| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0554/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/619 |
| Огноо | 2022-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/619
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Л.Төгсжаргал /томилолтоор/,
шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.З.А-д холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .........өдөр ......... төрсөн, ..... настай, ....тэй, .......... боловсролтой, ...... мэргэжилтэй, ам бүл .......тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, .. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Б.З.А- (РД:...........)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.А нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны шөнө ..................дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” нэртэй пабын гадна Ш.Эын эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч З.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өдөржингөө эмнэлгээр явсан бөгөөд тухайн үед 300 ортой эмнэлэг дээр явж байхад миний зүс мэдэх З.А- гэх эмэгтэй надтай уулзсан бөгөөд ханиндаа Сонгинын амралт руу хүн дээр очоод ирье гэж хэлсэн. Тэгээд З.А- бид хоёр тухайн амралт руу нь очоод буцаад 17 цагийн орчим манай ажлын байр буюу нисэхэд Поларис пабын эсрэг талд бариа засал ажиллуулдаг тэнд ирцгээсэн юм. Ингээд би тухайн үед 2 хүн барьсан бөгөөд З.А-ын хувьд дараа нь болчихгүй гээд яаруулаад байсан юм. Тэгж байтал Офицеруудын ордноос манай худ эмэгтэй болох Уянга ирсэн бөгөөд би ч хүнээ бариад дуусаж таарсан. Ингээд Поларис паб руу орохоор болсон бөгөөд Сонгинын амралтад бас бариа хийдэг гээд нэг залуу нэрийг нь Энхсайхан гээд байсан байхаа анх удаагаа харсан юм. Тэгээд бид 4 тухайн Поларис паб руу 19 цаг өнгөрч байх үед орсон юм. Тухайн газарт ороод нэг хүний 1 ширхэг пиво уусан бөгөөд 10 ширхэг бууз идчихээд байж байсан чинь З.А- пивоноос архи нь дээр ш дээ гээд бид 4 хоёр шил 0.75 литрийн архины нэрийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан ногоон алаг шилтэй архинаас дөрвүүлээ хамт хувааж уугаад тухайн газраас гарцгаасан юм. Хамт архи уусан Энхсайхан гэсэн байхаа тэр залуу гарч ирээд явчихсан бөгөөд миний хувьд тэд нарыг гарахаас өмнөхөн ариун цэврийн өрөө орчхоод гарч ирсэн чинь тэд нар байхгүй гараад явчихсан байсан. Ингээд ардаас нь гараад очиход Уянга, З.А- нар л зогсож байсан юм. Би Уянгатай манай гэр рүү очъё гэсэн чинь З.А- өөдөөс гараа элгэндээ эвхсэн байдалтай зогсож байсан бөгөөд шууд үгний зөрүүгүй баруун талын гараараа нэг удаа нүүр хэсэг рүү гал манартал цохисон бөгөөд тухайн үед нь би нүдээ дараад уйлж сууж байгаад босоод чи яахаараа намайг ингэж цохиж байгаа юм гээд үснээс нь зулгаасан чинь намайг зөрүүлж үснээс чирээд тэгээд арай хийж салаад такси бариад явсан бөгөөд Уянга руу залгасан чинь аль хэдийн такси бариад харьж байна гэж хэлсэн юм. ...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр над руу З.А- мессеж бичээд цагдаа дуудаж өгч бариулсанд чинь баярлалаа, машин журамлуулсанд чинь баярлалаа гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн байдлаар цагдаа дуудаж бариулсан асуудал байхгүй. Миний зүүн талын нүд хавдсан байдалтай байна. Хоёр өвдөг шалбарсан, толгой их дүүрч өвдөж байна. Өөр биед учирсан ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байна. Дээрх гэмтлийг З.А- баруун гараараа нэг удаа цохихдоо учруулсан. Харин хоёр өвдөгний гэмтлийг болохоор намайг үснээс татаж унагахдаа учруулсан гэж үзнэ” гэх мэдүүлэг...” (хавтас хэргийн 10-11 дэх тал)
Гэрч Б.Уянга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үеэл дүүгийн хадам ээж болох Ш.Этай өмнө уулзана гэж ярилцаж байсан бөгөөд тэгээд нэг завтай үедээ уулзахаар болж байсан юм. Тэгээд энэ өдөр би ажлаа тарчхаад нисэх рүү Ш.Этай уулзахаар явсаар байтал 19 цаг өнгөрсөн юм. Ингээд би Ш.Эын бариа хийдэг нисэхэд байрлалтай газар ирэхэд хүнд бариа хийж байсан бөгөөд намайг ороход З.А- гэх эмэгтэй бас сууж байсан юм. Ингээд Ш.Э ч хүнээ барьж дууссан бөгөөд бид нар ажлын газрын замын эсрэг талын Поларис гэх нэртэй пабад орж эхлээд хэдэн бууз, хүний нэг нэг пиво авч ууцгаасан юм. Тэгээд пиво уухаа болъё цагаан архи авч уухаар болъё гэж бодсон юм. Тухайн үед З.А- гэх эмэгтэйн хуучин ажлын газрын гэх нэг залуухан залуу ирсэн. Миний хувьд тухайн үед л тэр хоёр хүнийг анх удаа харж байгаа нь энэ юм. Ингээд бид 4 хоёр шил архи, ганц хоёр задгай пиво ууцгаасан юм. Авсан зүйлсээ ууж дуусгасан бөгөөд тухайн газар нь хаах дөхсөн 00 цаг дөхөж байна хаалаа гээд бид нар тухайн газраас гарсан юм. Миний хувьд гэр маань хол болохоор Ш.Эын гэрт очоод хоноё гэж бодоод байж байтал З.А- гээд өндөр эмэгтэй шууд Ш.Эын нүүр хэсэг рүү 1 удаа цохиж байгаа харагдсан тэгсэн чинь Ш.Э газар сууж байгаад орилоод босоод ирсэн бөгөөд юунаас болж нэгнийгээ цохих болсон талаар бол надад мэдэх зүйл байхгүй байна. Тэр хоёрыг үсдэлцээд унахаар нь айгаад шууд такси бариад гэр рүүгээ явчихсан юм. Тухайн паб руу хамт орсон гэх залуу энэ асуудал болохоос өмнө яваад өгчихсөн юм. Тэгээд над руу маргааш өдөр нь Ш.Э яриад миний нүд рүү З.А- цохиод аймар болгочихсон байна, хавдчихсан байна гэж хэлсэн юм. ...” (хавтас хэргийн 16-17 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар З.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ш.Э хүнээ барьж дуусаад яг хажууд талд нь Поларис нэртэй паб байсан бөгөөд тэр рүү Ш.Э, Энхсайхан, худ нь гэх эмэгтэй бид 4 орсон юм. Тухайн үед Ш.Э Оросоос найздаа ганц юм авираагүй гээд үг хаяад байсан болохоор нь би эндээс нь аваад өгчихье гээд тухайн газраас 0.75 литрийн Евок нэртэй архи байсан тэрийг авсан юм. Энэ архийг ууж эхэлснээ Ш.Э анх бид хоёрыг танилцуулж өгч байсан Сэржмядаг гэх эмэгтэйг янхан банзлаар нь дуудаад манай найз нартай явалдсан барьсан гээд яриад байсан юм. Миний хувьд тухайн газраас гаран гартлаа ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд энэ хүмүүст хамаагүй учраас энд битгий тийм зүйл яриа муухай ш дээ гэсэн. ...Тэгээд тэр газраас гараад байж байтал Ш.Э “чи түрүүнээс хойш, тэр янхнаа өмөөрөөд” уурлаад надтай олигтой зүйл ярихгүй байна. Чи уурлаад бүүр үхэх гээд байгаа биз дээ. Та нар угаасаа Улан-Үдийн янхнууд ш дээ би та нарыг мэднэ за энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би за битгий олон юм яриад бай, хүний найз нөхөд байж битгий нэгнийгээ ингэж байгаач гээд тэгээд тухайн газрын өнцөг хэсэгт нь энэ маргаан болсон бөгөөд би явах гээд байж байтал Ш.Э миний үснээс зулгаасан бөгөөд би тухайн үед үснээс зулгаахаар нь салгасан бөгөөд ямар ч байсан тэгээд гараас нь салгасан юм. Доошоо хараад дарчихсан байсан болохоор нь би ямар ч байсан ноцолдож байгаад салгасан юм.Тэгээд би дахиад өөдөөс заамдаад байхаар нь цаашаа гээд Ш.Эыг түлхсэн юм. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан бөгөөд дээрх гэмтлийг би Ш.Эын биед учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” (хавтас хэргийн 29-30 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5-р сарын 31-ний өдрийн шинжээчийн 7816 дугаар “....Ш.Эын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” (хавтаст хэргийн 23-24 дахь тал) гэсэн дүгнэлт
Хохирогч Ш.Э Сондра эмнэлэгт үзүүлсэн баримт, Мед траума эмнэлгийн томографт үзүүлсэн, эмийн сангийн баримт, Эрүүл нүд эмнэлгийн баримтууд (хавтаст хэргийн 41-43 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал),
Шүүгдэгч З.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 33-36 тал), зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч З.А нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны шөнө ..................дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” нэртэй пабын гадна Ш.Эын эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч З.А, хохирогч Ш.Э, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №7816 дугаартай дүгнэлт, Хохирогч Ш.Э эмчилгээ, эм тарианы баримт (хавтаст хэргийн 44 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид хохирол барагдуулсан талаарх банкны капитанз зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ш.Эын эрүүл мэндэд нь “...биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт...” бүхий гэмтлийг шүүгдэгч З.А түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.А, хохирогч Ш.Эын эрүүл мэндэд нь “...биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч З.Аын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч З.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 33-36 дахь тал), хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд мэдэгдсэн, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар З.Ад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Эын эрүүл мэнд биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба баримтаар нийт 249.700 төгрөгийг шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд хохирогч Ш.Э нь эмчилгээ үйлчилгээ авсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн 2210000000760 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.З.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ад 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.Ад торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З.Ад оногдуулсан 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч З.А нь 250.000 төгрөгийг хохирогч Ш.Эд төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, орлогын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ