Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2018/01515

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2018/01515

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.И-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2017/01414/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Б.А, хариуцагч Х.И нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Итай 2008 онд танилцаж, улмаар 2009 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлээ батлуулан эхнэр, нөхөр болж 2010 онд охин Нг төрүүлж хүний дайтай айл болон амьдарч байна. Гэтэл нөхөр Х.И нь сүүлийн жилээс архи уух нь ихдэж, архи уусан үедээ надад гар хүрдэг, намайг ажил хийх гэхэд хардаад ажил хийлгэдэггүй байлаа. Би ч хайртай учраас л хардаж байна гэж бодоод ажил хийхгүй гэртээ хүүхдээ хараад сууж байдаг байлаа. Гэтэл нөхөр маань сүүлийн үед гэр орондоо орохгүй хоногоор алга болдог болсон. Нөхөр маань хувиараа гар урлал, сийлбэр хийдэг, хүний захиалга их байна, өнөөдөр юмаа хийж ажил дээрээ хонолоо гэхэд нь би үнэмшдэг л байсан. Ажил дээрээ хононо гээд гудас аваад явсан ч би ханьдаа итгээд ажил их учраас ажил дээрээ хонож байна гэж бодож байсан. Би нөхрийгөө гэр орондоо ирэх байх гэж итгээд нойргүй хүлээгээд хонодог байсан. Гэтэл гэртээ ирэхгүй сар гаран алга болохоор нь санаа зовоод хойноос нь хөөцөлдөхөд өөрөөсөө дүү нэг хүүхэнтэй гэр бүлийн харьцаа тогтоож, байр хөлслөн амьдарч байсан байна. Би хүүхдээ бодоод энэ байдлыг нь уучлан гэртээ ир гэж учирлан машинд нь сууж гэртээ ирээд хамт бууя гэхэд гэрийнхээ үүдэнд машинтай ирчихээд би ажил ихтэй, чи өөрөө буу гээд машинаасаа ч буухгүй байсан ... Ийм учраас бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, 2010 оны 12 сарын 09-ний өдөр төрсөн охин Нг миний асрамжинд үлдээж эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.И шүүхэд  гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Б.Атай 2008 онд танилцаж улмаар 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлээ батлуулан эхнэр, нөхөр болж охин Н 2010 онд гарсан. Эхний үед бидний амьдрал сайхан л байдаг байсан боловч сүүлийн үед хэрэлдэж маргалдаад салдаггүй, миний ээж бидэнтэй хамт амьдардаг байсан боловч эхнэртэй маань таарч тохирохгүй манайхаас явсан. Б.А миний охиныг өсгөж өгсөн нь л үнэн. Бусдаар бол би өөрөө амьдралаа авч гэр бүлээ тэжээж ирсэн. Надад гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байсан зүйл байхгүй. Миний нэг хөл мэдээгүй, халамжийн групп авдаг ч хувиараа сийлбэр хийж мөнгө олж амьдралаа залгуулдаг. Бид өнөөдрийн байдлаар хэн нь амьдрах орон гэргүй, тус тусдаа хэдэн сарын хугацаанд амьдарч байна. Цаашид бид эвлэрч хамт амьдрах боломж байхгүй, зүгээр нэг машинд хамт ороод суусан ч л хэрүүлтэй байх болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлнө. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Х.Иад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь №0009325/2.. дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр охин И.Н төрсөн болох нь №0452469 Г0. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 6 сараас өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа байдал, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин И.Нг зохигчийн тайлбар, хүүхдийн санал, хүүхдийн нас болон хүүхдийн өсөж дадсан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг байдлыг харгалзан эх Б.Агийн асрамжид үлдээж эцэг Х.Иаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Г.Нг эх Б.Агийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Иаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 12 дугаар сарын 09-ний  өдөр төрсөн охин И.Н  8 настай  тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Х.И төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин И.Нд сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х.И, Б.А нарын гэрлэлтийг цуцалсугай.   

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин И.Нг эх Б.Агийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин И.Нг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Иаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.  

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Х.Иад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Ад тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Иаас 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгосугай

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БЯМБАСҮРЭН