| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2022/0094/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/144 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Н.Баасанжав,
Хохирогч Б.Баатархүү,
Шинжээч Х.Сольхүү,
Гэрч Я.Алтантуяа, Ц.Дуламсүрэн, С.Пүрэвдагва, Д.Алтангэрэл, Д.Ганхуяг, Б.Нямсүрэн /цахим/,
Шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир нарын өмгөөлөгч Б.Алтангэрэл,
Шүүгдэгч А.Лхагва-Очирын өмгөөлөгч В.Содномцэрэн,
Шүүгдэгч Д.Очирхүүгийн өмгөөлөгч Б.Энхжаргал,
Шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт, шүүгдэгч Б.Загддэмбэрэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2123000000175 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Тэжээлийн Фонд 2-24 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Урианхан овогт Бямбадоржийн Загддэмбэрэл, регистрийн дугаар ИА98041213.
2. Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн Алдархаан сумын Хөгийн Өвөр гэх газарт оршин суудаг, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан /Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн/ Аюуш овогт Алтангэрэлийн Лхагва-Очир, регистрийн дугаар ИА01312813.
3. Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Шинэ хороо Барилгачдын 3-23 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Булган овогт Должингийн Очирхүү, регистрийн дугаар ИЭ01241935.
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Их ус гэх газарт бэлчиж байсан Л.Дашдоржийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
Шүүгдэгч Б.Загддэмбэрэлийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Баатархүүгийн өмчлөлийн 54-50 ЗАА улсын дугаартай хар өнгийн Муссо маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Их ус гэх газарт бэлчиж байсан Л.Дашдоржийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж түүнд 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
1. Хохирогч Л.Дашдоржийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18-19 цагийн орчим үхэрнүүдээ хураан гэрийнхээ гадаа авч ирсэн. Тэгээд би малаа бүртгэхэд мал маань бүрэн байсан ба тэр шөнөдөө гэртээ хоночхоод өглөө гаргах гэтэл хүрэн зүсмийн судалтай үнээ маань алга болчихсон байсан. Тэгээд би мотоцикл машинаар 2 өдөр хайгаад олоогүй. Тэгээд байж байтал манай гэрт цагдаагийн ахмад Ганхуяг орж ирсэн. Тэгээд та үхэр алдчихсан юм уу гэтэл би судалтай хүрэн үнээгээ алдчихсан гэхэд хүмүүсийг нь олчихлоо таны үхэр мөн байхаа гэж хэлсэн. Тэгээд Ганхуяг надад судалтай хар үнээ сэрвээндээ ногоон будагтай үнээ мөн үү гэхээр нь мөн гэж хэлсэн. Манай үхэр Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Их Ус гэх нэртэй газарт манай гэрийн гадаа байсан. ...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний Хаан банкны 5518004853 дугаартай дансанд эрэн хайхад зарцуулсан шатахууны мөнгөтэй нийлээд 1,505,000 төгрөгийг хийчихсэн байсан. ...Учирсан хохирол мөнгийг авчихсан, одоо дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р хуудас/,
2. Гэрч Ч.Наранжаргалын “...Манай нөхөр Л.Дашдорж 2021 оны 11 сарын 03-ны өдөр үхрээ хурааж гэрийнхээ ойрхон хотлуулсан юм. Тэгээд маргааш өглөө нь үхрээ үзтэл манай үхэр байхгүй байсан юм. Манай нөхөр үхрээ Бөөн чулуун, Алтан тэвш гэх газраас олоод бүртгэж үзсэн чинь 1 тооны сувай үнээ алга байна гэж ирсэн юм. Тэгээд л ойр хавийн газраар 2 өдөр хайгаад олоогүй юм. ...Судалтай хүрэн зүсмийн, 5-7 настай сувай үнээ байсан юм. Одоогоос 2 жилийн өмнө хүнээс авч байсан учраас имийг нь сайн санахгүй байна. Богино эвэртэй судалтай хүрэн үнээ байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/,
3. Шүүгдэгч Д.Очирхүүгийн гэрчээр өгсөн “...Би 2021 оны 11 сарын 03-ны өдөр Лхагва-Очир луу утасдаж хоёулаа Бөөн чулууны тэнд үхэр байна гэнэ тэрнээс үхэр аваад ирье чи машин олоодох гэж ярьсан чинь Лхагва-Очир тэгье гээд 11 цагийн үед Заагаа ахтай машинтай ирсэн юм. ...Шууд Бөөн чулуун гэх газарт шөнө 00 цагийн үед очоод 1 тооны үхэр барьж аваад ачсан юм. Тэндээсээ хөдлөөд аймаг руу явж байтал Заагаа, Очироо хоёр энэ үхэр чинь баагаад байна гээд уурлаад байхаар нь Зээг гэх газрын элс ачдаг жалганд төхөөрч янзлаад хөдлөх гэтэл цагдаа нар ирэхээр нь зугтчихсан юм. ...Бид 3 Алдархаан сумын Алгийн дөрөлжийн цаад талын Бөөн чулуун гэх газраас замын хойд талд байсан 30, 40-өөд тооны үхэр дотроос Лхагва-Очир бугуйл шидэж 1 тооны хүрэн зүсмийн үнээ бугуйлдахаар нь би очиж барьж аваад унагаагаад Заагаа ах, Лхагва-Очир бид гурав хамжиж хүлээд Заагаа ахын унаж явсан хар өнгийн машины хойд талын тэвшин дээр ачсан. ...Би Жижигээ гэдэг залууд 500.000 төгрөгийн өртэй байсан юм. ...Хулгай хийж мөнгө олж өрөө төлөх зорилгоор хулгай хийсэн юм. ...Доошоо гараад явж байх замдаа архи ууж байхдаа би үхэр хулгайлж өрөө төлье гэхэд тэр хоёр тэгье гээд хамт үхэр хулгайлж нядалсан юм. ...Заагаа ахын хадам аавын 54-50 ЗАА улсын дугаартай хар өнгийн ардаа тэвштэй хагас ачааны пикаб шиг машин байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66-р хуудас/,
4. Шүүгдэгч А.Лхагва-Очирын гэрчээр өгсөн “...Би 2021 оны 11 сарын 03-ны өдөр гэртээ байж байтал Очкоо буюу Очирхүү над руу залгаад доошоо Бөөн чулуу ороод ирье үхэр авч ирэх гэсэн юм гэж гуйхаар нь би хамт явсан юм. Тэгээд Алдархаан сумын Алагийн дөрөлж даваад Бөөн чулуун гэх газарт очиход хэсэг үхэр байсан чинь Очкоо энэ үхэр мөн байна гээд машинаа зогсоож нөгөө үхрүүдээс 1 үхэр барьж аваад ачсан юм. ...Тэндээсээ аймаг явж байгаад нөгөө үхрээ Элст богож гэх газарт төхөөрч янзлаад машиндаа ачаад хөдөлсөн чинь машин ирээд зогсохоор нь зөрөөд зугтчихсан юм. Тэндээсээ алагийн дөрөлжөөр даваад Тамбын өврөөр яваад урагшаа гол руу ороод шир, толгой, шийрийг нь голд урсгаж хаяад махыг нь ачсан хэвээрээ голоор гарч голын урдуур аймгийн төв рүү явсан юм. Тэгээд Шороот гэх газарт махаа хаясан. ...Би имийг нь хараагүй мэдээгүй ямар ч байсан дээшээ эвэртэй хүрэн зүсмийн үнээ байсан юм. ...Тухайн үхрийг нугаслах болсон чинь Очкий намайг нугасал гэхээр нь би нугасалж цусалсан юм. Тэгээд Заагаа ах Очкий бид гурав хамжиж төхөөрөөд машинд ачсан. Үхэр хулгайлах санааг Очирхүү гаргасан юм. Заагаа ах бид хоёр Очирхүүг хулгай хийж хэрэггүй гэж зөндөө хэлсэн юм. Очирхүү үгэнд ороогүй юм. ...Заагаа ах бид гурав аймгаас гараад явж байхдаа хулгай хийх гэж байгаагаа мэдээгүй юм. Тэгээд явж байхдаа мэдээд Бөөн чулуун гэх газарт үхэр байхаар нь 1 үхэр барьж аваад ачсан юм. ...Муссо маркийн 54-50 ЗАА гэсэн дугаартай хар өнгийн машинтай явсан./ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69-р хуудас/,
5. Гэрч Д.Ганхуягийн “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мал мах-2021 арга хэмжээний хүрээнд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Алтангэрэлийн хамтаар Алдархаан сумын Алдар багийн нутаг дэвсгэр Тоглоот гэх газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийж байсан. Гэтэл шөнийн 04:00-05:00 цагийн орчим Элст Богож гэх газраас тээврийн хэрэгслийн гэрэл гарч байснаа унтраад зогсчихсон. Тэгэхээр нь би Алтангэрэлийн хамтаар хувийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээр чимээгүй дөхсөөр 1-2 метр орчимд ойртоход 54-50 ЗАА улсын дугаартай Хар өнгийн муссо маркийн тээврийн хэрэгсэл шууд гэрлээ асаагаад тээврийн хэрэгслээ асаагаад эргээд ертөнцийн зүгээр урд зүгт зугтаасан. Тэгээд араас нь явахад миний тээврийн хэрэгсэл намхан учир барааг нь харсаар байгаад Тоглоот гэдэг толгой дээр гараад хартал нөгөө Муссо маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ унтраагаад явсан ба тээврийн хэрэгсэл харагдахгүй болж гэгээ бага зэрэг орчихсон байсан. Тэгээд тээврийн хэрэгсэл алга болсон учир мөрөөр нь явж байгаад Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр Улаан овооны урд талын Шүхэртийн гарам гэх газарт ирэхэд яг тэр газраас гол гарсан уу яасан мөр нь алга болчихсон байсан. ...Тэгээд мөрөөр нь очоод хартал 1 үхэр гаргасан гэдэс дотрыг нь гаргаж тавьсан байсан. Арьс шир толгой нь байгаагүй. Тэгээд тээврийн хэрэгслийн мэдээллийг эрүүгийн ахлах төлөөлөгч Цэрэнчамбаруу залгаж асуухад Баянжаргалын Баатархүү гэх хүний нэр дээр нь байсан. ...Анх бол тулаад очиход гэрлээ асаасан учир гэрэл гялбаад доторх хүмүүс нь харагдаагүй, харин хөөж байх явцад буюу мөрийг нь дагаж явахад элсэн дээр тээврийн хэрэгсэл сууж ухрааж түрсэн мөр байсан. Тэгэхээр нэг нь жолооны хүрд дээр сууж байсан учир 3 хүн байна гэж тооцсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72-р хуудас/,
6. Гэрч Д.Алтангэрэлийн “...Яруугийн голны гүүрний цаад талын элсний карер дотроос хар өнгийн тээврийн хэрэгсэл гарч ирээд Ганхуяг бид 2-ын сууж байсан тээврийн хэрэгслийг харангуутаа огцом зогссон. Тэгээд шалгахаар тухайн тээврийн хэрэгсэл рүү очоод дэргэд нь зогсоод Д.Ганхуяг тээврийн хэрэгслээс буухад тэр тээврийн хэрэгсэл шууд хөдлөөд зугтаагаад явсан. Тэгэхээр нь Ганхуяг бид хоёр гарч ирсэн зүг рүү нь явж элсний карер орчим очиход шинэхэн гаргасан үхрийн сэвс, баас, үнээний дэлэн зэрэг халуунаараа уур савсаж байсан. ...Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоон Тээврийн хэрэгслийг хэн унаж явсныг тогтоохоор улсын дугаараар нь шүүж эзэмшигч Баатархүүг Алдархаан сумаас олж уулзахад 54-50 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл. Мөн манай хүргэн Загддэмбэрэл унаж яваа байх гэж Ганхуягт хэлсэн. ...Би Загддэмбэрэлээс ямар учиртай зугтсан юм бэ гэж асууж тодруулахад Очирхүү, Лхагва-очир нарын хамт Алдархаан сумын Алагийн дөрвөлжний цаад талаас үхэр хулгайлж Яруугийн голын гүүрний цаана элсний карерт авч ирж нядалчхаад хөдөлж байсан. Цагдаатай тааралдаад айгаад зогсоогүй, зугтаасан юм. Үхрийн ширийг голд урсгасан, махыг нь хээр хаясан гэх зүйлийг ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/,
7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Тэвшийг дээш онгойх хэсгийг дээшлүүлж үзэхэд ...тэвш дотор ямар нэгэн эд зүйл үгүй, хуурай цэвэрлэгээ хийсэн мэт, тэвшний хана хэсгээр амьтаны ялгадас мэт бүдэг ногоон өнгийн зүйлүүдээр бохирлогдож хатсан байдалтай харагдаж байх ба тэвшинд ямар нэгэн эд зүйл байсангүй.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 176-178-р хуудас/,
8. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-6-р хуудас/,
9. Шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
- Шүүгдэгч Б.Загддэмбэрэлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Баатархүүгийн өмчлөлийн 54-50 ЗАА улсын дугаартай хар өнгийн Муссо маркийн тээврийн хэрэгслийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргийн үйл баримт нь:
1. Хохирогч Б.Баатархүүгийн гэрчээр өгсөн “...Б.Загддэмбэрэл гэдэг хүн миний төрсөн охин Б.Нямсүрэнтэй сүүлийн 2 жил үерхэж байгаа залуу бөгөөд 2021 оны 06 дугаар сард Б.Нямсүрэнг гуйж зөвшөөрсөн, ирэх жилээс гэрлэх гэж байсан юм одоогоор манай хүргэн болоогүй байгаа. ...54-50 ЗАА улсын дугаартай хар өнгөтөй Муссо маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа юм. Би энэ тээврийн хэрэгслийг 2018 оноос хойш унаж байгаа. Би энэ тээврийн хэрэгслийг Б.Загддэмбэрэлд унаж бай гэж өгөөгүй, манай граж дотор байж байдаг л байсан. Би энэ тээврийн хэрэгслийг өвлийн нөхцөлд л унаж хэрэглэдэг бусад үед бараг унадаггүй. Б.Загддэмбэрэл миний тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авсан. Миний хувьд зөвшөөрч өгсөн унаж хэрэглүүлсэн зүйл байхгүй. Би Б.Загддэмбэрэлийг миний тээврийн хэрэгслийг унасан гэж мэдээгүй, харин тэр шөнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Алдархаан сумын цагдаа, цагдаагийн ахмад Ганхуяг, хошууч Цэрэнчамба нар Алдархаан сумын нутаг дэвсгэр Сархиагийн Шар Цохио гэх нэртэй газар байж байхад ирээд дээрх улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг уу гэхэд байдаг энэ тээврийн хэрэгсэл граш дотор байгаа гэж хэлсэн. Гэтэл дээрх нэр бүхий цагдаагийн алба хаагч нар миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хайж байна гэж хэлсэн ба тэгэхээр нь би хүү Пүрэвдорж руу ярихад байхгүй Б.Загддэмбэрэл унаад явсан гэж хэлсэн. Тэгээд Б.Нямсүрэн рүү ярьж асуухад Б.Нямсүрэн мэдээгүй байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79-р хуудас/,
2. Хохирогч Б.Баатархүүгийн “...Анх би тээврийн хэрэгслээ гэрт гражид байгаа гэж бодож байсан. Гэтэл Цагдаагийн байгууллагаас над дээр хүмүүс ирээд тэгээд миний тээврийн хэрэгслийг асуухад би гэртээ байгаа гэж хэлсэн. Тэгээд л миний тээврийн хэрэгслийг гаргаж авсан юм байна даа гэж мэдсэн... би тээврийн хэрэгслээ хэнд ч өгдөггүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-р хуудас/,
3. Гэрч Б.Нямсүрэнгийн “...54-50 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний төрсөн аав Баатархүүгийн тээврийн хэрэгсэл бөгөөд манай гражид байдаг. Аав маань өвөлдөө л энэ тээврийн хэрэгслийг гаргадаг. Түлхүүр нь гэрт ил байж л байдаг. Энэ тээврийн хэрэгслийг унах хэрэглэх талаар би болон манай аав ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Урьд нь энэ дугаартай тээврийн хэрэгслийг манай ааваас гуйж ганц нэг удаа хэрэглэж байсан. Дур мэдэн авч байсан удаа өмнө байгаагүй. Б.Загддэмбэрэл дээрх тээврийн хэрэгслийг дураараа авч унах хэрэглэх эрх байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул нотлох баримтаар үнэлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д.Очирхүү, А.Лхагва-Очир нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэдгийг танилцуулахад өөрсдөө мэдүүлэг өгөхийг зөвшөөрч хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу хангалттай тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг “Бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах” буюу Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.Загддэмбэрэлийн үйлдлийг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Загддэмбрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо тус тус илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.” гэсэн бөгөөд ба мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж”, “машин механизм ашиглаж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
Мөн машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмуудыг хамааруулан ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Их ус гэх газарт бэлчиж байсан Л.Дашдоржийн 1 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Урианхай овогт Бямбадоржийн Загддэмбрэл, Аюуш овогт Алтангэрэлийн Лхагва-Очир, Булган овогт Должингийн Очирхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан “Бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд зөвхөн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асааж жолоодох болон өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсныг ойлгоно.
Шүүгдэгч Б.Загддэмбэрэл нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Баатархүүгийн өмчлөлийн 54-50 ЗАА улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийг авч явахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй, түүнийг уг тээврийн хэрэгслийг унаж явсныг тухайн үед мэдээгүй байсан болох нь хохирогч Б.Баатархүү, гэрч Б.Нямсүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байх тул шүүгдэгч Б.Загддэмбэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилготой зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
- Хохирлын талаар:
Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд хохирогч Б.Баатархүү нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэв.
Мөн хохирогч Л.Дашдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний Хаан банкны 55...53 дугаартай дансанд эрэн хайхад зарцуулсан шатахууны мөнгөтэй нийлээд 1,505,000 төгрөгийг хийчихсэн байсан. ...Учирсан хохирол мөнгийг авчихсан, одоо дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд түүнд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” тухайгаа илэрхийлсэн хэлсэн байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Н.Баасанжав “...Шүүгдэгч Б.Загддэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Загддэмбэрэлд 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Лхагва-Очирт 2 жил, 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Очирхүүд 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.” гэсэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Б.Загддэмбэрэл, Д.Очирхүү нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Иргэний хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /1-р хх-ийн 142, 146-р хуудас/
Шүүгдэгч А.Лхагва-Очир урьд нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь “Иргэний хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 130-137-р хуудас/
Шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь мал хулгайлах хууль бус үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдний өмгөөлөгч нарын шүүгдэгч Б.Загддэмбэрэл, Д.Очирхүү нарт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл өөрсдийн хийж буй хууль бус үйлдэлдээ санаатай хандаж буй байдлыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхгүй.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Лхагва-Очир, Б.Загддэмбэрэл нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч А.Лхагва-Очир Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу алдуул мал завших гэмт хэргийг өмнө нь үйлдсэн бөгөөд дахин тус бүлэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Б.Загддэмбэрэл нь мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах, мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн байна. Харин шүүгдэгч Д.Очирхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир нарыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Очирхүүг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Загддэмбэрэлд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
шүүгдэгч Д.Очирхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Загддэмбэрэлд Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын гэрээт үнэлгээчин Н.Эрдэнэцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтээр Б.Баатархүүгийн өмчлөлийн 54-50 ЗАА улсын дугаартай 2005 онд Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн Муссо маркийн тээврийн хэрэгсэл 2021 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нь 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гэж тогтоосон байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 54-50 ЗАА улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Баатархүү болох нь тогтоогдож байх тул түүний үнэ 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нараас тус бүр 2,166,667 /хоёр сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал ...шинжээчид төлөх зардлаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд 54-50 ЗАА улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын гэрээт үнэлгээчин /шинжээч/ Н.Эрдэнэцэцэгт төлөх 30,000 төгрөгийг шүүгдэгч нараас тус бүр 10,000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж түүнд олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Очирхүү 62 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Баатархүүгийн өмчлөлийн 54-50 ЗАА улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Урианхай овогт Бямбадоржийн Загддэмбрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Урианхай овогт Бямбадоржийн Загддэмбрэл, Аюуш овогт Алтангэрэлийн Лхагва-Очир, Булган овогт Должингийн Очирхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан “Бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир нарыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Очирхүүг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Загддэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Очирхүүгийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Очирхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нар нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Баатархүүгийн өмчлөлийн 54-50 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал шинжээчийн хөлс 30,000 төгрөгийг шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нараас тус бүр 10,000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын гэрээт үнэлгээчин Н.Эрдэнэцэцэгт олгосугай.
9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Баатархүүгийн өмчлөлийн 54-50 ЗАА улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Загддэмбэрэл, А.Лхагва-Очир, Д.Очирхүү нараас тус бүр 2,166,667 /хоёр сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Шүүхийн шийдвэрийг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ