Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 193

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03029 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.У-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 57 503 812 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь Х ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13/423 тоот кредит картын зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээнд зээлийн эрхийн хэмжээ 30 000 000 төгрөг, сард бэлнээр ашиглавал 30 хувь, бэлэн бусаар ашиглавал 24 хувийн хүү тооцох болзолтой зээлжих эрхийн хугацаа нэг жил байхаар кредит карт нээсэн. Гэрээнд үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Налайх дүүрэг 3 дугаар хороо үйлдвэрлэлийн зориулалттай 20 000 м.кв бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан. Кредит картын гэрээний үндсэн нөхцөл нь нэг жилийн хугацаанд зээл авч зээлээ төлөөд ногдох төлбөрийг тухайн сардаа төлсөн тохиолдолд авсан хэмжээгээрээ дахин ашиглах эрхтэй буюу зээлжих эрхийн нөхцөлтэй байхаар гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг сар сардаа биелүүлж, зээл авах байдлаар ашигласан байдаг. Зээлдэгчийн зүгээс Хаан банканд нийт 6 163 942.96 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ төлөлт нь хүү, хугацаа хэтэрсэн шимтгэл, бэлэн зарлагын шимтгэлд тооцогдсон. Үүнийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн нэмэлт тодруулгад тайлбарласан. Зээлдэгч 30 000 000 төгрөгийн кредит картнаас нийт 29 989 742.97 төгрөгийг зээл хэлбэрээр авч хэрэглэсэн ч буцаан төлөөгүй. Кредит карт нь тухайн сардаа төлөлт хийсэн буюу хүү, хугацаа хэтэрсэн шимтгэл, ашигласан шимтгэлээ төлсөн тохиолдолд үлдэх төлсөн дүнгээрээ зээл авч ашиглах эрхтэй байдаг. Нийт 29 989 742.97 төгрөг авч ашигласан боловч зээл хэлбэрээр банканд 250 000 төгрөг буцаан төлсөн. Үндсэн нэхэмжилсэн төлбөрөөс төлөлт хийсэн 250 000 төгрөгийг хасч үндсэн үлдэгдэл нь 29 739 742 төгрөг болсон. Зээлдэгч нь зээлийг бэлнээр авч ашигласан учир 30 хувиар хүү тооцсон. Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй учир хүү хуримтлагдаж эхэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 26 854 211 төгрөгийн хүү хуримтлагдсан. Үүнийг 30 хувиар тооцсон учир нь зээлдэгч зээлийг байнга бэлнээр авч байсан. 2014 оны 10 дугаар сараас эхэлж сар бүрийн хугацаа хэтэрсэн шимтгэл 25 000 төгрөгийг кредит картны гэрээнд зааснаар тооцсон. Бид хугацаа хэтэрсэн төлбөрийг гэрээний бусад нөхцөлд оруулан тооцсон. Үүнийг хуулиар хориглоогүй учир сар бүр 25 000 төгрөгийн шимтгэл тооцож нийт 900 000 төгрөг болсон. Иймд хариуцагч Д.У-ээс 57 503 812 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х б-аас удаа дараа утасдаж манай харилцагч болооч манайх зээлийн боломжтой санал тавина. 5 жилийн хугацаатай кредит карт нээлгэж зээлийн гэрээ байгуулъя гэснээр гэрээ байгуулсан боловч зээлийн хугацааг 1 жилийн хугацаатай байгуулж хариуцагчийг мэхэлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээг 5 жилийн хугацаатай гэж ойлгож бизнесээ товлосон боловч нэхэмжлэгч талаас жилийн хугацаатай гэрээ байгуулсан байсан. Хариуцагч нь удаа дараа гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаж байсан боловч Хаан банкнаас манай журам өөрчлөгдсөн 5 жилээр гэрээ хийх боломжгүй гэсэн нэрийдлээр зээлийн гэрээг сунгаагүй. Кредит картны зээл авсны дараа бизнесээ өргөжүүлнэ гэж бодоод 1 500 000 000 төгрөгийн зээл авахаар материал бүрдүүлж өгсөн. Эдийн засагч нь тухайн үед найдвартай зээлдэгч тул зээл бүтнэ гэж хэлж байсан боловч 5, 6 сарын дараа зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Худалдаа хөгжлийн банк болон Голомт банканд хандсан боловч та нар манай харилцагч биш болсон учир зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Талууд хоорондоо зээл өгч, авалцсан тул аль аль нь ашигтай байх ёстой боловч Хаан банкны зүгээс гэрээ сунгаагүй, зээлийг бизнесийн зээл рүү шилжүүлэх санал тавьсан байсан боловч шилжүүлээгүй. Богино хугацаанд зээл олгочихоод зээлээ төлөхийг шаардсан. Одоогийн улс төр, нийгмийн байдлаас шалтгаалж хариуцагчийн бизнес ч зогсонги байдалд орж орлого буурч бизнес зогссон. Хариуцагчийн хувьд барьцаа хөрөнгөөр зээлийг хаасан гэж бодож байтал 2 жил 10 сарын дараа өндөр хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Зээлдэгч Д.У нь 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээний хүүг тогтмол төлж, гэрээний үүргээ биелүүлж байсан ч дахин үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. Банк гэрээнд заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй байсан. Банк жилийн 30 хувийн хүү бодож байгаа нь ямар ч үндэслэлгүй. Гэрээний 6.2.1-д зааснаар зээлдэгч нь 2014 оны 9 дүгээр сарын хүүд 764 000 төгрөг, 10 дугаар сарын хүүд 764 000 нийт 1 528 000 төгрөгийн хүү, үндсэн зээл 29 739 742 төгрөг, нийт үүрэгт 31 267 742 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.У-ээс 57 503 812 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Налайх дүүрэг 3 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18667291528709 дугаар бүхий 20 000 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515 669 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.У-ээс 515 669 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн оролцогчдийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Зөвхөн хэт нэг талыг барьж, банкнаас авсан зээлийг хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх ёстой гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх Хаан банк, иргэн Д.У нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Кредит картын гэрээ дугаар № 13/423 тоот гэрээнээс үүдсэн төлбөрийн маргааныг хэлэлцсэн. Нэхэмжлэгч хариуцагчаас үндсэн зээл 29 739 742 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 26 854 211 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 909 859 төгрөг гэж нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулсан Кредит картын гэрээнд нэмэгдүүлсэн хүү авах тухай тохиролцоо байхгүй. Иймд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 409 859 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнийг гаргуулан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль бус байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3.9-д хугацаа хэтрүүлсний шимтгэл гэж юу болохыг тайлбарласан нэр томъёоны тайлбар байна. Энд ямар нэгэн тоо, хувь тавьж тохиролцоогүй байхад нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 909 859 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Зээлдэгч 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн хүүг төлж, энэ үеэс төлбөрийн чадваргүй болж, ямар ч төлбөр хийгээгүй, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл талуудын хооронд байгуулсан Кредит картын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан нөхцөл бүрдсэн. Хаан банк бүтэн 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь барьцааны хөрөнгийг хариу төлбөргүй шууд хурааж авах л зорилготой гэж үзэж байна. Банк зээлийн болон барьцааны гэрээнд заасан дээрх үүргийг хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.3-т заасны дагуу хүүгийн төлбөрөөс чөлөөлөх ёстой. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, хүү, шимтгэлийн төлбөр гаргуулан шийдвэpлэcэн шийдвэрт өөрчлөлт оруулан, хүү шимтгэлийн төлбөрийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Д.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 503 812 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13/423 тоот кредит картын гэрээгээр хариуцагч Д.У-т 30 000 000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаагаар зээлдүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн БГҮ-13/423 тоот барьцааны гэрээгээр Д.Уранбилэгийн өмчлөлийн Налайх, /Чойр явдаг зам дагуу/ 3 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18667291528709 дугаар бүхий 20 000 м.кв газрыг барьцаалсан болох нь хэргийн 8-12 дугаар талд авагдсан кредит картын гэрээ, барьцааны гэрээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх кредит картын гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээнүүдийн дагуу 30 000 000 төгрөг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Кредит картын гэрээний 3.1 дэх хэсэгт “банк сар бүрийн 04-нөөс 07-ны өдрийн хооронд кредит карт эзэмшигчийн [email protected] цахим шуудангаар нэхэмжлэлийг хүргүүлэх бөгөөд кредит карт эзэмшигч нь нэхэмжлэлд заасан төлбөрийн доод хэмжээг, эсхүл нэхэмжилсэн нийт төлбөрийг тухайн сарын 27-ны өдрийн 22.00 цагт багтаан төлнө” гэж тохирсон. Хариуцагч Д.У нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.

 

Хуулиар хэтэрсэн хугацаанд хүү тооцох талаар тохиролцох эрх талуудад нээлттэй боловч зээлийн гэрээнд тусгахыг хуулиар шаардсан байна.  

 

Талуудын хооронд байгуулсан кредит картын гэрээнд хэтэрсэн хугацаанд зээлийн хүүг гаргуулах талаар болон гэрээний 1.3.9-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн хэмжээг тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү, хугацаа хэтрүүлсэн шимтгэл шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү болон хугацаа хэтрүүлсэн шимтгэл гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул дараах байдлаар залруулах боломжтой. Хариуцагч нь 2014 оны 9 дүгээр сарын хүүд 764 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын хүүд 764 000 төгрөг нийт 1 528 000 төгрөгийн хүү, үндсэн зээлд 29 739 742 төгрөг, нийт 31 267 742 төгрөг төлөх үүрэгтэй тул хариуцагч Д.У-ээс 31 267 742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26 236 070 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулав.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18667291528709 дугаар бүхий 20 000 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03029 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.У-ээс 31 267 742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26 236 070 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “515 669” гэснийг “314 288” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.У-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан  сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ