Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1289

 

 

   2022          09         02                                    2022/ШЦТ/1289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Оюунбат,

Хохирогч Л.И-,

Шүүгдэгч О.Н- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт О-ийн Н-т холбогдох эрүүгийн 2206 02317 1966 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Алтангадас одонгоор шагнагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 444 дүгээр Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаар хх00000000, Б овогт О-ийн Н-.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Н- нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 1 дүгээр давхрын амбулаторийн өрөөний үүдэнд үйлчлүүлж байсан, иргэн Л.И-г оочир дайрсан асуудалд “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.И-гийн нүүрэн тус газрын зүүн шанаа орчимд нь нэг удаа цохиж, биед нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсэгт дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н- мэдүүлэхдээ: “...Тухайн үйл явдал болсноос хойш сарын дараа над руу ярьсан. Тэгэхэд нь “та нар камерын бичлэгтэй  танилцсан уу хохирогч бас  намайг хоёр удаа цохисон. Гадаа байсан хүмүүсээс гэрчээр асуусан уу” гээд асуусан. Асуугаагүй байсан. манай охин бас гэрч Япон явчихсан учраас гэрчээр орох боломжгүй байна. Манай охин уг нь хамгийн эхний оочир байсан. Тэнд оочирлож байсан хоёр эмэгтэй мэдэж байсан. Тэр хоёр эмэгтэй ч энэ залууд хэлсэн. Тухайн үед оочирын маргаан юунаас болсон хэн түрүүлж цохисон. Хэн нь түрүүлж хараалын үгээр дайрсан гэдгийг тэнд байсан хүмүүсээс гэрчээр ерөөсөө асуугаагүй байна лээ. Хохирогч нь хойноос сүүлд ирээд хаалга дараад “оочир дайрлаа гээд чи яах гээд байгаа юм пизда минь” гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь миний  уур хүрээд цээж рүү нь түлхэхэд намайг хоёр удаа цохиод хойшоо болсон. Тэгээд би уурандаа очоод нэг цохисон. Хохирогч бөгсөөрөө газар унасан. Би дээрээс нь нэмж цохиж энэ тэр ерөөсөө янз бүр болоогүй. Тэгээд хүмүүс “болиоч ээ та нар” гэхээр нь би энэ залууд “өө муу гөлөг минь хоёулаа гараад учраа олъё” гэж хэлсэн. Би гөлөг гэж хэлснээ бол хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ намайг түрүүлээд “пизда минь” гэж хэлсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.И- мэдүүлэхдээ: “...Би тэнд очоод оочирлож байсан. Тэнд олон хүн оочирлож байхад гаднаас Н- орж ирээд “би тариулахгүй” гээд шууд орсон. Тэгээд хэсэг байж байснаа толгойгоо гаргаад охиноо дуудсан. Тэгээд гарч ирэхээр нь оочир дайрлаа гээд маргалдсан. Намайг цээж рүү хоёр гараараа түлхсэн тэгээд барьцалдаад ноцолдсон. Миний чихэвч нүдний шил унасан. Хүмүүс нүдний шил, чихэвч чинь тэр байна гээд цуглуулж өгөөд байж байтал бид хоёрыг салгасан залууг давж ирээд цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд байж бай гэтэл “зав алга гөлөг минь” гээд шууд гараад явсан. Цагдаад руу ярихад “ирж байна” гээд бинаад хүн чинь хөдлөөд явчихлаагэсэн урдаас нь тосоод зогсооно гэсэн таарсангүй ээ гээд ирсэн. Тухайн үед үзүүлээд бариачид бариулсан. Бариач баримт гаргаж  өгөх боломжгүй  учир баримт өгөөгүй. Баримтаар нэхэмжилсэн 130.000 төгрөгөө нэхэмжилж байна. Тухайн үед уучлаарай гээд уучлал гуйсан бол ингэж цагдаа шүүх гэж  явахгүй байх байсан.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-6/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-7/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-8-9/, хохирогч Л.И-гийн өгсөн мэдүүлэг /хх-13-16/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 6245 дугаартай дүгнэлт /хх-25-26/, гэрч М.Ламжавын өгсөн мэдүүлэг /хх-21-22/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди, О.Н-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36/, О.Намжинбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-40/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Н- нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 1 дүгээр давхрын амбулаторийн өрөөний үүдэнд үйлчлүүлж байсан, иргэн Л.И-г оочир дайрсан асуудалд “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.И-гийн нүүрэн тус газрын зүүн шанаа орчимд нь нэг удаа цохиж, биед нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсэгт дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.И-гийн өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторид вакцин хийлгэхээр оочирлож байсан бөгөөд нэг залуу урдуур дайрч ороод би тариа хийлгэхгүй гээд шууд явж орсон бөгөөд, удалгүй дахин нэг охиныг дуудаж оруулсан, тэгэхээр нь дарааллаараа зогсож байсан хүмүүс бухимдсан бөгөөд би уг хүнд хандаж, оочирлож орооч гэхэд “чамд ямар хамаатай юм бэ? гөлөг минь, би охиноо оруулж байна” гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би уг хүнийг түлхсэн бөгөөд миний нүдний шил, чихэвч хоёр газар унаад хажууд байсан хүмүүс авч өгч байтал уг залуу баруун гараараа миний зүүн шанаа хэсэг /шүд рүү/ рүү цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би уг залууг мэдэхгүй, би цохиогүй, харин ноцолдож зууралдсан. Хэрэв тэр хүнд гэмтэл байсан бол цагдаа нарыг ирэхэд зугтаад явалгүй, хүлээж байгаад асуудлаа шийдүүлэх байсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, толгойны имрайны зураг авахуулсан 130,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-13-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ламжавын өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Халдварт өвчин судлалын үндэсний төвд зодоон болоод байна гэсний дагуу очиход Л.И- гэх залуу оочир дарааллын улмаас үл таних хүн зодчихоод явсан, машиных нь дугаарыг утсан дээр авсан гэсэн. Тэгээд 25-88 УЕА улсын дугаартай, хар өнгийн Лексус ар икс-450 маркийн машин байсан тул шүүж үзэхэд О-ийн Н- гэсэн нэр гарсан тул 99111130 гэсэн дугаар луу нь залгахад “надад тийм дугаартай машин байхгүй" гээд утсаа тасалсан. Гомдол гаргасан хүний дээд уруулын дотор хэсэг нь язарчихсан байсан бөгөөд гомдолтой гэсэн учраас Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү явуулсан...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 6245 дугаартай дүгнэлтэд:

1.2. Л.И-гийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсэгт дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-25-26/,

 

Иргэн Л.И-гөөс цагдаагийн байгууллагад гаргасан “...2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үл таних хүнд цохиулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол /хх-2/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Н-ын яллагдагчаар: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, санал хүсэлт байхгүй намайг түрүүлж, хэл амаар доромжилж хариуд нь нэг удаа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тэр залуу цагдаад дуудлага өгсөн гэж байсан. Миний хувьд тухайн үед ажилтай байсан учраас яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

  

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-6/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-8/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-9/,

Хохирлын баримт /хх-10/,

Шүүгдэгч О.Намжинбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.Н-ын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 1 дүгээр давхрын амбулаторийн өрөөний үүдэнд үйлчлүүлж байсан, иргэн Л.И-г оочир дайрсан асуудалд “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.И-гийн нүүрэн тус газрын зүүн шанаа орчимд нь нэг удаа цохиж, биед нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсэгт дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрх байдлаар шүүгдэгч О.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогч Л.И- нь гэм хорын хохирол 130.000 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Н-аас 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.И-д олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч Л.И- нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Намжинбаатарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч О.Н- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-ийн Н-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Намжинбаатар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Н-аас 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.И-д олгосугай.

 

6. Хохирогч Л.И- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Н- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС