| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/02631/И |
| Дугаар | 03198 |
| Огноо | 2018-10-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 03198
2018 оны 10 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2018/03198 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч С.Сын нэхэмжлэлтэй
Хариуцагч Э.Гад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Хас” банкнтай ЗГ:1470006259 дугаартай “Зээлийн гэрээ”, ЗГ:1470006259 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулж, 350.000.000 төгрөгийн зээл аваад энэ мөнгөнөөс Э.Гад зээлдүүлсэн.
2016 онд хариуцагч надаас 140.000.000 төгрөг авсан. Харин 2017 онд 250.000.000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-г байгуулахдаа “өөрөө би таны мөнгийг ийм болгож өгнө гэж хэлээд” нөхөн гэрээ байгуулж баталгаажуулсан.
Түүнээс Э.Гыг шахаж шаардаад 250.000.000 төгрөг өг гэж хэлээгүй. Энэ хугацаанд маш их хохирсон. Удахгүй буцааж өгнө гээд авсан. 2016 онд авсан мөнгөө 2018 он болоход өгөөгүй байна. Надаас өмнө нь мөнгө аваад, буцаагаад өгдөг болохоор итгэж өгсөн тул гэрээний дагуу 250.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Алданги, хүү дээрх мөнгөнд орсон байгаа. Э.Г авсан мөнгөө юунд хэрэглэсэн талаар мэдэхгүй, гэжээ.
Хариуцагч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 140.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Учир нь:
Би эхнэр Ч.Баярмаагийн дансаар дамжуулан 120.000.000 төгрөг, бэлнээр 20.000.000 төгрөг, нийт 140.000.000 төгрөгийг С.С эгчээс авсан нь үнэн. Өөр бас энэ тооцоонд ороогүй өгөх мөнгө бий. 250.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Гэрээг бид 2 ярилцаад байгуулсан. Намайг “Хас” банкны зээлийн эдийн засагч хийж байхад нэхэмжлэгч манайхаас зээл авч, надтай хамтарч зээл чөлөөлдөг байсан.
Одоо яагаад? зээл чөлөөлөх ажлыг мэдэхгүй гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Аль ч банкинд зээл чөлөөлөх асуудал байдаг. Гол нь дээрх гэрээг нэхэмжлэгч С.С 350.000.000 төгрөгийн зээл аваад түүнийгээ төлж чадахгүй, банкны зээлээ төл гэсэн шаардлагаар бид тохирч, банкинд үзүүлэхийн тулд байгуулсан.
Нэхэмжлэгч 350.000.000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-гээ хэрэгт өгсөн байна лай.
Түүнээс 250.000.000 төгрөг бэлнээр аваагүй. Энэ мөнгийг би хэрэглээгүй цааш нь Ү.Сувдмаа гэгч эмэгтэйн 650.000.000 төгрөгийн зээлийг чөлөөлөхөөр өгөөд аваагүйг нэхэмжлэгч мэдэж байгаа. Анх авсан 140.000.000 төгрөгт ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С, хариуцагч Э.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 250.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн дүнгээс шилжүүлж авсан 140.000.000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч С.С анх 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Э.Гад түүний эхнэр Ч.Баярмаагийн “Хас” банкны 5000548867 дугаартай дансаар дамжуулан 120.000.000 төгрөг, бэлнээр 20.000.000 төгрөг, нийт 140.000.000 төгрөгийг хүүгүй болон барьцаагүйгээр 7 хоногийн дараа эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлсэн боловч иргэн Э.Г дээрх мөнгийг төлөөгүйн улмаас 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч, нэхэмжлэгчтэй 250.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд төлөхөөр “Зээлийн гэрээ” байгуулсан нь зохигчдын хооронд хийгдсэн гэрээ, шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ” Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу байгуулсан хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нотлогдож байна.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч “ би 140.000.000 төгрөг өгсөн үнэн. Гэхдээ Э.Г өөрөө 250.000.000 төгрөг болгож өгье гээд гэрээ байгуулсан. Өмнө нь надаас 20.000.000 төгрөг авбал 23.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгийг 12.000.000 төгрөг болгоод хугацаандаа өгдөг болохоор итгээд өгсөн”,
хариуцагч “140.000.000 төгрөг авсан. Энэ гэрээг яагаад 250.000.000 төгрөг өгөхөөр байгуулсан гэхээр нэхэмжлэгч банкны зээлэнд шахагдаад ирэхээр хугацаа авахын тулд 140.000.000 төгрөгийг өсгөж 250.000.000 төгрөг болгож ийм мөнгө хүнээс авах ёстой түр хүлээгч гэсэн зорилгоор банкинд үзүүлэхээр байгуулсан. Анхнаасаа 140.000.000 төгрөгийг итгэлцлийн үндсэн дээр өгч авсан, гэрээ байгуулаагүй” гэх талуудын тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зохигчид 140.000.000 төгрөгийг өгсөн, авсан талаар маргаагүй, гэрээнд заагдсан 250.000.000 төгрөгийг бодитоор шилжүүлж аваагүй тухайн үеийнхээ нөхцөл шаардлагын улмаас гэрээг байгуулж, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу ямар нэгэн няцаалт хийхгүй, нотлох баримт гаргаж өгч үгүйсгэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 140.000.000 төгрөгийг ханган, үлдсэн 110.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч дээрх гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү нэхэмжлэх эрхгүй.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” байхаар заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 857.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Алаг урианхай овогт Э.Гаас 140.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тайжууд овогт С.Сад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 110.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 857.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА