Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1278

 

                                            

  2022        08          29                                  2022/ШЦТ/1278

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А- овогт Э-гийн Э-д холбогдох эрүүгийн 2206 00000 1913 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24-609 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УД98040711, А- овогт Э-гийн Э-. 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Э.Э- нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, “Давсны булаг” нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа, тус дэлгүүрт худалдагч ажилтай иргэн Д.Б-ийн эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг лангуун дээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Б-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э- мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл /хх-4/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн мөрдөгч, офицер С.Алтанширээгийн илтгэх хуудас /хх-5/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-11/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-35/, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-36-38/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-39/, шүүгдэгч Э.Э-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг хх-27-28/, Э.Э-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, шүүгдэгч  Э.Э-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Э.Э- нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, “Давсны булаг” нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа, тус дэлгүүрт худалдагч ажилтай иргэн Д.Б-ийн эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг лангуун дээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Б-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжпэгч Д.Б-ийн өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Давсны булаг” хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлаа хийж байхад өдөр 13 цагийн орчим манай дэлгүүрт 20 гаран насны 2 эрэгтэй хүн орж ирсэн, надаас 1 ширхэг “Хамаг монгол” гэдэг нэртэй 0.75 граммын архи, 2 ширхэг бэлэн гоймон худалдаж аваад мөнгийг өгсөн. Би уг хоёр хүнд архийг нь авч өгчихөөд дэлгүүрийн лангууны ард шалан дээр байсан ууттай хогнуудыг хамж аваад арын өрөөнд оруулж тавиад буцаад гараад иртэл уг хоёр хүн яваад өгсөн. Уг хоёр хүнийг явсанаа дараа би гар утсаа хартал миний гар утас байхгүй болсон байсан болохоор дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзтэл хар хувцастай эрэгтэй хүн миний гар утсыг лангууны ар талын хананы тавиур дээрээс аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-11/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Э-ы яллагдагчаар өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай хуурай эгч Алтангэрэл намайг “дэлгүүр ороод архи аваад ир” гэхээр нь би хуурай дүү Билгүүний хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцсээс хойшоо яваад байдаг “Давсны булаг" гэдэг нэртэй дэлгүүрт 11 цагийн орчим ороод “Монгол” нэртэй архи 1 ширхэгийг мөнгийг нь өгч авсан ба 2 ширхэг бэлэн гоймон мөнгийг нь өгөөд авсан. Тухайн дэлгүүрийн худалдагч гоймон авах гээд цаашаа явах хооронд би дэлгүүрийн лангууны цаана, гоймонгийн тавиур дээр байсан цэнхэр өнгөтэй Самсунг А-32 маркийн гар утас байсныг нь би нууцаар хулгайлж авсан. Тэгээд би дэлгүүрээс гарсан...Надад мөнгөний хэрэгцээ гарсан байсан. Тэгээд авсан. ...Би дэлгүүрээс хулгайлж авсан гар утсаа “Теди” төв дээр очоод танихгүй эрэгтэй хүнд 250.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь үрээд дуусгасан. ...Би айлын том хүүхэд, доороо 5 дүүтэй, манай 5 дүү асрамжийн газар байгаа. Манай аав ээж хоёр 1 жилийн өмнө нас барсан. Тэгээд би тодорхой гэр оронгүй болохоор найз нөхдийндөө хоноглож явж байгаад халаас ухдаг болсон. Би хулгай хийж эхлээд нээх удалгүй баригдсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

 

Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл /хх-4/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн мөрдөгч, офицер С.Алтанширээгийн илтгэх хуудас /хх-5/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-35/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-36-38/,

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-39/,

Шүүгдэгч  Э.Э-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Э-ы 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, “Давсны булаг” нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа, тус дэлгүүрт худалдагч ажилтай иргэн Д.Б-ийн эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг лангуун дээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Б-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж дүгнэлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, заасны дагуу шүүгдэгч Э.Э- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

           

Шүүгдэгч Э.Э- нь хохирогч Д.Б-т учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд хохирогч Д.Б-ийн хохирол төлбөр болох 600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч Э.Э-ы хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс ял шийтгэл оногдууллаа.

 

            Шүүхээс шүүгдэгч Э.Э-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Мөн урьд шүүгдэгч Э.Э- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн..ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Э.Э-д энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-ы 2022 оны 8 дугаар сарын 3-ны  өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А- овогт Э-гийн Э-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Э-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-ы цагдан хоригдсон 26 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-аас 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-т олгосугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

 9. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

           10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС