| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1190/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1212 |
| Огноо | 2022-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1212
2022 08 16 2022/ШЦТ/1212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгч Э.Т- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Эын Т-т холбогдох эрүүгийн 2206 00000 2200 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000, Ц овогтой Эын Т-.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Баганат өргөө” хотхоны 0 дугаар байрны 0 тоотод Л.Х-ын цээжний зүүн ар талд хутгалж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т- мэдүүлэхдээ:”... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, хохирогч Л.Х-ын өгсөн мэдүүлэг /хх-12-14/, гэрч Ц.Нандинцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-16/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 8181 дугаартай дүгнэлт /хх-23-24/, шүүгдэгч Э.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Баганат өргөө” хотхоны 0 дугаар байрны 0 тоотод Л.Х-ын цээжний зүүн ар талд хутгалж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Х-ын өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр найзууд болох Энх-Амар, Т-, Энх-Амгалан нарын хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Баганат өргөө” хотхоны 408 дугаар байранд 21:00 цагаас хойш архи уусан. Бид нар нэлээн согтоод гэртээ харьцгаахаар болоод миний нүдний шил, гар утас 2 олдоогүй. Тэгэхээр нь би нөгөө хүмүүсээ явуулаад буцаж орж ирж хайна гэж бодоод гарсан. Т-ийн хамт буцаад гэр лүү нь орсон. Тэгээд гар утас, шилээ хайж байтал Т- гал тогооны өрөө рүү явахаар нь би араас нь дагаад очтол Т- шүүгээнээс хутга аваад үгийн зөрүүгүй миний зүүн суганы доод хэсэгт 1 удаа хатгачихсан.” гэх мэдүүлэг /хх-12-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нандинцэцэгийн өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 31-ний 19:00 цагийн орчимд шалгалтын материал засаж байна, удахгүй гэсэн. Шөнө 03:00 цагийн орчимд гэрийн хаалга цохиод нээхэд нөхөр гуталгүй, оймстойгоо, цамц өмд нь цус болсон, хутгалуулчихлаа гээд ороод ирсэн. Найз Энх-Амарын хамт ажилладаг хүмүүстэй архи ууж байгаад гэрээс нь гарч явж байгаад гар утсаа мартаад буцаад нөгөө айлдаа ороод гар утсаа хайхад гэрийн эзэн Т- уурлаад хутгалсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 8181 тоот: “
1.Л.Х-ын биед цээжний зүүн ар талд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-23-24/,
Хэргийн газрын үзлэг хийсэн “...буйдангийн урд байх цагаан саарал өнгийн модон ширээн дээр нийт 20 см урттай, бариул хэсэг нь 9 см, ажлын хэсэг нь 11 см, шар өнгийн бариултай, үзүүр хэсэг нь 2 талдаа цус мэт зүйлээр бохирлогдсон жижиг хутга байсныг хураан авав” гэх тэмдэглэл /хх-3-8/,
Эргүүлийн офицерийн илтгэх хуудас /хх-9/,
Шүүгдэгч Э.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтууд, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Э.Т- нь хохирогч Л.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Э.Т-ийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Баганат өргөө” хотхоны 0 дугаар байрны 0 тоотод Л.Х-ын цээжний зүүн ар талд хутгалж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогч Л.Х- нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч Э.Т- нь эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Э.Т-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу учруулсан хохирлыг төлсөн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Т-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин Т- болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Т- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураагдан ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Эын Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т- нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Х- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин Т- болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.
7. Хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Т- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т- болох хүртэл Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС