Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/223

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022          06            21                                  2022/ШЦТ/223

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Л.Энхтайван,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох эрүүгийн 2225002000*** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Г нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 дүгээр хорооллын 8 дугаар байрны зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Ч.Шгийн *** ОРО улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн баруун талын 1 ширхэг толь, иргэн Д.Э-ийн **** улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толь, иргэн Г.Бат-Эрдэний *** улсын дугаартай Соната-7 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толь зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 450,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд: “... автобусны буудал дээр байж байгаад зүс таних Мандах гэж залуутай таарсан. Тэгээд бид хоёр архи уусан. Тэр тольнуудыг надад Мандах өгсөн юм...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны үеэр Эрдэнэтэд ирээд Улаанбаатар хот руу явах гэтэл автобус зогсчихсон, унаа хайсан боловч олдохгүй болохоор нь дэлгүүр ороод Ерөөл нэртэй архи 0,75 литрийн хэмжээтэй архинаас нэгийг аваад уг архийг Мандах гэх залуутай хамт хувааж уусан. Дараа нь Мандах нэг шил архи аваад мөн бид хоёр хувааж уусан. Тухайн архийг уугаад би их согтсон. Цааш нь юу болсныг сайн санахгүй байна. Нэг харахад гартаа машины толь барьчихсан явж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,

 

-Хохирогч Ч.Ш мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 12-ны орой гадуур машинтайгаа явж байгаад Хүрэнбулаг багийн 4-8 дугаар байр 5-р орцны харалдаа гадна ил зогсоолд өөрийн **** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулаад гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө гэрээсээ гараад машин дээрээ очтол машины баруун талын толь байхгүй байсан ба хугалаад авч явсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, мөн уг зогсоолд байсан 2 тээврийн хэрэгслийн толь мөн алга болсон байсан. Нийтдээ 160,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/

 

-Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 23 цагийн үед Говил баг руу явж ирээд Хүрэнбулаг багийн 4-8 дугаар байр 5-р орцны харалдаа зогсоол дээр өөрийн **** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулаад ******* гэртээ орсон. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед босоод ажилдаа явах гээд машин дээрээ очиход миний машины зүүн талын толь нь байхгүй, суурь хэсгээрээ хугарсан байдалтай байсан. Машины алга болсон толийг хүлээн авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/,

 

- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд хөдөөнөөс ирээд ********  орцны харалдаа ил зогсоолд өөрийн ***** улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулаад гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад эхнэрийгээ ажилд нь хүргэж өгөх гээд машиндаа суугаад хөдлөх гэж байгаад жолооч талын толь руу хартал машины минь толь байхгүй байсан... ...Би машиныхаа алга болсон толийг 140,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн засварын хөлс гэж 10,000 төгрөг төлсөн, үнэлгээ гаргуулахад 25,000 төгрөг төлсөн нийт 175,000 төгрөгийн хохирол учирсан, алга болсон толийг хүлээн авсан. Тухайн толины хайлшин нугас нь хугарсан, суурь хэсэг нь хугарсан, толины цахилгааны утаснууд тасарсан баисан. Би 125,000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21х/,

- “Ашид Билгүүн” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1022 1027, 1219 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33, 38-39, 44-45х/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6х/,

- Эд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-94х/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 97х/,

- А.Гад мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 69х/,

- А.Гын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн70х/,

- А.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Гын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 дүгээр хорооллын 8 дугаар байрны зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Ч.Шгийн **** улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн баруун талын 1 ширхэг толь, иргэн Д.Эийн ***** улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толь, иргэн Г.Б-ий ***** улсын дугаартай Соната-7 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толь зэргийг авсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч А.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Б-ийн “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад эхнэрийгээ ажилд нь хүргэж өгөх гээд машиндаа суугаад хөдлөх гэж байгаад жолооч талын толь руу хартал машины минь толь байхгүй байсан...” гэсэн, хохирогч Ч.Шгийн “...Хүрэнбулаг багийн 4-8 дугаар байр 5-р орцны харалдаа гадна ил зогсоолд өөрийн **** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулаад гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө гэрээсээ гараад машин дээрээ очтол машины баруун талын толь байхгүй байсан ба хугалаад авч явсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн,...” гэсэн, хохирогч Д.Эийн “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед босоод ажилдаа явах гээд машин дээрээ очиход миний машины зүүн талын толь нь байхгүй, суурь хэсгээрээ хугарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Г-аас эд зүйл хураан авсан тэмдэглэл, “Ашид Билгүүн” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1022 1027, 1219 дугаартай дүгнэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Г-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

 

Шүүгдэгч А.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг гурван удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч А.Г болон түүний өмгөөлөгч: “...Мандах гэж хүнээс толинуудыг авсан...” гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний өгсөн “...юу болсныг сайн санахгүй байна. Нэг харахад гартаа машины толь барьчихсан явж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.  

 

Хохиролын талаар:

            “Ашид Билгүүн” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1022 1027, 1219 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч нарт тус бүр 160,000 төгрөгний хохирол учирсан. Хохирогч Ч.Ш “120,000 төгрөгөөр толь худалдаж авсан, засварын хөлс 15,000 төгрөг, үнэлгээ гаргуулахад 25,000 төгрөг төлсөн нийт 160,000 төгрөг нэхэмжилнэ” гэж, хохирогч Г.Б “140,000 төгрөгөөр худалдаж авсан, засварын хөлс 10,000 төгрөг, үнэлгээ гаргуулахад 25,000 төгрөг нийт 175,000 төгрөгний хохирол учирсан, алга болсон толио авсан зарж борлуулахад 50,000 төгрөг болно. 125,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж, хохирогч Д.Э "алга болсон гэх толио хүлээн авлаа, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэсэн бөгөөд шүүгдэгч А.Гаас 160,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Шд, 125,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Бд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг долоон зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч А.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч А.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Гын цагдан хоригдсон 40 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ыг дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон шүүгдэгч А.Гын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Гаас 160,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ш-д 125,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Б-д  тус тус олгосугай.

                                                                                                                          

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гад урьд авсан цаган хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАРМАНДАХ