Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/617

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Т.А.Т-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............. төрсөн. .... настай, ...тэй, .......боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл-......... тоотод оршин суудаг. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.А.Т- (РД:.......)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Т ..............тоотоос 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ш.Л-ийн өмчлөлийн 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий Галакси таб А+ загварын гар утсыг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч А.Т: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ш.Л- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай хамаатны эмэгтэй А.Т- манайд ирсэн ба 04 сарын 19-ний өглөө унтаж байтал сэрээгээд бэлэн гоймон авч идье гээд гараад 15 минут болсон боловч орж ирээгүй. Тэгээд балконоор харахад харагдахгүй байхаар нь гэрээсээ гарч дэлгүүр ороод асуухад орж ирээгүй гэсэн. Гэр рүүгээ буцаж ороод хүүхдийнхээ гар утсыг хайсан боловч олдоогүй...” (хавтас хэргийн 14-18 дахь тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр А.Т Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний 4-ийн 73/8-1 тоотод байр дахь Б.А.И-барьцаалан зээлдүүлэх газарт Галакси таб А загварын гар утсыг 150.000 төгрөг барьцаалсан, нууц үгийг нь мэдэж байсан...” (хавтаст хэргийн 22-23 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...04 сарын 19-ний өглөө гарч явахдаа гар утсыг нь аваад хүнсний 4-т очин ломбардад 150.000 төгрөгт барьцаалсан ба зээлээ төлсөн...” (хавтаст хэргийн 37-38 дахь тал) гэсэн,

 

Цагдаагийн байгууллагад өргөдөл гарсан, дуудлагын тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-13 дахь тал),

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн X- 0009 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

Шүүгдэгч А.Тн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 41-50 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дахь тал),

Хохирогч Ш.Л- гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч А.Т ..............тоотоос 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ш.Л-ийн өмчлөлийн 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий Галакси таб А+ загварын гар утсыг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогч Лхаянмядаг, иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-13 дахь тал), Хохирогч Ш.Л- гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Тн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч А.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа, хохирогч гомдол саналгүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Шүүхээс шүүгдэгч А.Тг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 41-50 дахь тал) прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч А.Тн эдлэх 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Л-ийн өмчлөлийн 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий Галакси таб А+ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-13 дахь тал) авагдсан, хохирогч Лхаянмядаг гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 55 дахь тал) зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй

- Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний 4-ийн 73/8-1 тоотод байр дахь Б.А.Ибарьцаалан зээлдүүлэх газарт Галакси таб А загварын гар утсыг 150.000 төгрөг барьцаалсан ба иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролыг шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн талаар мэдүүлсэн хэдий ч хэзээ, хэрхэн ямар байдлаар төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч А.Тгөөс 150.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Г-т олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2210000000669 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогч нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.А.Т-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-г 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тгөөс 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ