| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1185/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1215 |
| Огноо | 2022-08-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1215
2022 08 16 2022/ШЦТ/1215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал,
Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогтой Ц-ийн Б-т холбогдох эрүүгийн 2206 00000 2292 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1975 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, задгайд оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Нийслэлийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял,
Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 609 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 7-ний өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211, 123, 131 дүгээр зүйлийн 2, 3, 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145, 148, 126 дугаар зүйлийн 2, 3, 2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 165 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 4 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ШГ75030373, Б овгийн Жы Б-
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Б- нь 2022 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их-Дарь-Эхийн 0 дүгээр гудамжны 0 тоотоос хохирогч Э.Э-ийн барьж байгаад дутуу орхисон хаалга, цонх, дээвэргүй байшингийн суурин дотроос ТЕ37 загварын 18-тай хар өнгийн обуд 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 250.000 төгрөг нийт 500.000 төгрөг, Простер маркийн тээврийн хэрэгслийн 17-той обуд 4 ширхэг, нэг бүрийн үнэ нь 170.000 төгрөг нийт 680.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б- мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...Торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, хохирогч Э.Э-ийн өгсөн мэдүүлэг /хх-9/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын өгсөн мэдүүлэг /хх-12/, “Дамно” ХХК-ны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн БЗД2-22-1281 дугаартай үнэлгээний тайлан /хх-21-22/, шүүгдэгч Ж.Б-ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-25-47/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-54-55/, шүүгдэгч Ж.Б-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-16, 64/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-67/, шүүгдэгч Ж.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Б- нь 2022 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их-Дарь-Эхийн 0 дүгээр гудамжны 0 тоотоос хохирогч Э.Э-ийн барьж байгаад дутуу орхисон хаалга, цонх, дээвэргүй байшингийн суурин дотроос ТЕ37 загварын 18-тай хар өнгийн обуд 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 250.000 төгрөг нийт 500.000 төгрөг, Простер маркийн тээврийн хэрэгслийн 17-той обуд 4 ширхэг, нэг бүрийн үнэ нь 170.000 төгрөг нийт 680.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Э-ийн өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байхад манай аав Эрдэнэбат над руу утсаар яриад “гараашинд байсан миний ТЕ 37 тээврийн хэрэгслийн 18-тай, 10.5-тай жижиг 2 ширхэг обут дугуйтайгаа, Простер маркийн тээврийн хэрэгслийн 17-той хайлшин обут 4 ширхэг алга болсон байна” гэхээр цагдаад хандсан юм. Нийт 6 ширхэг обуд алдагдсан. 2020 оны Ниссан скулин 32 маркийн хэрэгсэлтэй хар өнгийн ТЕ37-тай обуд байсан. Би дээрх 2 обудыг зарах гэж байсан учир үнийг нь судлахад нэг ширхэг нь 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөг болж байсан... манай айлын залуу хулгайлан аваад зарсан байсан гэсэн би тэр залууг хэн болохыг нь мэдэхгүй, манай аав Эрдэнэбат тухайн хүнийг сайн танина. Би алдагдсан эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Д-ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын хэдэн гэдгийг нь мэдэхгүй байна, манай түүхий эдийн цэг дээр хааяа лааз тушаадаг байсан эрэгтэй хайлшин обудтай дугуй, 4 ширхэг хайлшин обуд нь хагарсан дугуй авч ирж тушаасан. Нийт 32 кг болж 106.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-12/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сары 29-ны өдрийн БЗД2-22-1281 дугаартай хөрөнгийн үнэлгээний “2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.180.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ж.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Миний хулгай хийсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их-Дарь-Эхийн 0 дүгээр гудамжны 0 тоот хаяг нь миний амьдарч байгаа нэг хаягтай нэг хаалгаар ордог, дундаа хэдэн банзаар тусгаарласан хашаа байгаа юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-64/,
Шүүгдэгч Ж.Б-ын эрүүгийн хариуцлага байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэрэг нотлох баримтууд болно.
Иймд шүүгдэгч Ж.Б- нь 2022 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их-Дарь-Эхийн 0 дүгээр гудамжны 0 тоотоос хохирогч Э.Э-ийн барьж байгаад дутуу орхисон хаалга, цонх, дээвэргүй байшингийн суурин дотроос ТЕ37 загварын 18-тай хар өнгийн обуд 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 250.000 төгрөг нийт 500.000 төгрөг, Простер маркийн тээврийн хэрэгслийн 17-той обуд 4 ширхэг, нэг бүрийн үнэ нь 170.000 төгрөг нийт 680.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгчээс 606.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э-д, 106.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Д-ад олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн цалин орлогогүй байдал түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй 4 ширхэг обудыг эзэмшигч Э.Э-д буцаан олгохыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгахаар тогтов.
Шүүгдэгч Ж.Б- нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ж-ы Б-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-ас 606.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э-д, 106.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Д-ад тус тус олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй 4 ширхэг обудыг эзэмшигч Э.Э-д буцаан олгохыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС