| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0639/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/611 |
| Огноо | 2022-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/611
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Т.Отгонтөгс,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн С.О.Б-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисэх” нэртэй караокены үүдэнд хохирогч Б.О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч О.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн өдөр би цуг ажилдаг найз Наранцогтын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нисэх" караокед 22 цагийн үед орж, би найзтайгаа хамт тус караокены зааланд сууж байгаад гадаа гарч тамхи татаад зогсож байгаад үл таних залуутай танилцаад хамт тамхи татаад зогсож байхад түүний найз гэх 30 орчим насны залуу гарч ирээд надтай хамт тамхи татаж байсан найзыгаа одоо дотогшоо ор гэж хэлээд буцаад караоке руугаа орсон бөгөөд би танилцсан найзтайгаа хамт зогсож байхад найз нь дахин гарч ирээд надад чи ер нь яах гээд манай найзыг оруулахгүй гадаа зогсоогоод байгаа юм бэ гэж хэлэхээр нь би маргалдаад хэрэггүй гэж хэлээд хамт караоке руу орж байхдаа тус залуутай маргалдаж дахин гадаа гарах үед надад агсраад байсан О.Б гэх залуу миний нүүрэнд гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Караокены гадаа О.Б гэх залуу нүүрэнд 2 удаа гараа атгаж цохисноос болж миний зүүн нүд, хамар хавдсан, урд дээд үүдэн 1 шүд эмтэрсэн. О.Б нь намайг цохих үед миний хажууд хэн нэгэн хүн байгаагүй бөгөөд зөвхөн О.Б бид хоёр байсан...” (хавтас хэргийн 15-16 дахь тал) гэсэн,
Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О.Б- гэх залууд Б.О- огт гар хүрээгүй. Б.О-ыг зодсон залуу цагдаа ирж байхыг хараад зугтгачихсан байсан...” (хавтас хэргийн 20 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 5 дугаар сарын 23-ны орой найз Ган-Эрдэнэтэй холбогдоод караоке орж жаахан юм ярьж сууя гэхээр нь зөвшөөрөөд намайг найзтайгаа ирж авсан. Тэгээд “Нисэх” нэртэй караокед орсон. ...Ган-Эрдэнэ найз юм ярьж байсан залуутайгаа муудалцаад зогсож байсан тэгэхээр нь би “болиоч ээ чи яагаад байгаа юм бэ” гээ хэлсэн чинь тэр залуу “пизда минь чи хэн бэ” гэхээр нь би түүнийг түлхсэн чинь шатан дээр миний толгой хэсэг рүү 2 удаа цохихоор нь “доошоо бууя” гэж хэлээд буугаад ам зөрөөд түүний гүүр орчимд 2 удаа цохисон. ...Б.О-од 300.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн...” (хавтас хэргийн 38-39 дэх тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5-р сарын 30-ны өдрийн шинжээчийн 7601 дугаар “....Б.О-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 25-26 дахь тал) гэсэн дүгнэлт
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),
Хохирогчид эмчилгээний зардалд төлсөн баримт (хавтаст хэргийн 41 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал),
Шүүгдэгч О.Бий хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 53-79, 84-90 дэх тал),
Хохирогч Б.О- гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 103, 105 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисэх” нэртэй караокены үүдэнд хохирогч Б.О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Б, хохирогч Б.О- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №7601 дугаартай дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.О-ын эрүүл мэндэд нь “...биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл...” бүхий гэмтлийг шүүгдэгч О.Б түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Б, хохирогч Б.О-ын эрүүл мэндэд нь “...биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бий дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч О.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч О.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 53-79, 84-90 дэх тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар О.Бд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ын эрүүл мэнд биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, Хохирогч Б.О- гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 103, 105 дахь тал) зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210013280942 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Бд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Бд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ