| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/01366/И |
| Дугаар | 155/ШШ2018/01499 |
| Огноо | 2018-10-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2018/01499
| 2018 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2018/01499 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Б-д холбогдох
Гуталны үнэ 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 155/2018/01366/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч И.Н, хариуцагч Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие И.Н нь гутлын бөөний худалдааны бизнесийг 2010 оноос эхлэн хилээр оруулж ирсэн байдлаар нь буюу тухайн сав, баглаа боодлыг задлалгүйгээр, ялгалгүйгээр бөөний үнээр нь худалдан авч түүнийгээ Хөвсгөл аймаг руу тээвэрлэн авчирч энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн түншүүддээ бэлэн бус тооцоогоор мөн бөөний үнээр өгч борлуулалт хийгдсэний дараа тэднээс мөнгийг нь авч тооцоо хийдэг үйл ажиллагаа юм. Миний ийм бизнесийн түншүүдийн нэг болох Ч.Б нь 2012 оноос эхлэн надтай энэ чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл надаас бөөний үнээр гутал худалдан авч борлуулаад дараа нь тооцоо хийдэг байсан. 2015.05.07-ны өдөр авчирсан гутлаас 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий 10 баглаа гутлыг нэг сарын дотор борлуулж төлбөрийг төлөхөөр авсан боловч одоо болтол төлөөгүй. Мөнгийг шаардахад “удалгүй өгнө” гэж худал хэлсээр өнөөг хүрсэн. Хамгийн сүүлд 2018 оны 02-р сард буюу цагаан сарын өмнө мөнгөө шаардахад хавар ноолуур гарахаар өгнө гэсэн. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 20-ны үед уулзаж шаардахад анх удаа төлбөр төлөхөөс татгалзаж “би чамд мөнгө өгч чадахгүй, чи явдаг газраараа яваад заргалдаад аваарай” гэж хэлсэн. Ч.Бд дээр дурдсан үнэлгээ бүхий гутал өгсөн нь үнэн. Ч.Б нь үүнийг төлөөгүй нь үнэн учир Ч.Бгээс 10 баглаа гутлын үнэ болох 650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б би И.Нгаас 2015 оны 05 дугаар сарын 07-нд 10 боодол комиссын гутал авсан бөгөөд үүнээс нэг ч олигтой зарах гутал гараагүй учир би Нд энэ тухай хэлээд гутлаа буцааж ав би энэ гуталнуудыг авахгүй яаж буцааж өгөх үү гэсэн. “би задалсан барааг буцаахгүй, буцааж авахгүй” гээд байсан. Тэгээд би тухайн үедээ Цэцэрлэг суманд наймаа хийхээр хэсэг хугацаанд очсон байсан бөгөөд 5-р сарын сүүлээр аймаг явах болоод нөгөө гутлуудаа яах вэ гэсэн чинь би авахгүй бол хаяхгүй юу гэхээр нь би тэр нутгийн Н.Т гэж хүнийг хөлслөн машинаар нь сумын хогийн цэгт хаяулсан. Тэгээд аймаг орж ирээд зах дээрээ зогсож наймаагаа хийж байсан. Энэ хугацаанд И.Н надаас мөнгө төгрөг гэж нэхээгүй байж байгаад сүүлд нэг орж ирээд “чи мөнгө өгнө тал хагас ч болтугай би ч бас хэцүү байна, ноолуур дээр ч болтугай өгөөч” гээд байсан. Гэхдээ би өгөхгүй гэж хэлээд гаргасан. Харин үүнийг хамт байсан Лхагваа гуай буруу ойлгосон байхаа. Би энэ гутлын үнийг төлөхгүй гэж бодож байгаа. Учир нь Н муу гутал зарсан үүнийг нь тухайн үед нь хэлж сануулаад буцааж ав гэхэд өөрөө аваагүй хая гэж хэлсэн, мөн өдийг хүртэл мөнгө төгрөг гэж ярихгүй байж байгаад гэнэт л мөнгө нэхэж байгаа. Мөн 2015 оны 5 сарын 7-ны өдөр гутал над руу Цэцэрлэг сум руу явуулж би хүлээн авсан бөгөөд 2018 оны 6 сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхээр шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүххуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Н нь хариуцагч Ч.Бд холбогдуулан гуталны үнэ 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч И.Н нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 650.000 төгрөгийн үнэ бүхий 10 баглаа комиссын гутлыг хариуцагч Ч.Бд хүлээлгэн өгсөн гэх ба зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.
Харин хариуцагч Ч.Б нь дээрх 10 баглаа комиссын гутал дотроос нэг ч зарагдах гутал гараагүй учир би авсан гуталнуудаа буцааж өгье гэхэд задалсан барааг буцаахгүй гээд аваагүй, тухайн үед тус гуталнуудыг зарахаар Цэцэрлэг суманд очсон байсан ба тэндхийн хогийн цэг дээр ачуулж хаясан учир би нэг ч төгрөгийг И.Нд төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгч И.Нгаас 650.000 төгрөгийн үнэ бүхий 10 боодол комиссын гутлыг худалдан авахаар тохиролцож, үнийг нэг сарын дараа И.Нд төлөхөөр тохирч гэрээг бичгээр байгуулаагүй боловч талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээний гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон байх тул хэлцлийг амаар хийсэн гэж тооцох үндэслэлтэй байна.
Дээрх үйл баримтаас зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг гэрээ юм.
Хариуцагч нь 650.000 төгрөгийн үнэ бүхий 10 баглаа гутлыг 1 сарын дотор борлуулж төлбөрийг төлөхөөр авсан гэх нэхэмжлэгчийн тайлбараас дүгнэж үзвэл гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан тул 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч Ч.Бгээс гуталны үнэ 650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.Бд холбогдох гуталны үнэ 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.150 /хорин мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН