Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 105/2022/0842/Э |
Дугаар | 2022/ШЦТ/846 |
Огноо | 2022-06-07 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/846
2022 06 07 2022/ШЦТ/846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1663 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтамьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын эцсийн 96 дугаар худаг дээр “машины дохионы гэрэл хагалчихлаа” гэж маргалдан хохирогч Я.Оюунбаатарыг түлхэж газарт унаган, улмаар хохирогчийн биед баруун хөлийн гадна болон дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
- Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,
- Хохирогч Я.Оюунбаатарын “.... 2022 оны 04 дүгээр сарын 15-ны орой 20 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ганцын худаг гэрийнхээ хэрэглээний усыг өөрийн тээврийн хэрэгслээр аваад хөдлөх гэсэн боловч миний тээврийн хэрэгслийн урд 4-5 ширхэг тээврийн хэрэгсэл байрлуулсан байсан тэгэхээр нь би өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ ухарч гарах гээд ухарч байхад машины сигнал дуугарахаар нь буугаад хартал Б гэх хүний тээврийн хэрэгслийн баруун урд талын дохионы гэрэл хэсгийг мөргөсөн байсан тухай тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд “та миний машины дохиог хагалчихлаа, энийг төл” гэж хэлэхээр нь “надад мөнгө байхгүй” байна гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь тухайн хүнд хандаж хэлэхдээ “би чам шиг хүүхдүүдтэй” гэж хэлээд бид 2 хоорондоо барьцалдаад авсан харин барьцалдах явцад намайг хөл хэсгээрээ хавсраад, түлхээд дээрээс дараад унасан. Намайг хэл амаар доромжилсон болохоор би Б гэх хүнийг хэл амаар доромжилсон, тэгээд би өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ очоод би өөрийн 99661860 гэсэн дугаараасаа эхнэр болох Сувд 91145058 дугаар луу залгаад болсон явдлын талаар хэлэхэд манай эхнэр Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
- Гэрч М.Сувдын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “....Би гэртээ амарч байхад манай нөхөр болох Я.Оюунбаатар нь усны саваа аваад гэрээс гараад худаг руу усанд явсан. Гэтэл ирэхгүй удаад байсан, энэ хооронд би гэртээ хоол ундаа хийж байсан чинь 21 цагийн үед нөхөр өөрийн 99661860 дугаараас миний эзэмшлийн 91145058 дугаар луу залгаад худаг дээр нэг залуу миний хөлийг эргүүлээд хаячихлаа гэж хэлсний дагуу би гэрээсээ гараад Ганцын 96 дугаар худаг дээр очиход манай нөхрийн гадуур хувцас шороо болсон баруун хөл эргэчихсэн юм шиг байдалтай өөрийн тээврийн хэрэгсэл дотроо сууж байхаар нь нөхрөөсөө хэн ийм болгосон талаар асуухад тэнд байгаа залуу гэж хэлсэн чинь худгийн хажууд байсан залууг заахаар нь очиж уулзаад уурлаад байж байгаад өөрийн утаснаасаа цагдаа болон түргэн дуудсан, харин энэ үед эхлээд замын цагдаа ирээд бид нарт хамаагүй асуудал байна эрүүгийн цагдаа дууд гэж хэлсэн. Харин энэ үед түргэн тусламж ирээд “та нөхрөө аваад гэмтэл ор, бид нар дараагийн дуудлагадаа явлаа” гэж хэлсний дагуу би нөхрийнхөө машиныг бариад нөхрөө дагуулаад гэмтлийн эмнэлэг ороод биеийн байдлыг нь үзүүлэхэд нөхрийн хөл хавдаад тариа хийлгэх боломжгүй байхаар нь би зургийг нь авахуулаад тэр үедээ шууд эмнэлэгт хэвтсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5912 дугаартай шинжээчийн:
1.Я.Оюунбаатарын биед баруун хөлийн гадна дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Б миний бие 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр ганц худгийн 96 дугаар худаг дээр Я.Оюунбаатар гэх 50 орчим настай эрэгтэй хүнтэй маргаан үүсгэн улмаар шилбэний хагалгаанд орсон. Шилбэний хагалгааны үеэр 597.690 төгрөгийн эм тариа, хагалгааны зардал таяг зэрэг авч өгсөн байна...” гэх тайлбар /хх-ийн 27/
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б миний бие 2022 оны 04 дүгээр сарын 16-н өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн Ганц худгийн 96 дугаар худаг дээр 50 орчим насны Оюунбаатар гэх эрэгтэй хүнтэй маргалдан гэмтэл учруулсан. Оюунбаатарын шилбэний хагалгаанд орон үед миний талаас Эмчилгээнд- 415.000 төгрөг, таяг-35.000 төгрөг, эм тариа бусад зүйлсэд- 129.690 төгрөгийн үнэ бүхий хохирол барагдуулсан байна. Я Оюунбаатар эмнэлгээс гараад 1.500.000 төгрөг нэхэмжилсэн.Одоогоор 500.000 төгрөгийг барагдуулсан байна.Үлдэгдлийг нь шүүхийн шийдвэрийн үеэр барагдуулсан байна. Иймд надад ноогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 66/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/,
- Эд хөрөнгөтэй эсэх хураануй лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/,
- шүүгдэгчийн 3 хүүхдийг төрсний гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 34-37/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 38 дахь тал/,
- жолооны үнэмлэх,жолоочийн мэдээлэл /хавтас хэргийн 39-40 дэх тал/,
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын эцсийн 96 дугаар худаг дээр “машины дохионы гэрэл хагалчихлаа” гэж маргалдан хохирогч Я.Оюунбаатарыг түлхэж газарт унаган, улмаар хохирогчийн биед баруун хөлийн гадна болон дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул *******-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын эцсийн 96 дугаар худаг дээр “машины дохионы гэрэл хагалчихлаа” гэж маргалдан хохирогч Я.Оюунбаатарыг түлхэж газарт унаган, улмаар хохирогчийн биед баруун хөлийн гадна болон дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Я.Оюунбаатарын “.... 2022 оны 04 дүгээр сарын 15-ны орой 20 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ганцын худаг гэрийнхээ хэрэглээний усыг өөрийн тээврийн хэрэгслээр аваад хөдлөх гэсэн боловч миний тээврийн хэрэгслийн урд 4-5 ширхэг тээврийн хэрэгсэл байрлуулсан байсан тэгэхээр нь би өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ ухарч гарах гээд ухарч байхад машины сигнал дуугарахаар нь буугаад хартал Б гэх хүний тээврийн хэрэгслийн баруун урд талын дохионы гэрэл хэсгийг мөргөсөн байсан тухай тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд та миний машины дохиог хагалчихлаа энийг төл гэж хэлэхээр нь надад мөнгө байхгүй байна гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь тухайн хүнд хандаж хэлэхдээ би чам шиг хүүхдүүдтэй гэж хэлээд би 2 хоорондоо барьцалдаад авсан харин барьцалдах явцад намайг хөл хэсгээрээ хавсраад, түлхээд дээрээс дараад унасан.Намайг хэл амаар доромжилсон болохоор би Б гэх хүнийг хэл амаар доромжилсон, тэгээд би өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ очоод би өөрийн 99661860 гэсэн дугаараасаа эхнэр болох Сувд 91145058 дугаар луу залгаад болсон явдлын талаар хэлэхэд манай эхнэр Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5912 дугаартай шинжээчийн:
1.Я.Оюунбаатарын биед баруун хөлийн гадна дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар *******-ийн өгсөн мэдүүлэг: “....Би 2022 оны 04 дүгээр сарын 16-н өдөр 20 цаг орчимд Баянзүрх дүүргийн Ганц худгийн 96 дугаар худаг дээр байгууллагын тээврийн хэрэгслээ унаад явж байхад цагаан приус 20 загварын машин миний тээврийн хэрэгслийн урд дохионы гэрлийг мөргөж хагалсан тэгээд би машинаасаа буугаад миний машиныг мөргөсөн гэх тээврийн хэрэгслийн жолооч ахтай уулзсан чинь 50 насны хүн байсан ба би уг нь тэр хүнээс дохионы гэрэлний мөнгө төлөөд өг гэж хэлсэн чинь надад мөнгө байхгүй гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдаад тухайн хүн над руу дайраад байхаар нь би өөрөөсөө тэр хүнийг холдуулахдаа дээрээс нь дараад унасан юм. Тэгээд би цагдаа дуудлага өгсөн чинь замын цагдаа ирсэн. Харин тэр ах эхнэртээ хэлээд хэв журмын цагдаад дуудлага өгсөн өөр зүйл болоогүй бусад зүйлийг би өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/,
- шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-ийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Я.Оюунбаатарын биед хүндэвтэр гэмтэл учирсан үр дагавар нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч *******-ийн энэ үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тустай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Я.Оюунбаатарт баримтаар 579,694 төгрөг төлсөн байна. Хохирогчийн нэхэмжилсэн 1,500,000 төгрөгөөс 900,000 төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэмт буруутай этгээд болох *******-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийгн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар *******-аас 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Оюунбаатарт олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид эмчилгээний зардалд 1.479.694 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Я.Оюунбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА