| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2019/0895/Э |
| Дугаар | 800 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 800
2019 8 6 2019/ДШМ/800
А.Н холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор И.Ариунсанаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 909 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1906020200928 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн А-ын Н, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;
А.Н нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Петровис” шатахуун түгээгүүрийн орчим Э.Туяасайханыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Н ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч Э.Туяасайхан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, цагдаагийн хошууч н.Алтанзул, хяналтын прокуророос ирүүлсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан гэж ойлгож, тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч өмгөөлөгчгүй байцаалт өгч гарын үсэг зурсан. Гэтэл надад хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, улмаар хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Миний хувьд өөрийн хамтран амьдрагч Э.Туяасайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хардалт, сэрдэлт, эд хөрөнгө, мөнгөний асуудлаас болж маргалдаж, түүний биед гар хүрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар маргахгүй. Би энэ талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Харин намайг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Туяасайханы биед хөнгөн хохирол учруулсан” гэж хүндрүүлэн яллаж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч С.Төмөрбаатарыг би өөрийн хүсэлтээр авч, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан, гэрээгээ мөрдөгчид өгч мөрдөн шалгах ажиллагаанд түүнийг оролцуулсан. Харин хавтас хэргийн материалтай танилцахад мөрдөгч Алтанзул, өмгөөлөгч С.Төмөрбаатарыг хавтас хэрэгтэй танилцуулалгүй хэргийг прокурорт шилжүүлсэн. Ингээд шүүхийн шатанд шүүхээс өмгөөлөгч С.Төмөрбаатарт миний хэргийн материалыг танилцуулаагүй, шүүх хурлын товыг 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр болох талаар ч огт мэдэгдээгүй. Шүүх хурал болоход, би өмгөөлөгч С.Төмөрбаатарыг өмгөөлөгчөөр авсан, мөн түүнд миний хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд байгаа. Өмгөөлөгч Төмөрбаатар “шүүх хуралдааны тов огт мэдээгүй байна” гэж хэлсэн боловч шүүгч “өмгөөлөгч С.Төмөрбаатартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ алга байна” гэсэн үндэслэлээр миний хүсэлтийг хүлээн авалгүй шууд шүүх хурлыг явуулсанд гомдолтой байна. Яагаад мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчид өгсөн гэрээ байхгүй нь надтай холбоогүй, мөрдөгчийн буруутай ажиллагаатай холбоотой байхад, миний эрх зүйн байдлын дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн заалтыг ноцтой зөрчиж, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхийг минь хязгаарлаж, хэргийг илтэд нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өөрийн хувийн байдалтай холбоотой баримтуудаа ч хэрэгт хавсаргаж чадалгүй ийм хүнд ял авсандаа гомдолтой байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 909 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч А.Н өмгөөлөгчгүй, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
А.Н нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Петровис” шатахуун түгээгүүрийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Туяасайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Туяасайханы “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 22 цагаас хойш 23 цаг хүртэл над руу уулзъя гээд мессеж бичээд залгаад байсан. Тэгэхээр нь би “Зүүн хүрээ” хотхоны хажуу талын “Петровис” колонк дээр байна гэхээр нь би очиж машинд нь суусан чинь “хаагуур юу хийгээд байгаа юм бэ” гэснээ бид 2 маргалдаж, миний зүүн талын эрхий хурууг дараад толгойн орой хэсэгт гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Тэгээд гараараа дух хэсэг болон хамрын зүүн талын хэсэгт самардсан. Тэгээд “болиочээ” гэж эсэргүүцэхэд машинаасаа чирч буулгасан. Намайг машиндаа миний хоолойг боож хүчээр суулгасан. Тэгээд явж байсан чинь таксины жолооч бид хоёрыг буулгачихаад яваад өгсөн. Тэгтэл манай найз залуу намайг гудамжинд орхичихоод явсан. ...” /хх 6-7, 20-21/,
шүүгдэгч А.Н ийн яллагдагчаар мэдүүлсэн “...Туяасайхан өөрөө намайг дуудчихаад намайг дуудсан мэтээр мэдүүлэг өгсөн байна. Жирэмсэн болчихлоо гэж урд өдөр нь над руу уйлаад маргааш нь буюу энэ асуудал үүссэн өдөр уулзсан. ...Би цохиогүй, тэр өдөр намайг зодоод би хамгаалах явцад тэр гэмтлүүд учирсан байх. Би өөрийгөө хамгаалах явцад л Туяасайханы биед гэмтэл учирсан байх. Түүнийг зодож цохих зүйл байгаагүй. ...” /хх 35-36/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3820 дугаартай “...Э.Туяасайханы биед тархи доргилт, нүүр, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зулгарал хатуу ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн, тархи доргилт мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хохирогч Э.Туяасайхан “... би түүнд чи эхнэр, хүүхэд рүүгээ яваач гэхэд хүүхдээ бодоод явсан юм, түүнээс би тэр хүнд хайргүй гээд бид хоорондоо маргалдсан. ...надад анх би эхнэрээсээ салсан, 2 хүүхэд нь миний хүүхэд биш гэж ярьж байсан. Тэгтэл эхнэр, өөрийнх нь хүүхэд мөн байсан.” /хх 20/ ...Намайг уулзъя гээд шалгаагаад болохгүй байхаар нь уулзахад би эхнэртэйгээ унтахад муухай байна, надтай унт гэхээр нь дургүйцэхэд миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. /хх 62/...” гэж, шүүгдэгч А.Н яллагдагчаар “...Би гэр, өөрийн гэсэн хашаа байшин аваад амьдрах гэсэн боловч аргагүй байдалд хүрээд хоёр тийшээ болсон. ...Жирэмсэн болчихлоо гэж урд өдөр нь над руу уйлаад маргааш нь буюу энэ асуудал үүссэн өдөр уулзсан...” /хх 36/, шүүгдэгчээр “...хохирогч намайг хазсан, дараагаар нь би гэрт нь хүргэж өгөхөөр явж байхад орилоод намайг цохисон. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас би түүнийг гэмтээсэн байхыг үгүйсгэхгүй...” /хх62/ гэсэн мэдүүлгүүдийг мэдүүлжээ.
Дээрхи мэдүүлгүүд дүгнэхэд, хохирогч Э.Туяасайхан болон шүүгдэгч А.Н нарын хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаан болж, улмаар А.Н нь хохирогч Э.Туяасайханд хөнгөн гэмтэл учруулсан байх ба А.Н ийн хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Туяасайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин хэрэгт хохирогч Э.Туяасайхан, шүүгдэгч А.Н нар хамтын амьдралтай байсан талаарх нотлох баримт байхгүй төдийгүй А.Н ийн үйлдэл нь гэр бүлийн харилцаанаас үүссэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлээр илэрсэн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй, эргэлзээтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч А.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэсэн хүндрүүлэх шинжтэй гэж үзсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжгүйгээр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж өөрчилж, тус зүйл хэсэгт заасан ялыг оногдуулахаар шийдвэрлэв .
Анхан шатны шүүх А.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх...” гэсэн төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан байх ба давж заалдах шатны шүүх А.Н ийн үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэрэгт мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь тохирно гэж дүгнээд шүүгдэгч А.Н ийн “... намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Туяасайханы биед хөнгөн хохирол учруулсан гэж хүндрүүлэн яллаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.
Харин анхан шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч А.Н нь “...өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно...” гэсэн хүсэлтийг гаргасан /хх 57/ баримт хэрэгт байх ба шүүх хуралдаанд “...Өөрөө өөрийгөө өмгөөлнө...” /хх 60/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Н ийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана гэсэн заалтыг ноцтой зөрчиж, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхийг минь хязгаарласан...” талаарх давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд энэ талаарх давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 909 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Тайж овгийн Амаржаргалын Н ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Тайж овгийн Амаржаргалын Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н ийн “...өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан...” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ