Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1312

 

 

 

 

 

 

 

 

  2022          9          08                                       2022/ШЦТ/1312

           

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Т-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00367 0642 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, А.Т

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч А.Т нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жастын 51б байрны 6 тоотод хамт хонож байсан Г.Мөнх-Амгалангийн Рэдми ноте-8 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Мөнх-Амгаланд 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа зөвшөөрч байна, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Иргэн Г.Мөнх-Амгалангаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/,

- мөрдөн шалгах ажиллагаанд Хохирогч Г.Мөнх-Амгалангийн өгсөн  :...2021 оны 12 дугаар сарын 20-ны орой ажлаас гэртээ ирэхэд хамт ажилладаг залуу болох А.Т гэрт байхгүй байсан,  хэсэг хугацааны дараа миний утасруу залгаад 5000 төгрөг шилжүүлж авсан ба гэрт орж ирэхдээ согтуу орж ирсэн, тэгээд удалгүй унтаад өгөхөөр нь би унтсан ба шөнө 01 цаг 50 минутад сэрэхэд Рэдми нөте-8 про загварын гар утас ... нь хулгайлж аваад гараад явчихсан байсан, тухайн үед 200.000 төгрөгөө хайгаад олоогүй, тэгээд Т-ыг гар утастай аваад явчихсан байна гэж бодоод мэдүүлэг өгсөн байгаа, тэгээд нийтийн байрнаасаа нүүх гээд юмаа зөөж байгаад 200.000 төгрөгөө олсон. гэх мэдүүлэг /хх-ийн 9- 30/

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны шинжээчийн эд зүйлд үнэлгээ хийсэн :.. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 440.000 төгрөгөөр үнэлэгдэв. гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

- Яллагдагч А.Т-ын  өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд хамт ажиллаж байсан, Мөнх-Амгалангийн гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жастын 51б байранд очсон, очихдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд би унтаад өгсөн, тэгээд шөнө утсыг нь аваад гараад төв зам дээрээс такси бариад 5 шар луу яваад сууж явсан таксины жолоочид хулгайлж авсан утсаа 80.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи аваад уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/  

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Т нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жастын 51б байрны 6 тоотод хамт хонож байсан Г.Мөнх-Амгалангийн Рэдми ноте-8 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Мөнх-Амгаланд 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,  

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнх-Амгалангийн өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 20-ны орой ажлаас гэртээ ирэхэд хамт ажилладаг залуу болох А.Т гэрт байхгүй байсан,  хэсэг хугацааны дараа миний утасруу залгаад 5000 төгрөг шилжүүлж авсан ба гэрт орж ирэхдээ согтуу орж ирсэн, тэгээд удалгүй унтаад өгөхөөр нь би унтсан ба шөнө 01 цаг 50 минутад сэрэхэд Рэдми нөте-8 про загварын гар утас ... нь хулгайлж аваад гараад явчихсан байсан, тухайн үед 200.000 төгрөгөө хайгаад олоогүй, тэгээд Т-г  гар утас аваад явчихсан байна гэж бодоод мэдүүлэг өгсөн байгаа, тэгээд нийтийн байрнаасаа нүүх гээд юмаа зөөж байгаад 200.000 төгрөгөө олсон. Гэх мэдүүлэг /хх-ийн 9, 30/

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны шинжээчийн эд зүйлд үнэлгээ хийсэн :.. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн зах зээлийн үнэлгээгээр 440.000 төгрөгөөр үнэлэгдэв.гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Т-ын өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд хамт ажиллаж байсан,  Мөнх-Амгалангийн гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жастын 51б байранд очсон, очихдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд би унтаад өгсөн, тэгээд шөнө утсыг нь аваад гараад төв зам дээрээс такси бариад 5 шар луу яваад сууж явсан таксины жолоочид хулгайлж авсан утсаа 80.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи аваад уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Т гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Т-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

шүүгдэгч А.Т нь шүүхийн шатнаас оргон зайлсан байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1267 дугаартай Шүүгдэгчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарган эрэн сурвалжилсан байна.Шүүгдэгч нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс энэ өдрийг хүртэл 44 хоног цагдан хоригджээ.

Шүүх шүүгдэгч А.Т-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж түүний цагдан хоригдсон 44 хоногийг Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул 440.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Мөнх-Амгаланд олгохоор шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  А.Т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Т-ын цагдан хоригдсон 44 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, ял эдэлсэнд тооцсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Т-с 440.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Мөнх-Амгаланд олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон нийт 44 хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. шүүгдэгч А.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргтийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА