Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл,

Шүүгдэгч Д.Бат-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бат-Амгаланд холбогдох 2223000980140 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Завханмандал сумын Олонтүрүү багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Нарт овогт Далайн Бат-Амгалан /регистрийн дугаар ИЕ84071577/

Д.Бат-Амгалан нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг “Гозонгийн хөх толгой” гэх газрын усан сантай худгийн дэргэдээс 2022 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Ж.Энхболдын эзэмшлийн 220 квт-ын цахилгаан үүсгэгч моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Нарт овогт Далайн Бат-Амгалан нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг “Гозонгийн хөх толгой” гэх газрын усан сантай худгийн дэргэдээс 2022 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Ж.Энхболдын эзэмшлийн 220 квт-ын цахилгаан үүсгэгч моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Ж.Энхболдын “...Миний худгийн дэргэдээс алдагдсан дээрх моторыг Завханмандал сумын манайхтай ойролцоо нутагладаг Д.Бат-Амгалан гэх залуу авсан байсан. 2022 оны 05 дугаар сарын 25, 26-ны үед мэдсэн. Тэгээд дараа нь Бат-Амгалан өөрөө надтай ирж уулзаад миний моторыг авчирч өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 25, 26-ны үед Бат-Амгалан гэх залуу манайд ирж надтай уулзаад “би таны моторыг худгийн дэргэдээс авчихсан байсан юм, та харин цагдаад хэлчихсэн байсан юм уу, намайг уучлаарай. Би таныг миний алдсан 3 адууны сургийг гаргаж өгөх байх гээд асуухаар та хэлэхгүй сүүлдээ уурлаад байхаар чинь аваад нуучихсан байсан юм. Намайг уучлаарай” гээд манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд бид 2 миний машинтай явж Д.Бат-Амгалангийн гэрт очиж амбаартаа хийчихсэн байсан миний худгийн моторыг очиж авчирсан юм. Би Д.Бат-Амгалангаас мотороо буцааж аваад хохиролгүй болчихсон. Мөн Д.Бат-Амгалан түүнээс хойш хэд хэдэн удаа ирж уучлалт гуйсан. Одоо би энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/,

- Гэрч А.Балжирын “...2022 оны 03 дугаар сарын сүүлээр намайг Улаанбаатар хот руу ажлаар явах үед Ж.Энхболд ах надад худгийн мотор үзээд аваад ирээрэй гэж захисан юм. Тэгээд би тэр үед Улаанбаатар хотоос ирэхдээ Ж.Энхболд ахад Нарантуул захаас худгийн мотор шинээр нь 3,000,000 төгрөгөөр худалдан авч авчирч өгсөн юм. Ж.Энхболд ах дараа 2022 оны 04 дүгээр сарын сүүлчээр нэг өглөө худгийнхаа моторыг урд шөнө хулгайд алдчихлаа, чи цагдаад мэдэгдээд өгөөч гэж утсаар ярьсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

- Гэрч С.Мөнхтөрийн “...2022 оны 03 дугаар сар гаргаад Ж.Энхболд гуайнх Эрдэнэхайрхан сумын Гозонгийн хөх толгой гэх газрын хаваржаандаа ирж буусан цагаас хойш Ж.Энхболд гуай нэг улбар шар өнгийн шинэ моторыг ажилуулж малаа усалдаг байсан юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын сүүлчээр нэг өглөө худгийнхаа моторыг өнгөрсөн шөнө хулгайд алдчихсан байна гээд явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

- Гэрч С.Баттунгалагийн “...Миний нөхөр Д.Бат-Амгалан нь 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр манайх өвөлжөөнөөсөө гараагүй байхад нэг орой улбар шар өнгийн мотор аваад ирсэн амбаартаа хийчихсэн байсан. Тэгээд би “хэний мотор юм бэ, яах гэж байгаа юм бэ” гэж нөхрөөсөө асуухад “хүний мотор удахгүй буцааж өгнө” гэж хэлсэн юм. Миний нөхөр Д.Бат-Амгалан нь 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр 26, 27-ны өдөр нэг орой харанхуй болж байх үед мориороо явж байгаад тэр моторыг морин дээрээ дүүрээд аваад ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

- Шүүгдэгч Д.Бат-Амгалангийн “…Би Завхан аймгийн Завханмандал сумын Олонтүрүү багийн нутаг “Гозонгийн хөх толгой” гэх газар нутагладаг. Олонтүрүү багийн нутаг “Гозонгийн хөх толгой” гэх газраар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 3 тооны адуугаа алдчихсан хайж яваад хамгийн сүүлд “Гозонгийн хөх толгой” гэх газарт байрлах Ж.Энхболдын худагнаас ус уугаад гарсан гэж нутгийн залуучууд ярьж байхаар нь би Ж.Энхболд ахаас “та миний 3 адууг харсан уу, та мэдэж байгаа бол хэлээч, манай адуу хамгийн сүүлд танай худгаас ус уугаад гарсан гэж байна” гэсэн. Тэгтэл “би мэдэхгүй байна” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би худгийн моторыг нь аваад нуучихвал миний адууны сургийг гаргаад өгчих байх. Тэгээд дараа нь гаргаад өгчихнө гэж бодоод 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнө өөрийн хүрэн байдас мориор худаг дээр очоод моторыг нь морин дээрээ дүүрээд гэртээ авчраад амбаартаа хийгээд бүтээчихсэн байсан. Тэгээд маргааш нь Ж.Энхболд ахтай уулзаад “би таны моторыг авчихсан юм. Таны моторыг аваад нуучихвал адууны сургийг маань гаргаад өгчих байх гэж бодсон” гэж хэлээд Ж.Энхболд ахтай хамт гэрт ирээд амбаартаа хийсэн байсан моторыг гаргаж өгсөн. Тэгээд мотороо асааж үзээд бүрэн бүтэн хүлээлгэж өгөөд би уучлалт гуйсан. Ж.Энхболд ах “За, би уучиллаа” гэсэн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тэр өдөр өөрийн бор зүсмийн зүүн талын гуяндаа давхар сэрээтэй саран тамгатай нас гүйцсэн морийг унаж явсан. Миний уг морь бол буруу зөвгүй номхон яаж ч байсан хөдөлдөггүй морь байгаа юм. Би тэр моторыг морин дээрээс уяагаар татаж гаргаж татаж гаргаад урдуураа дүүрээд авч явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Д.Бат-Амгалан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Ж.Энхболдын өмчлөлийн 220 квт-ын цахилгаан үүсгэгч моторыг хулгайлж түүнд 2,500,000 төгрөгийн хохирол буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Бат-Амгаланг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Д.Бат-Амгалангийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Энхболдод 2,500,000 төгрөгийн хохирол учирсан нь Хурд-Од ХХК-ийн шинжээч Х.Сольхүүгийн “...HYUMDAI маркийн 220 мвт-ын цахилгаан гүйдэл үүсгэгч моторын үнэлгээг 2,500,000 /хоёр сая таван зуун мянган төгрөг/-өөр үнэлсэн” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Энхболдод учруулсан хохирлыг биед байдлаар буюу HYUMDAI маркийн 220 мвт-ын цахилгаан гүйдэл үүсгэгч моторыг түүнд бүрэн хүлээлгэн өгч хохиролгүй болгосон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Бат-Амгаланг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Бат-Амгаланг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

Шүүх шүүгдэгч Д.Бат-Амгаланд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Бат-Амгалан урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 71-р хуудас/

Шүүгдэгч Д.Бат-Амгалан нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн хийсэн үйлдлээ буруу гэдгээ ойлгож гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн.

Шүүхээс Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч Д.Бат-Амгалангийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Мөн шүүгдэгч Д.Бат-Амгалан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч Д.Бат-Амгалангийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.Бат-Амгалан нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Д.Бат-Амгаланд хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч Д.Бат-Амгалан нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн бор зүсмийн зүүн талын гуяндаа давхар сэрээтэй саран тамгатай нас гүйцсэн морийг уналга болгон ашигласан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Бат-Амгалан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Нарт овогт Далайн Бат-Амгаланг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бат-Амгаланд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Амгаланд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар  зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Амгалан нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Амгаланд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 8 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бат-Амгалангийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан бор зүсмийн зүүн талын гуяндаа давхар сэрээтэй саран тамгатай нас гүйцсэн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Амгаланд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.ДОРЖБАЛ