Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/02791

 

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/02791

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ТО ХХК-ийн нэхэмжлэлтэй,      

 

Хариуцагч: Т.М-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 9.800.000 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ичинхорлоо, Д.Намсрайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Кулимаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Туул, гэрч М.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ТО ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Алтан төгрөг” худалдааны төвд хариуцагч Т.Мталбай түрээсэлж байсан. 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр бидэнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Уг талбай 1.392.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй. Гэрээ байгуулах үед хариуцагч түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлээч гэснээр бид сарын 1.200.000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч 3 сар 1.200.000 төгрөгөөр түрээсийн төлбөр төлсөн. Хариуцагч манайд түрээсийн төлбөр өндөр байгаа учраас жижиг талбай өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ингээд бидэнд жижиг талбай байгаагүй учраас хариуцагчийн түрээсэлж байсан талбайн түрээсийн төлбөрийг буруулахаар шийдсэн. Тухайн үед хариуцагч бидэнд талбай чөлөөлнө гэсэн хүсэлт гаргасан. Бид тухайн үед хариуцагчийг түрээсийн гэрээний 8.2 дахь заалтыг сайн уншаарай гэж хэлж байсан. Иймд түрээсийн гэрээний 8.2-д зааснаар гэрээний хугацаа дуусах хүртэлх сарын 1.200.000 төгрөгийн түрээсийн төлбөр буюу олох байсан орлогоо хохирлоор нэхэмжилж байна.  Хариуцагчийн түрээсийн гэрээ зөрчсөнөөс талбай одоо хоосон байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ түрээслэгчийн эрхийг  хязгаарласан, бэлэн гэрээнд гарын үсэг зуруулсан, түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулж болно гэсэн атлаа үнийн өөрчлөлтөд түрээслэгчийн оролцох эрхийг заагаагүй гэсэн байна. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна. Гэрээ байгуулахдаа бид эдгээр хүмүүсийг албадаж шахаагүй, талуудад гэрээний нөхцөлөө тохиролцох боломж хангалттай байсан. Бид хариуцагч талд гэрээний гол нөхцөлийг танилцуулахад ямар нэгэн санал гараагүй, зөвшөөрч гэрээ байгуулсан. Өмнө түрээслэгч К.Ктүрээсийн төлбөрт сар бүр 1.000.000 төгрөг дараа нь 3 сар 1.392.000 төгрөг төлж байсан. К.Кгийн ажиллаж байсан талбайг Т.М3 сар, 1.200.000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулж, түрээсэлсэн. Сүүлд Т.М1.200.000 төгрөгийн түрээсийн төлбөр өндөр байна гэхэд бид түрээсийн төлбөрийг 980.000 төгрөг болгохоор шийдсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д зааснаар хариуцагч тал хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцалж болохгүй. Түрээслэгч нар объектыг орхиж дуртай цагтаа гардаг. Түрээслүүлэгч түрээсийн үйл ажиллагаа явуулахын тулд түрээслэгч нарын ажиллах нөхцөлийг хангаж, дулаан, цахилгаан, усны төлбөр төлдөг. Хариуцагч тал түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн түрээслэгчийг санал болгосноор гэрээ цуцлах нөхцөл бүрдэнэ. Энэ талаар гэрээний 8.1-д заасан. Уг заалт нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 324 дүгээр зүйлийн 324.2-д нийцэж байгаа. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллага зах зээлд давамгайлсан байгууллага гэдгийг тогтоосон байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал зах зээлд давамгайлсан этгээд гэсэн хуулийн нэр томъёонд багтахгүй. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

            Хариуцагч Т.Мшүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид нэхэмжлэгч талд 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр жижиг талбай түрээсэлмээр байна гэсэн хүсэлт өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч тал бидний хүсэлтэд хариу өгөөгүй. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 07-ний өдөр талбай чөлөөлөх хүсэлтээ өгсөн. Биднийг талбай чөлөөлөх өргөдлөө өгөхөд нэхэмжлэгч талын нярав түрээсийн төлбөр 980.000 төгрөг болгоё гэсэн. Т.Мэгч бид нар гарах өргөдлөө өгсөн учраас гарна гэснээрээ гаръя гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн талбайгаас өөрсдийн эд хөрөнгөө зөөсөн. Т.Мэгч нэхэмжлэгч талд том тавилгаа дараа авъя гэхэд н.Алтанцэцэгтэй ярь гэж хэлсэн. н.Алтанцэцэгт талбайд үлдээж байгаа эд хөрөнгөө харуулахад хананд цаг хадсанаас болж унасан шаврыг бөглөж өг гэсэн. Бид ч түүний хэлснээр ханын 3 газрын шавар нааж өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр том тавилгаа авч, жижүүр байхгүй байсан учраас үйлчлэгчид түлхүүр өгсөн. Бид талбайг нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч тал бидний барьцааны 1.000.000 төгрөг, шилэн хаалганы 200.000 төгрөгийг өгөөгүй. Бид цаашид түрээсийн төлбөр төлж чадахгүй байдалд хүрсэн учраас талбайг чөлөөлсөн. 2018 оны 5 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөр төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Т.Мшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэг талыг барьж, түрээслэгчийн гэрээ цуцлах эрхийг хүртэл тусгаагүй гэрээ байгуулсан. Иймд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах дараах үндэслэл байна. Нэгдүгээрт: Нэхэмжлэгч талд бодит хохирол учраагүй. Нэхэмжлэгч талын хариуцагчаас шаардсан төлбөр авах ёстой төлбөр биш. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ түрээслэгч талын эрх зөрчсөн учраас шаардах эрх үүсэхгүй. Хариуцагч тал сарын 1.200.000 төгрөгийн төлбөрийг төлж чадахгүй байна гээд яагаад гарч болдоггүй юм бэ. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээ байгуулсан л бол төлбөр төл гэсэн шаардлага тавьж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Онолын болон шүүхийн практикт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түрээсэлж байсан талбайгаа хаяж явсан тохиолдолд Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-д заасныг хэрэглэнэ. Гэтэл хариуцагч тал нэхэмжлэгч талд түрээсийн төлбөр бууруулах санал удаа дараа тавьж байсан. Түрээсийн гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлнэ, бүртгүүлээгүй бол хүчин төгөлдөр бусд тооцохоор заасан. Гэрээний талууд гэрээний гол нөхцөлөө харилцан тохирч, түрээслэгчээс санал авах ёстой. Нэхэмжлэгч тал хариуцагч талын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулж түрээсийн гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан. Энэ байдал 2017 оны 3 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл үргэлжилсэн. Түрээсийн гэрээ бүхэлдээ түрээслэгчийн эрх ашиг хохироосон буюу түрээслэгчийн эрх гэрээнд тусгагдаагүй. Түрээслэгч гэрээг цуцлах хүртэл эрх байхгүй. Хариуцагч тал төлбөрийн чадвар муудсанаа илэрхийлж, нэхэмжлэгч талд олон удаа түрээсийн төлбөр бууруулах талаар хүсэлт гаргаж байсан. Энэ нь хариуцагч талын нэхэмжлэгч талд хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлж байсныг гэрчилж байна. Хариуцагч түрээсийн талбайг орхиж яваагүй. Хариуцагч тал нэхэмжлэгч талд түрээсийн төлбөр багасгаж өгөөч гэсэн хүсэлт гаргахад нэхэмжлэгч тал хариу өгөөгүй. Ингээд хариуцагч түрээсийн талбай чөлөөлөх тухай хүсэлтээ гаргасан. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-д зааснаар түрээслүүлэгчийн нэмэгдүүлсэн төлбөрийг түрээслэгч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд түрээсийн гэрээ цуцалж болохоор заасан. Мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8, 202.2.10-д зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчийн эрхийг гэрээнд тусгаагүй. Нэхэмжлэгч тал хариуцагчийг талбай чөлөөлж гарсны дараа хэт өндөр төлбөр үндэслэлгүй нэхэмжилж байна. Хариуцагч тал талбайг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхдөө эвдэрсэн зүйлийг нь засаж өгсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

            Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТО ХХКнь хариуцагч Т.Мд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 9.800.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Т.Мнь нэхэмжлэгчид холбогдуулж, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч ТО ХХКХХК, хариуцагч Т.Мнарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ТО ХХКХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” үйлчилгээний төвийн 2 давхрын худалдааны зааланд байрлах талбайг нэг сарын 1.200.000 төгрөгийн төлбөртэйгөөр, 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээний дагуу хариуцагч Т.Мнь талбайг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлж, нүүсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний 8.2 дахь хэсэгт “Түрээсийн гэрээ түрээслэгчийн санаачлагаар болон түрээслэгчийн буруугаас хугацаанаас өмнө цуцлагдах тохиолдолд түрээслэгч гэрээний үлдсэн хугацааны түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг баримтлан гэрээний үлдэх хугацааны төлбөрт 9.800.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

            ТО ХХКХХК, хариуцагч Т.Мнарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ТО ХХКХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” үйлчилгээний төвийн 2 давхрын худалдааны зааланд байрлах талбайг нэг сарын 1.200.000 төгрөгийн төлбөртэйгөөр, 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж зааснаар стандарт нөхцөлтэй гэрээ байна. Учир нь нэхэмжлэгч ТО ХХКнь өөрийн эзэмшлийн үйлчилгээний төвийн талбайг иргэд, хуулийн этгээдэд хуваан түрээслүүлдэг байх бөгөөд энэ үйл ажиллагаагаа нэг гэрээгээр зохицуулдаг болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

            Хариуцагч нь энэхүү гэрээг түрээслэгчийн эрхийг зөрчиж, хязгаарласан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Дээрх гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй, хариуцагч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй болно.

            Харин талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлах, дуусгавар болгохтой холбоотой 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Түрээсийн гэрээ түрээслэгчийн санаачилгаар болон түрээслэгчийн буруугаас хугацаанаас өмнө цуцлагдах тохиолдолд түрээслэгч гэрээний үлдсэн хугацааны түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар шударга ёсны зарчимд харш, түрээслэгч талдаа хохиролтой байна. Иймд гэрээний 8.2 дахь заалтын энэ хэсэг хүчин төгөлдөр бус байна. Гэхдээ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д “Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

            Шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг түрээсийн гэрээ бус эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэж, Иргэний хуулийн Эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг баримталж шийдвэрлэлээ.

            Түрээсийн гэрээ нь түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон ашиг орлого олоход зориулж, тодорхой хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн гэрээ байдаг. Өөрөөр хэлбэл, түрээслэгч гэрээний зүйлийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон ашиг олох зорилгоор ашигладаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл буюу үйлчилгээний талбайг хариуцагч нь ашиг олох зорилгоор, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор ашигтай байдлыг нь гаргаж ашигласан байдал тогтоогдохгүй байх тул үйлчилгээний талбайг ахуйн зориулалтаар ашигласан буюу эд хөрөнгийг хөлсөлсөн байна гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн “Алтан төгрөг” үйлчилгээний төвийн барилгын 2 давхарт байрлах худалдааны талбайгаас хэсэгчилж ашиглуулсан байх бөгөөд зохигчдын тайлбараар үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хариуцагч өөрөө бүрдүүлж, ширээ сандал, тавиур байрлуулсан байна.

            Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж заасан.

            Хариуцагч Т.Мнь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс цуцлах тухай мэдэгдэл гаргаж, 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцалсан нь эд хөрөнгө хөлслөх гэрээ цуцлах дээрх хугацааг зөрчсөн байна.

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан гэрээний хугацаанд олох байсан орлогоор хохирсон гэж хохирлын хэмжээгээ гэрээний хугацааны хөлсөөр тооцож байгаа нь үндэслэлгүй юм.

            Гэрээг цуцалснаар талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсны үр дагавар зохицуулагдахаар байна. Дээрх заалт нь хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч нь уг хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр хохирол шаардах эрхтэй гэжээ. Хариуцагч Т.Мнь 2018 оны 2 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 3.600.000 төгрөгийг төлсөн талаар хэн аль нь маргаагүй, баримтаар тогтоогдлоо.

            Хэдийгээр хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс нүүж, талбайг чөлөөлсөн гэх боловч шүүх хуралдаанд гаргасан “том тавилгаа сүүлд 5 дугаар сарын 10-даар авсан” гэх тайлбар, нэхэмжлэгч талын 5 дугаар сарын 15-нд бид авсан гэх тайлбар зэргээр хөлсөлсөн талбайг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлж өгсөн гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэгч нь энэ хугацааны хөлсийг шаардах эрхтэй боловч, хариуцагчийн барьцаа гэх байдлаар урьдчилж байршуулсан 1.000.000 төгрөгийг суутган авсан гэж хасч шаардсанаар хөлс төлөгдсөн байна гэж үзлээ.

             Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн үлдэх хугацааны түрээсийн төлбөрт 9.800.000 төгрөг гаргуулах шаардлага, хариуцагчийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Т.Мгаас 9.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн “Тэмүүлэн-Од” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Т.Мгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.МӨНХЦЭЦЭГ