Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0429

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0429

Улаанбаатар хот

 

 

 

 

                            “Э** Э** Э*** Ж***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б***,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “Э** Э** Э*** Ж***” ХХК,

Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Э***, Б.Б*** нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Э***, Б.Б*** нарын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №НА-21220000021 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0940 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***,

Хэргийн индекс: 128/2023/0051/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э** Э** Э*** Ж***” ХХК-иас шүүхэд хандан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Э***, Б.Б*** нарын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №НА-21220000021 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0940 дүгээр шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын Улсын байцаагч Ц.Э***, Б.Б*** нарын “Э** Э** Э*** Ж***” ХХК-д тогтоосон 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн НА-21220000021 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, түүнчлэн хэрэгт байх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй,

3.2 Хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна нийтээр дагаж мөрдөөгүй хууль, журмыг буцаан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхгүй татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан,

3.3 Нэхэмжлэгч төмрийн хүдэр худалдах, худалдан авах үйл ажиллагаанд зуучилж гэрээний талуудыг холбох, гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх, мөн худалдан авагчтай Төмрийн хүдэр тээвэрлэх гэрээ байгуулсны үндсэн дээр түүний худалдан авсан төмрийн хүдрийг ачуулах үйл ажиллагаа эрхэлсэн ба энэхүү ажлын орлогыг хүлээн авч зориулалтын дагуу зарцуулж, тайландаа тусгасан. Гэтэл шүүх уг үйлдэлд Ашигт малтмалын тухай хуулийг тайлбарлан хэрэглэхдээ товчхондоо төмрийн хүдрийг БНХАУ-д гаргаж зарж, үйлчилгээний экспорт хийсэн болох нь гаалийн мэдээ, төв лабораторийн дүгнэлтээр тогтоогдож байх тул ... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан ашигт малтмал экспортолсон этгээд гэж үзэж ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулсан нь үндэслэлтэй хэмээн дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй байна,

3.4 Шүүх хэрэгт авагдсан гэрээнүүд тухайлбал, Төмрийн хүдэр тээвэрлэх гэрээ, тээврийн хөлс, түүний зарцуулалт зэрэг баримтад огт дүгнэлт хийгээгүй боловч шүүх хуралдааны явцад хариуцагчийн тайлбарласан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр татвараас зайлсхийх гэсэн гуравласан үйл ажиллагаа явагдсан” гэсэн бусад баримтаар нотлогдоогүй тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу,

3.5 Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2019 оны 342, 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмыг манай компанийн худалдах, худалдан авах ажиллагаанд зуучилж, бусдын худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлүүлэх ажил гүйцэтгэхдээ 2019, 2020 онд нийт 945 ширхэг гаалийн бүрдүүлэлт хийсэн үйлдэлд дүгнэлт хийж, Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан “экспортлогч” гэж үзсэн нь буруу,

3.6 Шүүх татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцсонтой холбоотой маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцүүлээгүйн дээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй” байх суурь зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна,

3.7 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж манай компанийн үйл ажиллагааг ангилж, ялгалгүйгээр экспортлогч, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан гэж 2019 оны үйл ажиллагаанд хуулийг буцаан хэрэглэж, мөн 2020 оны үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй журмаар ашигт малтмалын нөөц ашигласны татварын тайлан гаргаж, төлбөр төлөх ёстой гэсэн нь үндэслэлгүй,

3.8 Шүүх хариуцагч татварын улсын байцаагч нарын хяналт шалгалтын удирдамжгүй хийсэн үйлдэлд үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй буюу “нэгэнт татварын зөрчил илэрсэн бодит тул” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бусад тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.9 2022 оны А/70 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 5904 дугаарт бүртгэгдсэн байх ба хуучин журам болох А/39 дүгээр тушаалаар батлагдсан журам хүчингүй болсон өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн, энэхүү хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн, хяналт шалгалт хийх үндэслэл журмыг зөрчсөн тул маргаан бүхий акт хууль бус юм,

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү хэмээн маргаж байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 41.8-д “Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална”,  41.9-д “Татварын хяналт шалгалтыг хоёр болон түүнээс дээш татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэнэ”, 41.13-т “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ” гэж,

Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн
А/70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт, шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.1-т “Татварын алба хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хяналт шалгалтын ерөнхий болон тусгай удирдамжийг Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална”, 3.3-т “Хяналт шалгалтыг ерөнхий удирдамжаар хийж гүйцэтгэнэ”, 3.4-т “Хяналт шалгалтыг шаардлагатай тохиолдолд тусгай удирдамжаар хийж гүйцэтгэнэ. Тусгай удирдамжид хяналт шалгалтын бүрэлдэхүүн түүнд тавигдах шаардлага, хамтарч гүйцэтгэх байгууллагын нэр, гүйцэтгэх хяналт шалгалтын цар хүрээ зэрэг бусад шаардлагатай мэдээллийг тусгана”,
3.6-д “Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолт /цаашид "томилолт" гэх/-ыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжээс ирүүлсэн хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтад үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно” гэж тус тус заажээ.

4. Маргаан бүхий үйл баримтын тухайд:

4.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Э***, Б.Б*** нар нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2122501507 тоот томилолтын дагуу “Э** Э** Э*** Ж***” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн НА-21220000021 дугаар нөхөн ногдуулалтын актаар 678,518,113.3 төгрөгийн нөхөн татвар, 213,209,023.14 төгрөгийн торгууль, 144,440,738.55 төгрөгийн алданги, нийт 1,036,167,875.03 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

4.2. Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан “татварын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд байхгүй заалтаар “Э*** Э*** Э*** Ж***” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй” гэсэн агуулгаар гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4.3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс шүүхэд хандан татварын улсын байцаагчийн НА-21220000021 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Анхан шатны шүүх  хэрэгт хамааралтай, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамааралтай нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

6. Тодруулбал, хариуцагч талаас “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд хянан шалгалт хийх, ...зөрчилд хариуцлага тооцох, ... цаашид авах арга хэмжээний санал боловсруулах” зорилгоор Татварын ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нар хамтран “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-ыг баталсан дагуу Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2122501507 тоот томилолтын дагуу тухайн хяналт шалгалтыг хийсэн хэмээн маргаж байх боловч хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Анхан шатны шүүх Татварын ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж” гэх эрх зүйн баримт бичгийг хэзээ батлагдсан болох, огноо, дугаар нь юу болох асуудлыг тодруулаагүй.

Тухайн “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-ийн 2.2-т “Хяналт шалгалтад эрсдэлийг тооцож үнэлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулагч, худалдан авагч татвар төлөгч хамаарна. /Хавсралт-2/” гэж заасан байхад тухайн хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг баталсан 2 дугаар хавсралтыг шүүх хэрэгт нотлох баримтаар аваагүй. 

Мөн “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-ийн 3.1-т “Хяналт шалгалтыг Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар, Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн хэлтэс нь удирдлага, арга зүйгээр хангаж, харьяалах татварын албаны татварын улсын /ахлах/ байцаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын /ахлах/ байцаагч нарын бүрэлдэхүүн /Хавсралт-1/-тэй хийж гүйцэтгэнэ” гэж заасан байхад тухайн татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх байцаагч нарын бүрэлдэхүүнийг баталсан 1 дүгээр хавсралтыг шүүх хэрэгт нотлох баримтаар аваагүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайлан хяналт шалгалтыг хийх эрхтэй этгээд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан эсэх, тухайн төрлийн татварын хяналт шалгалтад хамрагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нэхэмжлэгч хуулийн этгээд орсон эсэх асуудлыг шүүх тодруулах ёстой, тодруулаагүй гэх үндэслэлээр маргаж байх бөгөөд анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Үүнтэй холбоотойгоор маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг бүхэлд нь хянан, нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

8. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

     

 

 

 

                  ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

                  ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 

                             ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА