Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1291

 

 

 

   2022         09          02                                   2022/ШЦТ/1291

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,                  

Шүүгдэгч Б.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч- овгийн Б-ийн Ч-т холбогдох эрүүгийн 2206 02095 2238 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хорооллын 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй,

        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 93-А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял,

        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Ч- овгийн Б-ийн Ч-.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Ч- нь 2022 оны 4 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Г.Г-ийг хүргэж өгөхдөө замд бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө гаргуулахад нь Хаан банкны картыг өөр картаар сольж авч үлдэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас 3.850.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч- мэдүүлэхдээ:”... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр карт гэдэг нь миний картыг солиод авчихсан байна лээ. АТМ ороод мөнгөө авч чадахгүй байхаар нь авч өгсөн. Пин код нь 0000 гэж хэлсэн. Гэрийнх нь гадаа хүргэж  өгсөн буухгүй надтай янз бүрийн юм ярьж байснаа. “Мөнгө ав” гээд картаа шидээд байсан.  Машины голын хайрцагт миний карт байсан авахдаа миний карттай солиод аваад явсан байсан. Би тэр хүнийг орц руу  оруулж өгөөд буцаад явахдаа картаа харсан минийх биш тэр хүний карт байсан. Тэгээд үлдэгдлийг нь шалгасан чинь их мөнгө байсан. Миний буруу, анх мөнгө авч байхдаа буруу гэдгээ  мэдэж  байсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Г-ийн өгсөн мэдүүлэг /хх-9-11/, “Хаан” банкны албан бичиг /хх-16/, шүүгдэгч Б.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43/, шүүгдэгч Б.Ч-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах /хх-22/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Ч- нь 2022 оны 4 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Г.Г-ийг хүргэж өгөхдөө замд бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө гаргуулахад нь Хаан банкны картыг өөр картаар сольж авч үлдэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас 3.850.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Г-ийн өгсөн: ”...Би 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ноёд” нэртэй караокед Наранмандах гэх найзтайгаа 21 цагийн үед ороод архи уугаад шөнийн 00 цагийн үед тэндээсээ гараад манай найз надаас салж явсан. Би тэндээс гараад жоохон уруудаж байгаад тасарсан болохоор сайн санахгүй байна. Цагаан өнгийн жижиг тэргэнд суугаад Монгол Улсын Их сургуулийн номын сангийн хажууд буусан. Өглөө хххххххххх дугаарын Хаан банкны дансаа шалгатал миний данснаас 3,850,000 төгрөгийн зарлага гарчихсан байсан. Таксины үл таних жолооч надад шал ондоо карт өгчихсөн байсан, би нууц үгээ хэлсэн эсэхээ тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө би ганцаараа таксинд явж байхад хүнсний 4 дүгээр дэлгүүр орчим нэг эрэгтэй хүн зам дагуу  гар өргөөд зогсож байсан. ...Би тухайн үед нөгөө эрэгтэй картын нууц үгийг АТМ-д хийхдээ мэдсэн ба картыг шалгамаар санагдаад шалгахад 3.850.000 төгрөг байсан тул тэр үед мөнгө бодогдоод тэр согтуу үйлчлүүлэгчийн картаас 3.850.000 төгрөгийг АТМ-ээс гаргуулж авсан” гэх мэдүүлэг /хх-43/,

 

“Хаан” банкны  2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 29/3084 дугаартай: “хххххххххх тоот данснаас 2022 оны 4 дүгээр сарын 6-ны  өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Доржийн гудамж Хил хамгаалахын ард Их засаг их сургуульд байрлах АТМ1228-д зарлагын гүйлгээ хийсэн ба уг гүйлгээ хийх үеийн зураг болон камерын бичлэгийг CD-д хуулбарлан хүргүүлж байна. гэх албан бичиг /хх-16/,

 

Шүүгдэгч Б.Ч-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/ зэрэг болно.

 

 Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Ч-ийн 2022 оны 4 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Г.Г-ийг хүргэж өгөхдөө замд бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө гаргуулахад нь Хаан банкны картыг өөр картаар сольж авч үлдэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас 3,850,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгч Б.Ч- нь хохирогч Г.Г-ийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогчид учирсан 3.850.000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь холбогдох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй болон шүүгдэгчийн хувийн байдал түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Ч- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч- овгийн Б-ийн Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч-ийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ч- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС