Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/995

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        06          28                                     2022/ШЦТ/995

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч К.Чимгээ

хохирогч Ч.А,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  2106 03172 0831 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сары 13-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Гэрэлт хараа” хараа зүйн төвд захирал, ам бүл 6, ял шийтгэгдэж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

 Яллагдагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 47 дугаар байрны 5 тоотод байрлах Хараа зүйн төвд, хохирогч Ч.А-ийг тус ажлын байр руу оруулахгүй хэмээн маргалдаж, улмаар тус байрны гадна үүдний хаалгаар биеийг нь хавчиж, эрүүл мэндэд нь зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 09 дүгээр сарын 02-ны өглөө ажлынхаа хойд талын хаалгаар ажил руугаа орсон. Тэгэхэд Мөнхцэцэг ирчихсэн манай худалдагчийг загнаад байж байсан. Би юу болж байгааг асуухад “би үйл ажиллагаагаа явуулах гэж байна. А-аас  зөвшөөрөл авсан” гэх зүйлийг хэлсэн. Урьд нь ч бас ийм үйлдэл гаргаж үйлчлүүлэгчдийг хөөж туудаг байсан. Иймд би хашааныхаа хойд талын хаалгыг түгжсэн. Хэсэг хугацааны дараа А ирсэн. А өмнө нь манай нөхрийг ажиллаж байхад чи хулгай хийсэн гэх мэтээр худлаа хэлдэг байсан. Би тухайн үед нь хэл ам хийж хөөцөлдөөгүй. Тэрээр 09 дүгээр сарын 02-ны өглөө ирэхэд нь нүд нь хөхөрсөн байсан. Өмнө нь худал ярьж намайг гүтгэж байсан тул би бичлэг хийгээд хаалгыг онгойлгоогүй. Гэтэл чулуу аваад хаалганы цоожийг онгойлгох гэж оролдсон. Би бичлэг хийнгээ хаалга хаасан. Манай нөхөр гадна байсан. Хаалга дарахад намайг хойноос зулгаагаад хөл рүү өшиглөсөн. Би бичлэг хийж байсан утсаа алдахгүй тонгойгоод хөлөө бариад байж байхад хаалгыг онгойлгоод ороод ирсэн. Орж ирээд манай худалдагчийг хөөсөн. Би өмнө нь уг байгууллагыг түрээсэлдэг байсан. Уг байгууллагыг 2001 оноос хойш А-ийг мэднэ.  Гэтэл намайг зүс таних хүн гэж хэлсэн байсан. Удаа дараа гүтгэж байсан тул нүдээ цохиулчихаад ирээд намайг гүтгэх гэж байна гэж бодсон. Би бичлэг хийсэн. Манай ажилчид ч байсан. Орж ирээд хэрүүл хийсэн. Тухайн өдөр ажил хийх боломжгүй юм байна гээд ажилчдаа тараасан. Цагдаа ирээд мэдүүлэг аваад бид хоёр хоёулаа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би А-т зодуулсан. Харин түүнийг зодоогүй. Би 1999 оноос хойш 2006 он хүртэл улсад багшаар ажилласан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.А  мэдүүлэхдээ: Лхаасүрэн гэх хүнээс болж маргаан болсон. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 09 цаг 30 минутын үед Мөнхцэцэг эгч над руу маш ууртай сандарсан байдалтай ярьсан. Тэрээр “Мягмардорж дайрч орж ирээд намайг юмаа аваад яв гэж дайраад миний эд хогшлоос авна гэж дайрч байна гэж хэлсэн. Би байгууллага дээр юу болоод байгааг очиж үзье гэж бодоод ирсэн. Намайг ажил дээр ирэхэд Э төмөр хаалгыг цоожилсон байсан. Гурван цоожны голыг сольсон байсан. Би өөрийн түлхүүрээр хаалга онгойлгох гэхэд таарахгүй байсан. Э маш ууртай бичлэг хийгээд гараад ирэхэд нь би хаалга онгойлго гэсэн боловч хаалга онгойлгохгүй, цагдаа дуудна, чи наанаа байж бай гэж хэлсэн. Тэгтэл Мөнхцэцэг эгч маш чангаар орилсон. Иймд би хашааг даваад орсон.  Мөнхцэцэг эгч энэ хоёр миний эд хогшлыг авна гээд байна.Тиймээс эд зүйлээ зөөж байна. Би ээжийгээ дуудсан. Ээж яаж орж ирэхийг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Иймд би мухарт байсан чулууг аваад цоожийг эвдэх гэхэд онгойхгүй байсан. Гэтэл Э энэ чулууг нотлох баримтаар авна гээд миний араас явсан. Би бүргэд хаалгаар орох гэхэд Э хөлөөрөө өшиглөөд хаалгыг шууд хаасан. Би хариуд нь яаж байгаа юм бэ гэхэд барьж явсан чулуугаар миний нүдийг цохисон. Миний нүд харанхуйлаад явсан. Би хаалгаар орох гэхэд оруулаагүй бөгөөд миний тал бие ороод тал нь ороогүй. Нөхөр нь ноцолдож байж эхнэрээ салгасан. Дотор талд камер байдаг бөгөөд камер асаа гэхэд би түрээсэлж байгаа тул асаах эсэхээ би шийднэ гэж хэлээд камерын бичлэгийг унтраасан. Намайг ирсэн цагаас эхлээд бичлэг хийсэн. Би маш их гомдолтой байна. Би нэг сарын хугацаанд хөдөлгөөнөө хориулсан. Маш их эмчилгээ хийлгэж байж эдгэрсэн. Нэг сарын хугацаанд нүд хөндүүртэй байсан. Эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна. Миний хоёр цамцыг урсан. Цамцныхаа төлбөрийг нэхэмжилж байна гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 8/,

            - Хохирогч Ч.А мөрдөх шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би "Монголын Эрүүл Ард” ТББ-ын гишүүн бөгөөд давхар нарийн бичгийн даргаар ажилладаг. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 47-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг Хараа зүйн төвд ажилдаг Мөнхцэцэг эмч утсаар яриад Мягмардорж дайрч орж ирээд ажил хийлгэхгүй хаалга түгжээд юмаа аваад одоо гар гээд байна. Энэ хүнтэйгээ ирж уулзаад учраа олж өгөөчээ, ажил хийлгэхгүй байна гэсэн Тэгээд би 12 цагт ирэхэд гадна хашааны хаалга цоожтой "Яах гэж байгаа юм Чимэгээ” гээд Мягмардоржийн эхнэр нь оруулахгүй байсан тэгэхээр нь би ажил руугаа орох хэрэгтэй байна. Мөнхцэцэг эмчтэй уулзах гээд байна гэж хэлсэн. Тэгтэл оруулахгүй цаашаа явуулсан тэгэхээр нь би хашаа даваад дотогшоо орсон. Тэгэхад Чимгээ гэгч миний өөдөөс ирээд бичлэг хийсэн тэгэхээр нь би чулуу аваад хаалганы цоожийг онгойлгох гээд цохисон. Тэгээд дотогшоо орох гэхэд Чимэгээ нь түрүүлж очоод намайг оруулахгүй гээд хаалгаа хаасан, хаалгыг нь би татах үед гарч ирээд намайг түлхээд чамайг оруулахгүй гээд түлхээд байхаар нь хажууд нь гарсан зайгаар орох гэхэд миний зүүн нүдний доод хэсэг рүү чулуугаар цохисон. Тэгээд миний өмсөж явсан цамцыг урсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 20/,

            - гэрч Ч.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараа зүйн төвд очтол хашааны хаалга түгжчихсэн байсан. Дотор нь Э намайг оруулахгүй гээд түгжчихсэн байсан. Би тухайн үед дотор миний юмнууд байгаа, миний юмыг дээрэмдчихлээ гээд Э-ийн нөхөр Мягмардорж болон мөрдөгч Өлзийдэлгэр нар руу ярьж байж арай гэж хаалгыг нь нээлгүүлсэн. ...Тэгээд ”юмаа хураахаасдаа” гээд өрөө рүүгээ зөөгөөд байж байтал А гадаа ирсэн чинь мөн адил хашааны хаалга цоожтой болохоор А хашаа даваад ороод ирсэн. Тэгээд А-ийг орох гэсэн чинь Э оруулахгүй гээд бүргэд хаалгаа дотроос нь түлхээд байсан. Би тэгэхэд өрөөнөөс гараад болж байгаа асуудлыг харж байсан. Тэгэхэд Э, А-ийг оруулахгүй гээд хаалгаар биеийг нь хавчаад түлхээд байсан. Нөхөр нь болохоор оруулчихаа гээд Э-г арай гэж татаж чангааж байж болиулсан юм. Тэгээд л А ороод ирсэн чинь нэг нүд нь хөхөрсөн, улайсан цохиулчихсан байдалтай харагдаж байсан. Хашаа даваад ороод ирсэн чинь нүд рүү Э чулуугаар цохичихлоо гэж байсан. Ийм л асуудал болсон. А-ийн нэг нүд хөхөрчихсөн, улайчихсан байсан. А-ийн биеийг нь төмөр хаалганд хавчуулчхаад түлхээд байсан. Боль гэхээр болихгүй, нөхөр Мягмардорж нь арай гэж зулгааж байж болиулсан. Тэгэхэд А-ийн хавирга гэмтсэн байх.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 788 дугаартай шинжээчийн

          1 .Ч.А-ийн биед зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн суганы доод хэсэгт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.       

           2 .Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        3.  Зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

          5. Дээрх гэмтэл нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

        6. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Компьютер томографикаар зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал гэмтэлтэй байна.” гэсэн дүгнэлт./хх-ийн  45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 47 дугаар байрны 5 тоот байрлах Хараа зүйн төвд, хохирогч Ч.А-ийг тус ажлын байр руу оруулахгүй хэмээн маргалдаж, улмаар тус байрны гадна үүдний хаалгаар биеийг нь хавчиж, эрүүл мэндэд нь зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          *******г нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 47 дугаар байрны 5 тоот байрлах Хараа зүйн төвд, хохирогч Ч.А-гийг тус ажлын байр руу оруулахгүй хэмээн маргалдаж, улмаар тус байрны гадна үүдний хаалгаар биеийг нь хавчиж, эрүүл мэндэд нь зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

          - гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

          - Хохирогч Ч.А мөрдөх шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би "Монголын Эрүүл Ард” ТББ-ын гишүүн бөгөөд давхар нарийн бичгийн даргаар ажилладаг. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 47-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг Хараа зүйн төвд ажилладаг Мөнхцэцэг эмч утсаар яриад Мягмардорж дайрч орж ирээд ажил хийлгэхгүй хаалга түгжээд юмаа аваад одоо гар гээд байна. Энэ хүнтэйгээ ирж уулзаад учраа олж өгөөчээ, ажил хийлгэхгүй байна гэсэн. Тэгээд би 12 цагт ирэхэд гадна хашааны хаалга цоожтой "Яах гэж байгаа юм гээд Мягмардоржийн эхнэр Э нь оруулахгүй байсан тэгэхээр нь би ажил руугаа орох хэрэгтэй байна. Мөнхцэцэг эмчтэй уулзах гээд байна гэж хэлсэн. Тэгтэл оруулахгүй цаашаа явуулсан тэгэхээр нь би хашаа даваад дотогшоо орсон. Тэгэхэд Чимгээ гэгч миний өөдөөс ирээд бичлэг хийсэн тэгэхээр нь би чулуу аваад хаалганы цоожийг онгойлгох гээд цохисон. Тэгээд дотогшоо орох гэхэд Чимэгээ нь түрүүлж очоод намайг оруулахгүй гээд хаалгаа хаасан, хаалгыг нь би татах үед гарч ирээд намайг түлхээд чамайг оруулахгүй гээд түлхээд байхаар нь хажууд нь гарсан зайгаар орох гэхэд миний зүүн нүдний доод хэсэг рүү чулуугаар цохисон. Тэгээд миний өмсөж явсан цамцыг урсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 20/,

          - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 788 дугаартай шинжээчийн

          1 .Ч.А-ийн биед зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн суганы доод хэсэгт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.        

          2 .Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.  Зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

          5. Дээрх гэмтэл нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          6. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Компьютер томографикаар зүүн 5, 6, 7 дугаар хавирганы ташуу зөрүүгүй далд хугарал гэмтэлтэй байна.” гэсэн дүгнэлт./хх-ийн  45/

          - гэрч Б.Энхмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө ажилдаа явах гэж байхад манай эгчийн нүд нь зүгээр байсан, манай эгч надад таньдаг хүн нь зодсон гэж хэлж байсан яг юу болсоныг нь бол би сайн мэдэхгүй байна, толгой өвдөөд байна гээд толгойны эм уусан бас зүүн гар өвдөөд байна гээд зүүн талаараа хэвтэж чадахгүй зовиуртай байсан, тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа бид 2 гэмтэл ороод зургийг нь авхуулсан чинь хавирга нь хугарсан байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 98/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-ийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Ч.А-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан үр дагавар нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч *******-ийн энэ үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тустай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******-г нь хохирогчид хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаж хохирогч А нь хэрэг гарснаас хойш 20 хоногийн дараа хавирга хугарсан талаар эмчид үзүүлсэн, энэ хугацаанд өөр хэн нэгэнд зодуулсаныг үгүйсгэхгүй гэж маргаж, хохирогч А миний бие өвдөөд хавирга хугарсанаа мэдэхгүй явж байгаад Гэмлийн эмнэлэг дээр үзүүлэх дугаар авахад  9 сарын 22-ны өдрийн дугаар олдсон...би дугаараа хүлээж байгаад эмчид үзүүлж зургаа авхуулсан.Энэ хугацаанд хүнд зодуулсан зүйл байхгүй гэж, улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон учир 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж мэтгэлцэв.

Хэргийн 20 дугаар хуудас дахь 2021оны 9 сарын 2-ны өдөр өгсөн хохирогч А-ийн мэдүүлэгт “...миний зүүн нүд халуу дүүгээд өвдөөд мөн зүүн суга хөндүүрлэж өвдөөд байна”, хэргийн 27 дугаар хуудас дахь гэрч Мөнхцэцэгийн мэдүүлэгт “...А-ийн биеийн төмөр хаалганд хавчуулаад түлхээд байсан. Боль гэсэн ч болихгүй Мягмардорж нь арай гэж зулгааж байж Э-ийг болиулж байсан, тэгэхэд А-ийн хавирга гэмтсэн байх”, гэрч Б.Энхмаагийн “...зүүн талаараа хэвтэж чадахгүй,зовиуртай байсан”, 2021 оны 9 сарын 6-ны өдрийн 8219 дугаартай шинжээчийн дүгнэлтийн зовиурь гэх хэсэгт “ ...зүүн суганы доод хэсгээр өвдөнө, хөдөлж болохгүй, хэсэг газрын үзлэгээр “...зүүн суганы доод хэсэгт тэмтрэхэд эмзэглэлтэй” дүгнэлт хэсэгт ...зүүн суганы доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ гэжээ. Эдгээр баримтуудаас  хохирогч нь биеийн зүүн хэсэгт гэмтэл авсан болох нь харагдаж байх бөгөөд 2021 оны 9 сарын 22-ны өдөр Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн КТГ-г /СД-1ш/ үндэслэн гаргасан шинжээчийн 788 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Ч.А шүүгдэгч *******-ээс баримтаар 227,500 нэхэмжилсэнийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Харин хохирогчоос “өмсөж явсан цамц урагдсан төлүүлнэ” гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэийг хангаагүй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн Э нь 4 хүүхэдтэй, ахуй амьдралын байдлыг харгалзан торгуулыг бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг харгалзан шүүгдэгчид 1000 нэгж буюу 1 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар *******-ээс 227.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-т  олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА