Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0735/З |
Дугаар | 221/МА2024/0231 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0231
Э.Т*******, Э.Т*******, Э.Т******* нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Э.Т*******
Нэхэмжлэгч: Э.Т*******
Нэхэмжлэгч: Э.Т*******
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны захиргааны акт гаргахад саад болж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргад Э.Т*******, Э.Т*******, Э.Т******* нарын 3 иргэдэд хүсэлт гаргасан газрыг гэр бүлийн зориулалттай газар эзэмшүүлэхээр эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0044 дүгээр шийдвэр
Хэргийн индекс: 128/2023/0735/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Т*******, Э.Т*******, Э.Т******* нараас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны захиргааны акт гаргахад саад болж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргад Э.Т*******, Э.Т*******, Э.Т******* нарын 3 иргэдэд хүсэлт гаргасан газрыг гэр бүлийн зориулалттай газар эзэмшүүлэхээр эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0044 дүгээр шийдвэрийн:
“1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 23 дугаар сарын 23.3.5, 23.3.7, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Т*******, Э.Т*******, Э.Т******* нараас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь захиргааны акт гаргахад саад болж байгаа үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргад Э.Т*******, Э.Т*******, Э.Т******* нарын 3 иргэдэд хүсэлт гаргасан газрыг гэр бүлийн зориулалттай эзэмшүүлэхээр эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16/2067 дугаар албан бичигт гомдол гаргаж, биечлэн уулзаж учир байдлыг тайлагнасан. Мөн шүүхийн шийдвэр, магадлалыг эх хувиар болон хуулбарлаж гарт нь өгсөн. Маргаан бүхий нэгж талбарууд нь дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй.
2 жил 7 сар 9 хоногийн дараа гэнэт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 48 дугаар тогтоолыг халхавч болгон ашиглаж байна. Дүүргийн Засаг дарга яагаад үйл явдлыг огт мэдээгүй аятай жүжиглээд 3 жил гаруй нэхэмжлэгч иргэдийг төөрөгдүүлэн иргэдийн хувь заяагаар тохуурхаж байгаа явдал шударга ёсонд нийцэхгүй байна. Бид анх удаа газар авахаар өргөдөл гаргаж байгаа иргэд биш. Бид амьдарч ирсэн газартаа удаа дараалан жил бүр хүсэлтээ гаргасаар байгаа уугуул оршин суугчид. Биднийг илт давуу байдлаар ялган гадуурхаж, хэрээс хэтэрсэн зүйлсийг тулгаж байсан. Жишээлбэл хууль бусаар олгогдсон дүүргийн Засаг даргын А/36 захирамжийг шүүхээр хүчингүй болгоод ир, газрыг чинь давхцалгүй болчихвол олгоод өгнө гэж хэлсэн.
Дараа нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 128/ШШ2020/0099 дүгээр шийдвэр, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг гаргуулахын төлөө ямар их зовлон туулсаныг үгээр илэрхийлэх аргагүй. Олон зүйлсээр саад хийсээр байсан. Бүрдүүлсэн баримтууд алга болдог, хэн ч хариуцлага хүлээдэггүй. Бидний цаг хугацааг үрэн таран хийж, өчнөөн хүнд ачаа дарамт үзүүлсээр байна. Шударга ёс алга. “Та нарт зүгээр газар өгнө гэж байхгүй” гэж удаа дараалан заналхийлсээр ирсэн. Нийслэлийн Газар зохион байгуулах алба болон дүүргийн Газар зохион байгуулах алба нь иргэдэд газар олгодог эрх бүхий албан тушаалтан, байгууллага аятай авирлаж үнэнч шударга иргэдийг хавчин мохоож, үнэнг нуун дарж, элдэв арга заль хэрэглэж байгаа нь жигшүүртэй.
2000 оноос эхэлж гэр барин, машины хаягдал дугуйгаар хашаалан амьдарч ирсэн. Нэхэмжлэгчид газраа эзэмшихээр өргөдөл хүсэлт гаргаж байсныг нотлох албан бичиг баримтууд байна.
2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад нэхэмжлэгчдийн зүгээс газар хүссэн өргөдлийг өгсөн. Өргөдөл, гомдол, санал, хүсэлт нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний “нийт 22 материал хүлээн авав” гэсэн гарын үсэгтэй бичиг байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах "Яармаг" төслийн төлөвлөгөөгөөр халхавчлан 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдэд газрыг шинээр олгосон, хоосон байсан газар дараа нь иргэдэд олгогдсон.
Анхан шатны шүүхийн шүүгчийн туслахад дүүргийн Засаг даргатай ярьсан бичлэг болон зурвас, хуулийн зөвлөхтэй харьцсан зурвас гэх мэт зүйлсийг үзүүлэн, сонсгосон боловч шүүгчээс баримт хүлээн авах эсэхийг асуугаад хариу хэлэхдээ авахгүй гэж хэлсэн. Анхан шатны шүүх дүүргийн Засаг дарга болон 7 дугаар хороог хариуцсан н.Б*******, хуулийн зөвлөх н.Б*******, н.О*** нарыг гэрчээр дуудан уг хэрэг маргаантай холбогдуулан тайлбар авах шаардлагатай байсан.
Дүүргийн Засаг дарга болон 6 дугаар хорооны Засаг дарга нар танхай этгээд явуулан айлган сүрдүүлсэн, хашааг нураан эвдэлсэн, үүнтэй холбогдуулан Засаг даргад гомдол гаргасан боловч үл хэрэгссэн. Хохирлыг барагдуулна гэсэн боловч барагдуулаагүй.
Нэхэмжлэгчдийн эх Д.П******* "тус газар дээрээ хашаа барьсан, удаан хугацаагаар оршин сууж байгаа гэсэн үндэслэлээр газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчид тэр газраа амьдарч ирснийг нотолж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр шударга ёсны зарчимд нийцэхгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Өмнө нь нэхэмжлэгчдээс гаргасан “маргаан бүхий газрыг нэр бүхий 4 иргэдэд эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/36 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг газрыг өөрсдөдөө эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 99 дүгээр шийдвэрээр “...2015, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй байхад маргаж буй газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчсөн...” гэсэн үндэслэлээр дээрх захирамжийг хүчингүй болгож, харин энэ үндэслэлээр газар эзэмшүүлэхээс татгалзсаныг буруутгахгүй гэж дүгнэн, даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар магадлалаар хэвээр үлдээж, маргаан эцэслэн шийдвэрлэгджээ.
Цаг хугацааны хувьд үүнээс хойш Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийг хэрэгжүүлэх байршилд Хан-Уул дүүргийн 4, 5, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 268 га талбайг тогтоож, эргэлтийн цэгийн солбилцлыг баталсанд нэхэмжлэгчдийн өмнө нь, мөн одоо ч эзэмшихийг хүсч буй маргаан бүхий газар хамрагдсан, шүүхийн үзлэгээр тухайн газарт нэхэмжлэгчдийн ямар ч эзэмшил үүсээгүй, хашаа, байшин баригдаагүй, уг газарт явганаар хүрэхээс өөрөөр орц, гарцгүй, түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1/2395 дугаар албан бичгээр ирүүлсэн кадастрын мэдээллийн сан болон нэхэмжлэгчдийн “Г*******” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургийн солбилцлыг давхцуулсан зургаас тус тус үзэхэд нэхэмжлэгч Э.Төгсбаярын эзэмшихийг хүссэн 700 м.кв газар нь түүний ээж Д.Пунцагдуламын эзэмшил 509 м.кв газартай бүхэлдээ давхцалтай, харин Э.Т*******, Э.Т******* нарын эзэмшихийг хүссэн газар хоосон, ямар ч хаягжилт үүсээгүй болох нь агаарын зураг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 19/44 дүгээр хариу албан бичгээр тус тус тогтоогджээ.
Нэхэмжлэгч нараас тус дүүргийн 7 дугаар хорооны 25 дугаар гудамжны 584 тоот хашаанд амьдарсанаас хойш одоогийн маргаж буй газрыг эзэмшихээр удаа дараа гаргасан хүсэлтийн хариуг тухай бүр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох бөгөөд энэ талаар шийдвэрт тодорхой дурдсан байна.
Өмнө нь маргаж байх үед тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй байсан, харин одоогийн нөхцөлд гэр хорооллын газрыг барилгажуулах Яармаг төсөл хэрэгжих байршилд хамрагдсан байгаа энэ тохиолдолд хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх талаар Засаг даргын захирамж гарахад саад болсон хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
Учир нь Газар зохион байгуулалтын албанаас эзэмшихийг хүссэн газар нь дээр дурдсан Яармаг төсөл хэрэгжих газарт хамаарсан, үүнтэй холбогдуулан уг байршилд шинээр газар олгох, шилжилт хөдөлгөөн хийхийг зогсоосон, газар эзэмшүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан зохицуулалт зөрчигдөж болох талаар тус тус нэхэмжлэгчид хариу өгч байсан нь уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д заасан “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах” эрх хэмжээнд хамаарах талаар шийдвэрт үндэслэлтэй дүгнэсэн, өөрөөр хэлбэл газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэхгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох тохиолдол ч үүсээгүй байна.
Нэгэнт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талбайд газар эзэмшүүлэх боломжгүй болохыг мэдэгдсэн энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн Засаг даргад газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбоотой үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал байгаа, түүнчлэн эрх зүйн болон бодит нөхцөл байдал өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах боломжгүй.
Харин давж заалдах гомдолд дурдсан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй асуудлын талаар холбогдох захиргааны болон бусад байгууллагад хандах эрхтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН