримтын холбоос нь мөн хуулийн 38.7 дахь хэсэгт заасан цахим баримт бичгийн шаардлагыг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар "А*******" ХХК-д шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан байхад үүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа огт хийгээгүй. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үндэслэл бүрдсэн эсэх, эсхүл тухайн заалтыг хэрхэн, яаж зөрчсөнийг огт нотлолгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн шийдвэр огт үндэслэлгүй гарсныг илтгэнэ.
2.3.Хэргийн оролцогчийг хүсэлт гаргах боломжоор хангаагаагүй, гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй тухай:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь 2023 оны 7 дугаар сарын 25, 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлтүүдийн эрх зүйн үндэслэл ижил боловч агуулга ялгаатай байсан.
Тодруулбал 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтээр "А*******" УТҮГ нь өөрөө нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хариуцсан сайд нэхэмжлэл гаргах эрхтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хандсан. Харин 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтээр Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тогтоолд (өмнөх хүсэлтийг гаргахад уг тогтоол нийтэд ил болоогүй байсан) захиргааны байгууллага нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргахгүй бөгөөд гагцхүү хуульд тодорхойлон заасан эрхийн хүрээнд, мөн өөрийн нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад болсон нөхцөл байдлыг арилгахад чиглэсэн нэхэмжлэл гаргана гэдгийг тодруулан тайлбарласантай холдогдуулан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь уг шаардлагыг хангаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хандсан.
Гэтэл анхан шатны шүүх нь "хүсэлтийг өмнө шийдвэрлэсэн" хэмээн шийдвэрлэлгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө болон шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах явцдаа хүсэлтүүд нь өөр өөр агуулгатай болохыг удаа дараа тодорхой тайлбарласан боловч хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй. (Шүүх хуралдааны тэмдэглэлд хүсэлт шийдвэрлэсний дараа энэ талаар хэлсэн тайлбар тодорхой тусгагдаж баталгаажсан, харин нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэлсэн тайлбар дэлгэрэнгүй тусгаагүй байгаа болно)
Шүүх хуралдааны ирц болон оролцох эрхийг шалгах, хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэх нь шүүх хуралдааны бие даасан шатууд, хуульд тус тусын зохицуулалттай байдаг. Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нь ирцийг шалгах үед итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирцтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлүүлэхээс гадна шүүх хуралдаанаас 4 хоногийн өмнө гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтээ шийдвэрлүүлэх тухайгаа мэдэгдсэн. Хүсэлтийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцтай холбогдуулан бусад хүсэлт гаргах шаардлагагүй бөгөөд логикийн зөрчилтэй юм.
Иймд хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг шийдвэрлэсний дараа хүсэлт шийдвэрлэх шатанд шаардлагатай тохиолдолд бусад хүсэлтүүдээ гаргах хууль зүйн боломж нээлттэй байсан. Гэтэл хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдаан завсарлаад үргэлжлэхэд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлтийг хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл шүүгч хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд заасан ажиллагааг бүхэлд нь гүйцэтгээгүй нь гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил боллоо.
/Шүүх хуралдааны тэмдэглэл нь болсон процессоос зөрүүтэй байсан тул засвар оруулах хүсэлтийг анхан шүүхэд гаргасан байгаа болно/
2.4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт гаргасан тухай:
Гуравдагч этгээд “А*******” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар "Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай" шийдвэрээр MV-018354 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 128 дугаартай шийдвэрээр “А*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон мэтээр тодорхойлж үндэслэлээ ч Ашигт малтмалын тухай хуулийн 24.4.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой шаардлагыг хангаагүй гэж тайлбарласан.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйл нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн олгохтой холбоотой харилцаанд хамаарах зохицуулалт бөгөөд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх харилцаа, түүнд тавигдах шаардлагыг мөн хуулийн 49 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан. Товчхондоо шаардлагад дурдаж буй “А*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гэж бодитоор байхгүй юм.
Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “нэхэмжлэгч “А*******” ХХК-д тусгай зөвшөөрөл “шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах" шаардлага гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах" болгон өөрчилсөн мэтээр, харин үндэслэх хэсэгт "... тус зөвшөөрлийг “А*******” ХХК-д шилжүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах" шаардлага гаргасан мэтээр шаардлагыг өөрчлөн дүгнэсэн байх боловч “шилжүүлэх” шийдвэр хуульд нийцсэн эсэх, хуулиар тодорхойлсон шилжүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан эсэх зэрэгт дүгнэлт хийж холбогдох нотлох баримтуудыг цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох нь зөвхөн нэхэмжлэгчид олгогдсон эрх атал шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн янзаар тодорхойлж дүгнэсэн нь шүүхийн хяналтын хүрээнээс хэтэрсэн үйл ажиллагаа болжээ.
3.Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай:
3.1.Ашигт малтмалын тухай хуульд заасан онцгой эрхийн тухай.
Ашигт малтмалын хайгуулын ажил нь асар өндөр зардалтай хэдий ч огт орлого олдоггүй, тэр тусмаа ашигт малтмалын нөөц, орд илрүүлэх магадлал асар бага байдаг. Тодруулбал Уул уурхайн яамны хийсэн судалгаагаар Монгол Улсад 20 хайгуулын тусгай зөвшөөрөл тутмын зөвхөн 1 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болдог гэсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын ажил эрхэлж буй аж ахуйн нэгжүүд 5%-ийн магадлалтай бизнест хөрөнгө оруулалт хийдэг. Энэ утгаараа ашигт малтмалын хайгуулын ажил нь асар өндөр эрсдэл бүхий бизнесийн салбар юм. Энэхүү өндөр эрсдэлийг хүлээн зөвшөөрч хайгуулын зардал, цаг хугацаа зориулсан тухайн хайгуулын ажлаар илэрсэн нөөцийг ашиглах “онцгой эрх"-ийг олгодог нь ашигт малтмалын эрх зүйн суурь зарчим юм. Гэтэл анхан шатны шүүх нь "онцгой эрх" гэдгийг зөвхөн бусад хуулийн этгээдээс тэргүүн ээлжид ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрх мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Угаас хайгуулын талбайд өөр хуулийн этгээд өргөдөл гаргах хууль зүйн боломжгүй гэдэг нь мөн хуулийн 24.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэснээр тодорхой харагдана.
3.2.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг буруу хэрэглэсэн тухай.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 14.6 дахь заалт зөвхөн “нөхөн олговор олгохтой холбоотой харилцаа үүсч шийдвэрлэгдсэний дараа тохиролцсон нөхөн олговрыг олгоогүй тохиолдолд хэрэгжихээр байна хэмээн хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэжээ.
Ингэхдээ газрыг тусгай хэрэгцээнд авах ажиллагаанд өртөж буй иргэн, хуулийн этгээд нөхөн олговрын талаар өөрөө хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх үүрэгтэй мэтээр ямар нэгэн хууль тогтоомжид огт байхгүй агуулгаар тайлбарлан "үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах" эрхийг эдлэх боломжгүй гэж үзжээ. Гэтэл тусгай зөвшөөрөлтэй талбайг улсын тусгай хэрэгцээнд авахтай холбоотой харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.5, 14.6 зэрэг зохицуулалтууд, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам" /2010 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан/-аар газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой нөхөх олговрын асуудлаар эзэмшигчтэй урьдчилан тохиролцох, мэдээ мэдээллээр хангах бүхий л үүргийг холбогдох төрийн байгууллагууд хүлээхээр тодорхой зохицуулсан.
Хэрэв шүүхийн шийдвэрт дурдсан агуулгаар энэ зохицуулалтыг хэрэглэх тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшигчтэй тохиролцолгүйгээр тусгай хэрэгцээнд авч нөхөх олговоргүйгээр эзэмшлийг дуусгавар болгох боломжтой гэж үзэхэд хүрэх юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 14.6 дахь хэсгийг хууль тогтоогчоос тусгай зөвшөөрөл эзэмшигч, тус салбарт хөрөнгө оруулагчид олгож буй чухал хууль зүйн баталгаа гэж үздэг бөгөөд ямар нэгэн нөхөн олговор, тохиролцоогүйгээр зөвхөн тусгай хэрэгцээнд авах шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгохыг хориглосон, хязгаарласан, практикт ч хэрэглээ нь нэг мөр тогтсон зохицуулалт юм. Засгийн газар тусгай зөвшөөрөл бүхий талбай буюу аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт хийсэн газрыг тухайн этгээдэд нь мэдэгдэлгүйгээр, тухайн хөрөнгө оруулалтыг хэрхэн нөхөн төлөхийг шийдвэрлэлгүйгээр тусгай хэрэгцээнд авах нь хууль, журамд ч, шударга ёсны зарчимд ч нийцэхгүй тул бид Засгийн газрын 64 дүгээр тогтоолын манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.
Дээрх байдлаар анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмуудыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан хэд хэдэн нөхцөл байдлыг үүсгэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
1.Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор нийт 37917 га газрыг төвийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсанд гуравдагч этгээд “А*******” ХХК-ийн эзэмшил MV-018354 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 4701.55 га талбайн зарим хэсэг буюу 1245,76 га-аар давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, гэвч шийдвэрт энэ болон бусад үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа маргааны үйл баримт, гаргаж буй шийдлийнхээ үр дагаврыг зөв дүгнээгүй, хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэнгүй.
Засгийн газрын дээрх тогтоол гарахаас өмнө анх “Х*******” ХХК-д 2004 оны 1277 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон, харин тогтоол гарснаас хойш 2015 оны 199 дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, улмаар 2016 оны 128 дугаар шийдвэрээр тус компаниас “А*******” ХХК-д шилжүүлсэн талаарх үйл баримтын талаар дэлгэрэнгүй тоочихоос илүүтэй харин тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцал бүхий хэсэгт гуравдагч этгээдээс ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой.
Учир нь “А*******” УТҮГ-ын хувьд маргаан бүхий актуудыг захиргааны журмаар хүчингүй болгуулах хүсэлт нь хангагдаагүйтэй холбоотой шүүхээр тэдгээрийг хүчингүй болгуулах үндэслэлээ “…мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан Хөх дэл отрын бүсийн давхцал бүхий талбайн ашиглалт, хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжгүй болох, уг талбайг отрын бүсийн зориулалтаар ашиглахад саад учрахаас урьдчилан сэргийлэх зорилготой…” гэж тодорхойлжээ.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” ойлгохоор, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “Засгийн газар улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх”-ээр, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэх зэргээр зохицуулсан.
Эндээс дүгнэхэд, шүүх маргаан бүхий шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгосон эсэхээс үл хамаарч тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн давхцал бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг нэгэнт хуулиар хориглосон байх тул зайлшгүй нэхэмжлэл хангагдсанаар л сая нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэнэ гэж үзэхгүй.
Нөгөөтэйгүүр гуравдагч этгээдэд хууль зүйн хувьд үйл ажиллагаа явуулахаас илүүтэй дээрх хуулийн 14.4-т заасан нөхөн олговортой холбоотой харилцаа үүсэхээр байхад шийдвэрт “…гуравдагч этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа нөхөн олговор олгоогүй гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт хийх шаардлагагүй…” гэсэн нь үндэслэлгүй.
2.Хэдийгээр Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолоор тухайн талбайг хамруулан отрын бүс тогтоож, тусгай хэрэгцээнд авснаас хойш Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 199 дүгээр шийдвэрээр “Х*******” ХХК-д 4701.55 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байх боловч энэхүү тогтоол гарахаас өмнө 2004 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон тул нөхөн олговор олгох эсэх харилцаа ашиглалтын төдийгүй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй этгээдэд ч нэгэн адил хамаарна.
Иймд тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллагаас гуравдагч этгээд нөхөн олговор шаардсан эсэх, нөхөн олговрын хэмжээ, түүнийг төлөх хугацааны талаар талууд хоорондоо тохиролцох эсэх, ер нь энэ талаарх харилцаа үүссэн эсэх, хуулийн 14.6-д заасан хугацааг хэрхэн, хаанаас тоолох зэрэг нь тусдаа харилцаа атал шийдвэрт “дүгнэлт хийх шаардлагагүй” гэсэн хэрнээ “…энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй…, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуул явуулсан талбайдаа ямар ч тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхтэй гэж үзэхгүй... энэ нь тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байх зэрэг хуулийн өөр шаардлагаар хязгаарлагдана…” гэх зэргээр дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилт, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нэхэмжлэл гэдгийг ямар утгаар ойлгох талаарх зохицуулалтаас тус тус үзэхэд захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрхийг сэргээх үндсэн зорилготой болохоос бус захиргааны байгууллагын шийдвэрт хяналт тавих, зөрчлийг таслан зогсоох үндсэн чиг үүрэггүй.
Түүнчлэн “А*******” УТҮГ нь захиргааны байгууллага болохын тухайд уг хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т заасны дагуу “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” болохыг нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлох, мөн шүүхээс 106 дугаар зүйлийн 106.3.9-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол тухайн шийдвэрийг хүчингүй болгох учиртай.
Гэвч тусгай хэрэгцээнд авсан газартай давхцал бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасан үйл ажиллагаа явуулахыг хуулиар нэгэнт хориглосон, иймд маргаан бүхий актууд хүчин төгөлдөр байснаараа нэхэмжлэгчийн нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шийдвэрт “…бэлчээр нь ургамлын нөмрөг бүхий мал амьтан бэлчээх зориулалттай газар тул уг газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах нь нэхэмжлэгч байгууллагаас бэлчээр хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэнэ…” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан “А*******” УТҮГ-ын гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 199, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 128 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээд “А*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баатарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН