Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 767

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч:  Н овогт П.Э-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Т овогт Т.Б,

      Хариуцагч: С овогт Б. Ц нарт холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5  дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Т.Б, Б.Ц нарийн бичгийн дарга Б.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Б нь 2015 оны 10 дугаар сард надаас мөнгө зээлэх хүсэлт гаргасан. Тухайн үед би Солонгос улсад ажиллаж байсан учраас мөнгөтэй байсан. Мөнгө зээлж авахдаа манай нөхөрт битгий хэлээрэй би нэг сарын дараа буцааж өгнө, сарын 3 хувийн хүү төлье гэж хэлэхээр нь би хүү төлөөд яах юм бэ, та авсан мөнгөө хугацаандаа өгөөрэй гээд нөхрийн дүү Б.О-ийн Хаан банкны 5807016702 тоот дансаар дамжуулан шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгөө авах гэж хэд хэдэн удаа холбогдсон боловч “за, өгнө” гэдэг байсан. Улмаар худлаа яриад мөнгөө өгөхгүй болохоор нь 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулсан. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сард мөнгөө нэхэхэд тэр мөнгөө “нөхрөөсөө ав, явдаг газраа яв” гэж хэлсэн. Энэ зээлийг Т.Батхишиг авсан учраас өөрөө хариуцах учиртай, нөхөр Б.Ц битгий хэл гэж байгаад зээлдэж авсан. Иймд зээлийн гэрээгээр шилжүүлсэн 14.000.000 төгрөгийг Т.Б-ээс гаргуулж өгнө үү” гэв.

     Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн П.Э тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь П.Э-ээс авсан 14.000.000 төгрөгийг нөхөр Б.Ц би өгнө, миний дансанд хий гэж хэлээд 5800153053 тоот дансанд хийлгэж авсан. Нөхөр Б.Ц-оос гэр бүл цуцлуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү маргаан шийдвэрлэгдээгүй байхад надаас мөнгө төгрөг нэхэмжилж байгаад би гайхаж байна. Уг мөнгийг Б.Ц өгөх учиртай, би ч тухайн үед П.Э нь Б.Ц өгсөн гэж ойлгосон. Иймээс П.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нөхөр Б.Ц хариуцах болно” гэжээ.

     Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд хариу тайлбартаа: “П.Э-ээс зээлдэж авсан 14.000.000 төгрөгийг Б.Ц-ын дансаар дамжуулж төлсөн. Б.Ц уг мөнгийг П.Э өгөөгүй байна. Иймд уг мөнгийг Б.Ц хариуцаж төлнө” гэв.

         Хариуцагч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд хариу гаргасан тайлбартаа: “Т.Б нь 14.000.000 төгрөгийг өөрийн 5819128335 тоот дансаар шилжүүлэн авсан байдаг. Тухайн үедээ тус 5819128335 дансыг Т.Б нь өөрөө дангаар эзэмшиж байсныг нотлох Хаан банкны тодорхойлолтыг хавсаргав. Т.Б нь манай дүү нараас 14.000.000 төгрөг зээлдэж авахдаа “намайг бие нь муудаад бөөрний хагалгаанд орох болсон, өөртэй нь ярьж хэрэггүй” гэж бичсэн байсан. Надад бөөрний хагалгаанд орох шаардлага байхгүй, бие маань эрүүл. Шаардлагатай бол үзлэг шинжилгээнд ороход бэлэн байна. Тухайн үед би хот руу цехийн материал, бэлдэц, тоног төхөөрөмжийн сэлбэг авахаар явсан. Мөн авсан мөнгөө 5800153053 тоот дансанд хийгээгүй, харин ч  янз бүрийн аргачлал, өөр хүний нэрээр бэлдэц, материал гэх мэтээр 5800153053 тоот данснаас өөрийн 5819128335 тоот данс руу шилжүүлж авсан. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх банкны хуулгыг хавсаргаж өгөв. Иймд уг мөнгийг би аваагүй учир хариуцахгүй, Т.Б надаас нууцаар зээлдэж авснаараа хариуцах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Т.Б-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б-ийн хүсэлтээр Б.Ц-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ.  

       Хариуцагч Т.Б нь “Би П.Э-ээс авсан мөнгийг нөхөр Б.Ц “миний дансанд хий” гээд өөрийнхөө дансанд хийлгэж авсан. Иймд П.Э-ийн нэхэмжилж байгаа 14.000.000 төгрөгийг нөхөр Б.Ц хариуцаж төлнө” гэж, хариуцагч Б.Ц нь ”Т.Б нь 14.000.000 төгрөгийг өөрийн 5819128335 тоот дансаар шилжүүлэн авсан байдаг. Тухайн үедээ тус 5819128335 дансыг Т.Б нь өөрөө дангаар эзэмшиж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргаж байна.

      П.Э нь Т.Б-т 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөгийг хүүгүй зээлдсэн болох нь хэрэгт авагдсан орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт болон зохигчдын тайлбараар болон нотлогдож байна.

     Дээрх үйл баримтаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

       Дээрх 14.000.000 төгрөг нь Т.Б-ийн Хаан банкин дахь 5819128335 тоот дансанд /дангаар эзэмшдэг/ шилжиж орсон, нэхэмжлэгч П.Э нь Т.Б-ийг хариуцагчаар тодорхойлон түүнээс 14.000.000 төгрөг нэхэмжилж байх тул хариуцагч Б.Ц уг зээлийг хариуцах үндэслэлгүй байна.

        Улмаар зохигчид нь амаар байгуулсан зээлийн гэрээг хожим буюу 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр бичгийн хэлбэрт оруулж, 17.500.000 төгрөгийг хүүгүй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй тохиолдолд хоног тутамд 0,2 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулжээ.

      Зохигчид анх зээлийн гэрээг амаар байгуулах үедээ зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд алданги төлөх талаар тохиролцоогүй, 14.000.000 төгрөг зээлдсэн атлаа 3.5000.000 төгрөг нэмж 17.500.000 төгрөг зээлдүүлсэн хэмээн зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүргийг хүлээнэ” гэж заасантай нийцээгүй байна.

      Хариуцагч Т.Б-ийн шүүхэд гаргасан “Уг мөнгийг Б.Ц өгөх учиртай, би тухайн үед П.Э нь Б.Ц-т зээлдсэн гэж ойлгосон. Иймээс П.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нөхөр Б.Ц хариуцах болно” гэж, шүүх хуралдаанд гаргасан “П.Э-ээс зээлдэж авсан 14.000.000 төгрөгийг Б.Ц-ын дансаар дамжуулж төлсөн. Б.Ц уг мөнгийг П.Э-т өгөөгүй байна” гэх тайлбарууд нь зөрүүтэй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид бэлэн болон бэлэн бусаар төлөөгүй байх тул зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Т.Б-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 14.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  П.Э-т олгож, хариуцагч Б.Ц-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ээс 227.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Э-т олгох нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Э-т олгож, хариуцагч Б.Ц-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 227.950 /хоёр зуун хорин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ээс 227.950  /хоёр зуун хорин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Э-т олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ