Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1335

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум ................................ тоот хаягт байрлах “*******” төрийн өмчит хувьцаат компани /*******,*******/

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, .........................................оршин суух, Тайж Ц овогт Х.ц  /РД:................../

“дулааны төлбөр 1 017 271 төгрөг, алданги 142 418 төгрөг нийт 1 159 689 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.м , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б  шүүхэд гаргасан нхэмжлэлдээ: Иргэн Х.Ц  нь тухайн үед хариуцан үйл ажиллагаа эрхэлж Говийн ирээдүй цэцэрлэгийн байрны 2015 оны 10 дугаар сарын халаалтын төлбөрийг огт төлөхгүй гэж өр үүсгэн  3 жил шахам болж байгаа ба тухайн үед тус газар нь 2015-2016 оны

халаалтын улиралд халаалтаа албан ёсоор хаалгах хүсэлт өгөөгүй байсан тул 2015 оны
10 дугаар сард манай байгууллага цэцэрлэгийн байранд дулааны эрчим хүч өгч, төлбөрийн бичилт хийж, авлага үүссэн. Дулааны эрчим хүч түгээгээд аль хэдийн 14 хоносон байхад халаалт авахгүй асуудал үүсгэсэн тул нийт 15 хоног халаалт өгсний эцэст дулааныг хаасан. Бид уг төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа албан бичгээр хандсан боловч төлөөгүй.

Иймд дулааны төлбөр болох 1 017 271 төгрөг, алданги 142 418 төгрөг нийт 1 159 689
 төгрөгийн төлбөрийг Х.Ц гаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.м  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, 2015 оны 10 дугаар сарын дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 1 117 271  төгрөг, алданги 142 418 төгрөг нийт 1 159 689 төгрөг нэхэмжилж байна. “Говийн ирээдүй” цэцэрлэг нь 2015 оны 10 дугаар сард хэрэглэсэн дулааны төлбөрөө төлөөгүй, төлөхгүй гэж өнөөдрийг хүрсэн. Хариуцагч талаас 2015 оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон гэх тайлбарыг өгөөгүй, манай байгууллагад дулаанаа авахгүй гэсэн албан мэдэгдэл ирүүлээгүй. Манай байгууллага зохих журмын дагуу бичилт хийж төлбөрийн нэхэмжлэлийг тараасны  дараагаар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уг цэцэрлэг нь үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа, халаалтаа зогсоож өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн. “Говийн ирээдүй” цэцэрлэг нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.9 зааснаар байгалийн гамшиг, гэнэтийн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан эрчим хүчийг авахгүй болсон энэ тохиолдолд эрчим хүчээр хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдсэн байх боловч уг мэдэгдлийг бидэнд өгөөгүй. Эрчим хүчний хуульд заасанчлан төлбөрөө төлөхийг шаардаж байна. Монгол улсын Эрчим хүчний сайдын тушаалаар тухайн онд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл халаалт өгөхийг тогтоож өгсөн. Энэ хугацаанд хэрэглэгчдийн эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үүрэг хүлээсэн байдаг учраас 10 дугаар сард гарсан төлбөрийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Х.Ц  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн хариуцагчаар Х.Ц  миний бие байх бөгөөд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “в” аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2012 оны үндсэн чиглэлийн 1, 2, 29 дэх заалтыг үндэслэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 06 дугаар  сарын 06-ны өдрийн тогтоолоор 3 жилийн хугацаатай 1 дүгээр сургуулийн 1 дүгээр дотуур байранд сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Говийн ирээдүй” хувийн цэцэрлэгийг үйл ажиллагаа явуулах шийд гарсан юм. 2012 оноос 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл “Говийн ирээдүй” цэцэрлэг үйл ажиллагаа хэвийн явуулж байгаад 2015 оны 08 дугаар  сарын 06-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газраас 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байраа сулла, ашиглах хугацаа дууссан гэсэн бичгийн дагуу би үйл ажиллагааг 08 дугаар сарын 20-ны өдөр зогсоон байрнаас нүүсэн. Нягтлан бодогчийн хамт “Дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанитай тооцоо нийлээд 1 112 064 төгрөг тушааж тооцоо дууссан тул 2015 оны 10 дугаар сарын дулааны төлбөр төлөх үндэслэл үгүй тул энэ төлбөрийг төлөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сард манай “Говийн ирээдүй” цэцэрлэгийн эрхлэгч өөрийн биеэр станцын удирдлагатай очиж уулзсан боловч 10 дугаар сард халаалт өгсөн байхаар нь дахин очиж уулзан манайд халаалт өгсөн байна, үйл ажиллагаа явуулахгүй байгаа болохоор халаалтаа зогсоож өгөөч гэж Банзрагч даргатай уулзсан боловч нэгэнт манайх халаалт өгсөн учраас таслах боломжгүй гэж хэлсэн байсан. Дараа нь халаалт авахгүй талаар тоотоо өгөөд станцын халаалт бичдэг байцаагч Энхцэцэгт халаалт ирээд байгаа тухай хэлэхэд та нар өөрсдөө тасал, бид нар таслахгүй гэсэн. Бид нар өөрсдөө халаалтаа хааж салгасан, манай цэцэрлэг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн байр чөлөөлөх тухай албан бичгийн дагуу байраа чөлөөлж, цэцэрлэг үйл ажиллагаа явуулахгүй болсноос хойш 2015 оны 10 дугаар сарын халаалтын төлбөр нэхээд байгааг ойлгохгүй байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ТӨХК хариуцагч Х.Ц д холбогдуулан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1 017 271 төгрөг, алданги 142 418 төгрөг нийт 1 159 689 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Арбитрын хэлэлцээртэй бол ... тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.”, 35.2-д “Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар ... тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ.”, 35.3-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 35.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж тус тус заажээ. Хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч /тусгай зөвшөөрөл эзэмшигч/, хариуцагч /хэрэглэгч/ нарын хооронд үүссэн эрчим хүч хэрэглэсний төлбөрийн талаарх  маргааныг Эрчим хүчний зохицуулах хороо эсхүл Өмнөговь аймаг дахь зохицуулах зөвлөл шийдвэрлэж, шийдвэрийг эс зөвшөөрвөл маргалдагч талууд шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар зохицуулжээ. Хавтаст хэрэгт Эрчим хүчний зохицуулах хороо эсхүл Өмнөговь аймаг дахь зохицуулах зөвлөл маргаан шийдвэрлэсэн нотлох баримт цуглараагүй, энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар давхар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ... байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1-д “энэ хуулийн 65.1.3 ... -д   заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. ...” гэж заасны дагуу шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “*******” ТӨХК нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо, аймгийн Зохицуулах зөвлөлд хандан маргаанаа шийдвэрлүүлсний дараа шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно. Хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тухайн маргааныг шийдвэрлэж байгаа явдал бус харин энэ маргааныг шүүх шийдвэрлэх үндэсгүй болохыг илэрхийлсэн ажиллагаа болно. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 390 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хуулийн этгээд /Говийн ирээдүй цэцэрлэг/ эсхүл иргэн /Х.Ц /-д холбогдуулан гаргаж буй нь тодорхой бус улмаар эрчим хүч хэрэглэснийг нотлох гол баримт болох “Эрчим хүчээр хангах гэрээ”-г шүүхэд гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “*******” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Х.Ц д холбогдох эрчим хүч хэрэглэсний төлбөр 1 017 271 төгрөг, алданги 142 418 төгрөг нийт 1 159 689 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 390 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР