Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0441

 

2021 06 30 128/ШШ2021/0441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К  ХХК, /РД:2078... /

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: К ХХК нь Д аймгийн У сумын нутагт орших Д нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг юм. Уг талбайд 2007 онд Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон ба тухайн цаг хугацаанаас хойш үлэмж их хэмжээний хөрөнгө, зардал гаргаж хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2011 оны 08 дугаар сарын 04-ний дугаар 08/01, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар СТР-09/15 тоот нөөцийн тооцоо бүхий тайлангуудыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалж, нөөц баялгийг эрдэс баялгийн улсын бүртгэлд бүртгүүлэн, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хандаж Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл /NM-025... тоот өргөдлийн бүртгэлийн дугаар бүхий/ гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс өргөдлийг хянаж Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан байгууллагуудаас санал авах ажиллагааг явуулахдаа Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын төв байгууллагад ямар утга бүхий бичиг хүргүүлж санал авсан энэ тодорхойгүй мөн Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрууд ямар шалтгааны улмаас санал өгөх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн, Тагнуулын төв байгууллагаас ирүүлсэн "тусгайлсан саналгүй" гэх хариуг 07 дугаар юу гэж ойлгон манай компанийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа ба Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4-д тус тус заасны зөрчсөн гэж үзнэ.

Учир нь хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4-д тус тус заасан үндэслэлээр өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх эрхтэй боловч Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан санал авах байгууллагуудаас санал ирүүлээгүй бол ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэх эрх хуулиар хариуцагчид олгогдоогүй болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд төрийн үйл ажиллагааны тусгай зарчмуудыг хуульчилсны дотор тус зүйлийн 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг төрийн захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа баримтлан иргэн хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаар тусгай зөвшөөрлийн талбайдаа ихээхэн хэмжээний хөрөнгө, зардал гаргаж хайгуулын үйл ажиллагаа явуулж 2015 оны сарын 07-ны өдөр нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалж, нөөц баялгийг эрдэс баялгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн манай компанийн үйл ажиллагаа, ажилчдын хөдөлмөрийн үр шим, хайгуулын ажилд гаргасан зардлыг харгалзан үзсэний үндсэн дээр компанийн гаргасан өргөдлийг шийдвэрлэн бидний итгэлийг хамгаалах учиртай.

Гэтэл хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4-д тус тус заасныг харгалзан үзэлгүйгээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан санал авах гурван байгууллагаас ирүүлсэн "санал өгөх боломжгүй", "тусгайлсан саналгүй" гэх хариуг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн өөрийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь түүний дараах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшиж буй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх, авах онцгой эрхийг

2. Ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын ашиглалтын талбай болгох, олборлолт, үйлдвэрлэл явуулж, ашиг олох ажиллагсдын нийгмийн баталгааг хангаж, цалин, орлоготой байлгах хууль ёсны ашиг сонирхол хангагдах боломжгүйд хүрч байна.

3. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж ирсэн хугацаанд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа, түүний дотор ашигт малтмалын нөөц тогтооход зарцуулсан 32,362,496,801.39 төгрөгийн зардлыг эргэн нөхөх боломжгүй болж их хэмжээний бодит хохирол учирч байна.

4. Хайгуул, бусад үйл ажиллагааны санхүүжилтийг зээлдүүлэгчдэд төлөх өртэй үлдэж, харилцагч байгууллагатай тогтоосон харилцаа тасрах, цаашдын бизнесийн боломжуудаа алдах.

Түүнчлэн хариуцагч Цөмийн энергийн комисс болон мэргэжлийн хяналтын ерөнхий газруудаас ирүүлсэн "санал өгөх боломжгүй гэсэн хариу. Тагнуулын төв байгууллагаас ирүүлсэн "тусгайлсан саналгүй" гэх хариуг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу тус албан бичгүүдийг манай компанид мэдэгдэж сонсгох ажиллагааг явуулах үүрэгтэй. Гэвч хариуцагч сонсгох ажиллагааг хуульд заасан журмын явуулаагүйн улмаас бид Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын төв байгууллагаас ямар хариу ирүүлсэн уг хариу үндэслэлтэй эсэх талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй нь манай компанийн эрхийг хариуцагч санаатайгаар хууль бусаар хязгаарласан гэж үзэхээр байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/134 дугаар албан бичгээр Ашигт малтмал, Газрын тосны газрын дарга Х.Х-д хандаж кадастрын хэлтсийн даргын 540 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч ... Цөмийн энергийн комисс эсвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар санал өгөх боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хангалттай үндэслэл болохгүй ... , ... Тиймээс манай компанийн цацраг идэвх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дахин авч хэлэлцэхийг хичээнгүйлэн хүсэж байна ..." гомдол гаргасан.

Дээрх гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х хянаад 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/7621 тоот албан бичгээр ... геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буюу Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11-т "Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй", мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих" гэж заасны дагуу хянан шийдвэрлэж Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540, 541 дүгээр шийдвэрээр танай компанид цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болно ...

Иймд дээрх хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргасан Цөмийн энергийн тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан дагалдах материалыг эх хувиар нь 7 хоногийн дотор биечлэн ирж хүлээн авна уу ... " гэсэн хариуг ирүүлсэн учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг хууль бус тогтоож, Ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Цөмийн энергийн тухай хуулиар 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон цацраг идэвхт ордын 51 хувиас доошгүй хувийг төр эзэмшинэ гэсэн заалт байдаг. Тэгэхээр тухайн үед нэхэмжлэгч компанид хэд хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөл байсан. Энэ үед нэхэмжлэгч компанид төр тодорхой хувийг эзэмшвэл бүх хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь улсын хөрөнгөөр хийсэн ажилд тооцогдох гээд байсан. Мөн 51 хувь гэдэг өөр хувь яригдаж байсан учир үүнийг зөв биш. А.М ХХК нь өөрийн охин компани болох Б.Э ХХК-ийг цөмийн энергийн ашиглалтын үйл ажиллагаа явуулах компани болгоод М ХХК-тай хамтран байгуулсан учир зөв гэдэг утга санааг илэрхийлж хэлж байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг хууль бус болгох, ашигт малтмалын хайгуулын 011...  дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан.

Учир нь нэхэмжлэгч компанийн зүгээс Д аймаг У сум Д нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмалд хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу олж авсан. 2007 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Хайгуулын үйл ажиллагааны зардалд 32,362,4596.801 төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан. Ингээд хайгуулын үйл ажиллагааны үр дүн нь хайгуулын тусгай зөвшөөрөлд заагдсан хийсэн ашигт малтмалын нөөц байна гэж тогтоогдоод 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08/01 дугаартай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 09/15 тоот нөөцийн тооцоо бүхий тайланг гаргасан.

Уг тайлангуудыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хуралдаж энэ хайгуулыг К ХХК гүйцэтгэсэн байна гэсэн. Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл явуулсан. Үүнд маргаан байхгүй одоо хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах тухай яригдаж байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал нь хуульд заасны дагуу зөвхөн тухайн тусгай зөвшөөрлийн талбайд аж ахуйн тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээд нь ашиглалт хүсэх эрхтэй ба 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл дуусахаас 30 хоногийн өмнө Ашигт малтмалын газрын тосны газар руу ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2, 18 дугаар зүйлд заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газар судлаад шийдвэрлэх ёстой. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтээ гаргаад хүлээсэн хуулийн дагуу 6-12 сарын дотор шийдвэрлэх сүүлийн хугацаа нь 1 жилийн дотор шийдвэрлэх ёстой. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь энэ хугацааны дотор шийдвэрлэдэггүй.

Хоёрдугаарт, уг хугацааг хэтрүүлж асуудлыг шийдвэрлэхдээ Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу гурван байгууллагаас санал авах ёстой. Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал авах ажиллагаа явуулахад тусгайлсан саналгүй гэдэг хариу ирсэн. Иймд танайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг гэдэг хариу өгдөг. Энэ хариу нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26.3.1, 26.3.4 хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тус тус зөрчсөн байна. Хайгуулын үйл ажиллагаа явуулж их хэмжээний зардал гаргасан. Хуульд заасан хугацааны дотор хүсэлт гаргахад зөвхөн тодорхой саналгүй, Ашигт малтмалын газраас өөрөөс нь шаардсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчид мэдэгдэх ажиллагааг хийлгүй тодорхой хугацаа өнгөрсний дараа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн албан тоотоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал өгөх боломжгүй гэдэг хариу ирсэн. 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн албан тоотоор Тагнуулын ерөнхий газраас тусгайлсан саналгүй гэдэг хариу ирүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн албан тоотоор Цөмийн энергийн комиссоос Мэргэжлийн хяналтын санал болон Б.Э ХХК-ийн 2011 онд байгуулсан гэрээний биелэлтийг шаарддаг эдгээр зүйлүүдийг гаргаж өгөөгүй, манайд мэдэгдэлгүй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан асуудал яригддаг.

... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимтай холбоотой хууль ёсны итгэл хамгаалах зарчим мөн яригдана. Учир нь 32 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн байхад санал ирүүлсэнгүй, тусгайлсан санал байхгүй гэдгийг татгалзсан гэж үзнэ гэдэг байдлаар тайлбарлаж Г лицензийн талбай дээр А лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэж А лиценз олгохоос татгалзаж байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны итгэл хамгаалах зарчим хамгаалагдаагүй байна гэж харж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа заавал хийгдэх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуулт хариултын шатанд мэдэгдэх ажиллагааг яагаад хийгээгүй вэ гэхэд шаардлагагүй гэж үзсэн гэсэн. Захиргааны ерөнхий хуульд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хуулийн этгээдийг олж тодорхойлно. Гаргаж байгаа шийдвэрээс болж эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд бол тухайн этгээдэд хуульд заасан этгээдэд мэдэгдэнэ гэсэн ба сонсох ажиллагааг явуулна. Сонсох ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байна. Нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх бол явуулахгүй. Хариуцагч захиргааны байгууллагын А лиценз олгохоос татгалзаж байгаа үйл ажиллагаанд сонсох ажиллагаа явуулахгүй байх хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад ийм ажиллагаа хийгээгүй байна.

Өнөөдрийн шаардаж байгаа асуудал нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нөхцөл байдалд хамаарахгүй байхад тусгайлсан саналгүй, түдгэлзүүлэв гэдэг нөхцөлөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа асуудалд сонсох ажиллагаа явуулахгүй шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2/38 дугаартай албан бичгээр Цөмийн энергийн комиссоос ирүүлсэн албан бичгийн хариуг хүргүүлсэн гэж тайлбарласан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2/38 тоот албан бичиг нь Б.Э ХХК-аас К ХХК-тай хамааралгүй асуудлаар төрийн захиргааны байгууллага Б.Э ХХК хоёрын хооронд харилцсан харилцааг шүүгчийн асуудал болон өнөөдрийн татгалзсан маргаан бүхий 540 бүхий захиргааны акттай хамааралтай мэтээр тайлбарлаж байгаа шүүхийг төөрөгдүүлж байгаа нөхцөл юм. ... Цөмийн энергийн комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх заалтаар тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 15.1, 15.2.2 гээд 15.2.2 дахь хэсэгт манай хүссэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн асуудлыг Ашигт малтмал газрын тосны газар шийдвэрлэхдээ 6-12 сарын дотор шийдвэрлэнэ гэсэн. Энэ хуулийн хугацаа дууссан, бидэнд хариу өгөөгүй, энэ талаар хариу өгнө үү гэсэн утга бүхий албан бичгийг 7 сард өгөхөд 3, 4 сард Цөмийн энергийн газраас ирсэн албан бичгийг танилцуулаагүй. Энэ албан бичгүүд ирснээс 8-9 сарын дараа татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчиж байна. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.10 дахь хэсэгт заасан. Татгалзсан үндэслэлийг бичгээр мэдэгдэж хариу өгөх, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа үндэслэл нь тодорхой байгаа. Ашигт малтмалын тухай хуулиар татгалзах үндэслэл бүрдээгүй байхад татгалзсан асуудал байна.

Мөн хариуцагч захиргааны байгууллага 540 дугаартай захиргааны актыг гаргахдаа 2015 оны Ерөнхийлөгчийн 77 дугаар зарлигт заасан нөхцөлийг хэрэгжүүлээгүй байна. Энэ зарлигийн хоёр дахь заалтаар тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх асуудал байна. 3 дахь заалтаар Цөмийн энергийн тухай хуулийн 15.2.2 дахь хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч байгаа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан. Энэ хуралдаанаар хэлэлцүүлээд олгох боломжтой, боломжгүй асуудлыг Ашигт малтмал газрын тосны газар шийдвэрлэх ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь 4 цагийн дотор энэ шийдвэрийг гаргаж хаасан. 4 цагийн дотор энэ 3 байгууллагаас ирсэн саналыг үндэслэж хаагаад үүнээс 7, 8, 9 сарын хугацаа өнгөрсний дараа танайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг хариуг өгч байгаа нь хууль тогтоомж болон Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчсөн үйлдэл учир тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмал газрын тосны газраас Б.Э ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр К ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нөхцөл нь санал авах ажиллагаатай холбоотой. Өөр хуульд заасан талбай, байгаль орчин, нөөц зэрэг талаас хууль зөрчсөн зүйл байхгүй. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нэг зүйл нь Цөмийн энергийн тухай хуульд заасан эрх бүхий гурван байгууллагын санал авах тухай юм. Цөмийн энергийн цацраг идэвхт бодистой холбоотой тусгай зөвшөөрөл олгоход Тагнуулын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн газраас саналуудыг сонсох нь зөв гэдэг хуулийн санаа юм. Эдгээр байгууллагууд нь тусгай зөвшөөрөл олгох болон татгалзсан шийдвэр гарах шинжтэй биш санал өгөх хуулийн зохицуулалтай.

Санал авах ажиллагаа хийгдэхэд Тагнуулын ерөнхий газар нь тусгайлсан саналгүй гэдэг нь татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ашигт малтмалын газраас бичиг баримтын хувьд төрд 34 хувийг өгнө гэсэн бичиг нь хэлбэрийн шинжтэй хуульд заасан албан бичиг юм. Учир нь Цөмийн энергийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр нөөцийг тогтоосон газар нь улс 34-өөс доошгүй хувийг үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэж хуулийн заалттай. Энэ бичгээ К ХХК-иас гаргаж өгсөн. Ингэхдээ ашиглалтын лицензээ нэгэнт Монгол Улсын төртэй хамтарсан Б.Э ХХК шинээр байгуулагдаж тус компани дээр өмнөх хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалт болоод төрд 34 хувийг өгөөд эзэмшээд явж байгаа практик байгаа. Төр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанийн 34 хувийг эзэмшинэ гэдэг хуулийн заалттай. Түүнээс хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанийн 34 хувийг эзэмших талаар зохицуулалт байхгүй. Гэтэл нэхэмжлэгч компани нь тухайн үед ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч байх үед хэд хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан. Нэхэмжлэгч компанийн 34 хувийн тусгай зөвшөөрлийг төр авахад ашиглалтын тусгай зөвшөөрлөөс гадна хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших асуудал үүсдэг. Ингэхээр төр хайгуулын тусгай зөвшөөрлийн 34 хувийг эзэмшихэд хайгуулын зардлаас 34 хувийг хуваах уу гэдэг хуульд байхгүй нөхцөл үүссэн.

Иймд нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл авахдаа төртэй хэлэлцээр хийж  Б.Э ХХК тусгай зөвшөөрлийн ашиглалтыг гаргасан. Энэ нь Засгийн газрын хэмжээнд хуралдаж шийдсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага шууд зөвшөөрсөн шинжтэй харагдахгүй байна гэж ойлгосон уу хуульд нийцэхгүй байна гэсэн агуулга бүхий санал өгсөн. Гэхдээ тусгай зөвшөөрөл өгөхөөс татгалзсан гэсэн биш санал өгөх боломжгүй гэдэг хариу юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн бичгийн Ашигт малтмалын газар нь Захиргааны ерөнхий хуулийн үзэл санаагаар нэхэмжлэгчийн хүсэлтийн хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болохгүй гэсэн үүнийг та нар өөрчил гэдэг тайлбар, санал авах үйл ажиллагаа явах ёстой. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн албан бичгийг танилцуулаагүй байхад 9 сарын дараа татгалзсан гэдэг хариу гаргаж байгаа бол Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг зөрчиж байна. Цөмийн энергийн газар нь одоогоор санал авах ажиллагааг түдгэлзүүлэв гэсэн байгаа. Гэхдээ Ашигт малтмал, газрын тосны газраас нэмэлт баримт шаардсан байдаг. Өмнө нь Б.Э ХХК нь төртэй хамтраад ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Энэ тусгай зөвшөөрлийн орд ашиглалтын гэрээг харъя гэсэн зүйл байгаа ба тус компанид санал өгөхгүй, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан зүйл биш. Ашигт малтмал газрын тосны газар нь орд ашиглалтын гэрээг Цөмийн энергийн газарт гаргаж өгөх, мөн нэхэмжлэгч компанид ийм хариу ирсэн гэж хандах ажиллагаа хийгдэх ёстой байсан. Ашигт малтмал газрын тосны газар нь эргээд орд ашиглалтын гэрээний талаар албан хариу Цөмийн энергийн газар огт өгөөгүй. К ХХК-д ийм санал ирсэн талаар мэдэгдэлгүйгээр 9 сарын дараа санал өгөхөөс татгалзаж шийдвэрлэсэн хууль зөрчсөн. Бид төрд өгөх 34 хувийг зөвшөөрч байгаа. Тухайн байгууллагууд энэ асуудлаар татгалзсан хариу өгсөн, энэ асуудал дууссан гэсэн зүйл тогтогдоогүй.

Цөмийн энергийн тухай хуулиар Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар санал авна гэж заасан. Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар тус гурван чиг үүргийн байгууллагаас ямар байр суурьтай байгааг сонсоно гэдэг хуулийн заалт байгаа. Үүгээр тухайн байгууллага олгохгүй гэж татгалзсан байсан ч тусгай зөвшөөрөл олгохгүй гэдэг асуудал биш юм. Ашигт малтмал, газрын тосны газар өөрөө нөхцөл байдлыг тогтоосноор яагаад олгохгүй гэдгээ захиргааны акт гаргахдаа тодорхой үндэслэл нөхцөл байдлаа тодорхой бичиж тус шийдвэр хууль зүйн шаардлага хангасан эсэх асуудал яригдах ёстой.

Тэгэхэд Ашигт малтмалын газар тус хуулийг буруугаар ойлгоод санал одоогоор өгөх боломжгүй байна, түдгэлзүүлнэ гэдэг хариунуудыг дэмжив гэдэг санал биш учир олгохоос татгалзсан байна гэж хуульд байхгүй утга агуулгаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн олон жил олон тэрбум төгрөгийн хайгуул хийж яван үр дүн хөдөлмөрийг үгүй хийж шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн анх гарсан хуулийн үзэл санаатай зөрчилдөөд байна. Энэ цааш Монгол Улсын эдийн засагтай хөрөнгө оруулагчдын эрхийг хир хангадаг вэ гэдэг асуудалтай холбогдохоор байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудтай зөрчилдөж байна. Үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн байх бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудтай зөрчилдөж байна. Учир нь энэ байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэхдээ шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгсөн. Ямар нэг байдлаар олгохгүй байх хуульд заасан үндэслэл дээр өнөөдрийн хуралдаанаар нотлох баримт судлахад тогтоогдсонгүй. Хариуцагч захиргааны байгууллагаас хэлж байгаа татгалзсан үндэслэл нь холбогдох байгууллагуудаас санал өгөх боломжгүй гэдэг хариу ирсэн гэдгийг үндэслэл болгосон. Санал өгөх боломжгүй гэдэг албан бичгүүдийн үндэслэлийг харахад өөр баримт бичиг шаардсан шинжтэй, эсхүл доторх бичгийн агуулга нь Мэргэжлийн хяналтын байгууллагад холбогдох хуулийн заалттай нийцэхгүй байгаа гэсэн байр суурьтай нийцэхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн шинжтэй байгаа болохоос энэ байгууллагад тусгай зөвшөөрөл олгохоос татгалз гэдэг эцэслэн шийдвэрлэсэн зүйл харагддаггүй. Захиргааны ерөнхий хуулийн зарчмуудыг хангавал энэ байгууллагын хувьд ирсэн саналуудыг нэхэмжлэгч компанид мэдэгдэж, хэрэгтэй баримтуудыг гаргаж өг, 34 хувьтай холбоотой байр сууриа илэрхийл гэдэг ажиллагаа хийх ёстой байсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн мэдээлэл, мэдэх тайлбар өгөх эрхтэй холбоотой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэдэг дээр нотлох баримт цуглуулж талуудын байр суурийг сонсох үндсэн зарчмын зохицуулалтай зөрчилддөг. Мөн нотлох баримт цуглуулах тухай, оролцогчийг сонсох тухай, сонсох ажиллагаа явуулах тухай Захиргааны ерөнхий хуульд заасан үндсэн зарчим зохицуулалтыг зөрчиж байна. Нэг геологичид нь амаар хэлсэн гэж тайлбарладаг. Төрийн байгууллага өндөр үр дагавартай олон жилийн хөдөлмөр, хөрөнгө оруулалтай асуудлаар татгалзаж байгаа бол энэ асуудлыг амаар мэдэгдэхгүй, заавал бичгээр мэдэгдээд байр суурийг нь сонсож баримтжаад явах ёстой. Амаар мэдэгдсэн гэдгээ төрийн байгууллага нэг ч удаа нотлоогүй өөрсдөө энэ талаар бичгээр авахгүй гэж нөхцөл байдлыг гуйвуулж ярьж байгаад харамсаж байна. Гэтэл амаар харамсаад байсан уу гээд харахаар өмнө нь 10 дугаар сард ирсэн санал дээр бичгээр баримтуудыг ирүүл гэж хандаж байсан нь нотлогдож байгаа. Ингэхээр хариуцагчийн бидэнд мэдэгдсэн амаар хэлсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Ц.Б гэдэг мэргэжилтэн чиг үүргийнхээ хувьд энэ асуудлуудыг манайд мэдэгдээд холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэж, цаашилбал Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газраар улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдээд явах ёстой асуудлыг өөрөө Цөмийн энергийн газар хамааралгүй зүйл шаардсан байна. Мэргэжлийн хяналт газар татгалзсан байна гэж эрх хэмжээгээ хэтрүүлэн дүгнэж 4 цагийн дотор тус албан бичгийг биечлэн хаасан нь холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн ажиллагаа болсон.

Захиргааны ерөнхий хуульд Захиргааны шийдвэр гаргах тухай асуудал дээд 31 дүгээр зүйлд зөвлөгөө мэдээлэл өгөх тухай байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 31.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага шийдвэр гарахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй. 31.2 дахь хэсэгт оролцогчдоос гаргасан хүсэлттэй холбоотой ажиллагааны явцад дутуу, буруу бичигдсэн бол захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөөг өгөх үүрэгтэй гэсэн байгаа. Энэ асуудлаар нэхэмжлэгч компани мэдээлэл өгч мөн энэ асуудлаар зөвлөгөө өгөх үүргийг тус хуулийн 31 дүгээр зүйлээр хүлээлгэсэн байхад энэ асуудлаар нь асуудлыг дарж 3 сард ирсэн бичгийг 7 сард шаардаж байхад нь хариулахгүйгээр 9 сар хүртэл дарж байгаад 9 сард татгалзсан гэж хугацааг хэтрүүлж тайлбарлаж байгаа нь оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд заасан оролцогч баримт бичигтэй танилцах эрх буюу цаад байгууллагуудаас ирсэн бичиг баримттай танилцах мэдэх эрхийг мөн зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актыг бичгээр гаргахдаа 40.2.3 дахь хэсэгт захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах тухай шаардлагыг зөрчсөн байна.

Бодит нөхцөл байдал яагаад зөрчигдөж байгаа гэдгийг тайлбарласан хууль зүйн үндэслэлийг бичихгүйгээр зөвхөн байгууллагууд санал өгөхөөс татгалзсан гэдэг байгууллагуудын албан бичгийг буруу тайлбарлаж бичээд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь мөн хуулийн агуулгыг зөрчсөн шинжтэй байна. Энэ байгууллага нь 7 дугаар сарын 22-ны өдөр бид энэ талаар хариу аваагүй бидэнд мэдэгдээгүй, хуульд заасан хугацаа хэтэрсэн гэж байхад хариу өгөөгүй. Хуулийн хугацааг хэтрүүлсэн байдал нь давхар нотлогдож байна. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл олгоход хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учир төрд өгөх 34 хувийг зөвшөөрч байгаа гэдэг байр суурь эхнээсээ илэрхий байгаа тул тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэхэд хууль зөрчигдөх зүйл байхгүй гэдэг байр суурь байна. Хууль бус актын биелэлтийг түдгэлзүүлж дахин шийдвэрлэхээр шийдэл гаргах боломж мөн байсан. Нэхэмжлэгч олон жил үйл ажиллагаа явуулсан, хууль зөрчөөгүй байгууллагын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзах хуульд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учир энэ байгууллагын хуульд заасан эрх хэмжээг зөрчихгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5.. дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, К  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-011... тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Д аймгийн У сумын нутаг Д нэртэй 36528 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-011... тоот тусгай зөвшөөрлийг анх Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 7.. дүгээр шийдвэрээр Франц улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай "И.Э.Э.э ХХК-д олгосон байна.

Тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн хуулийн этгээдийн нэр А.М " ХХК болон улсын бүртгэлд өөрчлөгдсөн тул ашигт малтмалын хайгуулын XV-011... тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бүртгэсэн.

Уг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс тооцож, 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

А.М  ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг нэг компанийн нэр дээр буюу өөрийн охин компани болох К ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхээр 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 159/09, 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 160/09, 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2009/311 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Цөмийн энергийн газрын лицензийн тасгийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгожээ.

"К ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-011... тоот тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

Уг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 36528 гектар бүхий талбайгаас 18713.6 гектар талбайг Цөмийн энергийн газрын Цацраг идэвхт ашигт малтмалын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож шийдвэрлэжээ.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 589 дүгээр шийдвэрээр 17767,65 гектар талбай бүхий XV-011... тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 589 дүгээр шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

"К  ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2015/251 тоот, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2017/153 тоот албан бичгээр ирүүлсэн хайгуулын талбайг хэсэгчлэн буцаах хүсэлтийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 675 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-011... тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 17767.65 гектар хайгуулын талбайгаас 6762.70 гектар талбайг, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 507 дугаар шийдвэрээр үлдэж байгаа 11004.95 гектар хайгуулын талбайгаас 2955.24 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 8049.71 гектар талбайг XV-011... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэсний дагуу тус хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6/6716, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7/6115 тоот албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлжээ.

Тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн NM-025... дугаарт бүртгэгдсэн.

Өргөдлийг хянан үзээд Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газраас тус тус албан бичгээр санал авсан байна.

Цөмийн энергийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/218 тоот албан бичгээр ... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал болон Ашигт малтмал, газрын тосны газраас "Б.Э ХХК-тай 2016 онд байгуулсан "Орд ашиглах гэрээ-ний биелэлтийг гаргах шаардлагатай гэсэн үндэслэлээр санал өгөх боломжгүй гэж үзэн түдгэлзүүлэв." гэсэн хариу ирүүлсэн байна.

Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/154 тоот албан бичгээр " ... "Д нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхэд манай зүгээс тусгайлсан саналгүй болно гэсэн хариу ирүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/718 тоот албан бичгээр Дээрх талбайд ашиглах тусгай зөвшөөрөл "Б.Э ХХК-д олгогдсон тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан нөхцөлийг зөвшөөрсөн "К” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэр нь Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр 24.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул санал өгөх боломжгүй байна" гэсэн хариу ирүүлсэн байна.

Иймд К ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: А.М ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг нэг компанийн нэр дээр буюу өөрийн охин компани болох К  ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхээр 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 159/09, 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 160/09, 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2009/311 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Цөмийн энергийн газрын лицензийн тасгийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгосон. К  ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 11921 тоот тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг. Уг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 36528 гектар бүхий талбайгаас 18713 гектар талбайг Цөмийн энергийн газрын цацраг идэвхт ашигт малтмалын хэлтсийн Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож шийдвэрлэсэн. Мөн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 589 дүгээр шийдвэрээр 17767 гектар талбай бүхий 119.. тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 589 дүгээр шийдвэрээр 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн К  ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/251 тоот, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2017/153 тоот албан бичгээр ирүүлсэн хайгуулын талбайг хэсэгчлэн буцах хүсэлтийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 119.. тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 17765 гектар хайгуулын талбайгаас 6762 гектар талбайг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 507 дугаар шийдвэрээр үлдэж байгаа 1104 гектар талбайгаас 2955 гектар талбайг бүртгэж үлдэж байгаа 8049 гектар талбайг 119.. тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад ирүүлсний дагуу тус хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 6/6716, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 7/6115 тоот албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн. Тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж, Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн НМ-25805 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянаж үзээд Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газраас тус тус ирүүлсэн албан бичгээр санал авсан. Цөмийн энергийн комиссын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/218 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал болон Ашигт малтмал газрын тосны газраас Б.Э ХХК-аас 2016 онд байгуулсан орд ашиглах гэрээний биелэлтийг гаргах шаардлагатай гэсэн үндэслэлээр санал өгөх боломжгүй гэж үзэн түдгэлзүүлнэ үү гэсэн хариу ирүүлсэн. Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01/154 тоот албан бичгээр дулаан нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэхэд манай зүгээс тусгайлсан саналгүй болно гэсэн хариу ирүүлсэн. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01/718 тоот албан бичгээр дээрх талбайд ашиглах тусгай зөвшөөрөл Б.Э ХХК-д олгогдсон тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан нөхцөлийг зөвшөөрсөн К ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар шийдвэр нь Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байгаа тул санал өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг нь улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34 хувиас доошгүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 15.2.1, 15.2.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг худалдах, бэлэглэх, зарцуулах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр 24.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул санал өгөх боломжгүй гэдэг хариуг тус тус ирүүлсэн байгаа.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нэхэмжлэгч К ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 540 дүгээр шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.10 дахь хэсгийг үндэслэн Д аймгийн У сумын нутагт орших Д нэртэй цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан байгууллагаас санал авахад Тагнуулын төв байгууллагаас тусгайлсан саналгүй, Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал өгөх боломжгүй гэх албан бичиг ирүүлсэн тул К  ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ[2].

Нэхэмжлэгч Д аймгийн У сумын нутаг Д нэртэй 36528 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаартай тусгай зөвшөөрлийг анх Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 749 дүгээр шийдвэрээр Франц улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай И.Э.Э.э ХХК-д олгогдсон байна.

Дээрх тусгай зөвшөөрлийг эзэмшигч И.Э.Э.э ХХК нь хуулийн этгээдийн хувьд А.М  ХХК болсон бөгөөд тус компаниас гаргасан хүсэлтийг үндэслэн Цөмийн энергийн газрын лицензийн тасгийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр талбайд ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч К  ХХК-д шинэчлэн бүртгэжээ[3].

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 589 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-011... дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан байна[4].

Нэхэмжлэгч К  ХХК-иас 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т[5] тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т[6] заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст гаргасан байх бөгөөд уг өргөдөл нь кадастрын өргөдлийн бүртгэлийн NM-025... дугаарт бүртгэгджээ[7].

Уг өргөдлийн бүртгэлийн тодорхойлолтод К  ээс (аас) тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны (ний) өдрийн 14 цаг 6 мин-д бүртгэн үйлчилгээний хөлсөнд 1 000 000.000 / 689.66 төгрөг / ам доллар/ төлсөн баримтыг хүлээн авав.

Өргөдөл бүртгэгдсэнээс хойш ажлын 30 хоногийн дотор өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи мэдэгдлээ авна уу гэжээ.

Дээрх өргөдлийг маргаан бүхий захиргааны актаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйл. Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа, 26.3. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ: гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох журам, 18.8....энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна. гэж заасан хуулийг заалтыг үндэслэн хариуцагч нь маргааны бүхий захиргааны актыг гаргахдаа Тагнуулын Ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/154 дүгээр албан бичиг, Цөмийн энергийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тэмдэглэл, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/718 дугаар албан бичиг зэргийг үндэслэл болгожээ.

Тагнуулын Ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/154 дүгээр албан бичигт Д аймгийн У сумын нутагт орших XV-011... дугаартай К  ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Д нэртэй талбайд цацраг идэвхт ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл үүссэн өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхэд манай зүгээс тусгайлсан саналгүй болно.[8], Цөмийн энергийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тэмдэглэлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал болон Ашигт малтмал, газрын тосны газраас Б.Э ХХК-тай 2016 онд байгуулсан Орд ашиглах гэрээ-ний биелэлтийг гаргах шаардлагтай гэсэн үндэслэлээр Д аймгийн У сумын нутагт орших Д нэртэй цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай К  ХХК-ийн хүсэлтэд санал өгөх боломжгүй гэж үзэн түдгэлзүүлэв.[9], Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/718 дугаар албан бичигт ... Дээрх талбайд ашиглах тусгай зөвшөөрөл Б.Э ХХК-д олгогдсон тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан нөхцлийг зөвшөөрсөн К  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэр нь Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул санал өгөх боломжгүй байна.[10] гэжээ.

Дээрх албан бичгүүд болон хуралдааны тэмдэглэл зэргийн агуулгаас үзвэл, хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь заалтын дагуу холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Цөмийн энергийн комиссоос ирүүлсэн албан бичиг, тэмдэглэл зэрэг нь санал өгсөн шинжтэй биш байх бөгөөд харин санал өгөхтэй холбоотойгоор тодруулгын шинжтэй байхад өргөдөл гаргагчаас албан бичиг, тэмдэглэлд дурдсан зүйлүүдийг тодруулж, тухайн байгууллагуудад хүргүүлж, саналыг дахин авалгүйгээр санал өгөхөөс татгалзсан гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 05 дугаар 19-ний өдрийн Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тухай 77 дугаар зарлигаар Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан журмыг баталжээ[11].

Уг зарлигийн 3-т Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх, мөн газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж байхыг төрийн холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 77 дугаар зарлигийн дээрх заалтын агуулгаас үзвэл Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөлтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх журамтай байна.

Маргаан бүхий тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь журмын дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан хууль болон журмын заалтуудыг зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг холбогдох хууль болон журамд заасны дагуу дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч К ХХК-иас хариуцагчид гаргасан Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлэх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 540 дүгээр шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 


 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 25-26 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 36 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 84-85 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 81 дүгээр хуудас

[5] 15.2.2.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;

[6] 24.1.Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 51 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 44 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 42-43 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 45 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 143-144 дүгээр хуудас