Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1224

 

 

 

   2022        08         18                                    2021/ШЦТ/1224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч овогт Г-ийн О-д холбогдох эрүүгийн 2206 03000 2285 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “....” ХХК-д механик инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар х00000000 Ч овогт Г-ийн О-

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.О- нь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “.......” ХХК-ийн Хадат вилла-2 хотхоны барилга дээр, сэрээт өргөгчийн жолооч ажилтай З.Этай “ажлын байран дээр архи уулаа” гэх асуудлаас болж маргалдан, улмаар түүний толгой, нуруу, цээжин тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн 12-р хавирга, бүсэлхийн 2.3.4-р нугаламуудын хөндлөн сэртэнгийн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. З.Э ахыг хэд хэдэн удаа ажлын байранд дээр архи ууж байхад хэлсэн. Тэгээд сүүлд нь жаахан айлгачихъя гээд хэтрүүлсэн байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Э мэдүүлэхдээ: “...2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ажил тарах гэж байхад маргаан үүсээд шууд намайг цохисон. Надтай Уулзаагүй. Утсаар уучлалт гуйсан. Би ажилгүй байсан мөнгийг нэхэмжилнэ. 2 сарын цалин ажилтай байсан бол цалингаа аваад явах байсан. Сарын 1.650.000 төгрөг авдаг. 2 сарын цалин нийт 3.300.000 төгрөгийг, эмчилгээний зардал, таксины тариф 300.000 төгрөг, томограф 160.000 төгрөгийн шинжилгээ хийлгэсэн. Би нийт 3.760.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тэр нь кальцитай шарлагад 15 хоног явсан. Нэг өдөр нь 1.500 төгрөг болж байсан. Миний нуруу өвддөг. Би эмчтэйгээ ярьсан. Эмч хүнд юм өргөж болохгүй гэсэн.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-4/, хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Эын мэдүүлэг /хх-9-10/, гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-16/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 8219 дугаартай дүгнэлт /хх-18-20/, шүүгдэгч Г.О-гийн яллагдагчаар мэдүүлэг /хх-28/, шүүгдэгч Г.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.О- нь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “.......” ХХК-ийн Хадат вилла-2 хотхоны барилга дээр, сэрээт өргөгчийн жолооч ажилтай З.Этай “ажлын байран дээр архи уулаа” гэх асуудлаас болж маргалдан, улмаар түүний толгой, нуруу, цээжин тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн 12-р хавирга, бүсэлхийн 2.3.4-р нугаламуудын хөндлөн сэртэнгийн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Эын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “.......” ХХК-ийн Хадат вилла-2 төсөлд сэрээт өргөгчийн жолооч ажил эрхэлдэг юм. 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ажлын цаг дуусаад ажлынхаа хоёр залуутай нэг шил архи хувааж уусан ба архинаас нь гурав татсан. Ажлаас гарах гээд цагаа бүртгүүлж байтал манай ажлын механикч Г.О- ирээд “давраад байгаарай” гээд баруун гараараа намайг алгадсан. Дараа нь миний толгой хэсэг рүү болон зүүн талын хавирга руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед Г.О- намайг зодож байхад ХАБ-ын инженер Төгөлдөр, хамт ажилладаг Буяндэлгэр нар байсан...гэх мэдүүлэг /хх-9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төгөлдөрийн өгсөн: “...19 цагийн орчим “.......” ХХК-д жолоочоор ажилладаг З.Э гэх ах ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Би түүнд хандаж та яагаад ажил дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн юм бэ гэхэд “ах нь угаасаа ингээд л уучихдаг юм, чи тэгээд яах юм гэж” над руу агсарсан. Би согтуурлын түвшин хэмжих багаж авч ирж З.Эыг үлээлгэх гэсэн боловч үлээхгүй байсан ба манай компанийн механизмын инженер Г.О- хүрч ирээд З.Э ахад “та согтууруулах ундаа хэрэглэсэн байна, драгер үлээ” гэсэн шаардлага тавьсан бөгөөд З.Э ах Г.О-д хандан “чи мyy юун сүртэй юм” гэж Г.О- рүү дайрч эхэлсэн. Тэгэхэд Г.О- хэсэг хугацаанд тэсч байгаад сүүлдээ тэвчээр алдаж З.Э ахын гэдэс болон нуруу руу нь 3-4 удаа цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би очиж, тэр хоёрыг салгаад З.Э ахыг авч явж унаанд суулгаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-16/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 8219 дугаартай:

1.3.Эын биед зүүн 12-р хавирга, бүсэлхийн 2.3.4-р нугаламуудын хөндлөн сэртэнгийн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шинэ гэмтэл байна.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-18-20/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.О-гийн яллагдагчаар өгсөн: “...19 цагийн орчимд ажлаа хийж байтал миний ажилчин болох З.Э ах согтуу гаднаас орж ирсэн. Би тухайн үед З.Э ахыг архи уусан байхаар нь та яагаад ажлын байран дээрээ архи ууж байгаа юм бэ, та олон удаа ажлын байран дээр уулаа, та одоо архи уухаа больчих гээд хэлтэл “би ууж болохгүй юу” гээд миний урдаас томроод байхаар нь би 1 удаа нүүр лүү нь алгадсан. Тэгтэл З.Э ах надтай барьцалдаад авахаар нь би толгойг нь дарж газарт унагааж байгаад 2 удаа гараараа цээж буюу хавирга хэсэг рүү нь цохисон. Тэгээд манай инженер Төгөлдөр намайг салгатал Э ах яваад өгсөн...үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-28/,  

 Шүүгдэгч Г.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.О- нь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “.......” ХХК-ийн Хадат вилла-2 хотхоны барилга дээр, сэрээт өргөгчийн жолооч ажилтай З.Этай “ажлын байран дээр архи уулаа” гэх асуудлаас болж маргалдан, улмаар түүний толгой, нуруу, цээжин тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн 12-р хавирга, бүсэлхийн 2.3.4-р нугаламуудын хөндлөн сэртэнгийн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрх байдлаар шүүгдэгч Г.О-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч З.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохиролд ажилгүй байсан хугацааны цалин 3.300.000 төгрөг, эмчилгээний зардал томограф 160.000 төгрөг, такси үйлчилгээний үнэ 300.000 төгрөг нийт 3.760.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Г.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хохирогч З.Э нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.О-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.О- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ч овогтой Г-ийн О-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Г.О-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.О-г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хохирогч З.Э нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.О- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС