Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1250

 

 

  2022         08          23                                    2022/ШЦТ/1250

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ж.Бүрэнжаргал,

Хохирогч Ц.Ц-,

Шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О овогт О-ийн Б- холбогдох эрүүгийн 2206 01450 1951  дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.........” ХХК-ийн ёслол үйлчилгээний албанд ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Жамсран уулын өвөр 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, О овогт О-ийн Б-.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 0 дугаар гудамжны 0 тоотод иргэн Ц.Ц-тэй “манай найзад 2 хоног архи уулгасан байна” гэж маргалдаж улмаар түүний нүүр тус газарт нь гараараа цохиж, хоншоор яс, хамар яс, хамрын таславчийн далд хугарал, мурийлт, зүүн нүдний зовхи, хамар, дээд, доод уруулд цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б- мэдүүлэхдээ: “...Би ажлаасаа тараад гэртээ ирэхэд архи дарс уугаад угаасан хивсэн дээр гишгэсэн байсан. Би ууж байсан архийг аваад “гэр эзгүйчлээд байна наадхаа өөр газар очиж уу гэхэд“ юун сүртэй юм бэ угаасан хивс дээр чинь гишгээ л биз” гэсэн. Манай эгч гаднаас орж ирээд хөөгөөд гарга гэхэд эгчийг түлхээд унагаасан. Манай эгч бие давхар байсан болохоор би “чи яагаад жирэмсэн хүн түлхээд унагаачхаж байгаа юм бэ” гэхэд намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд маргалдсан. Ийм явдал болсон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ц- мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би ажилгүй, ажил амарсан байсан. О.Б-ын найзтай хамт дэлгүүр ороод ундаа авах замдаа хальт таарсан. Тэрэнтэй жаахан юм ууж байгаад гэрээсээ буцаад гарч явсан. Тэр найз нь өөрөө “хоёулаа манай найз руу очоод сайхан хоол хийлгүүлж идье” гэхээр нь “танай найз чинь ааш зан нь гайгүй юу ямархуу хүн бэ зүгээр биз дээ” гэхэд “зүгээр наадах нь ааш зан сайн” гээд байхаар нь такси бариад би таксины мөнгийг нь төлөөд О.Б-ын гадаа ирсэн. Хашаа дотор нь ороод намайг “чи энд зогсож бай“ гээд дээд талын гэр лүү нь орсон тэнд нь олон хүүхэд байсан учир би жаахан санаа зовоод байсан. “Чи тэр доод талын гэр лүү ороод суугаад байж бай” гэхээр нь би ороод суугаад байж байхад О.Б-ын найз болох залуу, О.Б- хоёр хамтдаа орж ирэхэд би О.Б-тай “сайн байна уу” гээд мэндлээд О.Б-ын найзад нь архи хийж өгөхөд О.Б- гэнэт Батбаярыг “чи яагаад хоёр хоног ууж яваад байгаа юм бэ гээд” аймар загнаад байсан. Би хажуугаас “чи буруу ойлгоод байна. Би энэ залуутай хоёр хоног ууж яваагүй. Архи авч өгсөн юм” гэхэд “чи одоо архидуулдаг хэн бэ” гээд шууд хамар луу цохиод авсан. Хажуу толгой руу хэд хэдэн удаа цохихоор нь би гэрээс нь зугтаж гарсан. О.Б- араас хөөгөөд гүйсэн. Би хашаанаас гараад худгийн хажууд зогсоод утас цэнэгтэй байхаар нь 102 дугаар луу залгасан. Тэгээд цагдаа ирэхэд О.Б- “би наад залууг чинь танихгүй огт зодоогүй” гэсэн. Би уг нь цагдаагийн хажууд “энэ залуу намайг зодсон” гэж хэлсэн. Тэгээд байж байгаад сүүлд Прокурор дээр намайг дуудахад О.Б-тай хоёр дахь удаагаа уулзсан...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Ц-ийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, гэрч Э.Батбаярын өгсөн мэдүүлэг /хх-15-16/, шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32-33/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3881 дугаартай дүгнэлт /хх-20-21/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/, шүүгдэгчийн хохирол төлсөн талаар шинээр гаргаж өгсөн 28 хуудас баримт, шүүгдэгч О.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 0 дугаар гудамжны 0 тоотод иргэн Ц.Ц-тэй “манай найзад 2 хоног архи уулгасан байна” гэж маргалдаж улмаар түүний нүүр тус газарт нь гараараа цохиж, хоншоор яс, хамар яс, хамрын таславчийн далд хугарал, мурийлт, зүүн нүдний зовхи, хамар, дээд, доод уруулд цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ц-ийн өгсөн: “...ороод сууж байтал нөгөө залуутай цуг найз нь бололтой бас нэг үл таних хүн орж ирсэн. Тэгээд тэр залуу орж ирээд” чи одоо манай найзыг 2 хоног архидуулдаг хэн бэ гээд над руу уурлаад байхаар нь чи юу яриад байгаа юм бэ, бид хоёр танилцаад зүгээр уугаад явж байна, танай найз чинь өөрөө ууя гээд намайг дагуулж ирсэн гэсэн чинь чи манай найзыг уулгадаг хэн бэ гээд цохиод авсан. ...Тэгээд би зугтаж гараад худгийн хажууд зогсож байгаад цагдаа дуудсан. ...Миний толгой, хамар, ам, нүүрний зүүн тал, баруун талын эрүү хэсэг рүү олон удаа цохисон. О.Б- намайг ганцаараа зодсон. Эмчилгээний зардал нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх-12-13/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Батбаярын өгсөн: “...Тэгээд гэрт нь очоод байж байтал манай найз О.Б- орж ирсэн. О.Б-ыг орж ирэхэд нөгөө залуу чинь хивсэн дээр нь гуталтайгаа явж байсан болохоор манай найз уурлаад гэрээс хөөгөөд барилцаад авсан. ...О.Б- нөгөө залууг чирээд гарсан. Гадаа л нэг юм болсон байсан. Удалгүй цагдаа орж ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн. ...О.Б- тэр залуутай гадаа зодолдоод байсан, би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-15-16/,

 

Шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би нөгөө үл таних залуутай би маргалдаад гарах гэсэн гарахгүй байсан тэгээд намайг цохихоор нь эргүүлээд би нүүр лүү цохисон.Тэгсэн чинь хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг/хх-32-33/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3881 дугаартай:

1. Ц.Ц-ийн биед хоншоор яс, хамар яс, хамрын таславчийн далд хугарал, мурийлт, зүүн нүдний зовхи, хамар, дээд, доод уруулд цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-20-21/,

 

          Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/,

          Шүүгдэгчийн хохирол төлсөн талаар шинээр гаргаж өгсөн 28 хуудас баримт,

          Шүүгдэгч О.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.

 

  Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч О.Б- нь хохирогч Ц.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч О.Б-ын 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 0 дугаар гудамжны 0 тоотод иргэн Ц.Ц-тэй “манай найзад 2 хоног архи уулгасан байна” гэж маргалдаж улмаар түүний нүүр тус газарт нь гараараа цохиж, хоншоор яс, хамар яс, хамрын таславчийн далд хугарал, мурийлт, зүүн нүдний зовхи, хамар, дээд, доод уруулд цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч О.Б-аас 2.050.000 төгрөгийг гаргуулж Ц.Ц-т олгохоор шийдвэрлэлээ.

 

Мөн хохирогч Ц.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

          Шүүгдэгч О.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О овогт О-ийн Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б-аас 2.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч  Ц.Ц- олгосугай.

 

6. Хохирогч Ц.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, О.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС