Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/224

 

 

 

 

 

 

 

 

 

2022         06           22                                    2022/ШЦТ/224

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Эрдэнэзул,

Хохирогч Б.М,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхоны **** тоот 1 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийнх, түрээсэлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Б.М.-ийг төөрөгдөлж оруулж, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр хуурч авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан...гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: ...2021 оны 11 дүгээр сард нөхөр Ганзоригтой гэр бүлийн асуудлаас болж маргалдаж улмаар 3 хүүхдээ дагуулж энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхон ****тоот 1 өрөө орон сууцыг 3 сарын хугацаатай, сарын 500,000 төгрөгөөр түрээслэн орсон. Нөхрөөсөө салчихсан. Нөхрийн нэр дээр байсан **** улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг түрээсийн байранд орохдоо хамт ажилладаг Үүрцайх багшид 1,500,000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан. Мөнгө хэрэгтэй байсан тул өөрийн түрээсэлж байсан байрыг Б.М гэх нэртэй залууд өөрийн өмч гэж ойлгуулж, 1 жилийн хугацаатай сарын 400,000 төгрөгөөр түрээслэнэ гээд 4,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авч түрээсийн байранд оруулсан. Би уг байрнаас гараад Дэнж баг Нарлаг Дэнж гэх газарт хашаа байшин түрээслэсэн. Б.М гэх хүн гэрээ байгуулна гээд байхаар нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн өмч мэтээр түрээсийн гэрээ байгуулсан. Миний хувьд өөрийн өмчлөлд байхгүй зүйлийг бусдад худал хэлж түрээслүүлсэн үйлдлээ хүлээн зөшөөрч байна... 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр нөхөр С.Ганзориг өөрөө ажил дээрээ байхдаа хашаа байшингаа хүнд зарчихсан байсан. Үүнээс болж маргаан үүсэж бид тусдаа амьдарч эхэлсэн... манай хашаа байшинг авахаар болсон хүмүүс хашаа байшингаа авахаар болоод арга буюу би гурван хүүхдийнхээ хамт 2021 оны 10 дугаар сард хашаа байшингаа суллаж өгөөд хөлсний байр хайсан. Байр олдохгүй хэсэг хугацаанд 3 хүүхдийнхээ хамт машиндаа амьдарсан. Тэгэж байгаад зарын дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхоны ****тоот 1 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын дунд үеэс нэг сарын 500,000 төгрөгийн түрээстэйгээр 3 сарын хугацаатай түрээслэх гэрээг амаар байгуулж орсон... Тухайн байрандаа нэг сар орчим амьдарч байсан чинь нөхөр С.Ганзориг машин хаана байна, машинаа авч явмаар байна гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь арга буюу өөрийн түрээслэн амьдарч байгаа байраа миний байр байгаа юм гэж ойлгуулаад 4,000,000 төгрөгөөр 10 сарын хугацаатайгаар түрээслэх гэрээг бичгээр байгуулаад түрээслүүлсэн... Б.М нь сарын 400,000 төгрөгөөр түрээслэж байсан. Б.М 3 сар энэ байранд амьдарсан. Б.М-ийн байранд амьдарч байх үеийн ашиглалтын зардал буюу цахилгаан, дулаан, СӨХ-ийн 270,000 төгрөгийг би өгсөн. Хохирогчид 500,000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо 2,030,000 төгрөг төлнө... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 24-26х/,

 

          - Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би эхнэр хүүхдийнхээ хамт тусдаа гарах гээд 2021 оны 12 дугаар сард түрээсийн байр хайж байгаад Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны ****тоотод 1 өрөө орон сууж түрээслэнэ гэсэн фэйсбүүк сайт дээр байршуулсан зарын дагуу Б.Аа гэх эмэгтэй хүнтэй утсаар ярьж очиж уулзсан... 1 жилийн хугацаатай сарын 400,000 төгрөгөөр түрээслүүлнэ, мөнгөө бөөнд нь авна гэж хэлсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлж авч 4,000,000 төгрөгийг Б.Аа гэх эмэгтэйд бэлнээр өгч 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулан түрээсийн байранд нүүж орсон. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад гаднаас 3 эмэгтэй хүн орж ирээд байрны жинхэнэ эзэн байна гэж хэлээд орон сууцны гэрчилгээг үзүүлсэн. Тэр эмэгтэй нь энэ байрыг та нарыг түрээсэлж байгаа гэсэн сураг сонсоод Орхон аймагт ирлээ, чамд байрыг түрээсэлсэн гэх хүн өөрөө түрээсийн байранд байсан, чамайг хуурсан байна. Яг одоо байрнаас гар, өөрийнхөө дүү нарыг оруулна гэж хэлээд бид нарыг хөөсөн... гурван сар амьдарсан 1,200,000 төгрөгийг хасахаар 2,800,000 төгрөг авах ёстой, бид нар өөрсдөө байр түрээслэх хугацааны ашиглалтын зардлыг төлж байхаар тохиролцсон. Гэхдээ миний хувьд 3 сарын хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Надад байр түрээслэсэн Б.Аа төлсөн байна лээ. Байрны ашиглалтын зардал 270,000 төгрөгийг миний нэхэмжилж байгаа 2,800,000 төгрөгөөс хасаж тооцож болно... надад 500,000 төгрөг өгсөн. Одоо 2,030,000 төгрөг нэхэмжилж байна... Мөнгөө хурдан авмаар байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 8х/,

 

- Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд: ...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн дүү Бат-Очирын хүү Б.М эхнэр хүүхдийнхээ хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхон ****тоот 1 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 400,000 төгрөгөөр түрээслэхээр Б.А гэх хүнтэй тохиролцоод цалингийн зээл авсан. Цалингийн зээл авах үед Мөнх-Эрдэнийн хамт явсан. Байрны түрээсэнд 4,000,000 төгрөгийг Б.А гэх эмэгтэйд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр Залуус хотхоны ****тоотод очиж өгсөн. Түрээсийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хийсэн. Б.А гэх эмэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхон ****тоот 1 өрөө орон сууц нь миний өмч, жирэмсэн хөдөө явах гэж байгаа болохоор байраа түрээсэлж байгаа гэж итгэл төрүүлж ярьсан гэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай дүү миний утас руу залгаад байрны жинхэнэ эзэн нь ирлээ. Өмнө нь түрээслэж байсан эмэгтэй биднийг хуурч, дахин түрээслүүлсэн байна. Байрны эзэн Д.Ж бид нарыг гар гээд байна гэсэн. Би Д.Ж гэх хүний ******** дугаарын утсыг Б.Мэр дамжуулж аваад түүнтэй утсаар ярихад... байраа суллаж өг, давхар түрээслэсэн Б.Аа гэх хүнийг олоод ирсэн гэж хэлээд Б.Ааг гэх эмэгтэй надад авчирч өгсөн тул цагдаад өргөдөл бичиж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

 

-Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Б.А надад байрны 3 сарын түрээсийн мөнгө 1,500,000 төгрөг өгөх ёстой байсан боловч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 500,000 төгрөгийг Хаан банкны *********** дугаарын данснаас 2021 оны 12 дугаар сарын 24-нд 300,000 төгрөг, 28-ны өдөр 200,000 төгрөгийг миний *********** тоот данс руу шилжүүлэн өгсөн. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш түрээсийн мөнгөө нэхүүлсээр байгаад Хаан банкны *********** дугаарын данснаас 2021 оны 12 дугаар 24-ний өдөр 400,000 төгрөг, 25-ны өдөр 100,000 төгрөгийг Хаан банканд эзэмшдэг миний *********** дугаарын данс руу шилжүүлсэн өгсөн. Ингээд би байрныхаа Эрдэнэт ус нэртэй орон сууцны контортой холбогдож байрны ашиглалтын зардал төлсөн эсэхийг асуухад 273,000 төгрөг төлөөгүй байна гэж хэлэхээр нь 2022 оны 03 дугаар сард өөрөө Эрдэнэтэд очих үед хүнгүй байхаар нь Б.Аагийн утасны дугаараар нь залгахад хороололд байна, байрандаа очих боломжгүй байна гээд надтай уулзаагүй. Ингээд манай хажуу айлын буюу 47 тоотын айлын хүнээс сонсоход манай байранд 2 залуу амьдарч байгаа талаар надад хэлсэн бөгөөд байрандаа очоод хаалга тогших үед нэг залуу хаалга онгойлгосон. Би тэр залуутай уулзан байрны ордероо үзүүлэхэд Б.Аа нь миний байранд амьдарч байгаа залуутай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээг гараараа бичиж хийгээд 4,000,000 төгрөг бэлнээр авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х /,

 

  • Түрээсийн гэрээ /хх-ийн 55-56х/,

 

  • Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53х/,

 

- Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Аг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь иргэн Д.Ж-ы өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхон ****тоот 1 өрөө орон сууцыг түрээсэлж амьдарч байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Мд сарын 400,000 төгрөгөөр 10 сарын хугацаатайгаар 4,000,000 төгрөгийг авч түрээсийн гэрээ бичгээр байгуулж уг байрыг өөрийн мэтээр ойлгуулж, түрээсэлсэн үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнх-Эрдэний “...Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны ****тоотод 1 өрөө орон сууж түрээслэнэ гэсэн фэйсбүүк сайт дээр байршуулсан зарын дагуу Б.Аа гэх эмэгтэй хүнтэй утсаар ярьж очиж уулзсан... 1 жилийн хугацаатай сарын 400,000 төгрөгөөр түрээслүүлнэ, мөнгөө бөөнд нь авна гэж хэлсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлж авч 4,000,000 төгрөгийг Б.Аа гэх эмэгтэйд бэлнээр өгч 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулан түрээсийн байранд нүүж орсон. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад гаднаас 3 эмэгтэй хүн орж ирээд байрны жинхэнэ эзэн байна гэж хэлээд орон сууцны гэрчилгээг үзүүлсэн. Тэр эмэгтэй нь энэ байрыг та нарыг түрээсэлж байгаа гэсэн сураг сонсоод Орхон аймагт ирлээ, чамд байрыг түрээсэлсэн гэх хүн өөрөө түрээсийн байранд байсан, чамайг хуурсан байна...гэсэн, гэрч Ц.Гийн  ...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн дүү Бат-Очирын хүү Б.М эхнэр хүүхдийнхээ хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхон ****тоот 1 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 400,000 төгрөгөөр түрээслэхээр Б.А гэх хүнтэй тохиролцоод цалингийн зээл авсан... Байрны түрээсэнд 4,000,000 төгрөгийг Б.А гэх эмэгтэйд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр Залуус хотхоны ****тоотод очиж өгсөн. Түрээсийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хийсэн. Б.А гэх эмэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхон ****тоот 1 өрөө орон сууц нь миний өмч, жирэмсэн хөдөө явах гэж байгаа болохоор байраа түрээсэлж байгаа гэж итгэл төрүүлж ярьсан гэсэн...” гэсэн, гэрч Д.Жы “...Ингээд би байрныхаа Эрдэнэт ус нэртэй орон сууцны контортой холбогдож байрны ашиглалтын зардал төлсөн эсэхийг асуухад 273,000 төгрөг төлөөгүй байна гэж хэлэхээр нь 2022 оны 03 дугаар сард өөрөө Эрдэнэтэд очих үед хүнгүй байхаар нь Б.Аагийн утасны дугаараар нь залгахад хороололд байна, байрандаа очих боломжгүй байна гээд надтай уулзаагүй. Ингээд манай хажуу айлын буюу 47 тоотын айлын хүнээс сонсоход манай байранд 2 залуу амьдарч байгаа талаар надад хэлсэн бөгөөд байрандаа очоод хаалга тогших үед нэг залуу хаалга онгойлгосон. Би тэр залуутай уулзан байрны ордероо үзүүлэхэд Б.Аа нь миний байранд амьдарч байгаа залуутай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээг гараараа бичиж хийгээд 4,000,000 төгрөг бэлнээр авсан гэж байсан...” гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Агийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь авч залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хохирогч Б.М нь “...бэлнээр 500,000 төгрөг авсан, 3 сар байранд суусан 1,200,000 төгрөг, байрны ашиглалтын зардал 270,000 төлөөгүй үүнийг асаад 2,030,000 төгрөг нэхэмжилж байна гэсэн тул шүүгдэгч Б.Агаас 2,030,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мд олгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас ...1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.Ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Болдын Б.Ааг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Агаас 2,030,000 /хоёр сая гучин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ