| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1259/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1285 |
| Огноо | 2022-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1285
2022 08 31 2022/ШЦТ/1285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Хохирогч Г.А-,
Шүүгдэгч Д.Л-, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Хатагин ургийн Доржсүрэнгийн Л-д холбогдох эрүүгийн 2206 02464 2190 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ........ ХХК-нд менежерээр ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 мянгат, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогтой Д-ийн Л-
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Л- нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 0 дугаар хэсэг 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л- мэдүүлэхдээ: ”...Бид хоёр 11 сартай нэг хүүтэй. Цохиж зодсон зүйл байхгүй. Бид 2 барьцалдаж аваад түлхсэн чинь хөнгөн гэмтэл учирсан. Энэ хэргийн болсон шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа үүссэн учраас ийм зүйл болсон. Гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А- мэдүүлэхдээ: “...2022 оны 5 сарын 17-нд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зүйл огт байхгүй. Тэр үед хүүхдээ үзүүлээд буцаж явах замдаа хүмүүсийн хажууд намайг маш муухайгаар хэлсэн “чамаас шээс үнэртээд байна” гэж. Тэгээд урд нь гараад алхсан намайг хөөе гөлөг минь гэж дуудсан. Тэгээд өглөө нь босоод би жоохон уурласан. Маргалдаад намайг 3 хоногийн дотор яваарай гээд гэрээс хөөсөн. Тэр үед эмээ маань нас барсан байсан учраас явж чадаагүй. Тэгсэн гэртээ эргэж ирээд яваагүй байгаа юм уу чи гээд дахиад хөөж зодсон. Тэгээд ах маань ирээд намайг аваад явсан... гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.А-ын өгсөн мэдүүлэг /хх-24-25/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 7390 дугаартай дүгнэлт /хх-19-20/, Д.Л-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Л- нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 0 дугаар хэсэг 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А-ын өгсөн: “....2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гараараа миний толгойн баруун хажуу хэсэгт нэг удаа алгадахад нь би нэг удаа түлхээд хүүхэд уйлахад нь би хүүхдээ тэврээд сууж байсан чинь хэрүүл хийгээд миний зүүн гар хэсэгт гараараа нэг удаа цохиод, гэрийн буланд шахаж байгаад хөлөөрөө миний хөл, гуя, өгдөг, хэсэгт 4-5 удаа өшиглөөд байсан, би утсаа авах гэж жижиг өрөө рүү ороход утас булааж аваад толгой хэсэгт цохиод намайг барьж аваад ор луу өргөөд шидсэн..." гэх мэдүүлэг /хх-24-25/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 7390 дугаартай дүгнэлтэд:
1. Г.А-ын биед бугалга, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-19-20/
Шүүгдэгч Д.Л-гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Д.Л- нь хохирогч Г.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч Д.Л-г 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 0 дугаар хэсэг 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Г.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэвч хохирогч Г.А- нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүхээс шүүгдэгч Д.Л-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Л- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогтой Д-ийн Л-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Л-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Л- нь шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Л- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.А- нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Л- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС