Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 817

 

107/2018/0072/Э

 

 

 

 

 

2019          8             13                                             2019/ДШМ/817

 

Л.И холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Бүрэнжаргал,

хохирогч Э.Дэлгэрмаа,

шүүгдэгч Л.И ,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.И ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201601070222 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овгийн Л-ийн И, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

Л.И  нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Л.Мөнхбатад цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийхдээ түүний нарийн гэдсийг хагалгааны багажаар түлсний улмаас хагалгааны дараа нарийн гэдэс цоорч, хэвлийн хөндийн тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орсны улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Л.И холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.И ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Л.И ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасч, нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.И оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Л.И  нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Л.И оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг тэнсэж, нэг /1/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.И оногдуулсан эмчлэх эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хугацааг тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Л.И холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Л.И  давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын комисс томилогдон дүгнэлт гаргасан боловч хэрэг шийдэгдэх учиг зангилаа болох гэдэсний цооролтын шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаагүй таамагласан, эргэлзсэн шинж чанартай дүгнэлт гаргасан. Мөн хагалгааны үед авагдсан гэдэсний хэсэгт эдийн шинжилгээ хийсэн эмгэг судлаач эмч Бүжидмаа нь нарийн гэдэсний цооролтыг бэхжүүлж, макро шинжилгээ хийж цооролтын шалтгааныг тогтоолгүй микро буюу эсийн шинжилгээ хийж үрэвсэл гэсэн нь гэмтлээс бус шархлаа байгаад цоорсон байх магадлалыг ихэсгэж байна. Бүжидмаа эмчийн мэдүүлэгт гэдэсний цооролтыг олоогүй бөгөөд үрэвсэлтэй гэдэс байсан гэх нь намайг шийтгэх үндэслэл болохгүй юм.

Учир нь, би тухайн хагалгааг хийхдээ гэмтэл ихээхэн учруулдаг шууд хэвлийг хатгаж хийлж дурандах аргыг хэрэглэлгүй Наззоп техник буюу хэвлийн хөндийг эхлэн жижиг 1 см зүслэгээр нээж түүгээр хэвлийг хийлж дурандаж хагалгааг хийдэг аргыг хэрэглэсэн. Хагалгааны үед хэвлийн хөндийг дурангаар шалгахад ямар нэгэн гэмтэлгүй хагалгаа дуусахад гарсан хүндрэл үгүй байсан. Түүнийг хагалгаа хийхэд тусалсан эмч нар гэрчилнэ. Мөн тухай үед цуг хагалгаа хийхэд тусалсан эмч нарыг гэрчээр байцаахын оронд хагалгаатай ямар ч хамааралгүй хажууд байлцаагүй оролцоогүй надтай ажил албан тушаалын маргаантай байсан дарга удирдлагуудыг гэрчээр байцаан эсрэг мэдүүлэг авч байсан.

Хэрэг хянаж байсан анхны прокурор Гэрэлбадрах зөв үнэлэлт дүгнэлт өгч хэрэг хэрэгсэхгүй болгосон боловч хохирогч, хөндлөнгийн ятгалгаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаж дахин хэлэлцэгдэж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгт холбогдолгүй гэж цагаатгах тогтоол гаргаж, цагаатгаж байхад прокурорын зүгээс эсэргүүцэл бичиж хэлэлцэгдэж өдийг хүрлээ.

Удаа дараагийн шинжээч нарын дүгнэлт бүрэн төгс, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт болж чадаагүй бөгөөд таамагласан, эргэлзээтэй, шинж чанартай байгаа нь тайлбар, мэдүүлгүүдээс харагдахаас гадна гэрчийн мэдүүлэг, ялангуяа гэрч Бүжидмаа, Отгонбаяр нарын мэдүүлэг зэрэг нь гэмтэж цоорсоныг нотлохоос илүүтэй, үрэвсэлт өвчний улмаас гэдэс цоорсон байх магадлалыг харуулж байна. Иймд нарийн гэдэсний үрэвсэлт шархлаа өвчин байгаад цоорсон байсныг бүр эсрэгээр эргүүлэн намайг хагалгаа хийж байхдаа халуун багажаар түлж цоолсон гэж хажууд нь хараад зогсож байсан мэт тайлбарлан яллах дүгнэлт үйлдсэнд туйлын харамсалтай тул энэхүү хэргийг хянан шалгаж иргэн миний эрх ашгийг хамгаалж, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Э.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх надад өмгөөлөгч авах хэрэггүй, энэ хэрэг ойлгомжтой гэсэн. Энэ эмч муу санаж ийм үйлдэл хийгээгүй байх. Миний бие 3 хүүхэдтэй, бага нь 7 настай, хэцүү байна. 6,000,000 төгрөгийг буяны ажилд зарцуулсан зардал, хүүхдийн төлбөрт өгөөд дууссан. “...Нэхэмжлэх зүйлгүй, И  эмч миний нөхрийн үхлийн шалтгаанд буруугүй гэж ойлгож байна. Иймд шүүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй...” гэж бичиж өгсөн. ...” гэв.

 

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.И ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 нэг жилийн хорих ял оногдуулж, эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Л.И ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Л.И  нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Л.Мөнхбатад цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийхдээ түүний нарийн гэдсийг гэмтээсний улмаас хагалгааны дараа нарийн гэдэс цоорч, хэвлийн хөндийн тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орсны улмаас өвчтөн нас барсан болох нь:

 

хохирогч Э.Дэлгэрмаагийн “...Миний нөхөр Мөнхбатын цөс нь 2016 оны 8 дугаар сарын 10-наас эхлэн өвдсөн. Багануур дүүргийн эмнэлэгт цөс гэж оношлогдоод цөсний чулууг авах мэс засалд орсон. 8 дугаар сарын 15-ны өдөр 11 цагт мэс засалд орж, 16 цагт мэс заслын өрөөнөөс гарсан. Наалданги ихтэй тул салгах гэж удлаа гэж эмч И  хэлсэн. 17-ны шөнийн 01 цагт бие нь муудсан гэж И  эмч дуудаад 03 цагт 1 дүгээр төв эмнэлэгт хүргэгдэж 07 цагт очсон. Тэр өдрөө мэс засалд ороход И  эмчийг авч орсон. Хагалгаанаас Амгалан эмч гарч ирээд гэдэс нь цоорсон байна, тэр хэсгийг тайраад цэвэрлэгээ хийчихлээ, сэхээний өрөөнд оруулна гэсэн. 2016 оны 8 дугаар сарын 18-ны өглөө эмч “нуруунд нь үхжилт явагдсан байна” гэж дахин хагалгаанд орсон. Эрчимт эмчилгээ хийж эхэлсэн боловч 18-наас 19-нд шилжих шөнө нас барсан. ...” /1 хх 13, 213/,

гэрч С.Баатар-Уулын “...2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр жижүүр хүлээж авахад мэс заслын эмч И  дурангаар цөс авахуулах хагалгаа хийлгэсэн биеийн байдал дунд, зовиур шаналгаа багатай, амин үзүүлэлт тогтвортой өвчтөн Мөнхбатыг хүлээлгэж өгсөн. 22 цагийн үед тасгаар үзлэг хийхэд Мөнхбат тайван унтаж байсан. Үзлэгээр даралт, зүрхний цохилт, амин үзүүлэлт хэвийн байсан. 17-ны 01 цагт өвчтөн Мөнхбат гэдэс дүүрч цанхайна, доош юм гарахгүй, гуурсны хажуугаар шар шүүс гарч зовиурласан байсан. Цөс аваад үлдсэн хэсэг дээр нь хавчаар тавьсан байж болзошгүй гэсэн онош тавиад И  эмчид мэдэгдэхэд 01 цаг 10 минутад ирээд өөрөө үзэж “Нэгдүгээр төв эмнэлэгт яаралтай шилжүүлье.” гэсэн шийдвэр гаргасан. Өвчтөнд цусны шинжилгээ хийлгэхэд 02 цаг 41 минутад хариуг авахад үрэвслийн шинж байхгүй байсан. ...” /1 хх 229-230/,

гэрч Л.Амгалангийн “...Д.Мөнхбатын биеийн байдал хүнд, шокийн байдалтай хагалгааны дараах хэвлийн хөндийн түгээмэл үрэвсэлтэй ирсэн. Хагалгаа хийхэд нарийн гэдэс цоорсон байсан. ...” /1 хх 21/ гэх,

гэрч С.Отгонбаярын “...Талийгаач Д.Мөнхбат нь хүнд хордлогын байдалтай ирсэн. Хордлогын байдал гэдэг нь шингэн эрдэс дутсан, ам нь хуурайшиж омголтсон байсан. Хагалгааны дараах хэвлийн гялтантас “хэвлийн гялтан хальсны үрэвсэл” гэсэн онош тавьж, хагалгаа хийж хэвлийг нээхэд бага зэргийн сул шингэнтэй, нарийн гэдэс нэг газарт 0,5 см онгойсон байдалтай байсан. Хэдийд цоорсоныг мэдэхгүй...” /1 хх 24/,

гэрч С.Гэрэлцэцэгийн “...2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасагт Д.Мөнхбат цөсний чулуу авахуулах хагалгаанд төлөвлөгөөт байдлаар төлөвлөгдөж байгаад хагалгаанд орсон. Хагалгааг мэс заслын эмч И , Батзаяа нар хийсэн. Мэс заслын дараах хүндрэл, халдвар оношоор Улаанбаатар хот руу хүргэгдэж Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Манай эмнэлэгт хоёр хоносон, Улаанбаатар хотод 1 хоносон. Уг хагалгаан дээр мэс заслын эмч И ын мэдлэг дутагдсанаас болж, хүндрэл гарсан харамсалтай тохиолдол гэж үзэж байна. Манай эмнэлэг 2 дугаар шатлалын эмнэлэг болохоор эмч нараа мэргэшүүлж, хагалгааг хийх боломжтой ямар нэгэн зөвшөөрөл, эрх авах шаардлагагүй. 2016 оны 8 дугаар сард Солонгос улсаас мэс заслын эмч нар ирж дурангийн мэс заслын хагалгааг 4 хүнд хийсэн. Тэр үед манай эмч И , Батзаяа, Шинэбаяр нар цуг орж байсан. Тэгээд уг дурангийн хагалгааны багажийг манай эмнэлэгт бэлэглэсэн. Талийгаач Мөнхбатад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч И , Батзаяа, Шинэбаяр нар нь анх удаа дурангийн мэс заслыг хийсэн. ...” /1 хх 18, 19/,

гэрч Б.Лхагвадоржийн “...Талийгаач Мөнхбат ээлжийн амралттай байсан. Тэгээд цөсний чулуу авахуулах хагалгаа хийлгэх гэж эмнэлэгт хэвтсэн гэдгийг мэдсэн. Хагалгаанд ороод маргааш нь бие нь муудан хот руу явах гэж байгаа гэдгийг сонссон. Улаанбаатар хотод очоод тэр шөнөдөө бүр их муудсан гэж эхнэр Дэлгэрмаа нь утсаар ярьсан. Хагалгааны хүндрэлээс болж нас барсан гэж сонссон. ...” /1 хх 31/,

гэрч Ц.Бүжидмаагийн “...Талийгаач Мөнхбат олон эрхтний дутагдлаар нас барсан. Эмгэг судлалын шинжилгээг хийхэд талийгаач Мөнхбатын нарийн гэдэсний дунд хэсэгт хөндлөнгөөр залгасан мэс заслын оёдол бүтэн залгаастай байсан. Миний ойлголтоор шарх байгаад цоорсон байж магадгүй. ...” /1 хх 25/ гэх мэдүүлгүүд,

 

Улсын нэгдсэн төв эмнэлгийн мэс заслын тэмдэглэл, эмгэг судлалын шинжилгээний “...2016 оны 8 дугаар сарын 17-ны 14 цаг 10 минутад яаралтай журмаар мэс засал эхэлсэн, нарийн гэдэсний дунд хэсэгт 0,3x0,3 гэдэс цоорсон, баас гарч байсан, цоорсон гэдсийг тайрч, дунд У залгалт хийсэн. ...” /1 хх 164,168/ гэх тэмдэглэл,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн шинжилгээний 1316 дугаартай “...Д.Мөнхбатын цөсний хүүдийг авах дурангийн мэс засал хийхдээ цөсний хүүдийг хэвлийгээс гаргах үед цөсний хүүдий цоорч агууламж нь хэвлийн хөндийд асгарснаас цөсний гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл үүсч улмаар нарийн гэдэс цоорч хүндрэн үжил болж олон эрхтний дутагдлаар нас барсан байна. Талийгаач Мөнхбатын биед ямар нэгэн гэмтэл, шарх тогтоогдохгүй байна. И  эмч техникийн алдаа гаргасан байна. Энэ нь эмчийн дадлага туршлага дутсантай холбоотой техникийн алдаа болно. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. ...” /1 хх 46/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаартай “...Талийгаач Мөнхбатын нарийн гэдэс гэмтсэний улмаас хэвлийн хөндийн баасан гялтантас үүсч нас баржээ. Талийгаач Мөнхбатад эмчлэгч эмч И , жижүүр эмч Баатар-Уул нарын онош тавьсан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн үзлэг, шинжилгээгээр хагалгааны заалт хараахан гараагүй байжээ. Дурангийн аргаар цөсний хүүдий авах хагалгааны үед нарийн гэдэс цоорох магадлал бага. Харин түлэгдэж хайрагдсан нарийн гэдэсний хана хагалгааны дараах эрт үед цоорсон байж болно. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2-р шатлалын эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй учир дурангийн мэс заслыг хийнэ. Цөсний хүүдийг дурангаар авах мэс заслын үед техникийн алдаа гаргаж нарийн гэдсийг гэмтээсэн байна. ...” /1 хх 250/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1025 дугаартай “...2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаартай шинжээчдийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Д.Мөнхбат нь нарийн гэдэс гэмтэж цоорсны улмаас хэвлийн хөндийд тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орсноос нас баржээ. Эмч И , Баатар-Уул нар дурангийн мэс засал хийхдээ эмчилгээ үйлчилгээний стандарт, дүрэм заавар зөрчөөгүй байна. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2 дугаар шатлалын эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй учир дурангийн мэс засал хийнэ. 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1316 дугаар дүгнэлт үндэслэлгүй байна. 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслын үед нарийн гэдсийг багажаар түлж хайрснаас болж гэдэс цоорсон байх боломжтой байна. ...” /3 хх 112/ гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд,

шинжээч Ц.Ганболдын “...Би 53 дугаартай дүгнэлт гаргахад оролцсон. 1316 дугаартай дүгнэлтийн цөсний агууламж асгарснаас үрэвсэл үүссэн гэсэн дүгнэлттэй санал нийлээгүй. Цөс асгарснаас нарийн гэдэс цоорохгүй. Харин цөсний гаралтай үрэвсэл үүсдэг. Харин эмч И ыг техникийн алдаа гаргасан гэдэг дүгнэлттэй санал давхацсан, зохих ёсоор эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байсан. Хүндрэл гарах үед оношлоход төвөгтэй. Цаг хугацаа алдаагүй, дурангийн хагалгааны стандарт гэж байхгүй. ...” /2 хх 4-5, 3 хх 76/ гэх,

шинжээч С.Эрдэнийн “...Би 53 дугаартай дүгнэлт гаргахад оролцсон. Өвчний түүхээс харахад хүндрэлийн шинж тэмдэг 2016 оны 8 дугаар сарын 17-ныг хүртэл илрээгүй байсан. Эмч И , Баатар-Уул нарыг цаг хугацаа алдаж тусламж үзүүлсэн гэх юм уу, зохих ёсоор тусламж үзүүлээгүй гэж үзэхгүй. Цөсний хүүдий цоорч агууламж асгарснаас болж нарийн гэдэс цоорох боломжгүй. ...” /2 хх 9/ гэх,

шинжээч Д.Долгормаагийн “...Би 1025 дугаартай дүгнэлт гаргахад оролцсон. Талийгаачид хийгдсэн цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслын үед гэдсийг багажаар түлж хайрснаас болж үүссэн байх боломжтой. ...” /3 хх 164/ гэх,

шинжээч Б.Ариунзулын “...Цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслын үед нарийн гэдсийг түлж хайрснаас болж гэдэс цоорсон байх боломжтой байна. Хагалгааны үед гэдэс цоороогүй бөгөөд хагалгааны дараа үхжил үүсэж цоорсон байна. Үүний улмаас хэвлийн хөндийд идээт үрэвсэл үүсэж дахин мэс засал хийгдсэн. Хэвлийн гялтангийн үрэвслийн шинж тэмдэг маш бүдэг явагдаж байсан тул оношилгоо бага зэрэг оройтсон байна. ...” /3 хх 168/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Л.И  нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Л.Мөнхбатад цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийх явцдаа түүний нарийн гэдсийг гэмтээсний улмаас хагалгааны дараа нарийн гэдэс нь цоорч, хэвлийн хөндийн тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орсны улмаас өвчтөн нас баржээ. Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.И ын “өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасан “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн 106.2 дахь хэсэгт заасан “...эмч өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ ...зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулсан хэмээн дүгнэсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хууль болон сүүлд батлагдсан 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгийг харьцуулан үзэхэд, 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх ба Л.И ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн ...хуулийг буцаан хэрэглэхгүй...” заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.  

 

Шүүгдэгч Л.И  “...нарийн гэдэсний үрэвсэлт шархлаа өвчин байгаад цоорсон байсныг бүр эсрэгээр эргүүлэн намайг хагалгаа хийж байхдаа халуун багажаар түлж цоолсон гэж хажууд нь хараад зогсож байсан мэт тайлбарлан яллах дүгнэлт үйлдсэнд туйлын харамсалтай тул энэхүү хэргийг хянан шалгаж иргэн миний эрх ашгийг хамгаалж, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Нарийн гэдэсний үрэвсэлт шархлаа өвчнөөр нас барсан талаарх шүүгдэгч Л.И ын мэдүүлэг хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдоогүй төдийгүй  Л.И ын цөсний хүүдий авах мэс заслын үед өвчтөний нарийн гэдсийг хагалгааны багажаар гэмтээж, уг гэмтлээс шууд шалтгаантайгаар өвчтөн нас барсан үйлдэл нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр нотлон тогтоогдож байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин 2015 оны Эрүүгийн хуулиар тэнсэх эрүүгийн хариуцлагад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавих болсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын Л.И ын тэнсэгдэж, хянан харгалзагдсан хугацаанд хяналт тавихыг “Цагдаагийн байгууллагад даалгасугай” гэснийг, мөн эрх хасах ялын хугацааг тоолох заалтыг буруу хэрэглэсэн байгааг тус тус зөвтгөн энэ талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Цагдаагийн байгууллагад даалгасугай...” гэснийг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэж,

 

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.И ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ