Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1367

 

 

 

 

 

 

 

 

   2022         9            21                                      2022/ШЦТ/1367

           

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Г.Билгүүн,

гэрч Ц.Хосбаяр,

шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 023710 1861 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт  амьдардаг, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх  дүүргийн 27 дугаар хороо, 18-1361 тоотод хохирогч Х.Чуулганы эзэмшлийн өвлийн орон сууцны цонхыг тоосгоор хагалж, бэлэн 90.000 төгрөг авч, хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.     

                                                                                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 5-9/,

- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******-ны өгсөн: “... Би 2021 оны 7 дугаар 06-ны өдөр Жаргалантын үхрийн фермээс Улаанбаатар хотод ирсэн, улмаар ирээд харанхуй болох гэж байхад би хүргэн ах Чуулганы гэрт очсон, яг хэзээ очсоноо бол сайн санахгүй байна, би нилээн согтуу байсан, Х.Чуулганы гэрт очдог нь манай аавын дүүгийн хүүхэд Түмэнбаяртай уулзах гээд очсон, тэгтэл гэрт нь хүн байгаагүй, тэгээд би хашаан дотор байсан тоосгоор цонхыг нь хагалаад орсон, цонхоор нь Х.Чуулганы гэрт ороход толины урд түрийвчин дотор байсан 90.000 төгрөгийг аваад буцаад гарсан, Гараад явж байтал арын хашааны хүнтэй таарсан намайг ”хэн бэ” гэж асуухад “би дүү нь байна” гэж хэлээд явсан, улмаар доор байх 10 жилийн сургуулийн ойролцоо 2 танихгүй хүнтэй таараад архи авч уусан, хохирол мөнгөө барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

- хохирогч Х.Чуулганы өгсөн: “... Б нь 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр надруу яриад архины мөнгө асуухаар нь өгөөгүй, бид нарыг хөдөө явж байгаа, манай гэр эзэнгүй байгаа гэдгийг мэдэж байсан, би энэ хүн дахин манай гэр лүү орж хулгай хийж магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. ...тухайн үед Б манайхыг байхгүй гэж мэдэж байсан, тэгээд манай хамаатны хүүхэд манай гэрт байдаг юм, тэрийг байгаа байх гэж бодоод очсон гэж манай түлхүүр үлдээдэг газрыг Б бол бид нар гэртээ байхгүй үед манай түлхүүрийг аваад гэрт орох эрхтэй тухайн үед бол хөдөө явсан учраас түлхүүрээ үлдээхгүй явсан байсан, тэгтэл Б согтуу ирээд цонхоор орсон байсан, тэрнээс хулгай хийнэ гэж манайд ирээгүй байх, тухай үед нь архи уугаад байсан учраас дургүй хүрээд цагдаад хандсан болохоор шоронд суулгая гэж бодож ийм зүйл хийгээгүй юм, надад гомдол санал байхгүй, энэ хэргийг хааж өгөхийг хүсэж байна....Би хагарсан цонхоо үнэлүүлэхгүй, надад ямар ч гомдол санал байхгүй, тухайн цонхыг янзалчихсан болохоор үнэлүүлэх шаардлагагүй, “гэх мэдүүлэг /хх-ийн 19-23, 106, 112/,

- гэрч Ц.Хосбаярын өгсөн: ”...тухайн үед буюу 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр манай дүүгийн төрсөн өдөр байсан учраас санаж байна, нутагруугаа буюу Говь-Алтай аймгийн Цогт сум руу яваад гэртээ ирэхэд манай гэрийн цонх хагарсан хөшиг хийссэн байдалтай байсан, тэгээд шөнө бараг үүрээр ирсэн учир хүүхдүүдээ айчихна гэж бодоод чимээгүй ороод хүүхдүүдээ унтуулаад гэрээ цэвэрлэсэн алга болсон зүйл байна уу гэж шалгахад ширээн дээр байсан түрийвчнээс 90.000 төгрөг байхгүй байсан, өөр эвдэрсэн алга болсон, эд зүйл ухаж сандаачсан зүйл байгаагүй, тэгээд өглөө нь цагдаад дуудлага өгсөн, тухай үед бол Б-ыг орсон гэдгийг мэдээгүй байсан, цагдаад дуудлага өгсний дараа манай нөхөр Чуулган хойд айлын хүнээс орж манайд хүн ирсэн үү гээд болсон зүйлийн талаар хэлэхэд “нэг эрэгтэй хүн гарч явсан, би “юун хүн бэ” гэж асуухад би “би Чуулган ахын эхнэрийн дүү байгаа юм гэж хэлсэн, тэгтэл манай хойд айлын ах манай гэрийг эргэлгүй орхисон юм байна, тэгээд цагдаа нар ирээд “сэжиглэж байгаа хүн байна уу” гэж асуухад хүнээс сонссон учраас “******* байж магадгүй” гэж хэлсэн юм, Анх цагдаа дуудахдаа  манай нөхөр Чуулган цагдаа дуудсан, манай нөхөр мөн мэдүүлэг өгөөд байсан, ийм зүйл болох талаар мэдээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх  дүүргийн 27 дугаар хороо, 18-1361 тоотод хохирогч Х.Чуулганы эзэмшлийн өвлийн орон сууцны цонхыг тоосгоор хагалж, бэлэн 90.000 төгрөг авч, хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн болох нь

- 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 5-9/,

- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч ******* өгсөн: “... Х.Чуулганы гэрт очдог нь манай аавын дүүгийн хүүхэд Түмэнбаяртай уулзах гээд очсон, тэгтэл гэрт нь хүн байгаагүй, тэгээд би хашаан дотор байсан тоосгоор цонхыг нь хагалаад орсон, цонхоор нь Х.Чуулганы гэрт ороход толины урд түрийвчин дотор байсан 90.000 төгрөгийг аваад буцаад гарсан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

- хохирогч Х.Чуулганы өгсөн “... Б нь 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр надруу яриад архины мөнгө асуухаар нь өгөөгүй, бид нарыг хөдөө явж байгаа, манай гэр эзэнгүй байгаа гэдгийг мэдэж байсан, Б согтуу ирээд цонхоор орсон байсан,  “гэх мэдүүлэг /хх-ийн 19-23, 106, 112/,

- гэрч Ц.Хосбаярын өгсөн: ”...тухайн үед буюу 2021 тоны 7 дугаар сарын 14-ний өдөр манай дүүгийн төрсөн өдөр байсан учраас санаж байна, нутагруугаа буюу Говь-Алтай аймгийн Цогт сум руу яваад гэртээ ирэхэд манай гэрийн цонх хагарсан хөшиг хийссэн байдалтай байсан, тэгээд шөнө бараг үүрээр ирсэн учир хүүхдүүдээ айчихна гэж бодоод чимээгүй ороод хүүхдүүдээ унтуулаад гэрээ цэвэрлэсэн алга болсон зүйл байна уу гэж шалгахад ширээн дээр байсан түрийвчнээс 90.000 төгрөг байхгүй байсан, Анх манай нөхөр Чуулган цагдаа дуудсан, манай нөхөр мөн мэдүүлэг өгөөд байсан, ийм зүйл болох талаар мэдээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 98/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  90.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Улсын яллагч: “шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 18-1361 тоотод оршин суух иргэн Х.Чуулганы өвлийн орон сууцны цонхыг хагалж, бэлэн 90.000 төгрөг авч, хүн байнга амьдрах, орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, хууль бусаар авсан болох  нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэж

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэг хүртэл миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг хамгийн түрүүнд онцолж хэлмээр байна. Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, оногдуулж болох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хуулийн хэрэглээний талаар мэтгэлцэж байгаа нь миний үйлчлүүлэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж хязгаарлаж болохгүй гэдгийг дурьдах нь зүйтэй байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэсэн хэргийн зүйлчлэлийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. ...“хүний амьдарч байгаа орон байранд нэвтэрсэн гэж үзэхийн тулд хамгийн гол анхаарах зүйл бол тухайн шүүгдэгчийг нэвтрэхийг зөвшөөрөөгүй байхыг” шаарддаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, өнөөдрийн шүүх хэлэлцүүлэгт оролцсон гэрчийн мэдүүлэг, хохирогч Х.Чуулганы удаа дараа өгсөн мэдүүлгээр “шүүгдэгч оюутан ахуй наснаасаа амьдарсан, Улаанбаатар хотод орж ирэхдээ манай гэрт ирээд явдаг” гэдэг мэдүүлгүүд нь миний үйлчлүүлэгчийг Х.Чуулганы амьдарч байгаа орон байранд нэвтрэх зөвшөөрөлтэй, манай гэрт нэвтрэх хүмүүсийн нэг буюу төрлийн хүн байна. ...Мөнгө авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Хохирогч гомдол саналгүй. Дүүгээсээ авсан мөнгөө буцаагаад өгсөн” гэж тус тус мэтгэлцэв.

            Хохирогч Х.Чуулган, гэрч Ц.Хосбаяр нар “гэрийн цонх хагарсан” байдалтай байсан талаар мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эхнэртэй төрөл садангийн холбоотой гэрт нь нэвтрэн орох зөвшөөрөлтэй гэж өмгөөлөгч мэтгэлцэж байгаа боловч энэ зөвшөөрөл нь гэрийн эздийг байхгүй эзэнгүй байхад нь цонхыг нь хагалж, цонхоор нь нэвтрэн орж эд зүйлийг нь авч болох зөвшөөрөл биш юм.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2021 оны 12 сарын 24-ны өдрөөс 2022 оны 2 сарын 11-ны өдрийг хүртэл 48 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-д хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч *******-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4 .*******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ны цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-нд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА