| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/01382/И |
| Дугаар | 155/ШШ2018/01512 |
| Огноо | 2018-10-16 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2018/01512
| 2018 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2018/01512 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Г-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г бид нар 2016 онд танилцаж, дотно харилцаатай болж хамтран амьдрах болсон. Н.Г надтай танилцсан үеэс л надаас салахгүй, хайртай болсон, цаашид хамт амьдарна, үр хүүхдүүдэд чинь сайн эцэг болно, хүнээс дутахгүй сайхан амьдарна гээд манайд амьдрах болсон. Би ч нөхрөөсөө салаад удсан, эр хүн гэр бүл, үр хүүхдүүдэд минь сайн хандаад халамжлаад байхаар нь би ч түүнд итгэх болж, түүний эцэг эх дээр хүртэл идэш хоол аваачиж өгч танилцаж сайхан амьдарч эхэлсэн. Тэрээр намайг ажил бизнесээ өргөжүүл, хүний бараа зарж зогсоод хэрэггүй, миний болон хүүхдүүдийн минь амьдарч байсан хашаа байшин хуучин нөхрийнх чинь юм чинь зар, өөр хашаа байшинд амьдаръя, банкны зээлээ ч төлж дуусга гэхээр нь түүнд итгээд хашаа байшингаа зараад зээлээ төлж үлдсэн мөнгөөр нь Эрээн хотоос бараа авчирсан боловч Н.Г нь өөрийн эцэг, эхээрээ заруулна гэж явуулаад нэг ч төгрөг аваагүй. Мөн миний эзэмшлийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад эгчдээ зараад намайг залилаад ирэхгүй болсон. Түүний энэ байдлыг Цагдаагийн байгууллагад шалгуулж байж би машинаа буцааж авсан боловч би хүүхдүүдийнхээ хамт өөрийн гэсэн гэр оронгүй, маш их хэмжээний өр зээлтэй, жирэмсэн болж хоцорсон. Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Э.Аыг төрүүлсэн бөгөөд одоо хүү маань 1 нас 1 сартай эрүүл саруул асч бойжиж байна. Н.Г нь бидэнтэй огт холбоо барьдаггүй, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй, үр хүүхдүүдийг минь гэр оронгүй болгож хохироосон, одоо би хүүхдүүдийнхээ хамт түрээсийн хашаа байшинд л амьдарч байна.
Иймд Н.Гыг хүү Э.Аын эцэг мөн болохыг тогтоож, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Г би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 02 дугаар хороо 01-02 тоотод оршин суудаг. Эрхэлсэн ажилгүй. Иймд нэхэмжлэгч Э.Э-ийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Н.Г-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Н.Г нарын дундаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Э.А төрсөн болох нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №67010003.. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Аын төрсөн эцгээр Н.Гыг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Г нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Э.А нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Н.Гаас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гаас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өдөр төрсөн хүү Э.А 1 настай байх тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Н.Г төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Э.Э.Ат сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас, нэхэмжлэгчийн илүү төлсөн 6 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Н.Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчээс түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өдөр төрсөн хүү Э.Аын төрсөн эцэг Н.Г мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өдөр төрсөн хүү Э.Э.Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Гаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гаас 101.044 төгрөгийг, улсын орлогоос 6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Эд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН