Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 444

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:       

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, Хийдийн 7 тоотод оршин суух, ******* овогт Ш.Г  /РД:..................../

Хариуцагч: Өмнөговь аймаг дахь ШШГГ

“Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б  /“ХЭ” ХХК/, Ц.Ц /“Голомт банк” ХХК/, нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Г  миний бие өөрийн өмчлөлийн Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг, Гаалийн хорооны хойно байршилтай, спорт тоглоом, үйлчилгээний зориулалттай 840 мкв барилга болон мөн хаягт байршилтай 460 мкв эзэмшлийн газарт үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайланг бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т зааснаар тус шүүхэд гомдол гаргаж байгаа болно.  

Учир нь миний энэхүү объектыг огт орлого олохгүй, цоожтой байхад нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Мэргэжлийн хариуцлагын хорооны 28/17 дугаартай дүгнэлтээр 890 411 500 төгрөгөөр үнэлсэн бөгөөд дээрх хугацаанаас хойш Өмнөговь аймагт үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тогтмол өсч, би ч барилгандаа засвар хийж SILК ROUD-д түрээслүүлэн улиралд дунджаар 6 300 000 төгрөгийн орлогын хандлагатай болсон байхад огт орлогын хандлагагүй байсан үеийнхээс нь багаар буюу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд 692 441 500 төгрөгөөр үнэлснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.  

Иймээс миний бие “ХЭ” ХХК-ийн үнэлгээчинг тус чиглэлээр мэргэшсэн эсэхэд нь эргэлзэж байгаа бөгөөд удаа дараа миний хөрөнгийг ийнхүү багаар үнэлж байгаа нь хэн нэгний нөлөөгөөр, зах зээлийн ханшнаас багаар үнэлж бусдад давуу байдал олгох гэсэн зорилготой байхыг үгүйсгэхгүй тул хөрөнгө үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, зээлийн барьцаанд байсан хөрөнгөө дахин, дахин үнэлүүлж байна. Би хөрөнгөө бодитой үнэлүүлэх хүсэлтэй байна. Хөрөнгийг бодитой үнэлж чадахгүй миний хөрөнгийг мкв-ийг нь 1 000 000 төгрөг хүрэхгүй үнэлээд байгаа. Өмнөговь аймгийн хэмжээнд байрны мкв-ийн үнэ ямар байдгийг би сайн мэднэ гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/00421 дугаар шийдвэрээр Шагдарсүрэн овогтой Ш.Г  /РД:..................../-гээс 246 114 858 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-нд олгохоор шийдвэрлэгдсэн байна. Мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 143/Ш32016/00123  дугаартай захирамжаар шүүхээс гарсан шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шийдвэр гарсан.  Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэн 68 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилсан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж Шагдарсүрэн овогтой Ш.Г  /..................../-ийн барьцаа хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/01 дугаартай хураах тогтоолоор хөндлөнгийн гэрчийг байлцуулан барьцаа хөрөнгийг хураасан. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шинжээч томилох тогтоолоор шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон болно. Төлбөр төлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шинжээчийн үнэлгээ цуцлагдаж, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/00350 дугаарт шийдвэрээр талууд эвлэрч захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан шийдвэр гарсны дагуу Ш.Г  болон Голомт банк ХХК-иас үнийн саналыг авч 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/07 дугаартай Шинжээч томилох тогтоолоор “ХЭ” ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгө үнэлгээний тайлан гарсныг тус газарт ирүүлж хөрөнгийн үнэлгээг Ш.Г  болон Голомт банк ХХК-д танилцуулсан билээ. Ш.Г  үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүхэд гарсан нэхэмжлэлдээ: 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “ХЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэж үнэлгээний тайланг хүчингүйд тооцож өгнө үү хэмээн дахин нэхэмжлэл гаргажээ.

Ш.Г гийн эд хөрөнгийн үнэлгээ дээр гомдолтой байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна. Ш.Г  нь шүүхэд олон удаа гомдол гарган шүүхийн шийдвэр биелүүлэх явцыг хойшлуулан нэг эд хөрөнгөнд үнэлгээг удаа дараа тогтоолгон шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхииж байна. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШЗ2016/01532 дугаар шүүгчийн захирамж, 2016 оны 12 дүгаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2016/00577 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2017/00193 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/000350 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны 203/МА2017/0021 дугаар магадлалаар шүүхэд нэг асуудлаар нийт таван удаа хандаж шийдүүлсэн байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Г  хөрөнгөө үнэлүүлсэн нь 2-3 удаа буцсан байдаг, дахиад үнэлгээ тогтоох шийдвэр гаргасан. “Хөрөнгө-Эстимейт” компанийг хөндлөнгийн хөрөнгө үнэлэгчээр томилсон. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар нэг талыг барьсан гэж ярьж байна, тийм зүйл байхгүй. 2 үл хөдлөх хөрөнгө, 2 газрыг үнэлэхэд үнэлгээ нь нэг өөр гарна, 1 үл хөдлөх хөрөнгө, 1 газрыг үнэлэхэд үнэлгээ нь өөр гарна. Шүүх шийдвэр гаргахдаа 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 305 дугаар шүүгчийн захирамжид заасан энэ асуудлаар талууд гомдол гаргах эрхгүй гэсэн байгааг хянаж үзнэ үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээг буруу үнэлсэн тохиолдолд хүчингүй болж болно. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Хөрөнгийн үнэлгээний холбоо гэж 2 тусдаа байгууллага байгаа. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт тухайн обьектийн үнийг 779 000 000 төгрөг, газрыг 9 200 000 төгрөг нийт 790 000 000 төгрөг гэж үнэлсэн, манай гаргасан үнэлгээ 692 000 000 төгрөг болсон, нэг талыг барьж үнэлгээ хийгээгүй, тухайн үеийн зах зээлийн бодит үнийг үндэслэж үнэлгээ хийсэн гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банк нь 2014 оны 03 дугаар сард нэхэмжлэгч Ш.Г тэй 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, гэрээний барьцаанд 2 давхар хувийн орон сууцыг газартай нь, спорт тоглоомын төвийг газартай нь барьцаалсан. Зээл төлөгдөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн гэрээ байгаа. Зээлдэгчийн үйл ажиллагаанд саатал гарч, зээлээ төлж чадахгүй болсон тул банк 2015 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээтэй холбоотой гомдол гаргасныг банк хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл явц удааширсан, өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “ХЭ” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ гаргуулахыг  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 68 дугаар тойргийн Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/06 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор нэхэмжлэгч Ш.Г гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийх шинжээчээр “ХЭ” ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцож чадаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасныг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч /хх-62/, талуудад ажлын 3 өдрийн дотор мэдэгдэж /хх-64/,  Ш.Г д 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан /хх-65/ бөгөөд Ш.Г   2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д заасантай нийцэж байна.

Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах ажиллагаа дээр дурдсанаар хуульд заасны дагуу явагдсан боловч үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “ХЭ” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-67-78/ нь Хөрөнгийн үнэлгэний тухай хуулийг зөрчсөн байна.

Тухайлбал хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Хөрөнгийн үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгана:” гээд 9.3.1-д “үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл ... дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл”, 9.3.6-д “хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл” байхаар тус тус заажээ. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд “Гүйцэтгэх захирал Мэргэшсэн үнэлгээчин Р.М  нь сангийн яамны хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн 091100159 тоот тусгай зөвшөөрөлтэй, Захирал Б.Б  нь үнэлгээний чиглэлээр тасралтгүй 12 жил ажиллаж байгаа болно” /хх-68/, “Үнэлгээчид болон үнэлгээний байгууллага нь хариуцлагын даатгалтай болно” /хх-77/ гэж дурджээ. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийсэн захирал Б.Б , мэргэшсэн үнэлгээчин Р.М  нар үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэхээ нотлох баримтыг үнэлгээний тайланд хавсарган ирүүлээгүй, үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн талаарх мэдээлэл тайланд тусгагдаагүй байна.

Иймд хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль зөрчсөн байх тул үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “ХЭ” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/26 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.Г  дахин үнэлгээ гаргуулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах шаардлага гаргасан бөгөөд шинжээч томилж, үнэлгээ гаргах эрх нь хуулиараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын чиг үүрэгт хамаарах тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хянан шийдвэрлэх үндэсгүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол /хх-52-53/, Эд хөрөнгийг хураасан акт /хх-54-55/, Голомт банкны Үнийн санал гаргах тухай албан тоот /хх-56, 66/, Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/00350 дугаар шүүгчийн захирамж /хх-57-58/, Ш.Г , ******* нарын үнийн санал /хх-59/, шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл /хх-60/, Шинжээч томилох тухай тогтоол /хх-61/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-62-65/, Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-67-78/ зэргийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийг үндэслэв.

Хэрэгт цугларсан Шинжээч томилох тухай тогтоол /хх-3/, Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-9-20/, Ажлын байр түрээслүүлэх гэрээ /хх-25-27, 29-33/ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт /хх-4/, Магадлан шинжилсэн тухай тайлан /хх-5-8/, Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх-22-24/,  Голомт банкны дансны хуулга /хх-28/, Орон сууцны захиалгын гэрээ /хх-82-85, 88-92/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хх-86/ зэрэг баримт тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул нотлох баримтаар үнэлсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болгоогүйг дурдах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “ХЭ” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/26 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56  дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.Г гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г д олгосугай.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХТӨР