| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01930/И |
| Дугаар | 102/ШШ2018/02790 |
| Огноо | 2018-09-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2018/02790
| 2018 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2018/02790
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБТЗ-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүү 4.5617.916 төгрөг гаргуулж, уг дүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Д.Э, П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ань 1978 онд төрсөн. 1998 онд сургуулиа төгсөөд УБТЗ ХНН-ийн Сүхбаатар өртөөнд засварчин, туслах машинч, машинчийн ажил үүрэг гүйцэтгэж ирсэн. Б.А ажиллаж байх хугацаандаа онц тээвэрчин, тэргүүний төмөр замчнаар шагнагдаж байсан. УБТЗ ХНН-ийн Дархан татах хэсгийн Сүхбаатар депогийн машинчаар ажиллаж байхдаа өөрийн ээлжийн графикийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2502 дугаар галт тэрэг 2-116025 серийн илчит тэрэгтэй, 65 вагонтой Сүхбаатараас Зүүнхараа чиглэлд аялал хийсэн. Нэхэмжлэгч Б.А аялал эхлэхээс өмнө хөдөлгөөний деспичертэй 2502 дугаартай галт тэрэг хаана зөрөх вэ, зөрлөг байгаа эсэхийг тодруулсан. Суудлын диспичер 263 дугаартай галт тэрэгтэй Энх тал зөрлөг дээр зөрнө, Дархан 2 өртөөнд ажиллагаатай гэж хэлсэн. Нэхэмжлэгч 263 дугаартай галт тэрэгтэй зөрөхдөө диспичерээс Дархан 2 өртөөн дээр аль замаар гарах вэ гэж асуусан. Диспичер А галт тэрэг 16 дугаар зам дээр зогсолттой явж байна гэж хэлсэн. Тухайн өдөр илчит тэрэг хүлээж авахад нэг хөдөлгүүр салгаатай байсан. Зүтгүүрийн деспичер галт тэргээр үргэлжлүүлэн аялаж байвал тушаал бичиж өгнө гэж ярьсан. Техникийн хурд биелэхгүй байгаагаас 16 дугаар замаар орох боломжгүй, зам өөрчлөх талаар Хөдөлгөөний зохицуулагч тай ярьсан. Дархан 2 өртөөний жижүүр зөвшөөрөл өгсөн тул 2502 дугаар галт тэрэг Дархан 2 өртөөний А паркийн 1 дүгээр замаар орсон. 1 дүгээр зам дээр 9 вагонд ажиллагаа хийж салгасан байдаг. Туслах жижүүр 11 ноймрын ивүүр тавьсан гэж радио станцад мэдэгдсэн. Энэ талаар радио станцын бичлэг болон өртөөний жижүүрийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан. 2502 дугаартай галт тэрэг 56 вагонтой Зүүнхараа руу аялал хийсэн. Яагаад Дархан 2 өртөөнд дээр зогсолт хийх шаардлага гарсан бэ гэхээр ачааны галт тэргийн жингийн норм тогтоох тухай А-402 дугаартай тушаалаар Сүхбаатараас Дархан 2 өртөө хүртэл 5800 тонн жинтэй явна гэдэг. Дархан 2-оос Зүүнхараа хүртэл 5000 тонн жинтэй явна. Үүнээс хамаарч Дархан 2 өртөөн дээр жингийн хувиарлалт хийгдсэн. Үлдсэн 9 вагон дээр сэлгээ хийгдсэн. 1 дүгээр зам дээр үлдсэн вагон дээр сэлгээний элчит тэрэг орж ирснээр тэр вагонд ажиллагаа хийнэ. Сэлгээний процессын явцад эхлээд 4 вагон салгаж, өөр зам руу орсон. Дахин 3 вагон авч, өөр зам руу оруулсан. 9 вагоноос 7 вагон авахад үлдсэн 2 вагон өнхөрч өртөөний контролоос Дархан 1 тал руу гарсан. Сэлгээний ажил хийгдэхэд Б.А хариуцаж явсан галт тэрэг аль хэдийнэ хөдөлж, Зүүнхараа орсон байсан. Үлдсэн 9 вагон дээр ажиллагаа хийхдээ ивүүр тавиагүйн улмаас вагон гарсан асуудал дээр Б.Аг буруутгасан. Энэ үйл явдал Б.Агийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Б.А Дархан татах хэсгийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл Б.Агийн хөдөлмөрийн гэрээнд УБТЗ ХНН-ийн дарга арга хэмжээ тооцож, албан тушаал буруулсан. Улсын дээд шүүхийн 2008 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл хэсгийг тайлбарласан. Уг тайлбарт албан тушаал бууруулах, шилжүүлэх гэдгийг хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаагийн нэгэн адил ойлгоно гэж заасан. Яагаад гэвэл өмнө эрхэлж байсан албан тушаалаас хөдөлмөрийн гэрээ цуцалж, бууруулсан албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж байна. Энэ бол хөдөлмөрийн гэрээ цуцалсан хэлбэр. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэх хэсэгт энэ тухай зохицуулалтыг нэг ч тусгаагүй. Шалтгаант холбоо зайлшгүй байх ёстой. 65 вагонтой галт тэрэг орж ирж зогссон. Машинч галт тэргийг 1, 16 дугаар замын алинаар нь авах талаар санал тавьсан. Өртөөний жижүүр галт тэргийг аль замаар орохыг суман шилжүүлгийн дохиогоор шийднэ. Галт тэрэг 1 дүгээр замаар орж вагон салсан. Тухайн үед дүрмийн дагуу бүх ажиллагаа хийгдэж, галт тэрэг хөдөлсөн. Галт тэргийг хөдөл гэдэг тушаалыг өртөөний жижүүр өгсөн. Радио станцын бичлэгт энэ талаар тодорхой тусгагдсан. Галт тэрэг Зүүнхараа олсон. Үлдсэн 9 вагоны тенхик буюу сэлгээний элчит тэрэгний үйл ажиллагаатай холбогдуулан энэ процесс явагдсан. Энэ бол онцгойд тооцогдох гологдол мөн үү гэвэл мөн. Хот хоорондын замд вагон гарсан. Сэлгээний элчит тэрэгний процессээс болж онцгой тооцоот гологдол гарсан. Б.А Сүхбаатараас Зүүнхараа хүртэл вагоныг ямар нэгэн эвдрэл сааталгүйгээр авчирах үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийг дүрмийн дагуу ажилласан болох нь радио станцын бичлэгээс тодорхой харагдана. Нэхэмжлэгчийг гар утсаар ярьсан гэж буруутгасан нь хот хоорондын замд болсон. Энэ асуудлыг зохицуулсан ямар нэгэн дүрэм журам байгаагүй. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гар утсаар ярих журам гаргуулах хүсэлт гаргасныг хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдсэн. Б.Агийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн В-2/35 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Аг УБТЗ ХНН-ийн Дархан татах хэсгийн Сүхбаатар өртөөний илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүү болох 4.517.916 төгрөг гаргаж, түүнд ноогдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичиж өгнө үү гэв.
Хариуцагч УБТЗын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь 1998 оноос УБТЗ Сүхбаатар депод завсарчин, дагалдах туслах машинч, туслах машинч, ахлах жижүүр, зааварлагч машинч, машинчаар тус тус ажилласан. Нэхэмжлэгч 2014, 2015 онуудад сахилгын зөрчил гаргаж, хариуцлага хүлээж байсан. Б.А графикийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2502 дугаартай 65 вагонтой, урт галт тэргээр Сүхбаатар, Зүүнхараа чиглэлд аялал хийх үедээ онцгой тооцоот гологдол гаргах нөхцөл бүрдүүлсэн. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хангаж ажиллаагүй, УБТЗ-д мөрдөгдөж буй дүрэм журам, тушаал, зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, албан ярилцлагыг дүрмийн дагуу хийгээгүй тул түүнд УБТЗ-ын даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-II-85 дугаар тушаалаар Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “и” заалтууд, Замын даргаас 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн мөн өдрөөс эхлэн төмөр замын хөдөлгөөний бус ажилд нэг жилийн хугацаагаар шилжүүлэн ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дагуу түүнийг УБТЗ-ын Дархан татах хэсгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 384 дүгээр тушаалаар Дархан депод илчит тэрэгний КИП-автомат засварчны 3 дугаар зэрэгтэй засварчнаар үргэлжлүүлэн ажиллуулж байна. Дархан татах хэсэг нь Дархан, Сүхбаатар депо, Эрдэнэт, Зүүнхараа, Салхит, Шарын голын үндсэн ба туслах цехүүд, түлшний агуулах, амрах байрууд зэрэг санхүүгийн дотоод тооцоотой цех хэсгүүдийг нэгтгэсэн УБТЗ-ын салбар нэгж мөн бөгөөд УБТЗ ХНН-ийн Зүтгүүрийн аж ахуйн албаны шууд удирдлагад байх салбар нэгж болно. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байх дараахь үндэслэл байна. Үүнд: Тухайн өдөр машинч Б.Агийн аялал хийсэн 2502 галт тэрэг нь “У” буюу урт галт тэрэг байсан учраас Дархан-2 өртөөний 16 дугаар замаар хүлээн авах тухай бичгэн тушаал өгсөн байсныг ТЧМ Б.А гар утсаар галт тэрэгний зохицуулагч буюу ДНЦ-1 Ё.Гончигдоржтой холбогдож, техникийн хурд биелэхгүй гэсэн шалтгаанаар 1 дүгээр замаар авахыг хүсэхэд ДНЦ-1 Дархан-2 Өртөөний жижүүр ДСП С.Балжиннямтай АТС-ээр холбогдож, 1 дүгээр замаар уг галт тэргийг хүлээн авах аман шийдвэр өгсөн. ТЧМ Б.А нь хэвгийтэй зам дээр галт тэрэгний сүүлээс 9 вагон салгаж үлдээх үед тормосны ивүүрийг даруулсан даруулсан тухай магадлаагүй байж галт тэргийг салгасан. Мөн галт тэрэгний бүрэлдэхүүний сүүлээс вагон салгах үед үзэгдэх дохиогоор бус радио станцаар гүйцэтгэсэн, албан үүргээ гүйцэтгэж байхдаа “У” галт тэргийг Дархан-2 өртөөний 16 дугаар замаар хүлээн авах тухай бичгэн тушаалтай байхад тушаал зөрчин 1 дүгээр замаар авахыг хүссэн хүслээ гар утсаар хэлсэн байдаг. Энэ нь түүний шуурхай удирдлагын хурлын үед өгсөн тайлбар, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн комиссын анхны акт болон ДНЧ-1, ДСЗ, ПТО болон ахлах үзэгч М.Соёл-Эрдэнэ нарын үзлэг хийсэн акт, бүдүүвч зураг, Дархан-2 өртөөнөөс 2502 дугаар галт тэрэгнээс салгасан 0/2 зерновоз өнхөрч хоорондын замд гарсан тухай тайлбар, Б.Агийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт, ДНЦ Ё.Гончигдорж болон гармын жижүүр Ц.Энхцэцэг, туслах машинч Ц.Болд-Эрдэнэ, Б.Дөлгөөнмөрөн, ДСПп С.Түвшинжаргал нарын тодорхойлолт мөн өдрийн галт тэрэг сэлгээ шууд утасны сувгаар ярианы бичлэг сонссон акт, утасны ирсэн болон гарсан дуудлага, цахилгаан мэдээ зэргээр тогтоогдож байна. Түүний дээрх үйлдэл нь Дархан-2 өртөөний нэгдсэн технологийн процессын 5.2.4.1 дэх заалтын “Дархан-1, Дархан-2 өртөөнд нь хоорондоо хос зам шугамаар тоноглогдсон тул урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг өртөөний 14, 16, 18 дугаар замуудаар явах ба уг замууд эзэлгээтэй үед 1, 3, 5, 2, 4, 10 дугаар зам хүлээн авна” гэснийг, Төмөр замын Тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4.2, 18.4.5-т “төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм болон холбогдох бусад дүрэм, стандартыг дагаж мөрдөх”, “эзэмшиж буй төмөр замын объектын тасралтгүй, хэвийн үйл ажиллагаа хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т” ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэснийг Зам, тээврийн аялал жуучлалын сайдын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 17 дугаар зүйлийн 17.36-ын “А” болон “Д”-д машинчийн хүлээх үүргийг “Зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы заагч болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж, гэрлэн дохио семарфороор өгч байгаа дохио, галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоол, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх гэсний “өртөө замын ажилтнаас өгөх зогсоол, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх” гэснийг, “Өртөөнд орох ба өнгөрөхдөө өгөгдөж байгаа дохиог ажиглаж, замнал зөв чөлөөтэй болохыг сум заагчийн заалтын дагуу хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж буй галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний ажиглаж, хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд хохирол учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч байх” гэсний “өртөөний ажилтны өгөх дохиог зөрчсөн” 16.18-ын “б”, “г” сэлгээ хийх үеийн зүтгүүрийн бригадын үүрэгт “өгөгдөж буй дохиог анхааралтай ажиглаж, хөдөлгөөний тухай дохионы заалтыг тухай бүр биелүүлэх”, “Сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангах”, 17.4-т “...галт тэрэгнээс салгасан вагоныг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд зааснаар тооцоот ивүүрээр бэхэлнэ”, “Зам тээвэр аялал жуучлалын сайдын 2008 оны 63 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын 10.7-д” ...Хэвгийтэй зам дээр бэхэлгээ хийсэн мэдээ хүлээн авахгүйгээр, бэхэлгээ хийсэн эсэхийг магадлахгүйгээр бүрэлдэхүүнээс зүтгүүрээ салгахыг галт тэрэгний зүтгүүрийн бригадад хориглоно”, 10.34-т “Сэлгээ хийх үед зүтгүүрийн бригад нь өгөгдөж буй дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг биелүүлж байх, Сэлгээний аюулгүй ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангаж байх үүрэгтэй”, 10.35-д “Машин зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор хүлээн авсан захирамжийг зүтгүүрийн шүглүүр, радио холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж магадласны дараа хөдөлгөөнд орно” гэснийг, мөн түүнчлэн УБТЗ-ын даргын 2017 оны А-35 дугаар “Албан ярианы дэглэм батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтын Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр /найруулагч/, зүтгүүрийн машинч хоорондын албан ярианы дэглэм, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажил эрхэлдэг ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж байхдаа гар утсаар ярихыг хориглох заалтыг, Зам тээврийн аялал жуучлалын сайдын 2008 оны 88 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам”-ын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 /төмөр замын тээврийн аюулгүй, тасралтгүй хэвийн ажиллагаа хангахтай холбогдсон тушаал, захирамжийг заавал биелүүлэх/, 3.1.8 /Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний холбоотой ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан ярина дэглэмийг чанд баримтлан ажиллах/ гэснийг, Дархан татах хэсгийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, 9.3, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3, 4.4, Ажлын байрны тодорхойлолтын 8, 9, 10-ын 14, 21, 22, 12-ын Б-д заасан” ...Төмөр замын тээврийн тухай хууль, багц дүрэм, тушаалыг зааврыг чанд мөрдөж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангаж, “хөдөлгөөний зурмагийг биелүүлэн, зүтгүүрийг тогтоосон дэглэмээр жолоодох журам болон илчит тэрэгний ашиглалтын заавар, хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн горим зэргийг мөрдөн ажиллаж хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам биелүүлэх, замын сумын байдал, замналын зөв эсэхийг магадлан туслах машинчтай давталцаж нягтлах, галт тэрэгний хөдөлгөөний ба сэлгээний ажлын аюулгүй байдал, дохионы заалтыг баримтлан илчит тэргийг хөдөлгөөнд оруулах, хөдөлгөөнийг үргэлжлүүлэхдээ дохионы заалтыг баримтлах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, дүрэм, заавар, журмыг баримталж аюулгүй жолоодох, Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын ашиглалтын дүрэм, Төмөр замын дохиоллын журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, Илчит тэрэгнүүдийн ашиглалтын зааврыг мөрдөн ажиллах, галт тэрэгний хөдөлгөөний ба сэлгээний ажлын аюулгүй байдал, дохионы заалтыг баримтлан илчит тэргийг хөдөлгөөнд оруулах, ...хөдөлгөөний үргэлжлүүлэхийн өмнө дохионы заалтыг туслах машинчтай давталцан зөв ойлголцсон эсэхийг дахин нягтлан шалгах, өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” үүргээ тус тус зөрчсөн. Ийнхүү Б.А нь дээрх дүрэм журам, тушаал, заавар мөн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй нь онцгой тооцоот гологдол гарах нөхцлийг бүрдүүлж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаагүй байна. Иймд түүнд Хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан “ажилтан нь аваарь сүйрэл, ажлын ноцтой гологдол гаргасан, гарах нөхцлийг бүрдүүлсэн”, 5-д Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын нийтлэг багц дүрэм болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” гэсний дагуу Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т”, “Төмөр замын байгууллагын захиргаа хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд дараахь сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг үндэслэн мөн зүйлийн 30.2.3-т зааснаар Төмөр замын хөдөлгөөний бус ажилд нэг жил хүртэл хугацаагаар шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулсан. УБТЗ-ын галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажил эрхэлдэг ажилтнуудын хувьд Төмөр замын Тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, нэг жилийн хугацаанд хөдөлгөөний бус ажилд шилжүүлж байгаа нь тухайн ажилтан тодорхой хугацааны дараа урьд эрхэлж байсан хөдөлмөрийн ажилдаа эргэн ажиллах боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч УБТЗд холбогдуулан илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүү 4.5617.916 төгрөг гаргуулж, уг дүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “зөрчил гаргасан нь тогтоогдсон тул тушаал үндэслэлтэй гарсан” гэж эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.А нь УБТЗын Дархан Татах хэсэг, Сүхбаатар депод илчит тэрэгний машинчаар ажиллаж байсан ба Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-II-85 тоот тушаалаар Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3, Замын даргын удирдан хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай хурлын шийдвэр зэргийг үндэслэн, онцгой тооцоот гологдол гаргах нөхцлийг бүрдүүлж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, төмөр замд мөрдөгдөж буй дүрэм, журам, тушаал зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, тэдгээрийг хангалттай сайн судлаагүй, албан ярилцлагыг дүрмийн дагуу хийгээгүй тул Б.Аг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар төмөр замын хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч нь онцгой тооцоот гологдол гаргаагүй, дүрэм журам, заавар зөрчөөгүй тул ажлаас шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-II-85 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх буюу гаргасан зөрчлийг шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдох ёстой.
Улаанбаатар Төмөр замын даргын удирдан хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгч Б.А нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар өртөөнөөс Зүүнхараа өртөө хүртэл аялал хийхдээ татах цахилгаан хөдөлгүүр салгаатай галт тэргийг тушаалгүйгээр хөдөлгөөн эхлүүлсэн, Дархан-2 өртөөнд зогсох замыг өөрчлүүлсэн, онцгой тооцоот гологдол гарсан гэх вагоныг салгахдаа ивүүр тавьсан эсэхийг шалгаагүй гэх зөрчил гаргасан байх ба шуурхай хурлаас машинчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлгөөний бус ажилд 1 жилийн хугацаатай шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн энэхүү зөрчил нь Б.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан “ажилтан нь аваарь сүйрэл, ажлын ноцтой гологдол гаргасан, гаргах нөхцлийг бүрдүүлсэн, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа ба төмөр замын тээврийн багц дүрмийн шаардлага зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, зөрчлийг эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, осол, гологдол, сүйрэл зөрчлийг үүсэх нөхцлийг бүрдүүлсэн нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албаны дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байна.
Учир нь Дархан-2 өртөөний техник захирамжийн актын тэсрэх дэлбэрэх болон хэтрүү овор бүхий ачаатай галт тэргийг хүлээн авах, явуулах хийгээд тэсрэх дэлбэрэх ачаатай вагоныг зогсооход зориулсан зам гэсэн заалтын в-д “урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг өртөөний 12, 14, 16, 18 дугаар замаар хүлээн авч явуулах ба шаардлагатай үед 1, 2, 4, 5, 3, 7, 10 дугаар замаар хүлээн авч шууд өнгөрүүлэх буюу хүлээн авч явуулна гэж заажээ. Галт тэрэгний хөдөлгөөний үед зүтгүүрийн хэвийн бус нөхцлийг зохион байгуулах шуурхай тушаал өгөх журамд эргэлтийн депо болон хоорондын замд ТЭД салгасан тохиолдолд тушаал авахаар, тушаал хүлээн авах ажилтан нь машинч байхаар заасан байна. Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 13.5-д татах цахилгаан хөдөлгүүр, түүний хөргөх сэнс, мотор голын холхивч гэмтсэн бол ийм гэмтэл бүхий зүтгүүрийг галт тэргэнд ашиглахаар гаргахыг хориглоно, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.7-д “хэвгийтэй зам дээр бэхэлгээ хийсэн мэдээ хүлээн авахгүйгээр, бэхэлгээ хийсэн эсэхийг магадлахгүйгээр зүтгүүрээ салгахыг галт тэрэгний бригадад хориглоно” гэж заасан байх бөгөөд энэхүү төмөр замын тээврийн багц дүрмийн шаардлагыг нэхэмжлэгч Б.А зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.
Иймд Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-д “төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх” гэж заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б-II-85 тоот тушаалаар хөдөлгөөний бус ажилд 1 жилийн хугацаатай шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Агийн УБТЗд холбогдох илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүү 4.5617.916 төгрөг гаргуулж, уг дүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ