Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1208

 

 

   2022         08          15                                   2022/ШЦТ/1208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Өлзийжаргал,                

Хохирогч Ц.Э-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

Шүүгдэгч О.Д-, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт О-ын Д-д холбогдох эрүүгийн 2106 04493 0207 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Баганат-Өргөө” ХХК-д туслах ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум, 2 дугаар баг, Дэлгэр гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхуаран, “Баганат-Өргөө” хотхоны 0 дугаар байрны 0 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Х овогт О-ын Д-.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч О.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” зочид буудал дотор Ц.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д- мэдүүлэхдээ:”... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э- мэдүүлэхдээ:”... Шүүгдэгч надаас уучлал гуйгаагүй. Уучлал гуйхгүй, хохино гэсэн. Би үүдэн шүдээрээ хохироод үлдэж байна. Одоо 1.160.000 төгрөг нэхэмжилж байна. Шүдээ эмчилгээ хийлгэчхээд иргэний журмаар нэхэмжилнэ. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Э.Хосбаярын өгсөн мэдүүлэг /хх-24-25/, гэрч Э.Энхболорын өгсөн мэдүүлэг /хх-21-22/, О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11397 тоот дүгнэлт /хх-17-18/, “Универсал” шүдний эмнэлгийн үзлэгийн баримт /хх-119-124/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 521 тоот дүгнэлт /хх-126-132/, шүүгдэгч О.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” зочид буудал дотор Ц.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Э-ын өгсөн: “Намайг гэртээ байхад Хосбаяр 99044673 дугаараас миний гар утас руу залгаад “хүрээд ир, цайз 16-ын “Чингис” зочид буудалд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очиход Хосбаяр, Дашаа, Отгоо гээд гурван залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг өрөөнд нь орж суухад Экс нэртэй 0.75 литрийн архи задалчихсан, нэг бүтэн 0.75 литрийн архи ширээн дээр байсан. Бид 4 хамт архи уугаад байж байхад Дашаа гэх залуу нь агсам тавиад, хэл амаар доромжлоод, салаавч гаргаад байхаар нь би биеэ бариад тэвчээд суугаад байсан. Тухайн үед би орон дээр, Дашаа миний хажууд сандалтай сууж байгаад ухаан алдаад сэрэхэд би газарт уначихсан сэрсэн бөгөөд Дашаа 0.75 литрийн Экс архины шилээр миний нүүр лүү цохисныг мэдсэн. Тэгээд ухаан ороод харахад Дашаа, Отгоо хоёр нь байхгүй, гараад зугтаачихсан гэж Хосбаяр хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-11-12/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хосбаярын өгсөн: “Дөрвүүлээ архи уугаад Д-ын хүргэний талаар юм ярьж байгаад Ц.Э- тэр хоёр хоорондоо маргалдсан бөгөөд нарийн ямар зүйл ярьсныг сайн ойлгож сонсоогүй. Тэгтэл Ц.Э- Отгоо бид хоёрыг “гарч байгаач, Д- бид хоёр учраа олъё” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр дэлгүүрээс 1 шил архи авчхаад орж ирэх үед Д- архины шилээр Ц.Э-ын нүүрэн тус газар цохисон чинь газар унаж, уруул нь хавдсан босож ирсэн. Энэ үед бид хоёрын араас буудлын ресепшн орж ирсэн байж магадгүй. Тэгтэл Отгоо, Д- хоёр шууд гараад явсан. Э- бид хоёр үлдэж цагдаа дуудаж, би ганцаараа тэндээ хоносон. Маргааш өглөө нь Э- над дээр ирж шүд хугарсан байна, эмнэлэгт үзүүлэхээр явлаа гэсэн. Би бас нэлээн согтуу байсан учраас орон гаран санаж байна.” гэх мэдүүлэг /хх-24-25/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхболорын өгсөн: “Хохирогч ахыг үүдэнд маргалдаж байсан хүн архины шилээр нүүрэн тус газар нь цохисон чинь орны хажуугаар унаж, хэсэг хэвтэж байгаад босоод ирсэн чинь хохирогчийн үүдэн шүднүүд нь унасан, цус гарч байсан. Тэгээд би зодуулсан хүнийг орон дээр суулгаж, зодсон хүнийг яв гэсэн чинь явахгүй над руу агсарч байгаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-21-22/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11397 дугаартай:

1. Ц.Э-ын биед баруун доод 1/41/, 2/42/, зүүн доод 1/31/, 2/32/ дугаар шүдний булгарал, зүүн дээд 2/23 дугаар шүдний сулрал, уруулд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Баруун дээд 2/12, зүүн дээд 2/22, 3/23, баруун доод 1/41/, 2/42/, зүүн доод 1/31/, 2/32/ дугаар шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүсэлтийн 4.11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-17-18/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 521 дугаартай: “

1. Ц.Э-ын биед шүдний булгарал, 12-22-26, уруулын салстын цус хуралт гэмтэл учирсан байх ба энэ нь “Универсал” шүдний эмнэлгийн үзлэгийн хуудсанд Ц.Э-ын гурван шүд булгарч унан эмчлүүлсэн гэж тэмдэглэснээр нотлогдож байна.

2. Ц.Э-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 11397 дугаартай дүгнэлтэд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг буруу тооцож тогтоон дүгнэлт гаргасан байх тул үндэслэлгүй байна.” гэх дүгнэлт /хх-126-132/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Д-ын яллагдагчаар өгсөн: “Хосоо, Отгоо хоёр байхгүй байхад Ц.Э- бид хоёр архи уугаад сууж байгаад, цохиж зодоод байхаар нь уур хүрээд ширээн дээр байсан архины шилээр Ц.Э-ын нүүрэн тус газар нь 1 удаа цохисон чинь унаж босож ирээд цагдаа дуудсан. Яг энэ үед Отгоо, Хосоо  хоёр орж ирж таарсан.” гэх мэдүүлэг /хх-30-31/,

Универсал шүдний эмнэлгийн үзлэгийн баримт /хх-119-124/,

 

Шүүгдэгч О.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч О.Д- нь хохирогч Ц.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.Д-ын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” зочид буудал дотор Ц.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогч Ц.Э- нь эмчилгээний зардал 1.460.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг, нийт 2.960.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч  О.Д- хохирогчид эмчилгээний зардал нийт 1.400.000 төгрөгийг төлсөн байна.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно..” гэж тус тус хуульчилсан байх тул хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул хохирогчийн нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй байна. Харин эмчилгээний зардлаас төлөгдөөгүй үлдсэн 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э-д олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч Ц.Э- нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч О.Д-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Д-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

  Шүүгдэгч О.Д- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт О-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Д- нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Д-аас 60.000 төгрөгийг гаргуулан хохирогч Найманжин овогт Цэрмаагийн Э- /ЛЙ88090175/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Э- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаг ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Д- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.          

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС