Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0445

 

 

 

 

 

 

 

 

 Б.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн Б.М-д холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/**, 13/** дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 125/ШШ2024/0023 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Х

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 125/2023/0019/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн Б.М-д холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/**, 13/** дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 125/ШШ2024/0023 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Б нар давж заалдах гомдолдоо:

“...Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт хамаарал бүхий хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл:

Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1,6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд зохигчид энэ талаар харилцан мэтгэлцсэн. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар буюу 2020, 2021 оны газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй гэж үзсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал нь нэхэмжлэгчийг 2019-2023 оны татвараа төлөөгүй гэж маргадаг бөгөөд анхны хариу тайлбартаа 2019 онд 1129 төгрөг, 2020 онд 2258 төгрөг дутуу төлсөн, 2021 онд 258.530 төгрөг, 2022 онд 683.280 төгрөг, 2023 онд 1.999.085 төгрөг төлөөгүй гэж байсан боловч дараах байдлаар өөрчилж тодруулсан. Үүнд 2019 онд 256.272 төгрөг, 2020 онд 256.272 төгрөг, 2021 онд 258.530 төгрөг, 2022 онд 640.680 төгрөг, 2023 онд 640.680 төгрөг төлөөгүй гэсэн.

Нэхэмжлэгч талын зүгээс 2019 онд 240.000 төгрөгийг банканд Б.М-ийн нэрээр төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд харин 2020 онд уг нь бас банкин дээр очиж төлбөр төлж байсан санагдаж байгаа боловч баримтыг нь өөртөө хадгалж авч үлдээгүй тул гаргаж өгч чадахгүй байна. Харин гэхдээ 2020 2021, 2022, 2023 оны газрын төлбөр төлөх талаар Ховд аймгийн Газрын албан дээр удаа дараа очиход нэхэмжлэх үүсгээгүй байх тул төлж чадаагүй талаар тайлбарласан.

Анхан шатны шүүх 2022, 2023 оны татварын төлөлтийн талаар шийдвэртээ дүгнэхдээ “... газрын кадастрын нэгдсэн системд 2022 оны ногдуулалт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 640.680 төгрөг, 2023 оны ногдуулалт 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 640.680 төгрөг тус тус бүртгэгдсэн ч 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл үүсгэсэн төлөвтэй байна... Газрын албанаас газрын төлбөрийн ногдуулалт хийсэн ч нэхэмжлэл үүсгээгүй байсан тул Татварын албанаас нэхэмжлэгчид мэдээлэл хүргэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн.

Гэтэл 2020, 2021 оны газрын татварын нэхэмжлэл, ногдуулалтыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр үүсгэсэн байгаа нь гэрч Ховд аймгийн татварын хэлтсийн мэргэжилтэн Б.М, гэрч Б.Б, мөн Ховд аймгийн Татварын албаны 2024 оны 4 дүгээр сарын албан бичиг, Б.М-ийн 9943**** дугаарын утсанд Татварын албанаас явуулсан мессеж зэргээр тогтоогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх “2019 онд газрын шинэчлэгдсэн дүнгээр газрын төлбөрөө төлсөн атлаа 2020, 2021 онуудад газрын төлбөрийн ногдуулалт хийгдээгүй, төлбөрийн хэмжээг мэдээгүйгээс төлөх боломжгүй байсан гэдгийг хүлээн авах боломжгүй байсан гэснийг хүлээн авах боломжгүй” гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь нэхэмжлэлийн дугаараа үүсгэсний дараа л татвар төлөх боломжтой талаар талууд огт маргаагүй, 2020 оноос хойш нэхэмжлэхийн дугаараар л заавал татвар төлдөг болсон байхад өөр яах байсан юм бол оо. Удаа дараа Газрын алба тээд энэ талаар уулзаж байсан бөгөөд энэ талаараа мэргэжилтэн байсан Б.Т-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн боловч тухайн хүн өөрөө гэрчээр асуугдахгүй гэж албан бичиг ирүүлсэн.

Сонсгох ажиллагааг хийгээгүй талаар: Сонсгох ажиллагааг заавал хийх ёстой байсан бөгөөд аливаа эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж санал тайлбар гаргах боломжоор хангах үүрэгтэй. Энэ үүргээ нэг ч биелүүлээгүй талаар мэтгэлцсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр утсаар ярьсан тэмдэглэл байгаа бөгөөд тухайн тэмдэглэлд Газрын хууль тогтоомж зөрчсөн газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа туг тус газрыг хүчингүй болгох захирамж гарч байгаа...” талаар мэдэгдсэн байгаа бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрийн хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд дээрх сонсох ажиллагааг хууль журмын дагуу явагдсан сонсох ажиллагаа гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй буюу сонсох ажиллагааны талаар нэг ч шийдвэртээ тусгаагүйд гомдолтой байна. Хэрвээ сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийсэн бол нэхэмжлэгч нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх буюу санал гаргах, тайлбар хэлэх бүрэн боломжтой байсан.

Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 125/ШШ2024/0023 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ** дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Бугат багийн Бадарчийн Маринад Цамбагарав баг Ойн бүсэд ойжуулалт нөхөн сэргээх зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

          3. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар “...Газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, ...Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон хавсралтад нэр дурдсан 36 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож”, хавсралтын 23-д нэхэмжлэгч Б.М-ийн ойжуулалт, нөхөн сэргээлт, жимс жимсгэнэ тариалах 16000 м.кв талбай бүхий газар багтсан байна.

          4. Анх нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/**, 13/** дугаар тогтоолуудын Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

          5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж буй үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж, газар эзэмших гэрээг дүгнэн, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулж, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 02-32-04/102/** дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр “…өөрийн эзэмшлийн газрын хашаа хамгаалалтыг сайжруулсан, ойжуулах, нөхөн сэргээх зориулалтаар тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1 дэх заалтыг хангаж байна” гэжээ.

          6. 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрүүдийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт”-аар гэрээ дүгнүүлээгүй, тайлан ирүүлээгүй, мөн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2019, 2020, 2021, 2022, 2023 онд төлбөр төлсөн дүн 0 төгрөг, 2019 онд 1129 төгрөг, 2020 онд 2258 төгрөг, 2021 онд 258.530 төгрөг, 2022 онд 640.680 төгрөг, 2023 онд 640.680 төгрөг гэсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.М нь Газрын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3-т заасан газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

          7. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 10 дугаар зүйлийн 3-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ” гэж тус тус заасан.

             8. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь 2019 онд шинэчлэгдсэн дүнгээр газрын төлбөрөө төлсөн атлаа 2020, 2021 оны газрын төлбөрөө төлөөгүй, төлбөрийн мэдээгүйгээс төлөх боломжгүй байсан гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй” хэмээн үндэслэлтэй зөв дүгнэжээ.

            9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийн дугаар үүсгэсний дараа л татвар төлөх боломжтой талаар талууд огт маргаагүй, 2020 оноос хойш нэхэмжлэхийн дугаараар л заавал татвар төлдөг болсон...анхан шатны дүгнэлт үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            10. Нэхэмжлэгч нь 2019 онд газрын төлбөр төлсөн болох нь тогтоогдсон, зөвхөн ногдуулалт үүсгэж, мэдэгдээгүй гэх шалтгаанаар 2020 оноос хойш газрын төлбөрөө хугацаанд нь огт төлөөгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан газрын төлбөр төлөх үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй байх тул Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн Б.М-д холбогдох хэсэг хуульд нийцжээ. 

            11. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолоор “...Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд Цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн бус нийтийн эдэлбэрийн газрын төлөвлөлтийг 1 дүгээр хавсралтаар, Малын хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс байгуулах зориулалтаар төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгох 200 га газрын төлөвлөлтийг 2 дугаар хавсралтаар тус тус нэмэлт”-ээр баталж, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор “...Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн Цэцэрлэгт хүрээлэнг Жаргалан сумын Цамбагарав багийн ойн бүсэд 32.6 га газарт хавсралтад заасан байршилд байгуулахаар” тус тус тогтоосон.

            12. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж тус тус заасан.

            13. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцсэн бөгөөд Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/**, 13/** дугаар тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй.

            14. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар зөв дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 125/ШШ2024/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА