Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1235

 

 

  2022         08         19                                    2022/ШЦТ/1235

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 2328 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Шүүгдэгч: 2002 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуй их сургуулийн 0 дамжааны оюутан, ам бүл-2, эхийн хамт, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Г овогтой Т-ийн Б-

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

           Шүүгдэгч Т.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь-Эхийн 00 тоотын нийтийн байранд тодорхой шалтгаангүйгээр хохирогч Т.Б-гийн нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2-р шүдний хугарал, доод үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салст, хамрын баруун угалз, дээд уруул, зүүн бугалга, тохой шуу, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Б-ы өгсөн мэдүүлэг /хх-5/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9115 дугаартай дүгнэлт /хх-20-21/, шүүгдэгч Т.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-31-32/ Т.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Т.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь-Эхийн 509Б тоотын нийтийн байранд тодорхой шалтгаангүйгээр хохирогч Т.Б-гийн нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2-р шүдний хугарал, доод үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салст, хамрын баруун угалз, дээд уруул, зүүн бугалга, тохой шуу, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б-гийн өгсөн: ”...2022 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цагийн орчим би найз Алтангэрэлтэй Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хас захын автобусны буудал дээр уулзаж 100 айл дээр үйл ажиллагаа явуулдаг GS25 дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай пивоноос 3 савыг аваад буцаж Хас зах дээр ирсэн. Манай гэр Хас захын ойролцоо 5096 тоотод нийтийн байранд байдаг юм. Би гэр рүүгээ ороход зүс таних дүү Түмэндэмбэрэлийн Б- нар байсан. Тэгээд Алтангэрэл, Б- бид 3 пиво хувааж уусан ба Гомбо нь өглөө ажилтай гээд түрүүлээд унтчихсан. Гомбо тухайн үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй Намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтсон байхад Б- нь шалтгаангүйгээр миний ам хэсэгт нь цохиход манай найз Алтангэрэл нь маргааныг салгаж байсан. Тэгээд би уусан архиндаа согтоод өглөө сэрэхэд миний дээд 1 шүд хугарч доод 1 шүд хөдөлсөн байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандаж байна ...” гэх мэдүүлэг /хх-5/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9115 дугаартай:

1.2.3. Т.Б-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2-р шүдний хугарал, доод үүдэн зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салст, хамрын баруун угалз, дээд уруул, зүүн бугалга, тохой шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...’’ гэх дүгнэлт /хх-20-21/

 

       Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Б-н яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж  байна. би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй. Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөх  болно. Мөн уучлал гуйж сайн дураараа эвлэрэх, өөрийн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

 

       Шүүгдэгч Т.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

       Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Т.Б- нь хохирогч Т.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтэл учирсан, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

         Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Т.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь-Эхийн 509Б тоотын нийтийн байранд тодорхой шалтгаангүйгээр хохирогч Т.Б-гийн нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2-р шүдний хугарал, доод үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салст, хамрын баруун угалз, дээд уруул, зүүн бугалга, тохой шуу, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

         Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Б-н 2022 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь-Эхийн 509Б тоотын нийтийн байранд тодорхой шалтгаангүйгээр хохирогч Т.Б-гийн нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2-р шүдний хугарал, доод үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салст, хамрын баруун угалз, дээд уруул, зүүн бугалга, тохой шуу, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б- нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Т.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

  Шүүгдэгч Т.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Г овогтой Т-ийн Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Т.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                             Э.ЧИНГИС