Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Айвуун тэс ХХК, /РД:5093902/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Айвуун тэс ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Алтангэрэл, өмгөөлөгч Ө.Одгэрэл, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэгийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай" 214 тоот Шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох.

Нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Гутай нэртэй 286,32 га талбай бүхий MY-002247 тоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийг эзэмшин, тусгай зөвшөөрлийн талбайд алтны шороон ордын олборлолтын үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэхүү тусгай зөвшөөрөл нь ямар нэг маргаан байхгүй, хуулийн хүчин төгөлдөр, бид хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, хууль зөрчсөн аливаа үйлдэл, зөрчил гаргаж байгаагүй.

Тухайн талбайд өнөөдрийн байдлаар үлдэгдэл нөөц 105 кг байгаа ба цаашид ашиглалтын үйл ажиллагааг олон жил тогтвортой явуулахаар бэлтгэж ихээхэн хэмжээний зардал /татвар, төлбөр, орон нутгийн хандив, тоног төхөөрөмж гэх мэт/ гаргаж ирсэн. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 214 тоот Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай Шийдвэрээр манай компанийн эзэмшлийн MY-002247 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байсан боловч уг маргааныг хянан шийдвэрлэж дуусаагүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Шийдвэр хүчингүй болгох тухай 44 дүгээр шийдвэр, 2021 дугаар сарын 04-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэрийг тус тус гаргасан байна.

Дээрх шийдвэрүүдийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар шийдвэр нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 214 дүгээр шийдвэрийн үг үсгийн зөрүүгүй байна.

Бидний хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон боловч үг, үсэг, үндэслэл, агуулгын өөрчлөлтгүйгээр дахин гаргасан Захиргааны актад холбогдуулан нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаа өөрчлөхөөс өөр аргагүй байдалд ороод байна.

Энэхүү шийдвэрийнхээ үндэслэлд: тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын энэхүү шийдвэр нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн: Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, 6 дугаар зүйлийн 4-д заасан Төр газрын эзэнд газартай холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, Захиргааны Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан Оролцогчийн эрх, Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн талбайдаа Ашигт малтмалын хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу "нөхөх олговор авах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах зэрэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6,-т заасан захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх", "шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ... тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмуудыг баримтлаагүй хууль бус шийдвэр гэж үзэж хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэг. Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т ... шударга ёс,... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан.

Ашигт малтмал Газрын тосны газрын кадастрын хэлтэс нь Захиргааны байгууллагын хувьд аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны Ерөнхий хуулийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, дээрх хуулиудад заасан үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 214 тоот шийдвэрийг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1: "Захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, 4.2.6: бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах" Захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн.

Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Захиргааны байгууллага нь "Захиргааны акт ... батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгон ..." сонсох ажиллагааг явуулах ёстой. Гэтэл сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй асуудлыг шийдвэрлэсэн. Хуулиар тогтоосон сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүйн улмаас манай компанийн хувьд Захиргааны Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаанд оролцож эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, харин шийдвэр гаргасан Захиргааны байгууллага өөрөө Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаарт зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах хуулийн заалтыг ноцтой зөрчиж, шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь зөрчиж шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэлд Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-ийг үндэслэсэн байгаа. Өөрөөр хэлбэл Кадастрын хэлтэс сонсох ажиллагааг явуулснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Ямар учраас сөргөөр нөлөөлөх бэ гэдгээ захиргааны байгууллага нотлох үүрэгтэй. 214 тоот шийдвэрийг гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулснаар нийтийн ашиг сонирхолд ямар сөрөг нөлөөлөл гарах байсан гэдэг нь ойлгомжгүй, тийм сөрөг нөлөөлөл байх боломжгүй юм.

Хэрвээ шийдвэр гаргах ажиллагааг хуулийн дагуу явуулж, манай компанийн оролцоог хангасан бол холбогдох нотлох баримт сэлтийг гарган эрхээ хамгаалах боломжтой болох байсан.

Хоёр. 214 тоот шийдвэрийн үндэслэлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх заалтуудыг оруулсан байна.

Гэвч дээр заалтуудыг нотлох баримт огт байхгүй буюу үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хуульд заасан Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг зөрчсөн тухай ямар нэгэн мэдэгдэл дүгнэлт хэзээ ч гарч байгаагүй бөгөөд бид хүлээсэн үүргээ хуулийн дагуу биелүүлж ажиллаж ирсэн.

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т "Газар байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Ашигт малтмалын тухай, цөмийн энергийн тухай, Хувиргасан амьд организмын тухай хуулиар тус тус зохицуулна гэжээ. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг билээ. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ойлголт байхгүй харин цуцлах дуусгавар болгох гэдэг ойлголтууд байдаг. Манай компанийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүхий л үүргийг биелүүлж, зөрчилгүй ажиллаж ирсэн тул дээрх цуцлах, дуусгавар болгох үндэслэл үүсээгүй гэдгийг дахин дурдмаар байна.

Гурав. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг ... нөөц болон тусгай хэрэгцээнд авч... нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Ашигт малтмалын тухай хуульд байхгүй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргаж, манай компанид явуулсан мэдэгдэлдээ тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдэж байгаа нь өөрөө өөрийнхөө шийдвэрийг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм.

Дөрөв. Кадастрын хэлтсийн 214 тоот шийдвэр гарах болсон гол үндэслэл нь Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол гэж дурдсан. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах эрхтэй гэдэгтэй бид маргахгүй. Харин хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрыг тусгай хэрэгцээнд авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нөхөн олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцохоор хуулиар зохицуулжээ. Ашиг малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд "төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэх ... эрхтэй. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.энэ эрхээ хэтрүүлж, тусгай хэрэгцээнд авсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн.

Тав. Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг Хүчингүй болгох тухай" 214 тоот Шийдвэртээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2 албан тоотыг дурдсан боловч эдгээр албан тоотод ямар нэгэн зөрчлийн тухай дурдаагүй харин Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн дуусгавар болгож ажиллахыг хүссэн байгаа.

Дээр дурдсан үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 214 тоот хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хууль бус шийдвэр хүчингүй болсноор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хуулийн дагуу бүртгэх ажиллагааг явуулан, нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Айвуун тэс ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах.

Нэг. Манай компанийн эзэмшиж байгаа Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Гутай нэртэй 286,32 га талбай бүхий MY-002247 тоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэгийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 214 тоот шийдвэрээр хүчингүй болгосон.

Энэ шийдвэртээ: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг тор орлон гүйцэтгэгч Д.Батмагнай нь шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа: 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсан... Уг хуулийн ... дагуу батлагдсан хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байна гэж дурдсан байна.

Д.Батмагнайгийн дурдсан хуулийг хэрэгжүүлэх хуульд заасны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын Засгийн Газар Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журам баталж гаргасан байдаг. Энэ журмын Дөрөв дүгээр зүйлийн 4.1-д зааснаар нөхөн олговрын асуудлыг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан.

Хэрэв 2009 онд батлагдсан хуулийн дагуу хүчингүй болгож байгаа бол Ашигт малтмал, газрын тосны газар нь нөхөх олговрын асуудлыг эхлээд шийдвэрлэх ёстой.

Хоёр. Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлд Агентлаг нь төрийн үйлчилгээг жигд,... хууль ёсыг сахих зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөх ёстой. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар нь Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчөөд зогсохгүй Монгол Улсын Үндсэн хууль болон салбарынхаа үндсэн хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн үндсэн зарчим: газрыг нөхөх олговортойгоор буцаан авах зөрчсөнөөр манай компанийн хувьд нөхөх олговор авах эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Гурав Ашигт малтмал, газрын тосны газар нь хууль бус шийдвэр гаргахдаа үндэслэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 тоот албан бичгийг үндэслэсэн гэсэн. Гэтэл дээрх албан бичгүүдэд ... Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн дуусгавар болгож.. гэж тодорхой заасан. Тэгтэл Ашигт малтмал, газрын тосны газар нь уг албан бичгээр өгөгдсөн үүрэг даалгаврыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газраас өгсөн чиглэл болоод хуулийг ноцтой зөрчсөн юм. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг хуульчилсан. 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 12.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож, нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцалж болохоор хуульчилсан байна. Иймээс Айвуун тэс ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмал газрын тосны газар хуульд ногдсон өөрийн эрх мэдлийг хэтрүүлж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг гаргасан. Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэ гэсдэг үүргийг Засгийн газраас өгч байхад автоматаар хүчингүй болгох шийдвэр гаргасан. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэсэн ойлголт байхгүй. Ашигт малтмалын тухай хуульд цуцлах, дуусгавар болгох гэсэн ойлголт байх ба тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэдэг ойлголт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслэж байгаа боловч тус 4 дүгээр зүйлд хууль үндэслэн шийдвэр гаргах, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр нь хууль үндэслэсэн байх ёстой ба бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бол урьдчилан мэдэгдэж оролцоог хангах ёстой гэсэн зарчмуудыг заасан байдаг. Гэтэл энэ шийдвэрийг гаргахдаа Айвуун тэс ХХК-д албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан газар байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгогдсон зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль гэсэн өөрсдийнх нь салбарын хуулиар зохицуулна гэж заасан. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндэслэсэн нь хууль зөрчсөн байна. Хариуцагч хууль зөрчсөн гэдэг нь тодорхой болж байгаа.

...Нөхөн олговор нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн болон аль нэг хэлбэрээр тусгай хамгаалалтад авснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй бол нөхөн олговор олгодог. Үндсэн хуулийн зарчим байгаа. Үндсэн хуульд газрыг төр нөхөн олговортой буцаан авч болно гэсэн байгаа. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар энэ үүргээ биелүүлэхгүй хууль зөрчсөн. 2010 оны 299 дүгээр тогтоолоор нөхөн олговрыг хэрхэн олгох талаар байгаа. Энэ нөхөн олговор олгох журам болон хуулийн заалтуудыг харахад ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байвал төрийн захиргааны байгууллагаа мэдэгдэх ёстой.

Ингээд мэдэгдлийг хүлээн авснаас 90 хоногийн дараа аж ахуй нэгжүүд нөхөн олговор авах хүсэлт гаргаж баримтуудаа бүрдүүлэх боломж олгох заалттай. Гэтэл хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар нь хийх ёстой ажлаа хийлгүй орхигдуулсан. Ингээд мэдэгдлийг гаргаад аж ахуйн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн олговор авах хүсэлтээ Ашигт малтмал газрын тосны газарт гаргаад түүнд ямар баримт бичиг бүрдүүлэх талаар нөхөн олговор олгох журмаар нарийвчлан зохицуулсан байхад энэ үйл ажиллагааг хийхгүй Кадастрын хэлтсийн гаргасан шийдвэр зөв гэсэн байр суурьтай байгаа нь хууль зөрчиж байна. Иймд Ашигт малтмал газрын тосны газар нь нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх биш нөхөн олговор авах нөхцөл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх ёстой. Нөхөн олговрын материалыг хүлээж авах үүрэг нь Ашигт малтмал газрын тосны газарт байдаг ба материалыг хүлээн аваад цааш нь Сангийн яам руу хүргүүлэх журамтай. Пегматит майнинг гэдэг компанийн хэргээс татаж авсан баримтаас харахад нөхөн олговрын асуудлыг шаардлагатай бол шийдвэрлэх үүрэг даалгавар өгөгдсөн байсан. Тэгэхээр энэ асуудлыг нарийн мэдэж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн хувьд удаа дараа зөрчил гаргасан гэдэг нотлох баримт баримт байхгүй. Хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж байсан, нөхөн сэргээлт хийж байсан, төлбөрийг төлж байсан нотлох баримтууд байгаа гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хариу тайлбар: Нэг: Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Гутай нэртэй 286 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 114 дүгээр шийдвэрээр Ти Си Эйч гоулд ХХК-д олгож, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2002 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр Юу Энд Би ХХК-д бүхэлд нь Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр Айвуун тэс ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарсан.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан 194 дүгээр хилийн заагийг тогтоох тухай тогтоолоор батлагдсан хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байна. Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолоор бүхэлдээ давхцалтай байна.

Хоёр. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 тоот албан бичгийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 214 дүгээр шийдвэрээр Айвуун тэс ХХК-ийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Гутай нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр шийдвэрийг Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8/2817 тоот албан бичгээр Айвуун тэс ХХК-д хүргүүлсэн бөгөөд шуудангийн буцалтаар ирээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын даррга шүүхэд гаргасан хариу тайлбар: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсгийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр хүчингүй болгох тухай" 44 дүгээр шийдвэрээр Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, ав дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заалт сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 тоот албан бичгийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар шийдвэрээр Айвуун тэс" ХХК-ийн Хэнтий Аймгийн Батширээт сумын нутаг Гутай нэртэй ашигт малтмалын ашиглалтын МV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарсан.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан 194 дүгээр хилийн заагийг тогтоох тухай тогтоолоор батлагдсан хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байна.

Айвуун тэс ХХК-ийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Гутай нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 онд батлагдан гарсан өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийн дагуу хүчингүй болгоогүй, Аж ахуйн үйл ажиллагааны тухай хууль, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 тоот албан бичгийг тус тус үндэслэн хүчингүй болгосон болно.

Гурав: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь үндэслэлд дурдсан ... АМГТГ нь Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг" ....... газрыг нөхөх олговортойгоор буцаан авах зарчмыг зөрчсөнөөр манай компанийн хувьд нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 17-ны өдрийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 299 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам"-ыг баталсан.

Уг журмын 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй гэж заасан.

Энэ хугацаанд Айвуун тэс" ХХК-ийн хувьд нөхөх олговор авах талаар төрийн захиргааны байгууллагад ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

Нөгөө талаар нөхөх олговор авах нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд хамааралтай бөгөөд Айвуун тэс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь хүчингүй болсон тул нөхөх олговор авах үндэслэл байхгүй болно.

Дөрөв. Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагын гурав дах үндэслэлд: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэж заажээ.

Гэтэл Айвуун тэс ХХК-ийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Гутай нэртэй ашигт малтмалын ашиглалтын МV - 002247 дугаартай тусгай зөвшөөрлийг дээрх үндэслэлээр цуцлаагүй, хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд дээрх хуулийн зохицуулалт нь Айвуун тэс ХХК-д хамааралгүй юм.

Тав: Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагын дөрөв дэх үндэслэлд: Айвуун тэс ХХК-ийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Гутай нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан 194 дүгээр "хилийн заагийг тогтоох тухай тогтоолоор батлагдсан хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай боловч тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бус тул нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгд сэн төлөөлөгч Г.Эрдэнэболд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн хоёр шаардлага авцалдаагүй байна. Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсээс хүчингүй болгохдоо Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу цуцалж, хүчингүй болгосон зүйл байхгүй. Хариу тайлбартаа ийм хуультай хэсэгчилсэн давхцалтай байна гэдгийг дурдсан. Хэрэв 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарч нөхөн олговор авах талаар 2015 оны Засгийн газрын 299, 289 дүгээр тогтоолууд гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн хэлж байна 299 дүгээр журамд нөхөн олговор олгох талаар дурдсан гэж байна. Нэхэмжлэгч нь 90 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй. Нөхөн олговор нь журам болон тогтоолоороо үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд олгохоор байгаа. Айвуун тэс ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай дээр аймгийн Мэргэжлийн хяналт болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудаас удаа дараа шалгалт хийсэн. Одоогийн байдлаар өмнө нь өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлээгүй талаар дурдагдсан байсан. Иймд манай гаргасан 45 дугаар шийдвэр нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаа явуулахдаа нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн гэдгийг тодруулж өгсөн. Хоёрдугаарт, 214 дүгээр шийдвэрийг яагаад хүчингүй болгосон бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд төрийн захиргааны байгууллага өөрийн эрхийн хүрээнд өөрийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон. Учир нь Улсын Их Хурлын 46 дугаар тогтоол нь төрийн мэдээлэл сонинд хэвлэгдэн нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Өмнө нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн төрийн мэдээлэл сонинд энэ тогтоол хэвлэгдсэн байдаг. Нийтэд илэрхий болсон нь 7 дугаар сарын 18-ны өдөр байдаг. Манай 214 дүгээр шийдвэр нь нийтэд мэдэгдээгүй байхад гарсныг залруулж гарсан шийдвэр юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо хуулийг баримтлах ёстой гэсэн зүйл байхгүй. Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт барьсан. Үүнд тусгай зөвшөөрөл олгож байгаа байгууллагын эрх хэмжээ манайх тусгай зөвшөөрөл олгосон. Үүний хүрээнд нийцүүлсэн, Сангийн яамнаас ирсэн албан бичиг нь Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн дуусгавар болго гэсэн. Тэгэхэд нэхэмжлэгч хүчингүй болгосон гэж байна. Хуульд нийцүүлж байгаа дуусгавар болгож байгаа нь гурван үндсэн шинж юм. Эдгээр нь хуульд заасан байгаа гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттөр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоол гарснаар Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Бичгээр хариу тайлбарыг өгсөн бөгөөд тайлбараа дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус шүүх нэхэмжлэгч Айвуун тэс ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэгийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай" 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан Айвуун тэс ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах гэж нэмэгдүүлж, өөрчилсөн[2] бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрыг татаж[3], нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

I. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Гутай нэртэй 286 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 114 дүгээр шийдвэрээр Ти Си Эйч гоулд ХХК-д олгож, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2002 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр Ю Энд Би ХХК-д бүхэлд нь Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр Айвуун тэс ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ[4].

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэрээр Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 тоот албан бичиг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Айвуун тэс ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ[5].

Дээрх шийдвэрийн тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд;

1. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай 08/17/200 дугаар актаар нэхэмжлэгч Айвуун тэс ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үйл ажиллагааг нь түр зогсоож байжээ[6].

2. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 22/231 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн хяналт, шалгалтаар нэхэмжлэгч Айвуун тэс ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.11 дүгээр зүйлийн 7.11.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж улсын байцаагч хариуцлага хүлээлгэсэн байна[7].

3. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 22/138 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн хяналт, шалгалтаар нэхэмжлэгч Айвуун тэс ХХК-д Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 22/04/002/127 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг хүргүүлж байжээ[8].

4. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 166 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн хяналт, шалгалтаар нэхэмжлэгч Айвуун тэс ХХК нь эрсдэл үүсэх магадлал ДУНД гэсэн үнэлгээтэй шалгагдаж, Хяналт шалгалтын явцад уулын ажлын төлөвлөгөө болон уулын технологийн мөрдөлтийг сайжруулах, улсын байцаагчийн өгсөн албан шаардлагын биелэлтийг хугацаанд гаргаж, шалгуулах үүрэг даалгаварууд өгч байсан байна[9].

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Айвуун тэс ХХК нь тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчиж байсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

Маргаан бүхий захиргааны актад дурдсан тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх үндэслэлийн тухайд;

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар хуралдааны Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай тогтоолоор Батширээт, Биндэр сумын хил дамнасан Гутайн орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах газрын хилийн цэс, үндэслэлийг хавсралтаар баталж, дээрх газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад хамруулах санал дүгнэлтийг энэхүү тогтоолын хамт Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ[10].

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Тогтоолын төсөл өргөн мэдүүлэх тухай ЗГ-1/171 дүгээр албан бичгээр Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөл оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг хүргүүлсэн байна[11].

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар 2 дахь заалтыг үндэслэн Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн экологийн хувьд онцгой ач холбогдолтой бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч шийдвэрлэжээ[12]. Уг тогтоолын 4 дэх хэсэгт байгалийн цогцолборт газрын ангиллаар Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар авсан байна.

Нэхэмжлэгч Айвуун тэс ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрөртэй талбай нь дээрх Улсын ИХ Хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхцалтай байх бөгөөд хэргийн оролцогч нараас энэ үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолтой маргаагүй бөгөөд тогтоол хүчин төгөлдөр байна.

Мөн дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, маргаан захиргааны актын нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх нь үндэслэл нь мөн тогтоогдож байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх 10.1.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй:, 10.1.5.тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох. 14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 14.1.Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:, 14.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж заасан хуулийн дээрх заалтуудыг үндэслэн өөрийн олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

II. Айвуун тэс ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52.5.1-д ... эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасны дагуу хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шүүх захиргааны хэрэг үүсгэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргадаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасан захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах шаардлагын хувьд иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан байхыг шаарддаг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар тухайн захиргааны байгууллагад хандаагүй байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Айвуун тэс ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Айвуун тэс ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Айвуун тэс ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 25-26 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 77-78 дугаар хуудас, 110-111 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 101-104 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 57-61 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 109 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 175-176 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 197-202 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 203-211 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 212-222 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас,130-141 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас,119-129 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 115-118 дугаар хуудас