Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2022/1244/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1279 |
Огноо | 2022-08-29 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1279
2022 08 29 2022/ШЦТ/1279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогч В.Н-,
Шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Оын Г-ад холбогдох эрүүгийн 2106 02483 1578 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Түүх, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баян дөхөмийн 0-р гудамж, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000, Б овогт Оын Г-.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г- мэдүүлэхдээ: ”...2021 оны 7 дугаар сарын 29-ний орой бүрий болохоос өмнөхөн гэгээтэй байсан. Ажил тарж байсан ажил дээр манай хадам ах бэр эгч 2 ирсэн. Тэгээд дөрвүүлээ ажлаа дуусаад хоол идсэний дараа нэг нэг пиво уусан. Манай ажлын байр гэр хоёрын хооронд иргэн В.Н-гийн гэр байдаг. Тэгээд ажлаас гараад гэр рүү явахаар болсон. Ах эгч 2 дэлгүүр орчихоод очъё, явж бай гэсэн. Гэртээ харих гээд явж байсан. В.Н- хашааныхаа гадаа зогсож байсан. Ажлын байраа эндээс нүүлгэх гэж байгаа талаараа хэлэхээр очсон. 4-5 метрийн зайтай байсан байх дөхөөд очтол газар тэрийж унаад “хүн аллаа” гээд орилоод байсан. Тэр үед яасан айхтар жүжигчин хүн бэ гэж бодсон. Тэгээд босож ирээд маргалдсан нь бол үнэн. Миний уур хүрсэн шалтгаан нь над руу нулимсан. Тухайн үед гэрч байгаагүй. Тийм л маргаан болсон. Маргалдаад байж байхад ах эгч хоёр ирээд ингэж болохгүй гээд аваад явсан. ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Н- мэдүүлэхдээ: “Гомдолтой байна. намайг ингэж зодчихоод “би зодоогүй” гээд зогсож байдаг. Мөнгө бодож ингэж байдаг Намайг гэрт орж ирээд хөгшин хүнийг элэгдэж унагааж зодчихоод би зодоогүй ээ гээд зогсож байгаад гомдолтой байна. Би эхлээд мөнгө төгрөг нэхээгүй. Шөнөжингөө сүрдүүлж дарамталсан. Ийм байж болохгүй. Би бас бизнес хийх гээд байна гээд байгаа ээжээсээ хөгшин хүнийг зодчихоод би зодоогүй гээд байгаад гомдолтой байна. Энэ авгайг хүйс тэмтэрнэ гээд 2-3 хүн зэрэг орж ирсэн. Бүгд мал болтлоо согтчихсон сүр сар гэж орж ирээд намайг унагаагаад өшиглөөд зодсон. Манайд бүтэн өнчин хүү амьдардаг тэр орж ирээд хүүе ээ ээжийг яаж байна аа гээд болиулсан. Эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Мөнгө бол яах уу өнөөдөр 50 гарчхаад хүнд ингэж зодуулсандаа л маш их гомдолтой байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-15/, хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Н-гийн өгсөн мэдүүлэг /хх-23/, гэрч Э.Нэмэхбаярын өгсөн мэдүүлэг/хх-36/, гэрч Б.Амаржаргалын өгсөн мэдүүлэг /хх-38/, гэрч О.Олзбаярын өгсөн мэдүүлэг /хх-40-42/, гэрч В.Майтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-80/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 6902 дугаартай дүгнэлт /хх-45-46/, шинжээч О.Нансалмаагийн өгсөн мэдүүлэг /хх-58-59/, шүүгдэгч О.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-66, 83/, О.Г-ын хувийн байдалтай холбоотой баримт /хх-70-74/, холбогдогчоос авсан мэдүүлэг /хх-18/, хохирол төлбөртэй холбоотой баримт /хх-88-89/, О.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 74/, шүүхэд шинээр гарган өгсөн 1 хуудас лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Г- нь согтуурсан үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн В.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгой болон нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Н-гийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 216 тоотод байрлах хашааныхаа гадна гараад зогсож байхад хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй согтуу явж харагдсан, тэгсэн О.Г- гэх нэртэй залуу “Нараа авгай миний амьдралаар тоглосон, миний амьдралыг хүйс тэмтэрсэн, би ална” гэж хэлэхээр нь айгаад хашаа руугаа буцаж орсон. Тэгсэн миний араас О.Г- орж ирээд намайг элэгдэж унагасан...Намайг О.Г- нь элэгдэж унагаагаад босож ирсний дараа миний зүүн талын нуруу, бөөр хэсэгт өшиглөсөн, мөн хүзүүнээс багалзуурдаж, баруун талын чих рүү 2 удаа шанаадсан. Энэ үед би мөн адил газар унасан байсан. Намайг нийт 3 удаа элэгдэж унагаасан...Намайг хашаан дотроо зодуулж байхыг манай дүү .. Майтуяа хараад хашаанаас гарч орилсон...О.Г- нь манай гэрийн хажууд бетоны үйлдвэр байгуулсан байгаа, энэ үйлдвэр нь 24 цаг ажилладаг, байнга элс, цемент бужигнаж, агаар бохирддог, үйлдвэрийн техник нь маш их дуутай, үүнээс болоод тэр хэсгийн 10 гаруй оршин суугчид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, үйлдвэрийг нь зогсоосон боловч дахиад өөр газарт нүүлгээд ажиллуулж байгаа...Тархи доргилт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун өвдөгт цус хуралт, хүзүүнд үүссэн зулгаралт зэргийг О.Г- надад учруулсан гэх мэдүүлэг /хх-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нэмэхбаярын өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр үдээс хойш Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлд байдаг дүү О.Г-ын бетоны үйлдвэрт эхнэр Ууганболорын хамт очсон. Тэнд ажилчид нь ажлаа хийгээд, О.Г-, эхнэр Амаржаргалын хамт байсан. О.Г-, Амаржаргал, манай эхнэр Ууганболор, бид дөрөв, хүний нэг нэг 1 лааз пиво уусан, О.Г- 2 лааз уусан байх, би эхнэрийн хамт дэлгүүр орчхоод ирэхэд Г- нь надаас 7-8 метрийн зайтай нөгөө В.Н- гэх эмэгтэйн хашааных нь үүдэнд очиж юм ярихаар явсан. О.Г- В.Н-гийн хашааны үүдэнд очиход В.Н- нь өөрөө орилоод хашаа руугаа ороод үүдний хэсэгтээ шороон дээр өнхрөөд өгсөн. Тэгэхээр нь би О.Г-ыг боль боль гэж хэлээд авч гарсан...гэх мэдүүлэг /хх-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амаржаргалын өгсөн: “...Ах Э.Нэмэхбаяр нь О.Г-ыг дагуулаад гарсан, тэнд зодоон болоогүй, хэрэлдсэн. Манай үйлдвэрийг хаалгана гэхээр нь танд ямар хамаатай юм гээд, бид нар угаасаа нүүх гэж байгаа талаараа хэлээд явсан...гэх мэдүүлэг /хх-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Олзбаярын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баяндөхөм ХХК-д ажлаа хийж байхад 16 цагийн үед О.Г-, эхнэр Амараа нарын хамт архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байдалтай явж байсан. Тэгтэл манай тэнд байдаг В.Н- эгчтэй маргалдаад байх шиг байсан. Таньдаг хүмүүс маргалдаад байхаар нь очиж салгаад О.Г- ахыг хамт явж байсан хүмүүстэй нь салгаад ажил руу нь оруулж өгсөн...Намайг очиход В.Н- эгчийн үс нь арзайсан байсан. Ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан. Намайг очсоноос хойш тэнд зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Майтуяагийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байх сайн санахгүй байна. Би Дарханаас В.Н- эгчийн барьж байсан барилга дээр ажилчдын хоол хийж өгөх гээд Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад ирсэн байсан. Өдөр 11 цагийн орчим би хоол хийгээд байж байтал хашаан дотор хүн хашхирах чимээ гарсан. Би гадагш гараад хартал О.Г- гэж дуудсан байх нэг эрэгтэй В.Н- эгчтэй маргалдаад толгой, хөл, гуя хэсэгт нь цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-80/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 6902 дугаартай:
1.В.Н-гийн биед тархи доргилт, баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-45-46/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч О.Нансалмаагаас авсан тэмдэглэл: “...Үзүүлэгч В.Н-гийн биед учирсан тархи доргилт, баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун шуу, баруун өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-58-59/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын мөнгөө төлж барагдуулна. Хохирлын мөнгө төлж барагдуулах гэсэн боловч В.Н- нь өөрөө утсаа огт авахгүй, уулзах гээд очих гэхээр өөдөөс орилж чарлаад байсан болохоор төлж барагдуулаагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-83/
О.Г-ын хувийн байдалтай холбоотой баримт /хх-70-74/, хохирол төлбөртэй холбоотой баримт /хх-88-89/,
Шүүгдэгч О.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-74/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч О.Г-ын согтуурсан үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн В.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгой болон нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогч В.Н- нь гэм хорын хохирол 210.500 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Г-аас 210.500 төгрөгийг гаргуулж хохирогч В.Н-д олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч В.Н- нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч О.Г-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Г- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Оын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г- нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч В.Н- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Г- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл О.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС