Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
Хэргийн индекс | 105/2016/0217/Э |
Дугаар | 216 |
Огноо | 2016-11-02 |
Зүйл хэсэг | 216.2., |
Улсын яллагч | О.Баасанхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 216
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч О.Баасанхүү,
шүүгдэгч Б.Баасансүрэн, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг /№0187/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Долоод овогт Батжаргалын Баасансүрэнд холбогдох эрүүгийн 2016 2400 0800 дугаар хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хөргөлт сервис” ХХК-д ахлах техникч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 46а гудамжны 826 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ШУ92032350 дугаартай, Долоод овогт Батжаргалын Баасансүрэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Баасансүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эвэри Дэй” дэлгүүрийн урд замд Ж.Батжаргалын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 62-98 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.5.а/, б/, в/ дэх заалтуудыг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч С.Нарантуулыг мөргөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Баасансүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч С.Нарантуулын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Эвирей Дэй” дэлгүүрийн хажуугаас мөнгөний машинаас мөнгө авчихаад замын хажуугаар зүүнээс баруун гар тийш явж байтал гэнэт араас нэг машин мөргөсөн. Тэгээд би газар унаад байж байхад нөгөө машин хөл шүргэчихээд тэр чигээрээ яваад өгсөн. Намайг мөргөсөн машин цагаан өнгиөн Тоёота Приус маркийн автомашин байсан ба өмнөөс ирж байсан нэг хүн машины дугаарыг хараад над дээр ирээд утсан дээр тэмдэглэж өгсөн. Түүнээс биш би өөрөө дугаарыг нь хараагүй. …Шууд мөргөчихөөд л яваад өгсөн. Нөгөө талаас 1.300.000 төгрөг гаргаж өгөөд байгаа. Надад ямар нэг цуглуулсан баримт гээд байх зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал сайн байгаа. Ямар нэг санал гомдол байхгүй. Шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар тал/
Иргэний хариуцагч Ж.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Осол гарсан тухай 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байхад Замын Цагдаагийн газраас надруу залгаад “таны эзэмшилд 62-98 УБЕ гэсэн машин байдаг уу? Осол хийгээд явсан байсан” гэсэн. Тэгээд би “манай хүү жолоодож яваа” гээд хүүрүүгээ залгатал “би нэг хүнийг толиороо л шүргэсэн, тэгээд машинаа ажил дээрээ тавьсан байгаа” гээд утас нь холбогдохоо байсан. Хохирлыг бүрэн барагдуулсан. Тоёота Приус маркийн 62-98 УБЕ дугаартай автомашиныг манай хүү бид хоёр хамтран эзэмшдэг юм. Зөвшөөрөлтэй жолоодож явсан. Машинд ямар нэгэн эвдрэл учраагүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19 дүгээр тал/
Гэрч У.Цэнднасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр... хажуугаар нэг хүрэн өнгийн машин шахаад орж ирэх үед Баасансүрэн жолоогоо баруун гар тийш нь дартал замын хажуугаар явж байсан нэг эмэгтэйг толиороо шүргэсэн. Би эргэж харахад нөгөө эмэгтэй газарт унаагүй зүгээр юм шиг зогсож байсан. Бид хоёр хоорондоо нөгөө эмэгтэйг зүгээр л байна гээд яриад явж байсан. …Машинд бид хоёроос өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 27-28 дугаар тал/
Батлан хамгаалахын эмгэг судлал шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн үзлэг хийсэн 678 дугаар:
1. С.Нарантуулд зүүн хөлийн шагайн үе, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй эдгэрнэ.” гэх дүгнэлт,
/хх-ийн 33 дугаар тал/
Техникийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 16/42651 дүгээр:
1. 1 дүгээр асуулт, 2 дугаар асуултыг хамтатган хариулахад автомашины АВS тормосны системийн утас тасарсан, хойд дохио цоорсон зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
3. Автомашины АВS тормосны системийн утас тасарсан, хойд дохио цоорсон, урд гупер баруун буландаа зурагдсан зэрэг нь тухайн ослоос өмнө үүссэн гэж үзэж байна.
4. Уг автомашины АВS тормосны системийн утас тасарч ажиллахгүй байгаа нь осол хэрэгт нөлөөлөхгүй. Тухайн автомашины тормосыг тормос шалгагч төхөөрөмж дээр шалгахад тормос хэвийн ажиллагаатай байсан. АВS тормосны систем нь гулгаатай, шавартай замын нөхцөлд дугуйн шарвалтын эсрэг гулсалтгүй жигд тормослох нэмэлт төрөөрөмж юм.
5. АВS тормосны систем ажиллахгүй байгаа хэдий ч автомашиныг тоног төхөөрөмжөөр шалгахад тормос хэвийн ажиллаж байна.
6. Тухайн автомашины тормосны механизм нь стандартын шаардлага хангаж байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 38-39 дүгээр тал/
Шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дүгээр:
1. Т.Приус маркийн 62-98 УБЕ дугаартай автомашины жолооч Батжаргалын Баасансүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,
б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,
в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Сономсэнгийн Нарантуул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үндэслэлгүй байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 42-43 дугаар тал/
Б.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Номио гээд нэг найз охинтойгоо таараад нөгөө охиныг машиндаа суулгаад хөдөлсөн. Номио Цайз зах орно гэсэн ба зүүнээс баруун гар тийш нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим явж байсан. Тэгтэл замын хахжуу талын явган хүний зам дээр нэг эмэгтэй урагшаа харсан байдалтай зогсож байсан ба хажуугаар нь гарах үед 2 дугаар эгнээнд явсан Т.Приус-30 маркийн цагаан өнгийн машин намайг шахахаар нь жолоогоо баруун тийш нь дартал машиныхаа баруун гар талын толиороо нөгөө хүний мөр хэсэг рүү нь шүргэсэн. Тэгээд би нөгөө хүнийг толиндоо хартал зүгээр юм шиг байхаар нь шууд яваад өгсөн. …Явган хүний гарц байхгүй байсан. Би толь эвхэгдчихээр нь гараараа эвхэгдсэн толио дэлгээд толиндоо харахад нөгөө эмэгтэй босоо зогсож байсан. Тэгэхээр нь би шууд яваад өгсөн. …Би одоогоор 1.300.000 төгрөг гаргаж өгөөд байгаа. Нөгөө хүн одоо надад гомдол санал байхгүй гэсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 51-52 дугаар тал/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 6 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 4-5 дугаар тал/
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,
/хх-ийн 8 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 56 дугаар тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Баасансүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эвэри Дэй” дэлгүүрийн урд замд Ж.Батжаргалын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 62-98 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.5.а/, б/, в/ дэх заалтуудыг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч С.Нарантуулыг мөргөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.Нарантуулын өгсөн “2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Эвэри Дэй” дэлгүүрийн хажуугаас мөнгөний машинаас мөнгө авчихаад замын хажуугаар зүүнээс баруун гар тийш явж байтал гэнэт араас нэг машин мөргөсөн. Тэгээд би газар унаад байж байхад нөгөө машин хөл шүргэчихээд тэр чигээрээ яваад өгсөн.” гэх,
мөн гэрч У.Цэнднасангийн өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр... хажуугаар нэг хүрэн өнгийн машин шахаад орж ирэх үед Баасансүрэн жолоогоо баруун гар тийш нь дартал замын хажуугаар явж байсан нэг эмэгтэйг толиороо шүргэсэн. Би эргэж харахад нөгөө эмэгтэй газарт унаагүй зүгээр юм шиг зогсож байсан.” гэх,
мөн Б.Баасансүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Номио Цайз зах орно гэсэн ба зүүнээс баруун гар тийш нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим явж байсан. Тэгтэл замын хахжуу талын явган хүний зам дээр нэг эмэгтэй урагшаа харсан байдалтай зогсож байсан ба хажуугаар нь гарах үед 2 дугаар эгнээнд явсан Т.Приус-30 маркийн цагаан өнгийн машин намайг шахахаар нь жолоогоо баруун тийш нь дартал машиныхаа баруун гар талын толиороо нөгөө хүний мөр хэсэг рүү нь шүргэсэн. Тэгээд би нөгөө хүнийг толиндоо хартал зүгээр юм шиг байхаар нь шууд яваад өгсөн.” гэх мэдүүлгүүд,
хэрэгт авагдсан Батлан хамгаалахын эмгэг судлал шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн үзлэг хийсэн 678 дугаар дүгнэлт /хх-38-39/, Шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дүгээр дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Б.Баасансүрэнг яллах үндэслэл болж байна.
Тээврийн прокурорын газраас Б.Баасансүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Баасансүрэнг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Баасансүрэн нь иргэний нэхэмжлэгч С.Нарантуулд учирсан гэм хорын хохиролд 1.300.000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч С.Нарантуул нь мөрдөн байцаалтад “1.300.000 төгрөг гаргаж өгөөд байгаа. Надад ямар нэг цуглуулсан баримт гээд байх зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал сайн байгаа. Ямар нэг санал гомдол байхгүй. Шүүх хуралд суухгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Баасансүрэнд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Долоод овогт Батжаргалын Баасансүрэнг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Б.Баасансүрэнд 1 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баасансүрэнд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Баасансүрэн нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Баасансүрэнд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баасансүрэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ