Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1251

 

                   

   /2022        08          23                                  2022/ШЦТ/1251

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч Т.П-,

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Л-гийн Б-т холбогдох эрүүгийн 2006 03635 2056 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар АА88011839, Б овогт Л-гийн Б-.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Л.Б- нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мотел” нэртэй зочид буудалд иргэн Т.П-гийн эзэмшлийн картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, картаас нь 2,000,000 төгрөгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б- мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...” гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.П- мэдүүлэхдээ: “... Хохирлыг дансаар төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-15/, хохирогч Т.П-н өгсөн мэдүүлэг /хх-18/, гэрч Н.Оюунбадрахын өгсөн  мэдүүлэг /хх-25/, “Хаан” банкны 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 50/3602 дугаартай албан бичиг /хх-28-31/, гэрч О.Жаргалтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-42/, шүүгдэгч Л.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Л.Б- нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мотел” нэртэй зочид буудалд иргэн Т.П-гийн эзэмшлийн картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, картаас нь 2,000,000 төгрөгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.П-н өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цагаан өнгөтэй, 2 давхар зочид буудалд хуурай дүү Н.Оюунбадрахын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд бид хоёр уг буудалд үйлчлүүлж архи ууж байгаад Н.Оюунбадрах яваад өгсөн. Би ганцаараа уг буудалд хоносон. Маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өглөө сэрээд байж байтал хажуу өрөөнд эхнэр, нөхөр, хоёр гурван хүүхдийнхээ хамт үйлчлүүлж байсан. Тэр хүмүүс хүүхдүүддээ хоол авч өгөх мөнгөгүй гэхээр нь би хүүхдүүд нь дэлгүүрээс хүнс авч өгсөн ба уг тооцоог картаараа хийсэн. Тэр үед миний Хаан банкны виза картын пин кодыг хүүхэд нь мэдсэн. Мөн би тухайн үед согтуу байх үедээ ээжид нь пин кодоо хэлсэн байх. Сайн санахгүй байна. Тэгээд тэрнээс хойш 30 минутын дараа би буудлын өрөөнд орж амарсан. Унтаад сэрэхэд миний Хаан банкны виза карт, нокиа гар утас алга болсон байсан. Би дансаа шалгуулахад миний данснаас 4.800.000 төгрөгийн гүйлгээ зарлага гарсан байсан... Би тухайн үед “Хаан” банкны картаа алдахдаа манай хүү Амраа 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэж бодож байгаад өнөөдөр 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр үлдэгдлээ шалгаад хүүтэйгээ холбогдоход манай хүү 2.000.000 төгрөгийг шилжүүлээгүй байсан. Иймд надад нийт 2.277.300 төгрөгийн хохирол учирсан байна..” гэх мэдүүлэг /хх-18-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Оюунбадрахын өгсөн: “...Тэр өглөө гэр лүүгээ явсан. 11 цагийн үед 208 өрөөнд буцаж ирсэн чинь өрөөндөө байгаагүй 203 өрөөнд орсон байсан. Ороход нэг шил архинаас нэг стаканыг уухад Т.П- ах яв гээд гэртээ очсон. Орой 18 цагийн үед буудлын үйлчлэгч ярьж Т.П- ах чинь виза карт, утсаа алдсан гэж ярьсан. Удалгүй очиход Т.П- гуай мөнгөө алдсан гэж хэлэхэд хэн авсан гэж асуухад 203 өрөөнд байсан эрэгтэй, эмэгтэй хүн авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-24-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Жаргалтуяагийн өгсөн: “...Нөхөр бид 2 хамт гараад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо шинэ замын уулзвар дээр байх Хаан банкны АТМ-ээс Хаан банкны картыг нь хийж 200.000 төгрөг авсан чинь манай нөхөр үлдэгдэл мөнгө байна уу? гэж асуусан юм. Тэгснээ утсаар яриадахъя гэж байснаа бүгдийг нь аваад ир гэж байна гээд надаар үлдсэн 1.800.000 төгрөгийг авхуулсан. Л.Б- өөрөө картаас мөнгө авч чаддаггүй учраас намайг дагуулаад явсан” гэх мэдүүлэг /хх-42/,

“Хаан” банкны 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 50/3602 дугаартай албан бичиг /хх-28-31/,

Шүүгдэгч Л.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Л.Б-ийн 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мотел” нэртэй зочид буудалд иргэн Т.П-гийн эзэмшлийн картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, картаас нь 2,000,000 төгрөгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Л.Б- нь хохирогч Т.П-д учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Л.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хохирлыг төлсөн зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Л.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Л-гийн Б-ийг “ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Л.Б- нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Б-т тайлбарласугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС