Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/618

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

хохирогч Т.Б,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн И.Ц.Эд холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, ...тэй, ......боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, И.Ц.Э, (РД: ........)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь “А.Х” нэртэй зуучлалын компанид зуучлагчаар ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Т.Бтой үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээ байгуулж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.Бын өмчлөлийн .................... тоот орон сууцыг И.Балжиннямд түрээслүүлэхээр тохиролцож, түүнтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үндсэн дээр түрээслэгчээс 2022 оны 04 дүгээр сард шилжүүлсэн 3 сарын түрээсийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, итгэмжлэн хариуцаж авсан мөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

          Шүүгдэгч Ц.Э: “...Тэр үед зээл төлөх болчхоод асуудал их байсан. Яаж ч чадахгүй, ямар ч арга байгаагүй, байгаа боломжоороо зохицуулъя гэж бодож авсан. Мөн тухайн үед найзаасаа мөнгө авах байсан боловч манай найз алга болоод яваад өгсөн. Хувиараа юм хийнэ гэж бодож байгаад болиод ажил хийвэл зүгээр гэж бодож байна...” гэв.

         

          Хохирогч Т.Б “...Би Монголын үндэсний радиод захирал ажилтай, 4 хүүхэдтэй, хүнд өвчтэй ээжтэйгээ хамт амьдардаг. Өнгөрсөн хугацаанд бүх чадлаа дайчилж ажиллаж нэмэлт орлоготой байхгүй бол болохгүй гэж бодож байр аваад тэрийгээ түрээслүүлж байгаа. Сард гар дээрээ 1.200.000 төгрөг авдаг. Ийм зорилгоор авсан. Тухайн үед зууч авахгүй гэж байхад Ц.Э зуучлагчаар гуйсаар байгаад орсон. Сүүлд харж байхад 9 сард гэрээ хийгээд орсон хүнээ гаргачхаад 10 сард өөр хүн оруулсан байсан. Түүнийг надад мэдэгдээгүй. Би энэ хүнд зуучийн хөлсийг дунд нь өгсөн. Би санхүүгийн хувьд төлөвлөгөөтэй, өөр орлогогүй байдаг. Одоогийн байдлаар би 54.000.000 төгрөгийн хүүтэй өртэй, маш их хохирч байна. Хохирлоо төлүүлмээр байна. Би баяндаа цэнгэлдэхэд байр аваад түрээслүүлж байгаа биш. Би өөрөө Вива ситид 1 өрөө байр түрээсэлж амьдардаг. Шүүгдэгч манайд очиж байсан. гэв

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сард өөрийн 2 өрөө байраа түрээслүүлэхээр зар тавьсан юм. Тэгэхэд надтай Ц.Э гэх хүн 94606630 дугаарын утаснаас холбогдоод надтай хүрч ирж уулзсан. Ахаа таны байрыг нэг өдрийн дотор түрээслүүлнэ гэж хэлсэн. Тэгээд гэрээ хийнэ гэсэн. Тэгээд би гэрээг чинь байгаа газарт чинь аваачаад өгье гэж байсан ба бид 2 түрээсийн зуучийн төлбөрийг 1 сая төгрөгөөр тохирч хөлсөө тухайн хүн авсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 6,000,000 төгрөгийг түрээслэгч Балжинням гэх хүнээс Ц.Эд өгсөн байдаг. Нөгөө зуучаасаа байрныхаа мөнгийг авъя гэж залгасан. Тэгэхэд би одоо нүүж байна аа гээд байдаг байсан ба нүүж дуусчхаад мөнгөө шилжүүлчихье гээд байсан...” (хавтас хэргийн 11-12 дахь тал) гэсэн,

 

Гэрч И.Балжинням мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байр түрээслэхээр зарын дагуу Айс хилл гэх зуучлалын үйлчилгээ авсан. Тус өдөр Ц.Этай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 212 дугаар байрны 19 давхар 1905 тоот 2 өрөө байрыг сарын 2,000,000 төгрөгөөр, төлбөрийг 3,3 сараар авахаар 1 сарын барьцаатай түрээслэхээр болсон. Ингээд 3,3 сараар түрээсийн мөнгийг Ц.Эы 5925322614 тоот данс руу шилжүүлсэн. Төлбөрөө 3,3 сараар өгөөд явж байтал 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байрны эзэн гэх хүн анх удаа холбогдоод түрээсийн мөнгөө өгөхгүй юм уу гэхэд би цагийн өмнө Ц.Э руу шилжүүлсэн гэж хэлсэн. Ингээд “над руу дахиж холбогдоогүй, сарын дараа Ц.Э мөнгийг шилжүүлж өгөөгүй болж таарсан...” (хавтаст хэргийн 15-16 дахь тал) гэсэн,

 

Яллагдагч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Айс Хилл зуучлалын компани” шинээр үүсгэж байгуулж байгаа гээд Отгонбаатар гэх ахтай танилцаж би тус зуучлалын компанид гүйцэтгэх захирлаар ажиллахаар болсон. Би түрээслэх байр болон түрээслэгчийг хайж олдог байсан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Цэнгэлдэх хотхоны 212 дугаар байрны 1905 тоот байрыг түрээсийн гэрээ хийж түрээслэгчийн байранд зуучилж өгсөн, тус тоотын байрны эзэн бол Т.Б гэж хүн байсан, байрыг түрээсэлсэн хүн Балжинням гэх хүн 2021 оны 11 дүгээр сараас эхлэн сарын 2,000,000 төгрөгөөр 3 сараар мөнгийг авахаар болсон 1 сарын барьцаатай. Ингээд түрээслэгч миний хаан банкны 5925322614 тоот данс руу шилжүүлсэн мөнгийг би байрны эзэн рүү шилжүүлсэн. Би зуучлалын хөлс гэж 1,000,000 төгрөг авдаг бөгөөд би 50 хувийн нь ажлын хөлсөнд авдаг. Би ажлаасаа 2022 оны 03 дугаар сарын дундуур гарсан бөгөөд тус байрыг түрээсэлж байсан Балжинням гэх ах руу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би залгаад байрны түрээсээ хийгээрэй гэж хэлээд миний данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн тус мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад эргүүлээд өгнө гэж бодсон чадаагүй өөрийн бурууг бол хүлээн зөвшөөр байна...” (хавтаст хэргийн 25-26 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Т.Боос Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 5 дахь тал)

Т.Б, Ц.Э нарын хооронд байгуулагдсан Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 6-7 дахь тал)

Шүүгдэгч Ц.Эы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 30-34 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ц.Э нь “А.Х” нэртэй зуучлалын компанид зуучлагчаар ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Т.Бтой үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээ байгуулж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.Бын өмчлөлийн .................... тоот орон сууцыг И.Балжиннямд түрээслүүлэхээр тохиролцож, түүнтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үндсэн дээр түрээслэгчээс 2022 оны 04 дүгээр сард шилжүүлсэн 3 сарын түрээсийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, итгэмжлэн хариуцаж авсан мөнгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Б болон шүүгдэгч Ц.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Гэрч И.Балжиннямын  “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байр түрээслэхээр зарын дагуу Айс хилл гэх зуучлалын үйлчилгээ авсан. Тус өдөр Ц.Этай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 212 дугаар байрны 19 давхар 1905 тоот 2 өрөө байрыг сарын 2,000,000 төгрөгөөр, төлбөрийг 3,3 сараар авахаар 1 сарын барьцаатай түрээслэхээр болсон. Ингээд 3,3 сараар түрээсийн мөнгийг Ц.Эы 5925322614 тоот данс руу шилжүүлсэн...” (хавтаст хэргийн 15-16 дахь тал) гэсэн,

Т.Б, Ц.Э нарын хооронд байгуулагдсан Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 6-7 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

 

Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

 

Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Э, хохирогч Т.Бтой үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээ байгуулж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.Бын өмчлөлийн .................... тоот орон сууцыг И.Балжиннямд түрээслүүлэхээр тохиролцож, 3 сарын түрээсийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулж бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Ц.Эы эдлэх 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ц.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б 6.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 6.000.000 (зургаан сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Бод олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2210000000744 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.Ц.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Эыг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эы эдлэх 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 6.000.000 (зургаан сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Бод олгосугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ