Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/02691

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/02691

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М.С,

 

Нэхэмжлэгч: ХФ ХХК нарт холбогдох,

           

            Нэхэмжлэлийн шаардлага: Талбайн зөрүүнд 11.475.000 төгрөг гаргуулах, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, ХФ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.Б, М.Ц нарын өмгөөлөгч Н.Б, шинжээч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.С эхнэр Б.Эн хамт 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ХФ ХХК-иас байр худалдаж авахаар гэрээ байгуулсан. 2014 оны 8 дугаар сарын сүүлээр ХФ ХХК-иас биднийг дуудаж, төлбөр хүлээж авсан талын нэрсийг өөрчиллөө гээд гэрээний эхний 2 хуудсыг сольсон. 2015 оны 2 дугаар сард барилгын ажил дууслаа гэсэн. Бид байрны зээл хөөцөлдөж 2015 оны 5 дугаар сард байраа хүлээж авсан. Байрны м.кв-ын хэмжээ жижиг байсан учраас бид “Инженер геодизи” ХХК-ийг хөлсөлж байраа хэмжүүлсэн. Бид байраа 1 м.к-ыг нь 1.700.000 төгрөгөөр худалдаж авсан. Хэмжилтээр гэрээнд зааснаас 7 орчим м.кв талбай дутсан байсан. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ХФ ХХК-ийн удирдлагад м.кв-ын зөрүү мөнгө өг эсвэл байраа буцаая гэж хандсан. ХФ ХХК байр буцаахыг зөвшөөрсөн. Гэхдээ мөнгө бэлэн болохоор хэлнэ гэж хэлсэн. Үүнээс хойш 4, 5 сарын дараа ХФ ХХК байр буцааж аваагүй учраас бид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Байрны 7 м.кв-ын зөрүүг мөнгөн дүнгээр тооцвол 11.475.000 төгрөг болно. Үүнийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар *** дүгээр байрны 44 м.кв талбайтай байрын м.кв-ыг 1.700.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Нэхэмжлэлд дурдсанаар анх 6.75 м.кв дутуу гарсан. Сүүлийн дүгнэлтээр 8.71 м.кв-ын зөрүү гарсан. Нэхэмжлэгч нар хариуцагчид удаа дараа шаардлага тавьсан боловч шийдвэрлэж өгөөгүй учраас шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Хариуцагч тал Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмнө ямар нэгэн доголдолгүй үл хөдлөх хөрөнгө хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч нарын захиалсан байрны хэмжээ дутсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэд хэдэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хариуцагч тал 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээг 2014 оны 8 дугаар сард гэрээний талыг солих нэрийдлээр гэрээний эхний хуудсыг сольсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тогтоогдсон. Хариуцагч тал гэрээний 1.3 дахь заалтыг орон сууцны ханын тэнхлэгийн төв буюу ойсоос орон сууцны талбайн хэмжээг хэмжинэ гэж өөрчилсөн байсан. Маргаан бүхий байрыг 2014 оны 7 дугаар сард улсын комисс хүлээж авсан. Тухайн үед байр худалдаж авах гэж байсан  иргэд орон сууцны м.кв-ын хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байна гэдгийг хариуцагч нарт хэлж байсан. Хариуцагч нар ч хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой болсон гэдгийг мэдсээр байж байрыг захиалагчид хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нар худалдаж авсан байрныхаа талбайн хэмжээнд эргэлзэж, 2015 оны 5 дугаар сард эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэхэд 1 м.кв биш нэлээд хэмжээгээр дутсан учраас энэ талаар хариуцагч талд мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн. Хариуцагч талаас шаардлагын хариуд наймаагаа буцаая, гэрээгээ цуцлая, орон сууцны төлбөрийг буцааж өгнө гэсэн саналаа албан бичгээр илэрхийлчихээд амлалтандаа хүрээгүй. Талуудын хооронд байгуулагдсан анхны гэрээний 1.3-д стандартад зааснаар хэмжилт хийхээр заасан. Гэрээний 1.3 дахь заалт өөрчлөгдсөнтэй холбоотой маргаан үүссэн. “*** нар” ХХК-ийн дүгнэлтээр байр 7 м.кв-аар дутсан болох нь харагдаж байна. Хариуцагч тал гэрээний 1.3-д зааснаар ханын ойсоор хэмжих ёстой гэсэн тайлбар тавилаа. Гэрээний 1.2, 1.3-д дахь заалтууд зөрчилтэй. Гэрээний заалтууд барилгын стандартын 7.2, Стандартчлал тохирлын үнэлгээний тухай хуулийн 24.1.1-д заасантай зөрчилддөг. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хууль, Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулах байтал гэрээний 1.3 дахь заалт нь хууль, стандарттай зөрчилдөж байна. Нэхэмжлэгч талыг гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох ч гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан заалт болсон. Барилгыг 2014 оны 8 дугаар сард улсын комисс хүлээж авч, 2015 оны 2 дугаар сард үл хөдлөхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, хариуцагч нэхэмжлэгчид 2015 оны 5 дугаар сард байрыг хүлээлгэж өгсөн. 2015 оны 2 дугаар сард байрны гэрчилгээ гарч, нэхэмжлэгчид өмчлөх эрх шилжсэн. 2015 оны 5 дугаар сард нэхэмжлэгч байрандаа орж, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа болоогүй гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд үүссэн маргаан үл хөдлөх хөрөнгө, барилгатай холбоотой учраас гомдлын шаардлага гаргах хугацаа 3 жилээр тодорхойлогдоно. Нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргаж, хариуцагчтай зөвшилцөлд хүрсэн хэдий ч хариуцагч зөвшилцөлдөө хүрээгүй учраас бид шүүхэд хандахад хүрсэн. Байрны гэрчилгээ 44 м.кв гэж гарсан. Нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 44 м.кв-ын хэмжээгээр дулаан, ус, цахилгаан зэрэг холбогдох зардлыг төлж байгаа. Цаашид ч энэ хэмжээгээр төлбөр нөхцөл бүрдсэн. Энэ байдлаас урьдчилсан сэргийлж, байрны бодит хэмжээг шүүхээс 35.29 м.кв-аар тогтоовол шүүхийн шийдвэрийг үндэслэж үл хөдлөхийн гэрчилгээнд өөрчлөлт орох боломжтой. Үл хөдлөхийн гэрчилгээнд өөрчлөлт орсноор нэхэмжлэгчийн цаашдын эрх ашиг зөрчигдөхгүй байх боломжтой. Шударга ёсны зарчмыг хангаж шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

            Хариуцагч ХФ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр талууд орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр барилгын ажил эрхэлж байгаа М.Ц, Б.Б нарын барих орон сууцны барилгаас иргэн М.С эхнэрийн хамт орон сууц худалдаж авахыг хүссэн. Барилгын борлуулалтыг ХФ ХХК хариуцаж байсан. Иймд нэхэмжлэгчийн м.кв-ын зөрүү 11.475.000 төгрөг гаргуулах шаардлагад ХФ ХХК хамааралгүй юм. ХФ ХХК ажил гүйцэтгэх гэрээний оролцогч биш болох нь хавтаст хэрэгт авагдсан улсын комиссын актаар нотлогдоно. Зөвхөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ХФ ХХК-ийн нэр байгаа учраас компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татсан. ХФ ХХК байрны м.кв-ын зөрүү төлөх үүрэг хүлээхгүй юм гэв.

            Хариуцагч М.Ц, Б.Б нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ц, Б.Б нар нэхэмжлэгч нарын захиалсан барилгын холбогдох зөвшөөрөл гаргуулсан иргэд. Нэхэмжлэгч нар М.Ц, Б.Б нартай 44 м.кь талбайтай орон сууц бариулахаар тохирч, гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нар гэрээнд зааснаар өөр буюу хавтаст хэрэгт авагдсан зөрүүтэй м.кв талбайтай орон сууц хүлээж авсан. Гүйцэтгэсэн ажлын үр дүнд доголдол гарсан учраас зардал нэхэмжилсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Талууд гэрээнд орон сууцны талбайг ойс буюу ханын тэнхлэгийн төвөөс хэмжинэ. Барилгын талбай 44 м.кв гэж харилцан тохирч гэрээ байгуулсан. 2014 онд нэхэмжлэгч нар орон сууц хүлээж авчихаад шаардлага гаргахгүй байсаар “Инженер геодизи” компаниар хэмжүүлэхэд 37 м.кв байна гэж шүүхэд хандсан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д зааснаар орон сууцны талбайн хэмжээг 44 м.кв болгох ямар ч боломжгүй, 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар нэхэмжлэгч тал м.кв-ын зөрүү шаардсан бол ажил гүйцэтгэх гэрээний нэг тал ажлын үр дүнг шалгаж хүлээж авах үүрэгтэй. 2 өрөө орон сууцны м.кв-ын хэмжээг нүдээр харж хэмжих ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээж авахдаа шалгаж хүлээж авах боломжтой байсан. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-д зааснаар нэхэмжлэгч тал орон сууцны хэмжээг шалгаж аваагүй нь шаардах эрхээ алдахад хүргэж байна. Хавтаст хэрэгт авагдсан “Эм Эм инженеринг” ХХК-ийн дүгнэлтээр хариуцагч нар гэрээнд зааснаас өөр хэмжээгээр орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээж өгөөгүй, гэрээнд зааснаар хүлээлгэж өгсөн болох нь харагдаж байна. Хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нарт 2 өрөө байр хүлээлгэж өгсөн. Хариуцагч нар орон сууц хүлээж авахдаа талбайн хэмжилт хийж, төлбөр төлөх боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.С, Э нар нь хариуцагч ХФ ХХК, Ц.Ц, М.Бнарт холбогдуулан орон сууцны талбайн зөрүүнд 11.475.000 төгрөг гаргуулах, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзсан байна.

            Хариуцагч ХФ ХХК нь хариуцвал зохих этгээд биш, хариуцагч М.Ц, Б.Б нар нь гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан, гэрээнд м.кв-ыг ойсоос хэмжихээр заасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч М.С, Э нар нь хариуцагч М.Ц, Б.Б нартай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан, борлуулалтыг нь ХФ ХХК хариуцах, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байрны 49 тоотод байрлах 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны барилгын ажлыг М.Ц, Б.Б нар хариуцан ажиллаж,  2014 оны 2 дугаар улиралд уг орон сууцыг М.Ст хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч М.С нь гэрээгээр тохирсон нийт 74,800,000 төгрөгийн хөлсийг төлөхөөр харилцан тохирчээ /хх 3 дугаар хуудас/.  

   Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний 1.1-д “... орон сууцны барилгын ажлыг А тал хариуцах, Б.тал уг орон сууцыг захиалан хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон харилцаан зохицуулна” гэсэн заалт,  гэрээний зүйл болох 49 тоот орон сууц нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэн нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байдал, зохигчдын “анх гэрээг хийхэд уг байрны суурь цутгагдсан, каркас нь босч байсан” гэсэн тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч М.Ц, Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.    

   Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хүлээх ба мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй” гэж үзэхээр заасан байна. 

 Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу орон сууцны талбайн хэмжээ дутуу тал дээр маргаагүй, харин талбайн хэмжээг гэрээгээр тохирсны дагуу “ханын ойсоос хэмжих ёстой”, талууд үүнийг нэгэнт гэрээгээр тохирсон учир гэрээгээ дагаж мөрдөх ёстой, гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

           Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд  хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.

Зохигчдын байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр “орон сууцны талбайг ойс буюу ханын тэнхлэгийн төвөөс хэмжинэ” гэж тохирсон нь Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “стандарт, техникийн зохицуулалтад заасан үзүүлэлтийг аж ахуйн нэгж болон иргэн биелүүлэх үүрэгтэй”,  Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 дугаартай стандартыг зөрчсөн байна.

            Өөрөөр хэлбэл, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1.3 дахь заалт буюу орон сууцны талбайг тодорхойлох заалт нь хууль болон стандартад нийцээгүй тул хүчин төгөлдөр бус байна. Гэвч гэрээний үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байсан тул зохигчид хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа нь Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалттай нийцэж байна.

            Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” гэж заасны дагуу захиалагч нь дутуу талбайн зөрүү үнийг шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

            Учир нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь ажлын үр дүнг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүлээн авсан байх бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгэж, энэ тухай ажил гүйцэтгэгчид хандаж байсан болох нь ХФ ХХК-ийн захирал М.Цийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гэрээг цуцалж, төлбөрийг алданги тооцохгүйгээр буцаан олгох боломжтой гэсэн албан тоот /хх 144/-оор нотлогдож байна.

            Энэхүү нөхцөл байдлаас нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.

            Шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр томилогдож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол,  80 дугаар байрны 49 тоотод байрлах 2 өрөө орон сууцны талбайн хэмжилтийг хийсэн “Гандирс од” ХХК-ийн хэмжилтээр уг орон сууцны талбайн хэмжээ 37.51 м2 байна /хх 36-40/,  “Эм Эм Инженеринг” ХХК-ийн хэмжилтээр орон сууцны талбайг MNS 6058:2009 стандартаар хэмжихэд 37.29 м.кв, ханын тэнхлэгээс ойсоор хэмжихэд 42.40 м.кв талбайтай /хх 57-61/ байжээ.

            Шүүхээс шинжээчийн дүгнэлтийг зөрүүг арилгах зорилгоор дахин шинжээчээр “*** нар” ХХК-ийг томилж, хэмжилт хийлгэхэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол,  80 дугаар байрны 49 тоотод байрлах 2 өрөө орон сууцны талбай нь MNS 6058:2009 стандартаар 35.29 м.кв болохыг тогтоосон /хх 179-182/ ба хариуцагч талаас стандарт барьж хэмжсэн хэмжилт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлаж, гэрээнд өөрөөр тохиролцсон тул энэ хэмжилт хамааралгүй гэж тайлбарлаж байна.

            Нэгэнт зохигчид шүүгчийн захирамжаар томилогдсон “*** нар” ХХК-ийн хэмжилтийг хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс өмнөх 2 зөрүүтэй гарсан шинжээчийн дүгнэлтэд тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэн, сүүлд томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

   Зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний оролцогч буюу  захиалагч М.С, Б.Э, ажил гүйцэтгэгч нь М.Ц, Б.Б нар байх тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь шаардлагыг хариуцагч М.Ц, Б.Б нараас гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар нь 8.71 м.кв талбай дутуу шилжүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.

   Зохигчдын байгуулсан гэрээнд сууцны нэгж талбайн үнийг 1.700.000 төгрөгөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь 8.71 м.кв х 1.700.000 төгрөг, нийт 14.807.000 төгрөгийг шаардах эрхтэй байсан боловч шүүхэд анх гаргасан шаардлагын хэмжээгээр буюу 11.475.000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байх тул хариуцагч М.Ц, Б.Б нараас энэхүү төлбөрийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

   Нэхэмжлэгч нар нь гэрээний төлбөрийг ХФ ХХК хүлээн авсан тул ажил гүйцэтгэх гэрээний оролцогч гэж тодорхойлж, түүнээс төлбөр гаргуулахаар шаардаж байна гэх боловч гэрээнд ХФ ХХК-ийг борлуулалт хариуцах талаар тусгасан, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актаар тухайн барилгын захиалагч нь иргэн М.Ц, Б.Б нар байх бөгөөд нэхэмжлэгч нар нь ХФ ХХК-тай гэрээ байгуулаагүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой үүргийг ХФ ХХК-иас шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

   Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338.950 төгрөгөөс 268.750 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Ц, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 198.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352.2.3 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Ц, Б.Б нараас 11.475.000 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгч М.С, Б.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ХФ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дахь заалтыг баримтлан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338.950 төгрөгөөс 268.750 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч М.Ц, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 198.550 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

           

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.МӨНХЦЭЦЭГ