Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1292

 

 

 

   2022        09         05                                    2021/ШЦТ/1292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Хохирогч Г.Н-,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б- овгийн Б-ын Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 2087 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: хх00000000, Б- овгийн Б-ын Б-.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хххххх” авто засварын газарт хохирогч Г.Н-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, гар руу нь хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж зодсоны улмаас биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “...Г.Н- нь өөрөө түрүүлж цохисон. Би биеэ л хамгаалсан. Тэнд байсан камерын бичлэгээ гаргаж өгөхгүй байгаа. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс нь Г.Н-ын ажилчид. Намайг тухайн үед согтуу байсан гээд байгаа би ямар ч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр өдөр Г.Н- намайг нэг цохиод би зөрүүлж нэг цохисон. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н- мэдүүлэхдээ: “...Б.Б-гийн энэ үйлдэл нь нэг удаагийн үйлдэл биш 3-4 удаа  давтагдаж  байгаа. Нэг удаа би бүр эрүүлжүүлэхэд өгч байсан. Бүгд гэрчтэй манай ээж  байсан, эхнэр байсан. Бүгд айж байгаа, иймэрхүү үйлдлээс нь. Б.Б-гийн яриад байгаа найзыг ажлаас халсан гээд байгаа нь манайд өмнө Мөнхбат гэж хүн ажилдаг байсан. Архи уугаад байхаар нь би ажлаас халсан. Би өөрөө  хэнийг ажилд авах хэнийг ажлаас халахаа мэднэ. Ажил хийхгүй архи уугаад байхаар нь ажлаас халсан. Хохирол төлбөр гаргаж өгсөн баримтын хүрээнд нэхэмжилж байгаа...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Г.Н-ын өгсөн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Д.Гантулгын өгсөн мэдүүлэг /хх-17/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6978 дугаартай дүгнэлт /хх-19-20/, хохирол төлбөртэй холбоотой баримт, Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, шинээр 6 хуудас хохирол нэхэмжилсэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хххххх” авто засварын газарт хохирогч Г.Н-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, гар руу нь хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж зодсоны улмаас биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Н-ын өгсөн:  “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 40 минутын орчимд өөрийн ажлын газар болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хххххх” засварын газарт өөрийн ажилчдын хамт ажлаа хийгээд сууж байхад миний үеэл ах болох Б.Б- гэгч нь согтуу орж ирээд “Чи миний найзыг ажлаас нь халдаг хэн бэ” гэж над руу уурласан. Тэгэхээр нь би “архи уудаг архичин надад хэрэггүй, би өөрөө ажлаа мэдэж байна. Чамд ямар ч хамаагүй” гэж хэлэхэд “чи хэзээ ийм том болсон юм, буудаж ална шүү” гэх мэтээр дайрсан тэгэхээр би дотор муудалцаад яах вэ хоёулаа гарч уулзъя гээд аваад гарсан. Тэгээд гадаа гарахад Б.Б- нь миний нүүр рүү шууд гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би түлхэхэд буцаж ирээд миний нүүр рүү 2 удаа цохиод миний гар руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-9-10/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гантулгын өгсөн: “...Би ажлаа хийгээд өдөр хувцас сольдог өрөөндөө байж байсан чинь манай засварын газрын доор байдаг .. сэлбэгийн дэлгүүрийн гадаа хүмүүс маргалдаад байхаар нь гараад харсан чинь манай захирал Г.Н- хамаатны залуу болох Б.Б-тай зууралдаж байснаа Г.Н-, Б.Б- нар нэг нэгнийгээ 3-4 удаа гараараа толгойн хэсэгт нь цохилцсон. Тэр үед Г.Н-ын хамраас цус гарсан. Би болон Б.Б-тай хамт явж байсан залуу бид хоёр нөгөө хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-17/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6978 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Н-ын биед хамрын хянга ясны зөрүүтэй хугарал, 16 дугаар шүдний хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон  гэх  цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6.цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-19-20/,

  

Шүүгдэгч Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б-гийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хххххх” авто засварын газарт хохирогч Г.Н-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, гар руу нь хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж зодсоны улмаас биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Г.Н- нь эмчилгээ хийлгэсэн 7.155.000 төгрөг, “Эм Жи Жи” эмнэлэгт үзүүлсэн 35.000 төгрөг, солонгос руу эмчилгээний төлбөрийн урьдчилгаа 854.000 төгрөг, нийт 8.044.000 төгрөг нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Б.Б-гаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Г.Н- нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Б-гийн эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-ын Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар  600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 8.044.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Г.Н-д олгосугай.

 

        5. Хохирогч Г.Н- нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

        6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

        7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС