Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 114

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, 

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч П.Түвшинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин овогт Пүрэвийн Түвшинбаатарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 0221 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигин овогт Пүрэвийн Түвшинбаатар, 1978 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдиийн хамт Хэнтий аймаг Дархан сумын 5 дугаар баг, Бор-Өндөр, 2 дугаар хэсэг, 45 дугаар байр 104 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 47 дугаар гудамжны 203а тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 4050 дугаар тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 5 сар 26 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн ЛН78072518 дугаартай.

 

Шүүгдэгч П.Түвшинбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 47-203а тоотод хохирогч Д.Бадамгаравтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч П.Түвшинбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй  гэв.

П.Түвшинбаатарын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “Д.Бадамгарав нь манайд 2015 оны 09 дүгээр сараас эхэлж амьдарсан, манай эхнэртэй хамт архи дарс уугаад байдаг байсан, би тэрэнд их уурладаг байсан. Манай гэрт ажил төрөл хийхгүй нэг ч төгрөгний нэмэргүй мөртлөө архи их уудаг байсан. Манай эхнэр Болормаагийн найз болохоор эхэндээ юм хэлдэггүй байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Бадамгарав дүүгийнх рүүгээ явсан. Тэгээд орой буцаж ирэхдээ 2 шил архи авчраад хувааж ууя гэсэн. Тэгээд бид нар 2 шил архиа хувааж уугаад амарцгаасан. Шөнө Бадамгарав нөхөр Доржтой хэрэлдээд зодолдоод байсан би “дуугүй байгаач” гэсэн чинь өөдөөс Бадамгарав “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь би төмөр иштэй хогийн шүүр шидсэн. Тэгээд унтсан. Маргааш өглөө нь босоход Бадамгарав миний толгой хагарсан байна гэж байсан. Бадамгарав толгойгоо гэрээрээ цэвэрлээд 2-3 хоносон байх, энэ хугацаанд цагдаад мэдэгдээгүй байсан. Тэгээд архи уугаад манай эхнэр Болормаатай маргалдаад байхаар нь гэрээсээ хөөсөн чинь цагдаад өргөдөл өгсөн байсан. Бадамгаравт эмчилгээний зардал 150.000 төгрөг өгсөн. Тэгсэн Бадамгарав намайг цагдаа дээр битгий очуулаарай, би өргөдлөө буцаагаад авчихна гэж Болормаад хэлсэн байсан. Тэгэхээр нь эхнэр Болормаа бид 2 хүүхдээ аваад Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд байдаг эгч, найз нөхдийнхөөрөө байж байгаад 2016 оны 05 дугаар сарын сүүлээр хотод ирээд байж байгаад цагдаад баригдсан. Ер нь Бадамгарав бид 2 таарамжгүй харилцаатай байдаг байсан, манай гэрт нэг ч төгрөгний орлогогүй байгаад байхаар би уурладаг байсан, манай гэрийн төмөр иштэй шүүр байсан. Одоо тэр шүүр байхгүй байгаа. Манайхыг хөдөө явсан хойгуур алга болсон байх.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38-39 дугаар тал/

Хохирогч Д.Бадамгаравын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Баасандоржийн хамт найз Болормаагийн гэрт нүүж очин түр хугацаагаар оршин суух болсон, тэгээд намайг тэднийд байх хугацаанд Болормаагийн нөхөр Түвшинбаатар нь намайг болон манай нөхөр Баасандорж нарыг байнга илүү үзэн хөөж туудаг байсан. Тэгээд Болормаа бид 2 архи уухаар уурлаад бид 2 хоорондоо хэрэлддэг байсан. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Болормаа, Түвшинбаатар, Баасандорж бид 4 нийт 3 шил 0,75 граммын архи хувааж уусан. Тэгээд нэлээн согтоцгоогоод Түвшинбаатар намайг эхнэр уруу татаж архи уудаг гэр зэргээр хэл амаар доромжлоод бид 2 хоорондоо маргалдаж байгаад унтах гэж байхад Түвшинбаатар над уруу төмөр иштэй шүүр шидээд миний толгойг оноод миний толгойноос цус гарсан, би цусаа тогтоогоод унтсан. Түвшинбаатар ч унтсан байх, маргааш өглөө нь цагдаад өргөдөл өгнө гэхэд Түвшинбаатар уучлалт гуйж байсан. Болормаа намайг гэртээ байлгасан болохоор Болормааг бодоод цагдаа энэ тэр гэж яваагүй, гэрээрээ толгойгоо цэвэрлэж эмчилсэн. Тэгээд би тэднийд 7 хоног байсан, сүүлдээ миний толгой өвдөөд байхаар нь хүү Анхбаяртаа “ээж нь гудамжинд явж байгаад хүнд зодуулчихлаа” гэж хэлээд Гэмтлийн эмнэлэг яваад очиж үзүүлэхэд тархины яс гэмтэлгүй байна, хуйхан дээр чинь идээлсэн байна гээд би зүслэг хийлгэж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд Болормаагийн гэрт байсан, тэгсэн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байх Болормаа нөхөртэйгээ хамт гарч архи ууж орж ирээд манайхаас зайл гээд миний цүнхтэй хувцасыг хамт гаргаад гудамжинд хөөгдөж гараад би хүү Анхбаяр луу залгаад “ээжийг нь хөөгөөд гаргачихлаа” гэж ярьсан. Манай хүү ирээд Түвшинбаатарыг “нааш ир” гээд барьж авах гэхэд Түвшинбаатар зугтаагаад явсан. Тэрнээс хойш Түвшинбаатартай уулзаагүй, би хүүхэдтэйгээ хамт Содон хороололд дүүгийндээ очсон. Болормаа 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай гадаа ирээд уулзая гэсэн, намайг гараад уулзахад Болормаа “чи өргөдлөө буцаагаад авчих маргааш 200.000 төгрөг өгье” гэсэн, тэгээд сураггүй байж байгаад өчигдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 27-ний өглөө яриад 29-ний өдөр мөнгө аваачиж өгье гэж хэлсэн. Түвшинбаатар надтай ерөөсөө уулзаагүй.

...Тухайн үед би буруу хараад хэвтэж байсан, толгой дээр тас буугаад шил хагарах чимээ сонсогдсон. Би архины шилээр цохьчихлоо гэж бодсон. Тэгсэн надруу төмөр иштэй шүүр шидсэн юм шиг байна лээ. Тэр нь миний толгойг оноод хажууд байсан архины шилийг онож хагалсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би хохирлын эмчилгээний зардал болох 450.000 төгрөгөө Түвшинбаатараас авсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18, 30 дугаар хуудас/

 

Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Бадамгаравт 150.000 төгрөг өгсөн, 2016 оны 01 дүгээр сард байх эм тарианы мөнгө олдохгүй байна гэхээр нь би 150.000 төгрөг өгсөн чинь Бадамгарав “за найз одоо цагдаагаас өргөдлөө авчихна, та 2 цагдаагаас дуудвал битгий очоорой” гэсэн. Тэгэхээр нь бид 2 хөдөө явсан. Сая 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бадамгарав манайд ирээд хамт архи уучихаад гэртээ харьсан, хамт архи ууж байхдаа надаас эмчилгээний зардал гэж 450.000 төгрөг өгчих гэсэн, би надад тийм боломж байхгүй ээ, 400.000 төгрөг олоод өгье гэж гуйсан, за тэгээрэй гэсэн, надад одоо 250.000 төгрөг бэлнээр байгаа.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 428 дугаар:

  1. Бадамгаравын биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, хамар ясны хугарал, эрүүний зүүн булан, титэм сэртэн дайрсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 12 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 46 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 45 дугаар тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 47-48 дугаар тал/

 

Өршөөл үзүүлэх комиссын тогтоол,

/хх-ийн 48 дугаар тал/

 

Хохирлын баримт /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч П.Түвшинбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 47-203а тоотод хохирогч Д.Бадамгаравтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн П.Түвшинбаатарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Шөнө Бадамгарав нөхөр Доржтой хэрэлдээд зодолдоод байсан, би “дуугүй байгаач” гэсэн чинь өөдөөс Бадамгарав “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь би төмөр иштэй хогийн шүүр шидсэн. Тэгээд унтсан. Маргааш өглөө нь босоход Бадамгарав миний толгой хагарсан байна гэж байсан. Бадамгарав толгойгоо гэрээрээ цэвэрлээд 2-3 хоносон байх, энэ хугацаанд цагдаад мэдэгдээгүй байсан тэгээд архи уугаад манай эхнэр Болормаатай маргалдаад байхаа нь гэрээсээ хөөсөн чинь цагдаад өргөдөл өгсөн байсан.” гэх,

хохирогч Д.Бадамгаравын мөрдөн байцаалтад өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Болормаа, Түвшинбаатар, Баасандорж бид 4 нийт 3 шил 0,75 граммын архи хувааж уусан. Тэгээд нэлээн согтоцгоогоод Түвшинбаатар намайг эхнэр уруу татаж архи уудаг гэр зэргээр хэл амаар доромжлоод бид 2 хоорондоо маргалдаж байгаад унтах гэж байхад Түвшинбаатар над уруу төмөр иштэй шүүр шидээд миний толгойг оноод миний толгойноос цус гарсан, би цусаа тогтоогоод унтсан. Түвшинбаатар ч унтсан байх. Маргааш өглөө нь цагдаад өргөдөл өгнө гэхэд Түвшинбаатар уучлалт гуйж байсан. Болормаа намайг гэртээ байлгасан болохоор Болормааг бодоод цагдаа энэ тэр гэж яваагүй, гэрээрээ толгойгоо цэвэрлэж эмчилсэн. Тэгээд би тэднийд 7 хоног байсан, сүүлдээ миний толгой өвдөөд байхаар нь хүү Анхбаяртаа “ээж нь гудамжинд явж байгаад хүнд зодуулчихлаа” гэж хэлээд Гэмтлийн эмнэлэг яваад очиж үзүүлэхэд тархины яс гэмтэлгүй байна, хуйхан дээр чинь идээлсэн байна гээд би зүслэг хийлгэж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд Болормаагийн гэрт байсан.  Тэгсэн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байх Болормаа нөхөртэйгээ хамт гарч архи ууж орж ирээд манайхаас зайл гээд миний цүнхтэй хувцасыг хамт гаргаад гудамжинд хөөгдөж гараад би хүү Анхбаяр нааш ир гээд барьж авах гэхэд Түвшинбаатар зугтаагаад явсан. Тэрнээс хойш Түвшинбаатартай уулзаагүй, би хүүхэдтэйгээ хамт Содон хороололд дүүгийндээ очсон. ...Тухайн үед би буруу хараад хэвтэж байсан, толгой дээр тас буугаад шил хагарах чимээ сонсогдсон. Би архины шилээр цохьчихлоо гэж бодсон. Тэгсэн надруу төмөр иштэй шүүр шидсэн юм шиг байна лээ. Тэр нь миний толгойг оноод хажууд байсан архины шилийг онож хагалсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би хохирлын эмчилгээний зардал болох 450.000 төгрөгөө Түвшинбаатараас авсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 428 дугаар дүгнэлт, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүгдэгчийг яллах үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Түвшинбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Түвшинбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Түвшинбаатар шүүх хуралдаанд “хохирогч П.Бадамгаравт эмчилгээний зардалд 450.000 төгрөг төлсөн” гэж мэдүүлэг өгсөн, хохирогч П.Бадамгарав мөрдөн байцаалтад “…Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би хохирлын эмчилгээний зардал болох 450.000 төгрөгөө Түвшинбаатараас авсан.” гэж мэдүүлсэн, мөн тус шүүхэд гаргасан хүсэлтдээ “Шүүх хуралд оролцохоос татгалзаж байна. Санал гомдол байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Шүүгдэгч П.Түвшинбаатарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Түвшинбаатар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Пүрэвийн Түвшинбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар П.Түвшинбаатарт 1 жил 1 хоног хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Түвшинбаатарт оногдуулсан 1 жил 1 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Түвшинбаатар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан П.Түвшинбаатарт оногдуулсан 1 жил 1 хоног хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг  Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Түвшинбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ