Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 451

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******, *******, *******, *******, *******,******* тоотод оршин суух, ******* овогт Д.М  /РД:............./

Хариуцагч:*******, *******, , тоотод оршин суух,  /РД:............./

        Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М , хариуцагч М.Я , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Д.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Я тай 2013 онд танилцаж дотносон, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад  сумын улсын бүртгэлийн мэргэжилтэнд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. М.Я  бид хоёрын үзэл бодол , сэтгэл санаа таарахгүй хоёр газар амьдарсаар өдийг хүрсэн. Мөн бид хоёрын дундаас хүүхэд байхгүй эд хөрөнгийн маргаангүй. 2015 оны 10 дугаар сараас хойш уулзаагүй, холбоо тасарсан захиргааны журмаар шийдүүлэх гэж хүсэлт гаргасан боловч М.Я  нь ирж уулзаагүй. Иймд 2015 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 460100008 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Д.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй, юуг үндэслээд надаас цалин, ажлын хөлс нэхээд байгааг ойлгохгүй байна. М.Я гаас хаалганы мөнгө гэж 200 000 төгрөг авсан нь үнэн, шинэ байрны найран дээр авчирж өгсөн ууцны хонио 200 000 төгрөг, айраг, цагаан идээгээ 150 000 төгрөгөөр үнэлж байгаа бол энэ мөнгийг нь төлж болох юм гэв.

Хариуцагч М.Я  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.М  нь гэрлэлтийн баталгаа цуцлуулах өргөдөл шүүхэд гаргасан тул хариуцагч М.Я  миний би сөрөг нэхэмжлэл гарган өөрөөс гарсан эд материал, санхүүгийн хохирлоо нөхөн төлүүлэх үндэслэл буй учир нэхэмжлэл гаргав. Төлүүлэх хохирол 4 590 000 төгрөг болно. Д.М  нь 2004 оны үед Өмнөговь аймгийн ажиллаж байхад танилцсан юм. Энэ хүнийг тэр үед эхнэртэй, эхнэр нь дөнгөж төрсөн гэдгийг би мэдээгүй,  надад хэлээгүй. Надтай амьдарна гэж 2011 оноос гуйж байнга араас явж эхэлсэн юм. 2013 оноос 2015 он онуудад 3-4 удаа 14 хоногийн амралтаараа хотод ир гэж гуйдаг байсан учир би охинтойгоо очиж байсан учир охин минь аавтай боллоо гэж итгэж баярлаж хөөрдөг байсан учраас цалин мөнгөө зардалд зарж очиж байсан. 2015 оны 09 дүгээр сард Д.М  нь *******т ирж манай аав, ээж, дүү нартай танилцаж, надтай сууна, охины минь эцэг нь болно хэмээн ятгаж 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлийн баталгаа хийлгэн авч, охин бид хоёрыг хот авч явсан ба цалингийн зээл авахуулах гэснийг би зөвшөөрөөгүй өөрт байсан мөнгөө авч явж 30 хоног байшин дээр нь хамт ажилласан юм. Д.М ийн орон сууцыг барилцаж дуусгаад цайллага хийнэ гэж аав, ээжийг минь аймгаас дуудаж, хотод ирүүлэх зардал гаргуулсан.

Миний ээлжийн амралт дуусч ажлаа хийж явахад нэг хүүхэн утсаар намайг элдвээр доромжилж, дарамтлан ярьж эхэлсэн ба би Д.М д итгэж байсан учир дараагийн амралтаараа хотод очиж уулзахад өөр хүүхэнтэй суучихсан, охин бид хоёрыг хоёул нийлж доромжлон хөөсөн тул бид хоёр буцаж явсан ба гол нь охин минь маш их сэтгэл санааны цочролд орж, уйлж бараг өвчтэй болох шахсан ба би эцэг эхэд нь Д.М ийн үнэнийг хэлэхэд ер тоосон царайгүй, болдог л юм болж байгаа юм шиг зан гаргаж байсан учир энэ хүмүүс үгсэн хуйвалдаж, миний мөнгө, биеийг ашиглан орон сууцаа барьж дуусган луйвар залилан хийжээ гэдгийг дараа дараагийн Д.М ийн утсаар ярьсан яриануудаас ил тод мэдрэгдэж би ч бүрэн ойлгосон тул би зүгээр нэг баталгаа салгах юм биш энэ луйврыг илчилэн гаргасан хохирлуудаа бүрэн авч байж,  хоёр биенийхээ сэтгэл санааны хохирлыг ч тооцох нь зөв гэж үзэж байна. Д.М  нь шинэ эхнэртэйгээ одоог хүртэл утсаар дарамталж, өөрсдөө гэрлэлтээ батлуулах зорилготой 7 настай охиныг минь сэтгэл санаагаар тоглож ямар байдалд оруулсныг бодох тусам энэ хүн ямар ч хүн чанаргүй, бүдүүлэг, эр хүний шинжгүй анхнаасаа бодож төлөвлөсөн мэргэжлийн луйварчин байсныг би мэдээгүй итгэж охиноо баллах шахсандаа одоо харамсан ойлгож байна. Миний өмнөх авгайн ч бас иймэрхүү байдлыг надад гаргасан гэж ярьж байгаа нь энэ хүнийг ямар хүн болохыг ойлгон ямарваа нэг хариуцлага тооцох цаг нь болсон, над шиг хичнээн хүний охин энэ луйвар залиланд нь ороогүй байгаасай гэж бодож байна.

30 хоног барилга дээр нь ажилласан хөлс өдрийн 35 000 төгрөгөөр үнэлэхэд 1 050 000 төгрөг, бүргэд хаалга 1 ширхэгийг авч өгсөн 250 000 төгрөг, 3 удаа очиж зардал гаргасан ба тэр үед би нэг сард цалин 880 000 төгрөгөөр бодож үзэхэд 2 640 000 төгрөг, аав, ээж байшингийн цайллаганд очихдоо ууцны хонь, цагаан идээ, бэлэг бусад зардал, ирж очих бензиний үнэ нийлээд 650 000 төгрөг, нийт нэхэмжилж буй мөнгөн дүн 4 590 000 төгрөгийг гаргуулж байж, гэрлэлтийн баталгаагаа салгана. Энэ хохирлыг төлсөн тохиолдолд би саадгүй гэрлэлтийн баталгаагаа цуцлуулна. Тухайн үед ийм зүйл болно гэж бодоогүй итгэж явсан учраас ямар ч баримт бүрдүүлээгүй ба энэ луйвар залиланг хийсэн үйлдэл мөн гэж үзэн миний нэхэмжлэлийг эрхэм шүүгчид минь анхааралдаа аван хохирлыг минь гаргуулан өгч гомдлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Я  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байшингийн найр хийх нэрээр луйвар хийсэн. Тухайн үедээ ийм зүйл болно гэж бодоогүй болохоор нотлох баримт цуглуулж чадаагүй. Би болон ээж, аав, хамаатнууд маань байшингийн найранд ирж очсон мөнгө, зардлуудаа гаргуулах хүсэлтэй байна. Энэ мөнгийг маань өгвөл гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М  нь хариуцагч М.Я д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлс 1 050 000 төгрөг, цалин 2 640 000 төгрөг, бүргэд хаалга 250 000 төгрөг, ууцны хонь, цагаан идээ, замын зардал 650 000 төгрөг нийт 4 590 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргана.

Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн тухайд:

Д.М , М.Я  нар 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн *******ын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-3/-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.М  нь ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан гэрлэлт цуцлуулах тухай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч өргөдөл гаргагч Д.М , уригдсан тал М.Я  нарыг удаа дараа уулзалтад урьсан боловч ирээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон /хх-4/ байна. Шүүх шаардлагатай гэж үзвэл гэрлэлт цуцлах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, талуудыг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээ авах боломжтой боловч гэрлэгсэд гэрлэлтээ бүртгүүлснээс хойш 22 хоног хамтдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй 3 жил  тусдаа амьдарсан болох нь талуудын тайлбараар /хх-1, 14, 18/ тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.М , М.Я  нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Хоёр. 4 590 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Гэрлэгчид 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж /хх-3/ 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нэг гэрт хамт амьдарсан болох нь зохигчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар /хх-37-38/ тогтоогдож байна. Гэрлэлт цуцалж буй талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваалгах, энэ эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг нөгөө талаас гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд М.Я  нь Д.М эс хөрөнгө буюу мөнгө шаардах үндэстэй болно. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.”, 126.2-т “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна.” , 126.2.5-д “гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө ...” гэж тус тус заажээ. М.Я  нь Д.М тэй гэрлэлтээ бүртгүүлж, тодорхой хугацаанд хамтран амьдрахдаа өөрийн хуваарьт хөрөнгө болох үйлчилгээний ажилтны цалин хөлсөөс байшин барих, байшингийн найр хийхэд зориулж хөрөнгө буюу мөнгө шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд энэ талаар маргахгүй байна. Иймд хариуцагч Д.М эс хаалганы үнэ 200 000 төгрөг, хонины үнэ 200 000 төгрөг, айраг, цагаан идээний үнэ 150 000 төгрөг нийт 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Я д олгож,  ажлын хөлс 1 050 000 төгрөг, 3 сарын цалин 2 640 000 төгрөг, шатахууны үнэ 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл бүхий баримт байхгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч ажлын хөлс 1 050 000 төгрөг гаргуулна гэх боловч энэ тухай гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоогүй гэх хариуцагчийн тайлбарыг няцааж тайлбар гаргаагүй, шатахууны үнэ 100 000 төгрөгийн талон, НӨАТ-ын баримт байхгүй, түүний үндсэн цалин нэхэмжлэлд дурдсан 880 000 төгрөг бус 832 073 төгрөг /хх-27/ байхаас гадна цалинг нотлох үндсэн баримт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр байхгүй тул 1 сарын цалин 880 000 төгрөг, 3 сарын цалин 2 640 000 төгрөгийг юуг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө бүрдүүлж, шүүхэд гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Д.М ийн гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэл, М.Я гийн 4 590 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл нь харилцан холбоотой бөгөөд тэдгээрийг хамтатган хянан хэлэлцэх нь маргааныг түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэх ач холбогдолтой тул хамтруулан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.М  гэрлэлт цуцлуулах шаардлагадаа 70 200 төгрөг, хариуцагч М.Я  4 590 000 төгрөг гаргуулах шаардлагадаа 88 390 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул М.Я гаас 70 200 төгрөг гаргуулан Д.М д, 4 590 000 төгрөг гаргуулах шаардлагаас 550 000 төгрөгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Д.М эс 550 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17 150 төгрөг гаргуулан М.Я д олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт Д.М  /РД:............./,  /РД:............./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар хариуцагч Д.М ээс хаалганы үнэ 200 000 төгрөг, хонины үнэ 200 000 төгрөг, айраг, цагаан идээний үнэ 150 000 төгрөг нийт 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Я д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 040 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Д.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, М.Я гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 390 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Я гаас 70 200 төгрөг гаргуулан Д.М д,  Д.М эс 17 150 төгрөг гаргуулан М.Я д тус тус олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар Д.М , М.Я  нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Чулуунчимэгт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.ЭНХТӨР